Хамгийн их маргаан дагуулсан 5 K-драма


Хасбаатар | YOLO.MN
2022-05-03

1.Joseon Exorcist 

Нийт зураг авалтынхаа 80 хувийг дуусгасан боловч хоёрхон анги цацсаныхаа дараа Joseon Dynasty (2021) төсөл Солонгосын түүхийг гуйвуулсан гэсэн шалтгаанаар бүр мөсөн цуцлагдсан юм. Эхний хоёр ангид Хятад хийцийн хувцас, жижиг хэрэглэл ихээр ашигласан байсан нь Солонгосын үзэгчдийг ихэд бухимдуулжээ. Байдал хурцадмагц SBS телевиз уучлалт гуйгаад уг цувралыг хойшлуулахаа мэдэгдсэн ч 156,000 үзэгч цувралыг зогсоох хүсэлт гаргаж улмаар SBS телевиз үзэгчдийн хүсэлтийг биелүүлсэн билээ.

2.Snowdrop 

Blackpink хамтлагийн гишүүн Jisoo гол дүрийг бүтээсэн гэдгээр нь та бидний сайн мэдэх Snowdrop (2021-2022) цэнхэр дэлгэцээр цацагдахаасаа ч өмнө үзэгчдийн хэл амны бай болсон юм. Нээлтээс хэдэн сарын өмнө киноны товч үйл явдал задарч – Өмнөд Солонгосын үзэгчдийн нүдийг орой дээр нь гаргав. 1987 онд Өмнөд Солонгос улс ардчиллын төлөө тэмцэх үеэр үйл явдал нь өрнөх уг кино мөн л түүхийг гуйвуулсан, бурангуй нийгмийн дэглэмийг сурталчилсан гэх шалтгаанаар хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулж 300,000 гаруй хүн өргөдөл өргөн барьжээ. Гэсэн хэдий ч Disney+ streaming үйлчилгээгээр дэлхий дахинаа цацагдах төлөвлөгөөтэй уг цуврал зогссонгүй. Үүний дараа “World Citizen Declaration” нэртэй иргэдийн бүлэг түүхэн драмыг зогсоохоор шүүхэд хандсан ч, шүүхийн зүгээс зогсоох шалтгаангүй гэж үзжээ. 

3.Vincenzo

Кино сонирхогчдыг байлдан дагуулсан Vincenzo (2021) зарим нэг хэсгээсээ болж шуугиан тариад амжсан. Тухайлбал цувралын наймдугаар ангид, Vincenzo Cassano, Hong Cha Young нарын bibimbap идэж буй хэсэгт Хятадын брэндийн хоол ашигласан аж. Урьд нь Хятад улс кимчи болон Солонгос үндэсний хувцас гэгддэг ханбүгийг Хятад гаралтай хэмээн маргаан үүсгэж байсан бөгөөд киноны энэ сцен гал дээр тос нэмсэнтэй адил болжээ. Олон улсын үзэгчид хайртай хоолыг нь Хятад хоол гэж ойлгох вий гэхээс эмээсэн Өмнөд Солонгосын үзэгчид энэ явдалд ихэд эмзэглэсэн гэнэ. Тун удалгүй тухайн хэсгийг хасаж гол дүрийн жүжигчин Song Joong Ki кино багаа төлөөлөн уучлалт гуйсан байна. 

4.Goblin: The Lonely and Great God

“Би Солонгос кино үздэггүй” гэж том дуугардаг нөхөд ядаж Goblin-ийг бол үзчихсэн л байдаг. Тухайн цаг үедээ л хит болж загварын чиг хандлагыг хүртэл хэсэгтээ тодорхойлсон хайртай цувралыг маань хэл ам тойрч биш дайрч өнгөрсөн. Эхний шалтгаан нь хэтэрхий их сурталчилгаа. Дүрүүд нь өдөр бүр Subway хоолны сүлжээгээр үйлчлүүлж, аль эсвэл нэртэй сүлжээний шарсан тахиа идэж суусан нь зарим үзэгчдийн хувьд хэтэрхий их давтамжтай бөгөөд төвөгтэй санагдсан гэдэг. Удаах буюу гол шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй гол дүрийн насны зөрүү. Насанд хүрээгүй ахлах сургуулийн сурагч нас биед хүрсэн эрийн төрхтэй 900+ настай Гоблинтой хайр дурлалын харилцаа үүсгэж байгаа нь ёс суртахууны хувьд хэр оновчтой вэ гэдэг дээр ихээхэн маргаан дэгдсэн. 

5.My Mister 

IU-ийн My Mister (2018) драма товлогдож танилцуулга зураг цацагдсаны дараа мөн адил гол дүрүүдийн насны зөрүүтэй холбоотойгоор асуудал үүсэж эхэлжээ. Хожим нь IU нэгэн ярилцлагадаа энэ киног хайрын түүх биш бөгөөд хоёр биеэ анагааж буй хүмүүсийн амьдралын түүх гэдгийг тодотгожээ.

 

#Кино урлаг