Залуу хүмүүсийн ЗААВАЛ СОНСОХ шинэ цомгууд


Миау | YOLO.MN
2020-04-08

2020 он гараад гуравхан сарын хугацаа өнгөрсөн ч Childish Gambino, Dua Lipa, Halsey, BTS зэрэг олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид өөрсдийн шинэхэн уран бүтээлийг гаргаад амжжээ. Тэгвэл Yolo.mn сайтын хамт олон энэ оны эхний улиралд гарсан шилдэг 9 цомгийг хүргэж байна. /Цомог олон нийтэд цацагдсан он цагийн дарааллаар жагсаав./

"MANIC" - HALSEY

Цацагдсан огноо: Нэгдүгээр сарын 17
Урсгал: Электропоп, Хип хоп, Алтернатив рок
Тайлбар: Нийт 16 дуунаас бүрдэх "Manic" цомог нь дуучин Halsey-гийн гурав дахь албан ёсны цомог бөгөөд уг цомогт FINNEAS, BTS хамтлагийн гишүүн Suga, Dominic Fike зэрэг алдартай уран бүтээлчид ажилласан байдаг. 

"CIRCLES" - MAC MILLER

Цацагдсан огноо: Нэгдүгээр сарын 17
Урсгал: Хип хоп/Реп
Тайлбар: "Circles" нь реппэр Mac Miller-ийг нас барснаас хойш цацагдсан анхны цомог юм. Өөрөөр хэлбэл тэрээр 2018 онд нас барсан ч нас барахаасаа өмнө ажиллаж байсан уран бүтээлүүдийг нь тус цомогт хамтран ажиллаж байсан дуу зохиогч Jon Brion бэлтгэн гаргасан байдаг. Түүний хэлж буйгаар: 

- ""Swimming" /2018/ болон "Circles" /2020/ зэрэг цомгууд нь түүний триложи цомгийн эхний хоёр хэсэг байсан юм. Хэрэв тэр амьд байсан бол гурав дахь цомог нь цэвэр хип хоп бүтээл болох байсан"

"Circles" цомог нь ерөнхийдөө хип хоп төрөл жанрт хамаарагдах ч эмо рэп, софт рок, хип хоп, инди фолк, R&B, lo-fi зэрэг маш олон элементүүдийг агуулсан байдаг. Та хип хоп хөгжимд дурлагч нэгэн бол 12 дуунаас бүрдэх энэхүү цомгийг заавал сонсож үзээрэй гэж санал болгож байна. 

"CHANGES" - JUSTIN BIEBER

Цацагдсан огноо: Хоёрдугаар сарын 14
Урсгал: R&B
Тайлбар: Гэгээн хайрын баярын өдөр цацагдсан "Changes" цомог нийт 17 дуутай бөгөөд Migos хамтлагийн гишүүн Quavo, Post Malone, Lil Dicky, Travis Scott, Kehlani, Summer Walker зэрэг алдартай уран бүтээлчид хамтарсан гэдгээрээ онцлог. Хамгийн сүүлд гэхэд 2015 онд цомог гаргаж байсан түүнийг шүтэн бишрэгчид нь бүхэл бүтэн 5 жил хүлээжээ. 

"MAP OF THE SOUL: 7" - BTS

Цацагдсан огноо: Хоёрдугаар сарын 21
Урсгал: Хип хоп, поп
Тайлбар: Энэхүү цомгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

"YHLQMDLG" - BAD BUNNY

Цацагдсан огноо: Хоёрдугаар сарын 21
Урсгал: Латин трап, хип хоп, реггетон
Тайлбар: "Yo hago lo que me da la gana" буюу "Би хүссэн зүйлээ л хийнэ" гэх үгийн товчлол "YHLQMDLG" цомог нь 20 дуунаас бүрдэх аж. Та латин трап, реггетон урсгалын хөгжим сонсох дуртай бол заавал сонсож үзээрэй. 

"ETERNAL ATAKE" - LIL UZI VERT

Цацагдсан огноо: Гуравдугаар сарын 6
Урсгал: Хип хоп
Тайлбар: Өмнө жил л дуу хөгжмийн ертөнцөөс тэр чигтээ хагацаж байгаа талаараа Инстаграм хуудсандаа нийтэлж байсан реппэр Lil Uzi Vert өнгөрсөн сард өөрийн хоёр дахь албан ёсны цомог болох "Eternal Atake" цомгоо цацсан. Энэ нь Baby Pluto (1-6-р дуу), Renji (7-12-р дуу), Lil Uzi Vert (13-18-р дуу) гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг тус бүр нь өөр өөрийн гэсэн онцлогтой аж.

Ингээд ч зогсохгүй "Eternal Atake" цомгийнхоо deluxe болох "Lil Uzi Vert vs. the World 2" хэмээх цомгийг гуравдугаар сарын 13-нд цацсан. Ерөнхийдөө түүний уран бүтээлээр "цангаж" байсан шүтэн бишрэгчид нь хэсэгтээ л сонсох дуунуудтай болсон гэж хэлж болно. 

"AFTER HOURS" - WEEKND

Цацагдсан огноо: Гуравдугаар сарын 20
Урсгал: R&B, new wave
Тайлбар: Мөн л нэг хэсэгтээ чимээгүй байсан дуучин Weeknd 14 дуунаас бүтэх "After Hours" цомгоо цацаад удаагүй байгаа ч цомгийн зарим дууг нь өөрийн мэдэлгүй л амандаа аялаад явдаг болжээ. Үүнээс гадна 3 бонус дуу болон 6 remix-ээс бүрдэх EP цомгоо ч цацсан. 1980-аад онд амьдарч байгаагүй хэдий ч "80-аад оны" юм шиг хэмнэлийг мэдрүүлэх энэхүү цомог та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

"FUTURE NOSTALGIA" - DUA LIPA

Цацагдсан огноо: Гуравдугаар сарын 27
Урсгал: Диско поп, электропоп
Тайлбар: Dua Lipa-гийн дуунуудыг сонсоод сэтгэл дундуур хоцорсон үе үгүй билээ. 11 дуунаас бүрдэх уг цомгийн дуунуудыг сонсож эхлэхэд л босоод бүжиглэмээр санагдах аж. 

"3.15.20" - CHILDISH GAMBINO

Цацагдсан огноо: Гуравдугаар сарын 22
Урсгал: Хип хоп/Реп
Тайлбар: 12 дуу бүхий "3.15.20" цомог нь 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдөр анх donaldgloverpresents.com сайтад байршсан байдаг. Тус цомог нь түүний 2014 онд гаргасан "Kauai" микстэйпийн гүнзгий, futuristic хувилбар уу гэлтэй. 

Бидний санал болгосон эдгээр цомгуудыг сонсож үзээд өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай. 

Эх сурвалж: Insider

#2020 #Цомог #Дуу хөгжим