ЗАХИДАЛ: Анхны сэтгэгдлийг эерэгээр төрүүлж сурмаар байна


ССҮТөв | YOLO.MN
2021-07-19

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Манай хамаатнууд надад дургүй юм шиг санагддаг.

Сайн уу? Би 15 настай, эмэгтэй. Надад сэтгэл зүйн туслалцаа үнэхээр их хэрэгтэй байна. Би бодолд их автах болсон. Өөрт тохирсон мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? Өдөр бүрийг яаж үр бүтээлтэйгээр өнгөрүүлж, зөв зүйлд цагаа зарцуулах вэ? Өөрийгөө хэрхэн хайрладаг болох вэ? Гадаад хэлээ хэрхэн сайжруулах вэ?

Би их ичимхий, даруухан, дуу цөөнтэй хүүхэд юм л даа. Тэгээд энэ зангаа хэрхэн засаж, хүмүүстэй нийтэч харьцдаг болох вэ гэх мэт бодлууд толгойд их эргэлдэх боллоо. Мөн утсанд зарцуулдаг цагаа яаж багасгах талаар зөндөө боддог ч нэг л мэдэхэд утсаа оролдчихсон байж байх юм.

Ээж маань ажлаа хийсээр байгаад гэртээ ядарч орж ирдэг гэдгийг нь би мэддэг ч надтай ярилцаж, цаг гаргасангүй гэж гомдолдог. Тийм болохоор амарсан өдөр нь ярилцахаар төлөвлөж байна.

Уг нь надад нэг эгч байдаг л даа. Гэвч манай эгч сургалтын төлбөртөө нэмэрлэнэ гээд ресторанд ажил хийдэг болохоор гэртээ орой 11 цаг өнгөрч ирдэг. Бас л надтай ярилцах завгүй. Амарсан өдрөө гадуур гараад эсвэл утсаа оролдоод намайг тоодоггүй. Тийм болохоор надад ярилцаж зөвлөгөө авах том хүн хэрэг болдог. 

Бас нэг асуудал гэвэл манай хамаатнууд надад нэг л дургүй юм шиг санагддаг. Хүүхэд харуулах, ямар нэгэн зүйлд зарах, юм хийлгэх гээд миний хэрэг гарсан үед л надтай эелдэг харьцдаг. Бусад үед бол надад ерөөсөө ч тусалж зөвлөгөө өгч ярилцдаггүй. Бүр тоодог ч үгүй... Бас манай эгч бусад айлын хүүхдүүдэд үнэхээр сайн ханддаг ч намайг өөр хүүхдүүдтэй харьцуулж өөртөө итгэх итгэлийг минь үгүй хийдэг. Мөн л манай хамаатнуудын адил ямар нэг зүйл гуйх болохоороо "аниагийн дүү, миний ганц хөөрхөн дүү" гээд байдаг нь надад муухай санагддаг ч нэгэнт л миний эгч юм чинь гээд юмыг нь яах ч аргагүй хийгээд өгчихдөг. Энэ мэт асуудал үнэхээр их тулгардаг.

Энэ их зүйлсийг хэсэг хугацаанд ч болов мартаж амаръя гээд BTS хамтлагийг сонсдог болсон. Тэд бол үнэхээр тууштай, хөдөлмөрч, эелдэг, ухаалаг хүмүүс. Энэ хамтлагийг хүмүүс "ижил хүйстэн" гэж их доромжилдог ч надад огт хамаагүй ээ. Нэгэнт л ижил хүйстэн биш гэдгийг нь би сайн мэдэх л юм чинь. Хүмүүс тэгж хэллээ гээд ижил хүйстэн болох биш. BTS бол надад өөртөө итгэх итгэл өгч намайг аз жаргалтай болгодог ганц зүйл минь.

ЗӨВЛӨГӨӨ: Энэ нь ямар нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Олон асуудал тулгарсан үед тэмдэглэл бичиж байгаарай. Асуудлуудаа бодож суухаас илүүтэй бодитойгоор харах нь бодит байдлыг үнэлэхэд үр дүнтэй байдаг. Одоо тулгараад байгаа асуудлуудаа доош нь цувуулж бичээд өөрийн зүгээс юу хийх боломжтой талаараа бодоод бичээрэй.

