Спортын ертөнцөд: Льюис Хамилтон улирлын эхний түрүүгээ хүртлээ


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-07-16

Та бүхэндээ спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаарыг хүргэхэд бэлэн боллоо.

ЛЬЮИС ХАМИЛТОН УЛИРЛЫН ЭХНИЙ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

“Формула 1” уралдааны 2020 оны шинэхэн улирал эхлээд удаагүй байгаа билээ. Энгийн үед Гран при тэмцээн 2 долоо хоногт 1 удаа зохион байгуулагддаг байсан бол "COVID-19" цар тахлын улмаас улирлын эхний хоёр Гран при тэмцээн долоо хоногийн зайтайгаар зохион байгуулагдлаа. 

Шинэхэн улирлын эхний Гранпри тэмцээнд Мерседес багийн нисгэгч Валттери Боттас түрүүлсэн бол хоёр дахь Гран при болох Стирьяны Гран при тэмцээнд түүний багийн анд, дэлхийн 6 удаагийн аварга Льюис Хамилтон түрүүллээ. Энэ нь түүний карьерийн 85 дахь түрүү болж байгаагаас гадна түүхэндээ анх удаа зохион байгуулагдсан Стирьяны Гран при тэмцээний анхны аваргаар тодорсон явдал байлаа. 

Энэхүү Гран при тэмцээний хоёрдугаар байранд нисгэгчдийн хүснэгтийг тэргүүлж буй Валттери Боттас орсон бол Ред Булл багийн залуу нисгэгч Макс Ферстаппен гуравдугаар байранд шалгаран шагналын тавцан дээр зогслоо. Льюис Хамилтон тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр энэ жилийн уралдаанд түрүүлж арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг дуу хоолойгоо хүргэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Тиймдээ ч Мерседес баг 2020 оны улиралд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон хүйсийн тэгш бус байдлыг эсэргүүцэж өөрсдийн бэлэг тэмдэг болсон саарал өнгөө карбон хар өнгөөр сольсон юм.

МАНЧЕСТЕР СИТИ КЛУБ ИРЭХ ЖИЛИЙН АВАРГУУДЫН ЛИГТ ОРОЛЦОХООР БОЛЛОО

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Английн Манчестер Сити клуб шударга өрсөлдөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр Европын хөлбөмбөгийн холбооны /UEFA/ тэмцээнүүдэд 2 жилийн турш оролцох эрхгүй болоод байсан билээ. Манчестер Сити клуб энэхүү асуудлаар спортын арбитрын шүүхэд хандан ялалт байгуулснаар ирэх жилийн аваргуудын лигийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Хэдийгээр тэд арбитрын шүүхэд ялалт байгуулсан ч 10 сая еврогоор торгуулахаар болжээ. 

АВАРГУУДЫН ЛИГИЙН СУГАЛАА БОЛЛОО

Европын хөл бөмбөгийн холбооны Аваргуудын лигийн шөвгийн наймыг шалгаруулах сугалаа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт явагдлаа. Аваргуудын лигийн 2019-2020 оны улирлын тоглолтууд "COVID-19" цар тахлын улмаас энэ оны гуравдугаар сараас хойш явагдаагүй байсан билээ. Харин Европын хөлбөмбөгийн холбоо /UEFA/ өнгөрсөн зургаадугаар сард улирлыг наймдугаар сараас эхлэн үргэлжлүүлэх болсноо мэдэгдсэн юм. Ийнхүү шөвгийн наймд шалгарсан 4 баг болон шалгарах боломжтой 8 багийн дунд сугалаа явагдаж, багууд дараагийн шатанд аль багтай учраа таарах нь тодорхой боллоо. 

Зургийг SPS Television Фэйсбүүк хуудсаас

Наполи/Барселона, Челси/Байерн тоглолтод ялсан баг нь Реал Мадрид/Манчестер Сити, Лион/Ювентус тоглолтуудаас ялсан багтай хагас шигшээ тоглолтод таарах бол Атлетико Мадрид, РБ Лейпциг тоглолтод ялсан нь Аталанта болон Парис Сент-Жермейн багуудын ялсантай нь тоглохоор боллоо. Шөвгийн 16-ийн үлдсэн тоглолтууд наймдугаар сарын 7-8-ны хооронд явагдах бол шөвгийн наймын тоглолтууд наймдугаар сарын 12-15-ны хооронд болох аж.

