Өсвөр насныхны ганцаардлын шалтгаан нь ГАР УТАС


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-07-29

Гар утаснаас болж өсвөр насны хүүхдүүд ихээхэн ганцаардаж байгаа талаар шинэ судалгаа гарчээ.

Jean Twenge, Jonathan Hait, Ander Blake нарын эрдэмтэд хамтран дэлхий даяар өсвөр насны хүүхдүүдийн ганцаардах мэдрэмж огцом өсөж буйн шалтгааныг тодруулах судалгаа явуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт судалгааны үр дүнгээ танилцуулжээ. Судлаачид 15-16 насны нэг сая гаруй сурагчдын дунд судалгаа явуулахад 2012 оноос хойш хүүхдүүдийн ганцаардах мэдрэмж өссөөр 2018 онд дээд түвшинд хүрснийг тогтоожээ.

Харин өсвөр насныхны “COVID-19” цар тахлын үеэрх сэтгэлзүйн байдлыг судалгаандаа оруулаагүй юм байна.

Судлаачдын багийн гишүүн, Сан Диего мужийн их сургуулийн профессор Jean Twenge:

- “Ихэнх орны судалгааны үр дүн нь адилхан байсан. Энэ үнэхээр гайхмаар зүйл шүү. Нөгөөтээгүүр, гар утас, цахим сүлжээний хэрэглээ дэлхий даяар өсөж байгаа энэ үед ийм үр дүн гарах нь ойлгомжтой асуудал” гэв.

2012 оноос өмнө өсвөр насныхны сэтгэл гутрал, ганцаардал нь гэр бүл, орлогын тэгш бус байдал, амьдарч буй орчин гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалдаг байсан бол 2012 оноос хойш энэ хандлага өөрчлөгдсөн байв. Учир нь хүүхдүүд амьд харилцаанаас илүү цахим орчин дахь “дижитал харилцаа”-г чухалчлах болжээ. Энэ талаар профессор Jean Twenge:

- “Цахим орчин дахь харилцаа нь амьд харилцаа шиг ойр дотно мэдрэмж төрүүлдэггүй. Иймээс өөрийн дотоод бодол, мэдрэмжээ илэрхийлэхгүй байгаа өсвөр насныхны дунд ганцаардал бий болдог” хэмээн тайлбарлав. Түүнчлэн, хүүхэд өөрөө цахим сүлжээг бага ашигладаг хэдий ч найз нөхөд нь цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч бол тухайн хүүхдэд ганцаардсан мэдрэмж төрдөг гэдгийг ч дурдав.

Мөн өсвөр насныхан гар утас идэвхтэй хэрэглэдэг болсон үеэс сургууль дээрх чимээ шуугиан багасаж, хоолны цагаар сурагчид зөвхөн гар утсаа оролддог болсныг ч онцолжээ. Иймээс Bellevue дунд сургуулийн удирдлага сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглосон байна. Энэ талаар тус сургуулийн захирал Blake DeYoung:

- “Гар утас ашиглахыг хориглосны дараа олон сурагч энэ шийдвэрийг дэмжиж, ийм шийдвэр гаргасанд талархаж байгаагаа илэрхийлсэн. Нийгмийн талаас авч үзвэл 14 настай хүүхэд өөрөө гар утаснаас татгалзаж чадахгүй. Харин эргэн тойрны хүмүүс нь татгалзаад эхэлбэл тухайн хүүхэд ч бас татгалзаж чадна” гэжээ.

Эх сурвалж: The Washington Post

#Эрүүл мэнд #Сэтгэлзүй #Ганцаардал