5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Г.Хүрэлбаатар: УУЛЫН СПОРТООР хичээллэснээр БИЕИЙН ХӨГЖИЛ ч сайжирсан


Сондор | YOLO.MN
2017-06-29

Хүн хийх дуртай зүйлтэй байна гэдэг сайхан. Тэрхүү зүйлдээ улам “дурлаж”, амжилт гаргана гэдэг бүр ч сайхан. Уулын спортын зургаан удаагийн аварга, өдгөө Ази тивийн Залуучуудын аваргын тэмцээнд оролцох гэж буй дэд мастер Г.Хүрэлбаатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


YOLOӨөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
-Намайг Г.Хүрэлбаатар гэдэг. Одоо 18 настай. Бие тамирын дээд сургуулийн 2-р түвшиний оюутан. Уулын спортоор хичээллээд зургаан жил болж байна. Мөн мотоцикль, даун хилл дугуй, уулын цана гэх мэт экстрем спортоор өвөл зундаа хичээллэдэг.

YOLOОйрын хугацаанд ямар уулын спортын тэмцээнд оролцох гэж байна вэ?
-Уулын спортын Азийн тивийн Залуучуудын спорт авиралтын АШТ-ний бэлтгэлээ Хятадын тамирчидтай хамтарч хийхээр өнөөдөр (6.26) тийшээ мордоно. Энэхүү тэмцээн нь долдугаар сарын 5-9-ний хооронд Сингапур улсад зохион байгуулагдах юм.

YOLOЭнэ спорт олимпийн төрөлд нэмэгдсэн гэж сонссон?
-Тийм. Бэлтгэлээ сайн хангаад 2020 оны Токиогийн олимпод оролцох зорилготой байна. Бэлтгэлээ сайн хийвэл болохгүй зүйл байхгүй байх гэж боддог.

YOLOЭнэ спортыг яагаад сонгох болсон бэ?
-Намайг 18-р сургуулийн 10-р ангийн сурагч байхад ангийн багш С.Энхцэцэг Уулын спортын гавьяат тамирчин С.Заяа багшид хүлээлгэж өгч байсан даа. Дуртай зүйлийн минь эхлэлийг зааж өгсөн хоёр багшдаа талархаж явдаг даа.


YOLOУулын спорт чамд ямар давуу талыг өгсөн бэ?
-Би өмнө нь бие их муутай хүүхэд байсан. Одоо бол илүү биеийн хөгжилтэй, эрүүл чийрэг болсон. Мөн өмнө нь хичээлдээ явахаас өөр хийсэн бүтээсэн зүйлгүй энгийн л нэг хүүхэд байлаа. Одоо бол тийм биш. Мөн зан төлөвийн хувьд илүү их тэсвэр тэвчээртэй болсон. Шантрах зүйл гаралгүй л яахав, гэхдээ аль болох тэсээд тэвчээд цааш үргэлжлүүлэхийг хүсдэг.

YOLOЭнэ их эрсдэлтэй спортуудаар хичээллэхийг гэрийнхэн нь хэр хүлээж авдаг вэ?
-Аль нэгээр нь л тууштай хичээллэ гэх болсон. Гарах эрсдлийг нь тооцож мото спортыг маань таашаадаггүй. Тэдний маань ч зөв байх гээд би уулын спортоороо л дагнахаар болсон, мөн өвөлдөө цанаар гулгана.

YOLOУуланд авиралт гэхээр байгалийн уул хад уу, хиймэл нь үү?
-Монголын уулын авиралт дотроо гурван төрөлтэй л дөө. Байгалийн хад, хиймэл хад, мөсөн хад гээд... Бид ихэвчлэн хиймэл хаданд авирдаг, өвөлдөө Улаан цутгалан гэх мэт хөлдсөн хүрхрээн дээр авиралтаа хийдэг.

YOLOОдоо оролцох тэмцээний хувьд аль төрлөөр нь өрсөлдөх вэ?
-Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний үед бид хиймэл хаданд авиралтаар өрсөлдөнө. Тэр нь яг дэлхийн стандартын дагуу илүү барьцтай, зориулалтын хана байдаг.

Шинээр ямар нэгэн спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд нэг зүйлээрээ тууштай яваарай, хэрэв тэгж чадвал амжилтанд хүрэх магадлал бүр илүү байдаг.

Г.Хүрэлбаатар


YOLOБусад орны тамирчдыг өрсөлдөх чадвар болон техникүүдийг судалдаг уу?
-Би ер нь өрсөлдөгчдөө шинжих дуртай. Энэ яг юу хийж байна, надаас юугаараа илүү байна гэж хардаг. Тэр дундаа Оросын тамирчдыг судлах дуртай. Тэдний техник болон явдал, авиралт нь харьцангуй өөр байдаг. Бид баруун гараараа дээшилж байхад тэд баруун гар зүүн хөлтэйгөө хамт дээшлэх жишээний. Чадвар ч илүү байдаг.

YOLOУулын спортыг өсвөрийн хүүхэд залуус их сонирхдог юм шиг санагддаг.
-Тийм шүү. Манай холбоонд хичээллэхээр зөндөө хүүхэд ирдэг. Зарим нь шантрах ч, бусад нь тултал нь сайн хичээллэдэг. Шинээр ямар нэгэн спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд нэг зүйлээрээ тууштай яваарай, хэрэв тэгж чадвал амилтад хүрэх магадлал бүр илүү байдаг.


YOLOЭнэ спорт хүүхдийн өсөлтөд хэр нөлөөлдөг вэ?
-Уулын спорт өсөлтөд их нөлөөлдөг. Учир нь үргэлж дээш мацаж, сунгалт хийж байдаг.

YOLOЧи ямар холбоонд харьяалагддаг вэ?
-Би Монголын Уулчдын Үндэсний Холбооны тамирчин. Манай холбоо Дэлхийн уулын холбооны үндсэн гишүүн юм. Тиймээс Монголдоо уулын спортын хамгийн том холбоо гэсэн үг. Холбооныхоо ах эгч нартаа маш их баярлаж явдаг. Маш их тусч хамт олон.

YOLOЯрилцсанд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье!
-Баярлалаа.


Тэд Азийн тивийн Залуучуудын спорт авиралтын АШТ-ний бэлтгэлээ хийхээр БНХАУ-ыг зорилоо

#mountaineering #body