Одоо байгаа нас чинь би хэн бэ гэсэн оршихуйн асуултад анхаарч эхэлдэг амаргүй бөгөөд сонирхолтой нас. Энэ үед бодож суух гэхээсээ илүүтэй үйлдэл хийж эхлэх нь чухал. Үйлдэл хийснээр одоо мэдрэгдэж байгаа ойлгомжгүй түгшүүр алга болно. Үйлдэл хийнэ гэдэг нь тогтмол хуваарь гаргахыг хэлж байгаа юм. Жишээ нь гадаад хэлээ сайжруулмаар байвал өдөрт 30 минутыг гадаад хэл дээрх өгүүллэг унших эсвэл мэргэжлийн талаарх мэдээ мэдээллийг уншихаар цагийн хуваарь гаргаарай. Цаг төлөвлөлтөө өөрийн амьдралын онцлогт тааруулж гаргаарай.

Хамаатан садандаа гомдоно гэдэг нь ямар нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой. Тэднээс зөвлөгөө, дэмжлэг хүсэж байна гэдгээ илэрхийлж байсан уу? Магадгүй хамаатнууд чинь чамайг хариуцлагатай нэгэн болохоор үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа болов уу? Тэд чамаас тусламж авч байгаатай адил хүсэлт, шаардлага тавих сонголт өөрт чинь байгаа юм шүү.

Өөрийн бодлыг эвтэйхнээр илэрхийлж байгаарай. Бодол мэдрэмжээ илэрхийлээгүй атлаа дотроо бодож суух нь өөрийгөө л зовоож байна гэсэн үг. Аливаа зүйлийг сурахын тулд тууштай байдал болон тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Болохгүй байна гэж битгий шантраарай. Харин түр амарч болно шүү. Өөртөө амралт олгож байгаарай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Сарын тэмдэг маань сард хоёр удаа ирдэг боллоо. Энэ тухай интернэтээс хайхаар тодорхой мэдээлэл гарч ирэхгүй юм.

Сайн байна уу? Би 21 настай. Миний сарын тэмдэг өмнө нь ирэхдээ сард нэг удаа, хоёр хоногоор ирдэг байсан. Гэхдээ сүүлийн хоёр сарын хугацаанд сард хоёр удаа ирэх боллоо. Ирэхдээ 10 хоногийн зайтай. Яагаад гэдгийг нь мэдэхгүй байна. Эмчид үзүүлэх гэхээр коронавирусээс болоод эмнэлэг явж чадахгүй юм. Ээж ааваасаа асуухаар мэдэхгүй гэнэ. Интернэтээс ч хайгаад олсонгүй. Та бүхэн зөвлөгөө өгөөч. 

ЗӨВЛӨГӨӨ: Интернэтээс зөвлөгөө хайхаас илүүтэй мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Захиан дээрх асуудал нь сэтгэл зүйн асуудал гэхээсээ илүүтэй бие физиологийн асуудал байна. Уучлаарай, энэ үед мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Эмэгтэйчүүдийн талын эмч, эмнэлгийг судлаад цаг аваад үзүүлээрэй. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авснаар одоо үүссэн түгшүүр алга болно. Одоо үүссэн түгшүүр чинь бие физиологитой чинь шууд холбоотой тул мэргэжлийн бус хүмүүс, интернетээс зөвлөгөө хайх гэхээсээ илүүтэй мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь өөрийн чинь эрүүл мэндэд чухал юм шүү.

Нийгмийн цаг үеийн байдалд хэт санаа зовоод өөрийн биеийн эрүүл мэндийг битгий үл хайхраарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Хайртай гэдгээ хэлбэл надаас хөндийрөх вий гэхээс айж байна.

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Би сайн найздаа дурлачихсан юм шиг байна. Түүнтэй цуг байхад үүрд энэ хэвээрээ байх юмсан гэж боддог. Харин тусдаа байхдаа зөвхөн түүний тухай л боддог. Хайрын дуу сонсох бүрд тэр л бодогддог. Түүнийг бичих байх гээд wifi-аа унтраахаа, утасныхаа дууг хаахаа больсон. Утас дуугарах болгонд түүнийг юм бичсэн болов уу гээд утас руугаа яаран гүйдэг болсон.

