ЛГБТИК УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН АНХДУГААР ҮЗЭСГЭЛЭН БА ХАЙРЫН ОЛОН ХЭЛБЭР


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2022-02-28

Хайр ямар хэлбэртэй вэ. Ер нь хайр хэлбэртэй байж болно гэж үү. Бид хайрыг хэтэрхий их хайрцаглаж ийм л байх ёстой гэсэн дүгнэлт гарган түүндээ захирагдаж амьдардаг. Гэвч үнэндээ хайр ямар ч байж болно. Хайр гэлтгүй амьдрал өөрөө олон янз байдаг. Магадгүй үүнийг бидэнд ойлгуулж, ойртуулдаг зүйл урлаг байх. Урлагаас бид аз жаргал, уйтгар гунигийг хослуулан мэдэрч, амьдралын үнэнийг таньж мэддэг. Тиймээс ч урлагаар дамжуулан бусдын ухамсарт нөлөөлөх уран бүтээлүүд олны хүртээл болсоор байна. Үүний нэг бол “ЛГБТИК уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн” юм. 

Лесбиан, Гей, Бисексуал, Трансжендер, Интерсекс, Күийр гэсэн үгсийн товчлол.

ЛГБТ төв нь өнгөрөгч оны есдүгээр сараас “Күийр уран бүтээлчдийг чадавхжуулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж, ЛГБТИК уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг олон нийтэд дэлгэсэн. Гуравдугаар сарын 2-ыг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнд 21 уран бүтээлч оролцсон бөгөөд үүнээс 12 нь хүний эрх, жендерийн сэдвээр 15 төрлийн сургалтад хамрагджээ.

Үзэсгэлэнгийн талаар ЛГБТ төвийн хөтөлбөрийн менежер Б.Хулан “Олны хөл тасрахгүй, үзэгч ихтэй байна. “Күийр уран бүтээлчдийг чадавхжуулах нь” төслийн хүрээнд уран бүтээлчдийг нэгтгэж хамт олонтой болгох, бие биедээ дэмжлэг өгөх, хүний эрх жендерийн талаар мэдлэгтэй болгож, энэ сэдвээр уран бүтээл туурвиулах зорилготой. Бид Күийр уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн эхний суурийг амжилттай тавилаа. Тиймээс цаашдаа энэ үзэсгэлэн бусдын хүсэн хүлээдэг үзэсгэлэн болоосой гэж хүсэж байна” хэмээв. 

Үнэхээр л үзэсгэлэн үзэгч ихтэй байсан бөгөөд найман настай балчраас наян настай буурал хүртэл нас насны олон хүмүүс сонирхон үзэж байлаа. Үзэсгэлэнгийн хойморт солонгон болон трансжендер бахархлын тугийн голд нэгэн зургийг хүндэтгэлтэйгээр залсан байв. Уг зураг 2009 оны “Цэнхэр тэнгэрийн цаана” төсөлд оролцсон уран бүтээлч Г.Марайкагийн “ЛГБТИК хүмүүсийн хөрөг” ажээ. 

Энэ бүтээл бүтээгдэх цаг үед ЛГБТИК+ хүний эрхийн тухай ярихад бэрх, их айдастай байв. ЛГБТ Төв үүсгэн байгуулагдаад удаагүй, бүтэн цагаар ажиллаж эхлээгүй үе. Тухайн үед ЛГБТИК+ хүмүүс цуглаж, өөрсдийнхөөрөө байх газар ч ховор байсан гэж бүтээлд зураг даруулсан оролцогчид хэлж байв. Хадгаар боосон нь анги хүмүүс талийгаач хүнтэй ижилхэн чив чимээгүй байгааг харуулж буй. 2009 онд нийгэмд ЛГБТИК+ хүмүүс өөрсдийн эрхийнхээ төлөө дуугарч чадахгүй, яг л үхсэн хүн мэт амьдарч байсныг илэрхийлжээ. Уг зургаас хоёр алхмын зайд 14 жилийн дараах өнөөгийн нөхцөл байдлыг харуулах бүтээлүүд бий. Энэ хугацаанд ЛГБТИК хүмүүс эрхээ хамгаалж үг хэлэх, хамтран үзэсгэлэн зохион байгуулахуйц хэмжээний өөртөө итгэлтэй, эрхээ мэддэг болохын сацуу нийгэм ч тэднийг ойлгож эхэлсэн нь сайшаалтай. 

                                               

Үзэсгэлэнгийн бас нэгэн онцлох бүтээл уран бүтээлч Кеннагийн “Хайрын куб” байв. Хайр хайрцаг биш. Гэвч ЛГБТИК болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хайрын түүх хаана өрнөдөг вэ? Хайрцаглагдсан бүхэнд. Нийгмээс тэднийг хайрцаг руу чихдэг. Тэд өөрсдөө ч хайрцагт л байх ёстой гэж итгэх нь бий. Энэ л утга санааг уран бүтээлч илэрхийлэхийг зорьжээ. 

“Бүтээлийн доор аквариум байрлуулсан нь хүмүүс усны тусгалыг хараад тайвширч, сайн сайхан юм боддог. Үүн шиг хайрцгийн гаднах тайван орон зайг бодож мөрөөдөөсэй, ийшээ зоос шидэж хүслээ шивнээсэй гэж хүссэн” хэмээн уран бүтээлч хэллээ. Аквариумын эргэн тойронд захидал байх агаад үзэгчид үүнийг уншиж, өөрсдийн захиаг авч ирж тавих боломжтой. 

ЛГБТИК хүмүүсийн амьдрал, тэдний ертөнцийг үзэх үзэл болон стрэйт /эсрэг хүйстнээ сонирхох бэлгийн чиг баримжаа/ хүмүүсийн мэдэхгүй амьдралын өнгө будгийг үзэсгэлэнгээс харахад таатай байлаа. Уран бүтээлчид өөрсдөө үзэсгэлэнгийн бүтээлийг нэг нэгэнгүй танилцуулж, тайлбарлах бөгөөд сонин содон, бодолд автуулах эдгээр бүтээлийг та гуравдугаар сарын 2-ыг дуустал үзэж сонирхох боломжтой билээ. 

 

#ЛГБТИК #Хаана, юу болох вэ?