Энэ жилийн аваргуудын лигийн бас нэгэн онцлог нь багууд хариу тоглолтгүйгээр ялагчаа тодруулах болсон явдал билээ. Хагас шигшээн хоёр тоглолт наймдугаар сарын 18, 19-нд болох бол финалын тоглолт наймдугаар сарын 25-нд Португал улсын Лиссабон хотод зохион байгуулагдах аж. 

ПАТРИК МАХОМЕС МЭРГЭЖЛИЙН СПОРТЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ ГЭРЭЭГ ХИЙЛЭЭ

NFL буюу Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн Канзас-Сити Чиэфс багийн тоглогч Патрик Махомес багтайгаа мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн том гэрээг байгууллаа.

Тэрээр 2017 оны NFL-ийн драфтын нэгдүгээр тойргийн 10 дахь сонголтоор Канзас-Сити Чиэфс багт нэгдэж, 4 жилийн хугацаатай 16 сая ам.долларын гэрээг байгуулж байсан билээ. Патрик Махомес лигт орж ирсэн хоёр дахь улиралдаа л багийнхаа амин зүрх нь болж 2018 оны NFL-ийн улирлын үнэ цэнэтэй тоглогч, 2019 оны NFL-ийн аварга, финалын үнэ цэнэтэй тоглогч болсон юм.

Ийнхүү амжилтаар дүүрэн 3 жилийг багтаа өнгөрөөсний дараа тэрбээр 10 жилийн 503 сая ам.долларын гэрээний сунгалтыг хийснээр Америкийн бэйсболын лигийн 3 удаагийн үнэ цэнэтэй тоглогч Майк Траутын Лос Анжелес Анжелс багтай хийсэн 12 жилийн 426.5 сая ам.долларын гэрээг гүйцэж, дэлхийн хамгийн анхны хагас тэрбум долларын гэрээг хийсэн тамирчин боллоо. Түүний гэрээ 2031 онд дуусах бөгөөд жил бүр 42 сая.ам долларыг халааслах ажээ.

“UFC 251” ӨНГӨРӨГЧ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Холимог тулааны хамгийн шилдэг холбоо болох "UFC"-ийн ээлжит тулаан “UFC 251” өнгөрөгч амралтын өдрүүдээр Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотын Яас арал дээр болж өнгөрлөө. Тус тулаан зургадугаар сарын 6-нд Австрали улсын Перт Арена цэнгэлдэх хүрээлэнд болох товтой байсан боловч "COVID-19" цар тахлын улмаас хойшлогдсон билээ.

Энэхүү үдшийн оргил тулаан нь дунд жингийн аваргын бүсний төлөөх Камару Усман болон Гилберт Бернс нарын тулаан байсан боловч аварга Камару Усманы өрсөлдөгч Гилберт Бернст коронавирусийн халдвар илэрсэн тул оронд нь "UFC" холбооны хамгийн хурдан хүнд цохилтын эзэн Хорхе Масвидаль тулалдахаар болсон. Тулаан 5 үе үргэлжилсэн бөгөөд маш хүнд тулааны эцэст шүүгчдийн шийдвэрээр Камару Усман аваргын бүсээ дахин нэг удаа хамгааллаа.

Харин UFC холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх тулаан Жосе Алдо болон Петр Яан нарын хооронд болсон юм. Тус жингийн өмнөх аварга Хенри Сежудо их спортоосоо зодог тайлсан учир хагас хөнгөн жингийн аваргын бүс эзэнгүй байсан билээ. Энэхүү тулааны тавдугаар үеийн төгсгөлд Петр Яан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч UFC холбооны хагас хөнгөн жингийн аваргаар тодорчээ.

Эх сурвалж: BBC, Skysports, ESPN, MFF

#Спортын ертөнцөд