Гэхдээ тэр тэгдэггүй. Зөвхөн хэрэгтэй үедээ л интернэтээ асаадаг. Утасныхаа дууг ч бас байнга хаачихдаг. Бид хоёр бараг өдөр болгон чаталдаг ч сүүлийн долоо хоног тэр над руу юу ч бичээгүй. Миний мессежийг ч уншихгүй байна. Тэр боломжгүй байгаа байх л даа. Гэхдээ л надад үнэхээр хэцүү санагдаж байна. Би өдөржин хуучин мессежүүдээ уншаад, тэрний зургийг харахаараа уйлдаг болчихлоо. Өөрийгөө яагаад ингэж хачин аашлаад байгаагаа ч ойлгохоо болилоо. Би уг нь хэзээ ч ийм зан гаргаж байгаагүй. Бас бүр жаахан хүүхэд байхаасаа хойш уйлаагүй. 

Бас би түүнд хайртай болсноо мэдсэнээс хойш нэг л дарамтад орчихлоо. Би ер нь л өөр найзтай байж үзээгүй. Жоохон гадуурхагддаг байсан гэх үү дээ. Гурван жилийн өмнөөс тэр надтай найзалж эхэлсэн. Тэр миний цорын ганц найз. Тэрэнд хайртай гэдгээ хэлбэл тэр надаас хөндийрөх болов уу гэхээс үнэхээр их айж байна. Бас түүнийг надад сайн уу эсвэл зүгээр л найзын хувиар сайн уу гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Тэр надтай их дотно байдаг. Надтай дандаа цуг байдаг. Яг л надад хайртай юм шиг байдаг. Гэхдээ анх найзалж эхэлж байхдаа ч ийм л байдаг байсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Бид хоёр ер нь бусад хүүхдүүдийг бодвол их дотно найзалдаг л даа. Бас тэр хэдэн сарын өмнө надад чамайг өөр хүмүүстэй юм ярихад чинь би их харддаг гэж хэлсэн. Би тэр үед түүнд дурласнаа мэдээгүй бас надад ч бас түүний өөр найзтайгаа ярих нь хэцүү санагддаг учраас "би ч бас" гээд л өнгөрсөн. Бас тэр надад саяхан нэг хүнд сайн гэдгээ хэлсэн болохоор их хэцүү санагдаж байна.

Хэрвээ тэр надад сайн байгаад бид хоёр үерхвэл яах бол гэж ч бодож үзсэн. Гэхдээ нэг өдөр бид хоёр салахаар болбол яах бол? Одоогийнх шигээ найзууд хэвээрээ үлдэж лав чадахгүй байх. Ер нь ийм эрт эхэлсэн харилцаа үүрд үргэлжилж чадахгүй л байх. Тэгээд бие биедээ дургүй болчихвол яах бол гэхээс маш их айж байна. Би үнэхээр түүнийг алдаж чадахгүй. Түүнтэй үүрд найзууд хэвээрээ үлдмээр байгаа ч мэдрэмжээ дотроо хадгалаад явах үнэхээр хэцүү санагдаж байна. Би яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэлээ илчлэх эсэх нь чиний сонголт. Гагцхүү ямар ч үр дүн хүлээж авч чадна гэсэн үедээ сонголт хийгээрэй.

Сайн байна уу?Захидал илгээсэнд баярлалаа.

Удаан хугацаанд хамтдаа байж бие биендээ тусалж ирсэн нь нөгөө хүндээ татагдахад хүргэсэн байж болно. Гэхдээ хайр сэтгэлийн тал дээр яг тодорхой зөвлөгөө өгөх нь учир дутагдалтай. Амьдралд юу болохыг тааж мэдэх боломжгүй байдаг. Хайр сэтгэл ч мөн адил. Тийм болохоор өөрийн зүгээс хийж чадах зүйл дээрээ ач холбогдол өгөхөд л болно. Үүнээс гадна ирээдүйд болж болох зүйлсэд санаагаа хэт их зовоох хэрэггүй ээ. Тэр үед байдал өөр байж болох бөгөөд асуудал гарсан ч тэр үед нь шийдэхэд л болно.

Өөрийн бодол мэдрэмжээ хадгалж байнга нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлснээр эргэн тойронд болж байгаа олон сайхан зүйлсийг анзааралгүй өнгөрөөж магадгүй юм. Тиймээс доорх аргуудыг хэрэгжүүлж үзэхийг санал болгож байна.

- Хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөх;

- Өөрийн хобби эсвэл хийж болох хөгжилтэй зүйлсэд илүү их цаг хугацаа, энерги зарцуулах;

- Сэтгэл санааг сайжруулах, эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх;

 -Өөрийн мэдрэмж , бодлоо тэмдэглэл дээрээ өдөр тутамдаа бичиж хэвших. Энэ нь чамайг тайвшрахад, бодол мэдрэмжээ ойлгож цэгцлэхэд тусална.

Сүүлд нь хэлэхэд сэтгэлээ илчлэх эсэх нь чиний сонголт. Гагцхүү ямар ч үр дүн хүлээж авч чадна гэсэн үедээ сонголт хийгээрэй. Хэрэв илэрхийлэхээр шийдвэл ямар ч хариу сонссон бай тэр хүний гаргасан шийдвэрийг нь хүндлээрэй. Сайн найз нь учраас чамд санаа тавьдаг, ойлгодог гэдэгт итгэж өөртөө хэт их ачаалал үүсгэхгүй байхыг хичээгээрэй. Дээр бичсэнчлэн өөрийн хийж чадах зүйлээ л хийхэд болно. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Б. Доржнамбар


АСУУДАЛ: Аавынхаа өөдөөс үг хэлэх болгондоо зодуулдаг

Сайн байна уу? Би 20 настай, эмэгтэй. Ам бүл 5. Аав, ээжтэй минь 20 жилийн турш хэрэлдэж муудалцаж байна. Энэ бүхэн нь дандаа ааваас болж эхэлдэг. Тэр үргэлж уурлаж, шалтгаангүй загнаж зандарч аргаа бараад зоддог. Бага байхад хэрэлддэг байсан ч одоо бүр хэцүү болсон. Долоо эсвэл 14 хоног болгон хэрэлдэж эд хогшлоо сүйтгэж, ээжид гар хүрдэг.

Бага байхдаа "ааваа, битгий л дээ" гэдэг байсан бол том болох тусам залхаж, өөдөөс нь үг хэлэхээр сандлаа хугартал нуруу руу минь цохисон. Тэр үед би 17-той, ээж маань бие давхар байсан. Тэгээд дүү гарсны дараа арай гайгүй болох байх гэж бодтол ээжийг улам л буруутгаж хэрэлдэнэ. Хэрэлдэх болгондоо гар хүрч ээжийг "гэрээс зайл" гэдэг. Аав хэрэггүй сэдэв болгоныг дэвэргэнэ.

Энэ жилийн цагаан сарын шинийн нэгний өглөө ээж эгч хоёр өглөөний 6 цагт босож ширээгээ засаад дууссан байхад аав их уцаартай сэрчхээд "гутал гаргахгүй яасан юм" гэж хэлэхэд ээж "өчигдөр хэлэхгүй дээ" гэсэн чинь уурлаж хэрэлдээд ширээн дээр байсан бүх юмыг нурааж бид бүгд рүү шидэж, үстсэн. /үнэхээр аймаар/ Энэ явдлаас хойш тасралтгүй хэрэлдэж зодолдож байна. Би өөдөөс нь үг хэлэх болгондоо зодуулдаг. Аргаа барсандаа хөрш айл руугаа уйлж айж очсон. Ороод үнэн учраа хэлж цагдаа дуудахыг хүссэн ч аав өөрөө дэд хурандаа болохоор үнэхээр биеэ тоосон, хүнийг үг авахааргүй зантай байсан учир дуудаагүй.

Хэрүүл болсны дараа хэд хоног бид дөрөв жижиг өрөөндөө чимээгүй байдаг байсан. Өөр очих газар, залгах хүнгүй учир дандаа тэгдэг байлаа. Аав тэгээд гэнэт ээжтэй юм яриад эхлэхээр нь эвлэрчээ гэж бодохоор дахиад л хэрүүл эхэлдэг. Би найзуудтайгаа санаа амар уулзаж, зүгээр сайхан инээж чаддаггүй. Жоохон юм болохоор л шууд уйлчихдаг болсон. Намайг аав “найзгүй, гэрийн мануухай шиг хэрүүл сонсоод суудаг, арчаагүй....” гэж янз бүрээр хэлэхээр өөртөө итгэх итгэл, амьдрах хүсэлгүй болдог.

