Б.Ундармаа:Тэтгэлэгт тэнцэхэд хувийн сахилга бат, төлөвлөгөө чухал гэдгийг ойлгосон


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-02-11

Бид ирээдүйд дэлхийн хэмжээний томоохон их сургуулиудад суралцах хүсэлтэй уншигчдадаа зориулан орон оронд суралцаж буй оюутан залуусын туршлагаар цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа билээ. Ярилцлагын ээлжит дугаараар  2021 оны ОХУ-ын засгийн газрын тэтгэлэгт магистрын түвшинд нэгээр жагсан гарч ирсэн Б.Ундармаатай ярилцлаа.


YOLOСайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Бат-Өлзийн Ундармаа гэдэг. Монгол улсын Соёл Урлагийн Их Сургуулийг 2021 онд телевиз, радиогийн сэтгүүлч гэх мэргэжлээр сурч төгссөн. Одоогоор ОХУ-ын  топ 5 сургуулийн нэг Оросын  Засгийн Газрын дэргэдэх Санхүүгийн Улсын Их сургуульд улс төр судлалаар магистрын түвшинд суралцаж байна. 

YOLOТэтгэлэгт нэгдүгээрт шалгарч тэнцсэн шүү дээ. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?

- Тухайн үед 20 настай хамгийн залуу магистр байсан. Тэтгэлгийн хариу сайтад шивэгдсэн гэдгийг сонсоод маш их сандарч байснаа санаж байна. Учир нь магистрын түвшинд өрсөлдөж байсан тэтгэлэгт горилогчдын ихэнх нь олон жилийн ажлын туршлагатай, хэлний мэдлэг өндөр, зарим нь их сургуульд багшилдаг хүмүүс байсан.  Өөртөө итгэлгүй байсан болохоор нэрээ доороос нь хайгаад, дээшээ цөөхөн нэр үлдэх тутамд “яана аа энэ дунд байхгүй бол” гэсэн түгшүүртэй хариугаа шалгасан. Тэгээд өөрийнхөө MNG кодыг нэгдүгээрт жагссан байхыг хараад маш их баярласан.


YOLO: Анхнаасаа ОХУ-д суралцах зорилготой байв уу? Яагаад Орос улсад суралцахаар шийдсэн бэ? 

- Багаасаа л гадагшаа явж сурахыг мөрөөддөг тэр дундаа Орос руу явахыг хүсдэг байлаа. Бакалавраа Орост сурна гэж төлөвлөж байсан ч хараахан амжаагүй. Гэхдээ Монголд бакалаврт суралцсан нь зөв шийдвэр байсан гэж боддог. ОХУ бол нийгэм, улс төрийн хувьд их найман гүрний нэг. Тийм учраас нөөц бололцоо их байгааг олж харсан. Мөн ОХУ-аас жил бүр бакалавр, магистр, аспирантур, ординатур гэсэн дөрвөн хөтөлбөрөөр 550 иргэнд тэтгэлэг олгодог. Энэ тэтгэлэгт өөрийгөө сориод үзье гэж шийдэн, бакалаврт суралцаж байх хугацаандаа давхар тэтгэлэгтээ бэлдсэн.
 
YOLOТэтгэлэгт тэнцэхийн тулд эртнээс бэлдсэн юм байна. Тэтгэлэгт бэлдэж буй оюутан дүү нартаа зөвлөгөө өгөөч?

- 2 жил орчим тэтгэлэгтээ бэлдсэн. Учир нь миний хэлний мэдлэг тийм ч сайн байгаагүй. Тиймээс аль улс гэдгээс шалтгаалаад амьдрах нөхцөл, уур амьсгал, боломж нөхцөлийг  сайн судлаарай. Мөн хэлний мэдлэгээ ахиулахыг зөвлөж байна.

 


YOLOТаны бодлоор тус тэтгэлэгт нэгээр жагсаж гарч ирэхэд юу нөлөөлсөн гэж боддог вэ? 

- Тэтгэлгийн гол шалгуурууд бол хэлний мэдлэг, голч дүн, хувийн CV анкет зэрэг байдаг. Харин нэгээр жагсаж гарч ирэхэд оюутан байх хугацаандаа хийж бүтээж байсан зүйлүүд маань их нөлөөлсөн юм болов уу гэж боддог.  Миний хувьд оюутан байхдаа “Алтан үзэг”, “Анхны бүтээл” зэрэг сэтгүүл зүйн нэр хүндтэй наадмуудад амжилттай оролцсон. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг авч байсан. Тухайн үед түүхийн судалгааны ажил эхлүүлчихсэн байсан. Тэр судалгаа маань ном болон хэвлэгдсэн. Тиймээс оюутны өөрийнх нь бүтээлч ажлууд тэтгэлэгт тэнцэхэд чухал нөлөө үзүүлдэг.

