
Бид уйтгартай байна гэж хэлэхдээ ердөө л хийх зүйлгүй, сонирхолгүй байна гэж боддог. Гэвч 2014 онд сэтгэл судлаач Томас Гётц болон түүний судалгааны багийн хийсэн судалгаагаар уйтгар бол ганцхан мэдрэмж биш харин таван өөр хэлбэртэй, сэтгэл хөдлөлийн болон эрч хүчний түвшнээр ялгагдах мэдрэмж болох нь тогтоогджээ.
Энэхүү судалгааны үр дүнд уйтгарын төрөл бүрийн онцлогийг илүү нарийвчлан ойлгож, хүүхэд, залууст өөрсдийн мэдрэмжээ удирдахад туслах түлхэц болж өгсөн юм. Томас Гётцийн судалгаагаар уйтгарын таван төрөл байдаг бөгөөд эдгээр нь хүний сэтгэл санаа, бодол болон үйлдэлд хэрхэн нөлөөлж байдгийг тайлбарлажээ.

Энгийн уйтгар (Indifferent Boredom)
Энэ төрлийн уйтгар нь эрч хүч багатай, харьцангуй тайван мэдрэмжтэй нөхцөл байдалд илэрнэ. Хүн тухайн нөхцөлдөө сонирхолгүй байж болох ч бухимдахгүй зүгээр л цагийг өнгөрөөн өөр зүйл бодож байдаг. Жишээ нь, сурагч видео хичээл үзэж байхдаа идэвхгүй, ямар нэг сандарсан шинжгүй, зүгээр л бага зэрэг залхсан аястай өнгөрөх тохиолдол. Мөн автобусаар явахдаа хөгжим сонсон тайван сууж байгаа хүн ч энэ төрлийн уйтгарт орж болно.
Бодож буй уйтгар (Calibrating Boredom)
Энэ уйтгарт хүн дунд түвшний эрч хүчтэй, бага зэрэг сөрөг мэдрэмжтэй байдаг. Бага зэрэг тавгүйтэх хэрээрээ тухгүй мэдрэмж төрөх буюу юу хийх вэ гэдгээ бодож эхэлдэг боловч шууд үйлдэл хийдэггүй. Жишээ нь, сурагч давтагдсан даалгавраа хийж байхдаа дотроо “Энэ даалгавраа дуусгаад дараа юу хийвэл сонирхолтой байх бол?” гэж бодож эхэлдэг. Мөн ажил дээр уйдсан хүн ажлын дараа юу хийхээ төлөвлөж суух зэрэг орно.

Шинийг эрэлхийлэх уйтгар (Searching Boredom)
Энэ төрлийн уйтгар нь идэвхтэй, эрч хүчтэй хэрнээ сөрөг мэдрэмж ихтэй үед илэрдэг. Хүн тухайн нөхцлөөс гарч шинэ зүйл турших, сонирхолтой ажил хийхийг эрэлхийлдэг. Заримдаа энэ нь бүтээлч байдал руу хөтөлдөг. Жишээ нь, гэртээ уйдсан хүү хүүхэд зураг зурах, дуу бичих, эсвэл шинэ хоббигоо эрэлхийлж олж болно. Нэг хэвийн амьдралаас залхсан хүн фитнес, шинэ хэл сурах, сонирхолтой төсөл эхлүүлэх зэрэг шинэ шийдвэр гаргаж эхлэх нь энэ төрлийн уйтгарт орох байна.
Бухимдсан уйтгар (Reactant Boredom)
Энэ төрлийн уйтгар нь бусад төрлүүдээсээ хамгийн аюултай төрөл байж мэдэх юм. Учир нь энэ үед маш хүчтэй сөрөг мэдрэмж илрэх бөгөөд хүн тухайн нөхцөлд байх орчноосоо хурдхан шиг холдож, зугтахыг хүсдэг. Жишээ нь өөрийн хүсээгүй уулзалтын үеэрээ уур бухимдал хүрч, залхаж давтан давтан цаг харан гарах арга зам хайж эхэлдэг. Мөн замын түгжрэлд гацсан жолооч бухимдан аль болох хурдан явахыг хүсэх гэх мэт.
Унтарсан уйтгар (Apathetic Boredom)
Энэ төрлийн уйтгарт өртсөн хүний эрч хүч маш бага, сөрөг мэдрэмжийн түвшин бусдаасаа илүү анхаарахуйц болж ирдэг. Хүн юу ч хийх хүсэлгүй, итгэл найдваргүй, сэтгэлээр унасан болдог. Заримдаа энэ төрлийн уйтгараас үүдээд сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч болох тул анхаарах шаардлагатай. Жишээ нь, олон жил нэг хэвийн ажил хийж буй залуу ямар ч сонирхолгүйгээр өдөр хоногийг өнгөрөөсөөр байх. Мөн сурагч хичээлдээ ямар ч санаачлагагүй, идэвхгүй болсон үед энэ төрлийн уйтгар илэрч болно.

Энэхүү судалгаагаар өөрийн мэдэрч байгаа уйтгарыг таньж ойлгох нь сэтгэлзүйн тэнцвэрээ хадгалах, бүтээлч байдлаа нэмэгдүүлэх цаашлаад өөрийгөө илүү сайн танин мэдэхэд туслаж болно гэдгийг харуулжээ. Зарим төрлийн уйтгар нь шинэ санаа төрүүлэх түлхэц болдог бол зарим нь сэтгэлзүйн асуудал ч үүсгэх болох юм. Тиймээс уйтгарын мэдрэмжийг үл тоох биш харин өөрийгөө ойлгох, шинэ зүйл турших зэрэг боломж гэж хүлээж авах нь хамгийн зөв хандлага юм.
Эх сурвалж: Types of Boredom, 2014
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!