А.Амартүвшин: Үе тэнгийнхнээ дээрэлхвэл сурагчийн хувийн хэрэгт нь бичдэг болъё


Б.Азбаяр | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд нийслэлээс санаачилж буй ажлуудын талаар Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр, "Үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой асуудлаар бид олон улсын байгууллагуудтай хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд үндэслэн энэ оноос эхлэн нийслэл Улаанбаатар хотод үе тэнгийн дээрэлхэлтэй тэмцэх ажлыг гурван үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Үе тэнгийн дээрэлхэл ихэвчлэн сургуулийн орчинд болон сургуулийн гаднах орчинд явагддаг. Судалгаагаар гурван төрлийн дээрэлхэл түгээмэл байгааг тогтоосон. Нэгдүгээрт, аман дээрэлхэл буюу нэгнээ доромжлох, элдэв үгээр хэлэх. Хоёрдугаарт, бие махбодын дээрэлхэл буюу зодох, цохих, хүч хэрэглэх. Гуравдугаарт, цахим дээрэлхэл юм. Эдгээр гурван төрлийн дээрэлхлийг тус бүрд нь авч үзэн, өөр өөр арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Аман дээрэлхлийг таслан зогсоох хүрээнд сургуулийн орчинд сурагчдын хувийн хэрэгтэй холбоотой бүртгэлийн системийг нэвтрүүлж байна. Хэрэв багш, сургуулийн удирдлагаас тухайн сурагч бусдыг доромжилсон, аман дээрэлхэл үйлдсэн нь тогтоогдвол хувийн хэрэгт нь үе тэнгийн дээрэлхэл гаргасан гэсэн тэмдэглэл хийнэ. Энэ нь хүүхдийг бус, харин эцэг эхийг илүү хариуцлагажуулах зорилготой.

Өнөөдрийг хүртэл “танай хүүхэд ийм үйлдэл гаргалаа” гэж эцэг эхэд нь хэлэхэд нэг чихээрээ ороод, нөгөө чихээрээ гардаг байдал давамгайлж ирсэн. Хэрэв энэ асуудалд эртнээс анхаарч байсан бол өнөөдөр ийм хэмжээнд хүрэхгүй байх байсан. Харин хувийн хэрэгт бичигдэж, цаашлаад их сургуульд элсэх, гадаадад суралцахад нөлөөлөх эрсдэл үүсэх үед эцэг эхчүүд энэ асуудалд илүү анхаарал хандуулж эхэлнэ.

Гэхдээ ганц удаагийн тохиолдлоор шууд хувийн хэрэгт бичихгүй. Эхлээд сануулга өгнө, дараа нь сэтгэл зүйчтэй уулзуулах, шалтгаан нөхцөлийг нь судалж, дүгнэлт гаргана. Хувийн хэрэгт бичих нь хамгийн сүүлийн шатны арга хэмжээ юм.

Бие махбодын дээрэлхлийн тухайд, 2026 оноос эхлэн бүх сургууль, цэцэрлэгийн дотоод болон гаднах камерууд нэгдсэн сүлжээнд холбогдоно. Ингэснээр авто замын хөдөлгөөнийг хиймэл оюунаар хянаж байгаатай адил сургууль, цэцэрлэгийн орчныг AI системээр хянах боломж бүрдэнэ. Хэрэв багш хүүхдэд ёс бусаар хандвал, эсвэл хүүхдүүд хоорондоо зодолдвол систем автоматаар илрүүлж мэдээлнэ.

Энэ хяналтыг Боловсролын ерөнхий газар, холбогдох байгууллагууд, цагдаагийн байгууллагатай уялдуулан хэрэгжүүлнэ. Камерын нэгдсэн системээр дамжуулан бие махбодын дээрэлхлийг таслан зогсоох зорилготой.

Цахим дээрэлхлийн асуудал нь шууд насанд хүрэгчид, эцэг эхчүүдтэй холбоотой. Сошиал орчинд бид өөрсдөө нэгнээ доромжилж, муулж, бүдүүлэг харилцаа гаргадаг хэрнээ хүүхдүүддээ “ингэж болохгүй” гэж хэлэх нь утгагүй. Насанд хүрэгчид өөрсдөө үлгэр дуурайлал байх ёстой.

Өсвөр насныхан сошиал орчноос мэдээллийг ямар ч шүүлтүүргүй хүлээж авдаг. Томчуудын муу жишээ, улс төрийн маргаан, доромжлол хүүхдүүдийн сэтгэлгээнд шууд нөлөөлж байна. Үүний жишээ болгон, хэдэн жилийн өмнө нэг хүүхдээс “Төрийн ордонд хэн амьдардаг вэ” гэж асуухад “тэнд хэдэн хүн сууж байгаад хулгай хийдэг” гэж хариулж байсан тохиолдол бий. Энэ бол сошиал орчноор дамжсан томчуудын хандлагын шууд үр дүн юм.

Би үүнийг хувийн жишээгээрээ ч мэдэрсэн. Миний том хүү 9 дүгээр ангид сурдаг. Сошиал орчинд миний талаар бичсэн утаа, нүүрстэй холбоотой шүүмжлэлүүдийг ангийнх нь хүүхдүүд уншаад, хүүг маань “танай аавын нүүрс”, “утаа багасгаагүй” гэх мэтээр дээрэлхэх тохиолдол гарч байсан. Өөрөөр хэлбэл, насанд хүрэгчдийн сошиал дахь үйлдэл хүүхдүүдийн дээрэлхэл болж хувирч байна.

Иймээс энэ асуудлыг зогсоох хамгийн эхний алхам нь эцэг эх, насанд хүрэгчид өөрсдөө хариуцлагатай байх явдал юм. Мөн нийслэлийн зүгээс 18 нас хүртэлх хүүхдүүдэд сошиал орчны “parental control” буюу эцэг эхийн хяналтын системийг нэвтрүүлэх саналыг дэвшүүлж байна. Үүгээр дамжуулан хүүхдийн үзэж буй контентыг хязгаарлах, улс төрийн маргаан, доромжлол, үнэн худал нь тодорхойгүй мэдээллээс хамгаалах боломж бүрдэнэ.

Бага ангийн, дунд ангийн хүүхдүүдэд насанд хүрэгчдийн улс төрийн хэрүүл маргааныг ямар ч шүүлтүүргүй үзүүлэх шаардлагагүй. Өөрийгөө олж амжаагүй, ирээдүйн мэргэжлээ ч тодорхойлоогүй хүүхдүүдэд энэ төрлийн мэдээлэл сөргөөр нөлөөлдөг.

Энэ саналыг Харилцаа холбооны асуудал хариуцсан сайдад албан ёсоор хүргүүлэхээр нийслэлийн зүгээс бэлтгэж байна. Засгийн газрын түвшинд дэмжлэг авбал хэрэгжинэ, дэмжлэг авахгүй бол хэрэгжихгүй. Мэдээж шүүмжлэл гарна, “фэйсбүүк хязгаарлах гэж байна” гэх яриа ч гарна. Гэхдээ энэ бол зөвхөн санал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, насанд хүрэгчид өөрсдөө хариуцлагатай, зөв үлгэр дуурайлал болохгүй бол сошиал орчны дээрэлхлийг таслан зогсоох боломжгүй. Томчууд бүдүүлэг байсаар байвал хүүхдүүд ч түүнийг л дуурайна" гэв. 

#мэдээ