Netflix хайртай цувралуудыг минь цуцалсаар л


Хасбаатар | YOLO.MN
2022-04-29

Дөнгөж саяхан Netflix компани сүүлийн 10 жилд байгаагүй ихээхэн алдагдалтай ажиллаж буйгаа мэдэгдээд нэг хаягаар олон хэрэглэгч нэвтэрч “шимэгчилдэг” явдлыг зогсооно гэдгээ мэдэгдсэн. Мэдээж хэрэг нууц үгээ бусадтай хуваалцдаг энэ үзэгдлийг тус компани урьдын жилүүдэд зүгээр хараад суугаагүй. Тодорхой хэмжээний арга хэмжээ авч байсан ч уг үзэгдэл буурахгүйн дээр улам гаарч байгаад сэтгэл зовнисон контент үйлдвэрлэлийн том тоглогчдын нэг үнэгүй зүйлд нугасгүй хүмүүсийн эсрэг шийдэмгий арга хэрэглэнэ гэдгээ зарласан нь энэ байж. 

Нэг бүртгэлээр олон хэрэглэгч нэвтэрч тус тусын хаягийг үүсгэн хэрэглэх сонголт бий ч угтаа энэ нь зөвхөн нэг гэрт амьдардаг хүмүүс буюу гэр бүлийн хүрээнд хуваан хэрэглэх боломж юм. Үүнтэй уялдуулан нэвтэрч буй төхөөрөмжүүдийг байршлаар хянаж нэг гэрт амьдардаггүйг нь баталгаажуулсан нөхцөлд хэрэглэгчийн бүртгэлийг идэвхгүй болгох шийдэл яригдаж байсан нь саяхан. Гэсэн ч энэхүү шийдэл нь хэрэглэгчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, одоог хүртэл хэрэгжиж эхлээгүй. Тэгвэл энэ удаад 2007 оноос эхлэн streaming үйлчилгээ явуулж буй Netflix арай хямд төлбөрийн сонголт гаргаж, контентын дундуур сурталчилгаа явуулах замаар дээрх асуудлыг шийдэж болно гэж дүгнэжээ. 

Харамсалтай нь мөнгөн орлогын тайлангаа ил болгосны дараа улам ч хэцүү байдалд орж 24 цагийн дотор компанийн нийт үнэлгээ 50 тэрбум доллароор унажээ. Орос-Украйны дайнтай холбогдуулан Оросын Холбооны улсад үйл ажиллагаагаа зогсоосон зэрэг шалтгаанаар өнгөрсөн хэдхэн сарын дотор 700,000 хэрэглэгчээ алдсан Netflix-т энэ мэдээ тийм ч хөнгөн туссангүй. 

Хөгжүүлэлтийн шатанд явж байсан хэд хэдэн анимейшн төслүүдээ бүрэн цуцалж, үзэгчдийн хайр, сонирхлыг татсан төслүүдээ ч нэг нэгээр нь цааш харуулж эхэллээ. Тодруулбал, Оскарын шагналт жүжигчин Will Smith гол дүрийг бүтээсэн уран зөгнөлт Bright (2017) киноны хоёрдугаар анги, Black Panther (2018) киноны од Michael B. Jordan-ийн продюсероор ажиллаж байсан Raisinа Dion (2019-2020) цувралын гуравдугаар бүлэг гэх мэт аль хэдийн тодорхой хэмжээний үзэгчтэй болсон, ирээдүйтэй төслүүдээ бүрмөсөн зогсоож байгаа нь тун харамсалтай. 

 

#Кино урлаг