YOLOТүүхийн судалгааны ажлаа хэрхэн эхлүүлж байсан бэ?

- 2018 онд Хэнтий аймгийн Дадал суманд байгаль хамгаалах сангийн ажлаар очсон юм. Тэнд “Монголын сүүлчийн хатан Гэнэнпил хилс хэрэгт сэжиглэгдэхээсээ өмнө энд зусаж байв” гэсэн бичигтэй гэрийн буурьтай таарсан юм.  Тэр үед хамт явсан сэтгүүлчээс ямар учиртайг нь асуутал “18 настай айлын ганц охин Богд хааны хатан болж өргөмжлөгдөөд, Богд хаан таалал төгсдөг жил буцаж нутагтаа ирэн, хайртай залуутайгаа хуримлан амьдарч байсан хэдий ч 1930-аад оны хэлмэгдүүлэлтээр Богд хааны хатан байсан гэдгээр нь жирэмсэн байхад нь буудан хороосон. Ийм гашуун түүхтэй байдаг юмаа” гэж хэлж байсан. Тухайн үед би өөрөө 18 настай байсан болохоор маш их эмзэглэсэн. Гэнэнпил хатны талаар хайж үзтэл түүнийг судалсан судлаачид тийм олон байдаггүй юм билээ. Тэгээд өөрөө судалж эхэлсэн, яагаад юм бол гэдэг бодлоос маань цаашлаад түүхийн судалгааны бүтээл болчихсон гэх юм уу. Мэдээж энэхүү судалгааны бүтээл тэтгэлэг авахад их түлхэц болсон. Тиймээс ямар асуудалд санаа зовж байна, юунаас хариулт авмаар байна тэрийгээ л олж мэдээсэй гэж хэлмээр байна.

 


YOLOСая хэлэхдээ  цөөнгүй  хэдэн тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан гэж байна шүү дээ. Тэгвэл оюутан байхдаа орж байсан хамгийн дурсамжтай бөгөөд бахархууштай тэмцээн тань юу байв? 

- Миний хувьд хамгийн нэр хүндтэй шагнал 2020 онд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт шилдэг оюутан болсон. Мөн сэтгүүл зүйн  “Алтан үзэг” наадамд оролцоод дэд байр эзэлсэн. “Анхны бүтээлд” бас дэд байр эзэлж байсан. Ер нь дандаа хоёрдугаар байр эзлээд байсан юм байна. Энэ тэтгэлэгт нэгээр гарч ирэх гээд л тэгээд байсан байх. /инээв/

YOLOЭдгээр нэр хүндтэй тэтгэлгүүдэд тэнцэхэд нөлөөлсөн өөрийн баримталдаг зарчим, дадал зуршлаасаа хуваалцаач.

- Тэнцвэл тэр биз тэнцэхгүй бол яах вэ дээ? гэдэг ч юм уу. Ер нь сориод л үзье гэсэн хандлагаар хандаж чаддаггүй. Яаж ийж байгаад л тэнцье өөрийн зүгээс юу хэрэгтэй байна тэр бүхнээ дайчилъя гэж боддог. Мэдэхгүй зүйлүүдээ маш нарийн төлөвлөж, гаргалгаа олж, сахилга баттай байх нь чухал гэдгийг ойлгосон. 

 

 


YOLO: Аливаа тэтгэлэгт тэнцэхээс өмнө олон бэрхшээлтэй тулгардаг шүү дээ. Та хир их бүтэлгүйтэлтэй тулгарч байсан бэ?

- Би арван хоёрдугаар ангид байхдаа “Монгол улсын шилдэг хүүхэд” болж байсан. Тэрүүхэн үедээ өөрийгөө их лаг, мундаг охин гээд бодчихсон явж байлаа. Тэгээд их сургуульд ороод маш олон тэмцээн, тэтгэлэгт хөтөлбөрт материалаа явуулж байсан. Үнэнийг хэлэхэд эхний хоёр жил ямар ч тэмцээнд шагналт байр эзлээгүй. Одоо бодоход тэр үед шантраагүй хичээгээд л байсан даа баярладаг.

