2023 онд нээлтээ хийх шилдэг кинонууд


О.Төгсжаргал | YOLO.MN
2023-04-17

Та бүхэнд тун удахгүй нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй байгаа кинонуудыг танилцуулж байна. 

Guardians of the Galaxy vol.3  

Marvel Cinematic Universe дэх хамгийн амжилттай франчайзуудын нэг болох Галактикийн Хамгаалагчдын ээлжит бүтээл тун удахгүй буюу таван сард нээлтээ хийх гэж байна. Супер баатруудын ертөнцийг амилуулахдаа гарамгай найруулагчдын нэг James Gunn тус бүтээлийг найруулсан юм. Энэхүү бүтээл нь MCU-ийн 32 дахь кино болж байгаа онцлогтой.  

Indiana Jones and the Dial of Destiny 

Harrison Ford, Steven Spielberg энэ хоёр хүний хоршил гэхээр Indiana Jones таны толгойд орж ирж байна уу? Поп соёлд өөрийн гэсэн томоохон орон зайг үлдээж чадсан алдарт хайгуулч Indiana Jones-ийн шинэхэн анги зургаадугаар сард нээлтээ хийхэд бэлэн болжээ. Энэ ангийн хувьд James Mangold найруулсан бол эсрэг дүрд Mads Mikkelsen тоглосон байна. Мэдээж Harrison Ford өөрийн домогт дүрдээ 80 насныхаа босгонд амжилттай бүтээж буй нь гайхамшигтай хэрэг билээ.  

Asteroid City  

Зураг авалтын өнцөг, зохиомж болон продакшн дизайн зэрэг бүх л зүйлээрээ өөрийн гэсэн онцлогтой нэрт найруулагч Wes Anderson ээлжит уран бүтээлээ энэ 6-р сард үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Jason Schwartzman, Scarlett Johansson, Tilda Swinton, Tom Hanks, Jeffrey Wright, Bryan Cranston, Ed Norton, Adrien Brody, Liev Schreiber, Margot Robbie, Steve Carell зэрэг холливүүдийн шилдэг жүжигчид нэг дор чуулсан энэхүү сонирхолтой бүтээл Каннын кино наадмын дэлгэцнээ гарахаар сонгогдоод байна. Тус бүтээлийн үйл явдал 1955 онд өрнөх ажээ. 

Spider-Man: Across the Spider-Verse 

Эхний анги нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан өөрийн гэсэн онцлог, шинэлэг хийцлэл бүхий Хүн-Аалзын нэг түүх эргэн ирэх гэж байна. Уламжлалт анимейшн хийдэг аргыг 3D-тэй хольж хийсэн өвөрмөц зураглалтай эл бүтээлийн шинэ ангид зэргэлдээх ертөнцийн талаар илүү дэлгэрэнгүй өгүүлэх юм.  

Barbie  

Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа бүтээлүүдийн нэг бол гарцаа байхгүй Barbie. Margot Robbie, Ryan Gosling хоёрын хослолыг бид ирэх долдугаар сараас харах боломжтой. Холливудын шилдэг эмэгтэй найруулагчдын нэг Greta Gerwig найруулж, нийт 100 сая долларын төсвөөр бүтсэн эл бүтээл үзэгчдийн сэтгэлийг гонсойлгохгүй гэдэгт итгэлтэй байна. Мөн Dua Lipa, Simu Liu зэрэг уран бүтээлчид тус киноны туслах дүрүүдэд тоглосон киног улам ч сонирхолтой болгож байгаа болов уу. 

Mission: Impossible - Dead Reckoning, Part One  

Киноны хамгийн хүнд хэсгүүдийг орлон тоглогчгүй өөрөө хийж гүйцэтгэсэн өдгөө 60 настай Tom Cruise-ийн шилдэг цувралуудын нэг "Биелэгдэшгүй Даалгавар" киноны хамгийн оргил ангиудын нэг энэ жил нээлтээ хийх гэж байна. Нийтдээ хоёр хэсгээс бүрдэх энэ ангийн эхний хэсэг энэ зун бидний хүртээл болох юм.  

Oppenheimer  

Хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн аймшигтай зэвсгүүдийн нэг болох цөмийн бөмбөгийг анх зохиосон АНУ-ын эрдэмтэн Robert Oppenheimer гэх эрхмийн талаарх намтарчилсан бүтээл энэ жилийн голлох кинонуудын нэгт зүй ёсоор багтаж байна. Энэхүү сонирхолтой түүхэн хүний талаарх бүтээлийг 21-р зууны хамгийн нөлөө бүхий найруулагч, шинжлэх ухааны уран зөгнөлт киноны мэргэжилтэн Christopher Nolan хийж байгаа киног улам сонирхолтой болгож байгаа болов уу? Уг бүтээл нийтдээ 180 минут үргэлжлэх бөгөөд Nolan найруулагчийн хамгийн урт кино болж байгаа юм.  

Dune: Part Two  

Канадын шилдэг найруулагч Denis Villeneuve Америкийн алдарт зохиолч Frank Herbert-ийн гайхамшигт бүтээл Dune зохиолыг дэлгэцнээ маш чадамгай буулгаж 2021 онд энэ бүтээлийн эхний бүлгийг үзэгчдэд хүргэсэн билээ. Үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан тус бүтээлийн хоёрдугаар бүлэг энэ оны арваннэгдүгээр сард бидний хүртээл болох гэж байна. Тус киноны бас нэг онцлог нэрт хөгжмийн зохиолч Hans Zimmer эл бүтээл дээр ажиллаж байгаа билээ.  

Killers of the Flower Moon 

Холливудын өнөө цагийн хамгийн агуу найруулагчдын нэг болох Martin Scorsese-ийн ээлжит урлагийн бүтээл төрөх гэж байна. Хэд хэдэн кинонд хамтран ажилласан нэрт жүжигчин Leonardo DiCaprio болон Robert De Niro нар тус бүтээлийн гол дүрүүдэд тоглосон онцлогтой. Энэ жилийн Каннын кино наадмын дэлгэцнээ гарах тус бүтээл аравдугаар сард дэлхий даяар нээлтээ хийх товтой байна.  

The Hunger Games: The Ballad of Songbirds & Snakes 

Өлсгөлөн Тоглоом цуврал манай үзэгчдийн дунд их алдартай. Хэдий бидний мэдэх түүх дууссан ч түүнээс өмнөх түүхийг энэ кинонд харуулах ажээ. Suzanne Collins-ийн бичсэн энэхүү алдартай зохиолыг энэ франчайзын гурван киног бүтээсэн эрхэм болох Francis Lawrence найруулсан билээ. Rachel Zegler, Hunter Schafer зэрэг залуу одууд жүжигчдийн бүрэлдэхүүнд багтсан тус бүтээл сонирхолтой болсон гэдэгт итгэлтэй байна. Ирэх 11 сард дэлхий даяар нээлтээ хийхээр төлөвлөжээ.  

#Кино урлаг