1₮-ийн дэвсгэрт үнэндээ 70 төгрөгний үнэтэй


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2021-09-20

Өнөөдөр цахим мөнгөний систем тун сайн хөгжиж байгаа ч бэлэн мөнгө ор мөргүй хэрэглээнээс гараагүй байна. Тэгвэл энэ нийтлэлээр цаасан дэвсгэртийн зүй бус хэрэглээний тухай сонирхолтой мэдээллүүдийг хүргэе.

МӨНГӨН ДЭВСГЭРТИЙН ҮҮСЭЛ

Хүн балар эртнээс үнэт чулуу, ургамал, навч, амьтны арьс шир эсвэл мах, ясаар нь солилцоо (бартер)  хийн арилжаа наймааг үүсгэсэн. Өөртөө байгаа зүйлээр хэрэгтэй зүйлээ авах энэ солилцоог хяналтад  оруулахын тулд мөнгөн дэвсгэртийг бүтээсэн байдаг. Тухайн дэвсгэрт эсвэл зоос нь тодорхой үнийн хэмжээг заадаг нь ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлж чаддаг болгосон. Иймээс ч бэлэн мөнгө нь улс орны тусгаар тогтнол болон олон улсын эдийн засгийн харилцаанд чухал байр эзэлдэг.

ЦАХИМ МӨНГӨ БА ДЭВСГЭРТИЙН ЯЛГАА

Хэдэн зуун жил ийм тогтолцоогоор явж байсан нийгэмд нэгэн шинэ зүйл гарч ирсэн нь интернет. Цахим банк, бэлэн бус мөнгөөр арилжаанд оролцох нь цаасан мөнгөний хэрэглээг огцом бууруулсан. Гэхдээ аль ч улсад зуун хувь цахим мөнгө ашиглаж байгаа тохиолдол байхгүй юм. Бэлэн мөнгө нь цахим мөнгийг бодвол хэд хэдэн сул талтай ч гарт баригдаж, нүдэнд харагддаг утгаараа цахим мөнгөнөөс илүү үнэ цэнтэй. Цахим мөнгө бол интернет тасрахад л ор мөргүй алга болох боломжтой, тэг нэг гэсэн тоонуудаас бүтсэн хийсвэр код шүү дээ.

ГОЛ ХӨНДӨХ ЁСТОЙ АСУУДАЛ НЬ ЮУ ВЭ?

Бид цаасан дэвсгэртэд хайр гамгүй хандсаар байна. Монгол банкнаас “Мөнгөн дэвсгэртүүдийн дундаж наслалт 3.8 жил байна” гэж мэдээлжээ. Энэ нь УИХ-ын гишүүдийн төрийн ажилд оролцох хугацаанаас ч бага байна гэсэн үг. Бохир гараараа барьж хиртүүлэн, хааш яаш нь нугалж оригами ч хийж байх шиг... Овоон дээр тавьж, хээр хөсөр хаячихна. Хэвлэсэн оныг нь харахад залуухан мөнгөн дэвсгэрт байтал урагдаад хуучирчихсан төдийгүй скочоор наачихсан тийм мөнгөн дэвсгэртийг харж байсан л биз дээ? Энэ бүхэн чинь гүйлгээнд байгаа дэвсгэртийн тоог үлэмж ихээр багасгаад зогсохгүй эдийн засагт олон асуудал үүсгэж байна.

Жишээлбэл, дэлгүүрт хариулт мөнгө авч чадахгүй болно. Тэр ч бүү хэл манай улсын топ арван ААН-д ордог “Номин” дэлгүүрийн бүх барааны үнэ есийн цифрээр төгссөн байдаг шүү дээ. Мөн ширхэгээр биш жингээр нь үнэлдэг ногоо, жимс гэх мэт бараанд заавал тэгш бус сондгой, бутархай үнэ байдаг. Гэвч одоогоор арван төгрөгний дэвсгэрт л хариулт мөнгө болж гүйлгээнд оролцож байгаа юм. Нэг бол дэлгүүр арваас доош хэмжээний төгрөг илүү авна, эсвэл үйлчлүүлэгч илүү хариулт мөнгө авна. Та иймхэн мөнгөнд ямар хамаа байна аа гэж бодож магадгүй. Үгүй дээ! Үйлчлүүлэгчийн тоогоор, цаг хугацаа өнгөрөх тусам тэр бага төгрөгүүд нийлсээр том зөрүү үүсгэнэ. Тэгээд ч манай нэг төгрөг чинь дотроо зуун мөнгөнд хуваагддаг юм шүү. Уг нь хэдэн жилийн өмнө “Номин” дэлгүүрт үйлчлүүлэхэд хариулт мөнгөнд нэг төгрөгийн арслангийн зурагтай, улбар шар, ногоон дэвсгэртийг өгдөг л байлаа. Гэвч энэ жижигхэн цаасан дэвсгэрт байхгүй болсон нь овоон дээр баахан бага дэвсгэрт цацчихдаг, ганданд бурхан дээрээ өргөл болгоод тавьчихдаг, халаасандаа хийгээд хайнга хаячихдаг бидний л буруу.