YOLO: Гадаадад сурч байгаа хүний хувьд олон өөрчлөлтүүд гарч ирж байгаа байх. Яг хувь хүний хувьд ямар өөрчлөлтүүд гарч байна вэ? 

- Мэдээж хэрэг цоо шинэ орчин угтаж авсан. Миний ямар оюутан байсныг, ямар ажил хийдэг байсныг гэдэг ч юм уу? Хэн ч мэдэхгүй. Харин Монгол хүн гэдгийг л хүн бүр мэддэг. Тиймээс мэндлэх, хүндлэхээс эхлээд бүх зүйл дээр нэрээ хичээн суралцаж байна.  Ямартай ч бүх зүйл шинээр эхэлж, амьдралын цоо шинэ хуудас нээгдсэн. Хувь хүний хувьд гэвэл орон орны найзуудтай болж, түүнийгээ дагаад шинэ соёлд суралцаж мөн эрүүл амьдралын дадлыг өөртөө суулгаж байна.

 


YOLOДэлхий нийтээр цар тахалтай энэ үед хилийн чанадад суралцаж байна шүү дээ. Одоогийн байдлаар Москва хотод нөхцөл байдал хэр байна вэ?

- Цар тахалтай холбогдуулан хичээл сургууль цахим, танхим хосолж орж байгаа. Одоогоор Москва хотод омикроны тархац нэлээн өндөр. Манай сургуульд дэлхийн 90 гаруй орны хоёр мянга орчим гадаад оюутан нөхцөл байдалтайгаа дасан зохицон, суралцаж байна.

YOLOГадаад оюутны хувьд санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?  

- ОХУ-ын засгийн газраас сургалтын төлбөр, сар болгоны стипенд олгодог. Амьдрах зардал, байрны хувьд харьцангуй хямд. Мөн хүнсний бүтээгдэхүүний хувьд эрүүл, аюулгүй байдаг.

YOLO: Яагаад улс төрч мэргэжлээр суралцаж байна вэ? 

- Дунд сургуульд байхаас сайн дурын ажил зохион байгуулдаг, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Тэр үеэс манай үеийн залуус, дүү нар маань улс төрийн мэдлэг маш нимгэн. Иргэн хүний хувьд сонгуулиа өгөхөөс эхлээд, сонгогчийн боловсрол дутмаг байгааг олж мэдсэн. Тэгээд би яагаад улс төрч мэргэжлээр суралцаж болохгүй гэж? Залуустаа улс төрийн мэдлэг өгөх сэтгүүл зүйн бүтээлүүд хийж, нийгэмд улс төрийн оролцоотой иргэнийг бүтээхэд чиглэж ажилламаар санагдсан. Тиймээс мэргэжил дээшлүүлэх, сонгох үйл явц дээр бусдын үгийг гэхээс илүү дотоод хүнээ сонссон сонголт хийх нь илүү зүйтэй гэж бодож байна.

 

 


YOLOОюутан байх хугацаандаа сурч мэдсэн зүйлсээсээ дүү нартаа хуваалцаж, ийм зүйлийг л хийж амжуулаарай гэсэн зөвлөгөө өгөөд ярилцлагаа өндөрлөе.

- Оюутан байх хугацаандаа дадлага хийхээс гадна мэргэжлээрээ ажиллаж үзээсэй гэж зөвлөмөөр байна. Миний хувьд нэгдүгээр курсээсээ телевизэд хөтлөгчөөр ажилладаг байсан. Энэ хугацаанд цалин гэхээс илүүтэйгээр, нэг ч гэсэн зүйл мэдээд авах нь чухал санагдсан. Мөн чөлөөт цагаараа энийг л хийгээд байвал би харамсахгүй шүү гэсэн хоббитой болоод тэрийгээ хөгжүүлээсэй гэж хэлмээр байна. Сүүлийн үед би нэг зүйлийг анзаарсан л даа. Оюутан байхад олон хоног нойргүй явж, аливааг цагийн тулгаж хийх, буруу хооллолтой, сошиал хэрэглээ өндөр гэх зэрэг амьдралын буруу дадалтай болчихсон байсан. Тиймээс эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлээрэй. Боловсролтой байхаас гадна зөв дадалтай байх нь чухал санагддаг.

 Ярилцсанд баярлалаа.

#Ярилцлага #Боловсрол #Тэтгэлэг