С.Тэмүүжин: Би номын сангийнхаа бүх БРАЙЛЬ номыг уншаад дууссан


О.Хандмаа | YOLO.MN
2021-11-18

Манай улсад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимтай номын сан ганц л бий. Энэ нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сан юм. Хараагүй иргэдэд зориулсан танхимаа нээгээд 17 дахь жилтэйгээ золгож буй тус номын сангаар бид зочиллоо.

Энэхүү танхимын үйлчилгээг танилцуулах “Хүртээмжтэй номын сан” өдөрлөгийг бид сурвалжилсан юм. Үүдээр нь ороход л шат, уншигчийг бүртгэх, мэдээлэл өгөх хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төвөггүй нэвтрэх боломжийг олгосон нь нүдэнд туслаа.

ШИНЭ НОМ ИРСЭН ҮҮ ГЭЖ НАДААС БАЙНГА ШАЛГААДАГ УНШИГЧИД БИЙ

Номын санч П.Оюунбаяр

Бид Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимын номын санч П.Оюунбаяртай ярилцахад “Би 17 дахь жилдээ энд ажиллаж байна. Энгийн нэг хэвлэмэл номыг брайль руу шилжүүлэхэд овор хэмжээ ихтэй, өртөг зардал өндөр гардаг. Алтангэрэлийн “Англи-Монгол толь бичиг”-ийг брайльд хөрвүүлэхэд 16 дэвтэр болдог жишээтэй.

Манай номын сан жилд давхардсан тоогоор мянга гаруй хүнд 1500 нэр төрлийн номоор үйлчилдэг. Насанд хүрсэн хүмүүс номоо ихэвчлэн гэрээр авч уншдаг. Харин оюутан залуус, хүүхдүүд тогтмол ирж танхимд суудаг.

Манай танхим л гэхэд 40 гаруй идэвхтэн уншигчтай. Шинэ ном ирсэн үү гэж надаас байнга шалгаадаг уншигчид бий” гэсэн юм.

Өдөрлөгт хараагүй уншигчдын төлөөлөл болж ирсэн хүмүүс монгол дээл, хувцсаараа гоёж үзэгчдийн суудалд суух нь тэдэнд энэ номын сан хэр их дотно, цагаа өнгөрөөдөг чухал газар гэдгийг илэрхийлэх шиг санагдана.

ОРЧИН ҮЕД БРАЙЛЬ НОМ УНШДАГ ХҮН ЦӨӨРСӨН

Идэвхтэн уншигч С.Тэмүүжин

Номын санчийн дурдсанчлан байнга шинэ номын эрэл сураг болж, шалгаадаг хүмүүсийн нэг нь С.Тэмүүжин байв. Тэрээр номын сангийнхаа бүх брайль номыг уншиж дуусгасан бөгөөд одоо өөр шинэ зүйлсийг эрэлхийлж буй аж. Тэр анх ээж, дүүтэйгээ хамт уг номын санд хөл тавьж байсан бол харин одоо номын санчаасаа “идэвхтэн уншигч” гэх алдрыг хүртэн, өдөрлөгт урилгаар оролцож байна.

С.Тэмүүжин: Би Хараагүйчүүдийн холбооны МСҮТ-ийн компьютер хангамжийн ангийг төгссөн. Энэ номын сангаар үйлчлүүлээд 12 жил болж байна.

-Олон жил энэ номын сангаар үйлчлүүлсэн учраас өөрчлөлт, шинэчлэлтийг нь анзаардаг байх. Номын сан өмнө нь ямар байсан бэ?
-Анх номын хүртээмж бага байсан. Харин одоо аудио, цахим ном нэмэгдсэнээр хүртээмжтэй болсон. Би уран зохиолын номыг шимтэн уншдаг. Мөн хууль эрхзүйн номыг судалдаг. Зав чөлөөтэй үедээ унших дуртай.

-Таныг анх номын ертөнцөд хөтөлсөн хүн байдаг уу?
-Хамгийн анх ээж, дүүгээрээ ном уншуулдаг байсан. Дараа нь өөрөө ном уншиж сурахын тулд номын санд ирж байлаа. Брайль үсгийг уншиж сурахын тулд их хичээдэг байсан. Харин одоо номын сангийнхаа бараг бүх брайль номыг уншчихсан байна. Хүн бүрийг номтой нөхөрлөөсэй гэж хүсдэг.

-Брайль ном унших, аудио ном сонсохын ялгаа нь юу байдаг вэ?
-Аудио номыг сонсох нь зүйтэй. Гэхдээ брайль номыг унших нь илүү ач холбогдолтой санагддаг. Орчин үед брайль ном уншдаг хүн цөөрсөн. Хүүхэд залуус интернетээр цахим номыг их унших болсон.

УНШИГЧДАД БРАЙЛЬ, АУДИО, ЦАХИМ ДЭЙЗИ, И ПАБ НОМООР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимын ярьдаг номын мэргэжилтэн М.Цэнгэл:

-Бид “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар”-ын хүрээнд хараагүй иргэдэд зориулсан “Хүртээмжтэй номын сан” өдөрлөгийг зохион байгууллаа. Манай номын санд гадаад дотоодын олон нэр төрлийн өөр, өөр форматтай 1000 гаруй ном бий. Уншигчдад брайль, аудио, цахим дэйзи, и паб номоор үйлчилгээ үзүүлдэг.

Дэйзи, и паб зэрэг номыг уншихад хуудас хуудсаар нь эргүүлж, бүлгүүдийг сольж, тэмдэглэл хийж болдог. Үүнийг хүртээмжтэй ном гэж нэрлээд буй юм. Эдгээр номыг уншихдаа бид цахим ном уншигч программ бүхий төхөөрөмжийг ашигладаг. Мөн гар утас, компьютерт төхөөрөмжөө холбоод дэлгэц дээр гарч байгаа мэдээллийг брайлиар уншиж, бичдэг төхөөрөмжийг монгол хэлээр нэвтрүүлэн үйлчилгээндээ ашиглаж байна.

#Номын сан #Боловсрол