ДЭЛХИЙН ЖИШИГТЭЙ ТАНИЛЦЪЯ

Европийн 18 орны гүйлгээнд олон жил байсаар ирсэн еврог сонирхъё. Нэг евро дотроо зуун центтэй тэнцдэг. Нэг центээс эхлээд хоёр евро хүртэл зоосон хэлбэрээр байдаг бол таван еврогоос дээш цаасан дэвсгэрт ашигладаг. Дундаж наслалтын тухайд арваас доошгүй жил аж.

Хэдий иргэд нь цахим мөнгө хэрэглэдэг болсон ч цаасан дэвсгэрт өнөөг хүртэл гүйлгээнд байсаар байгаа нь европчууд мөнгөө түрийвчиндээ хийж хэвшсэн, дэвсгэртээр нугалж тоглодоггүй, зоосоо усан оргилуур руу шиддэг ч гэлээ шөнөдөө тохижилт үйлчилгээний ажилтан нь түүж сайн үйлсийн байгууллагуудад хандивладагтай холбоотой. Тэгвэл овоон дээр тавьсан мөнгийг энэ жишгээр цуглуулах нь учир дутагдалтай. Учир нь манай орон тоолоод барамгүй олон уул хайрхантай, тэр болгон нь овоотой, дээрээс нь цаг уурын нөхцөл байдлаас болоод цуглуулах гэсээр байтал нисээд алга болчихно. Эсвэл норж урагдаад байгальд элэгдчихнэ.

ТЭГВЭЛ ЦААШИД ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?

Бага насны хүүхдүүддээ мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж, өөрийн гэсэн хадгаламжтай болгохын тулд шилэн сав юм уу, мөнгөний гахай авч өгөөд бага хэмжээний мөнгө хадгалуулдаг шиг бид ч гэсэн хариулт мөнгөө тэдэнтэй хамт олон сараар хадгалж байгаад банкинд тушааж болно шүү дээ. Дараа нь тэр дэвсгэртүүд багц багцаараа үйлчилгээний байгууллагуудын касс руу хариулт мөнгөнд өгөх зорилгоор очих боломжтой. Ингээд л гүйлгээнд эргэн орсоор дэвсгэртийн маань тоо цөөрөх асуудлаас ангижирч болно.

ЭЦЭСТ НЬ...

Зарим хүмүүст одоо ч гэсэн тэгж яах юм, шал утгагүй юм гэж бодож байж магадгүй. Тэгвэл аль ч дэвсгэртийг манай улс дотооддоо хийж чаддаггүй учраас гадаадын үнэт цаасны үйлдвэрүүдэд хэвлүүлж,  өндөр хамгаалалт дор ирэх зардал, үнэт цаасны бэлдэц, хуурамч мөнгөнөөс ялгах нэмэлт ялтас, өнгө будаг, товгор хэвлэлт гэх зэрэг нэг ширхэг цаасан дэвсгэрт бүр нь маш их үнээр хэвлэгддэг бөгөөд хуучирсан дэвсгэртийг устгалд оруулахад ч өндөр өртөг зарцуулагддаг байна. Сонирхуулахад 1 төгрөгийн дэвсгэртийг 70 төгрөгний өртгөөр үйлдвэрлэх жишээтэй. Тиймээс нэг ч гэсэн цаасан мөнгө маань гүйлгээнээс хасагдахгүй, насжилт нь уртсах юм бол улс орны эдийн засагт чухал юм шүү.

Иймд улсынхаа тусгаар тогтнолын нэгэн баталгаа болсон, ширхэг бүр нь үнэ цэнтэй, хүчирхэг энэ цаасан дөрвөлжин дэвсгэртийг хайрлаж, халаасандаа бус хэтэвчиндээ хадгалж, овоонд бус хэрэглээнд байлгацгаая.

#Мөнгө #Сонин хачин #Эдийн засаг