Би аавд үнэхээр дургүй. Миний ээж, дүүг үргэлж зовоодог. Хэрүүл хийж буй сэдвүүд нь үнэхээр жигшмээр, инээдтэй. Хүнд гар хүрч, хүнийг муу хорон үгээр хэлж байж бах тав нь ханадаг тийм л зэвүүн хүн. Энэ хүнээс салж ээж, эгч, дүү бид дөрөв хамтдаа амьдармаар байгаа ч очих газаргүй. Бас сургалтын төлбөрийг минь энэ хүн төлдөг учраас л амьдарч байна. Ээжийг минь алхам тутам хорон үгээр хэлж, өдөр бүр тасралтгүй залгаж, дээрэлхэж, хэдэн жилийн өмнөх зүйлсийг ярьж хэрүүл хийж, хэлэх хэлэхгүй жигшмээр үгээр байнга хэлэхэд нь тэсэхийн аргагүй уурлаж, бүр алмаар санагддаг. Надад хэлэхийн аргагүй хэцүү байдаг ч ээжид минь хэдэн мянга дахин хэцүү байгаа байх. Ийм хүн үхдэггүй нь үнэхээр харамсалтай юм. Би зүгээр л санаа амар тайван, амар амгаланг мэдэрч, юунд ч санаа зовохгүй амьдармаар байна.

ЗӨВЛӨГӨӨ: Аав ээжүүд хоорондоо таарамжгүй байгаад хүүхдүүд буруугүй

Сайн уу? Бидэнд итгэж захидал илгээсэнд баярлалаа. Чамд хүнд цаг үе тохиолдож байгааг төсөөлж байна. Аав нь чамд болон ээж, эгч, дүүтэй нь муухай харилцаж гар хүрч байгаад харамсалтай байна. Ийм үед ээжийгээ ойлгож эгч, дүү нараа хайрлаж байгаа нь чамайг ямар сайхан сэтгэлтэй вэ гэдгийг харуулж байна. Тэднийг урмын үгээр усалж, хүчтэй байхыг хэлж мэдрүүлнэ гэдэг чиний зүгээс хийж байгаа хамгийн том зүйл юм шүү. Тиймээс ээж эгчтэйгээ аль болох ярилцахыг хичээгээрэй. Ээжийнхээ сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хуваалцах нь, түүнийг нөхцөлгүйгээр сонсох нь түүнд тусалж байгаагийн нэг хэлбэр юм шүү. Мөн өөрийнхөө ч гэсэн юу мэдэрч байгааг ярьж хуваалцаж байгаарай. Хэцүү байгаа мэдрэмжээ бусадтай хуваалцах нь бидэнд тайвшрал, хамгаалагдсан мэдрэмж өгч байдаг.

Мөн аав ээжүүд хоорондоо таарамжгүй, асуудалтай байгаад хүүхдүүд буруутай байдаггүйг санаарай. Хүүхдүүд аав ээж нь таарамжгүй байгаад өөрийгөө буруутай мэтээр, "би чадах бүхнээ хийсэн бол энэ гэр бүл сайхан байх байж" гэсэн буруу ойлголттой явдаг. Тиймээс чамд ч бас ийм төрлийн бодол орж ирвэл өөрийгөө битгий буруутгаарай. Чамд буруу байхгүй гэдгийг хэлье. Чи одоо том болж байгаа айлын сайн охин. Цаашлаад сургуулиа төгсөөд ажил дээр гарч өөрийнхөө хүссэнээр амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байгаарай.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А. Норовбадам


АСУУДАЛ: Анхны сэтгэгдлийг хэрхэн гоёор төрүүлэх вэ? 

Сайн байна уу? Би 14 настай, эмэгтэй. Анх уулзсан хүнтэйгээ юм ярьж чаддаггүй. Заримдаа бүр өөдөөс нь харж байгаад хөмсгөө зангиддаг. Тэрнээс болж анх уулзсан хүмүүс маань намайг муухай ааштай, их зантай гэж боддог. Ерөнхийдөө бол их ичимхий хүүхэд учир хүмүүстэй нээх их юм ярьдаггүй. Гэр бүл найз нөхдөдөө л нээлттэй. Гэхдээ бага зэрэг л. Гэтэл аав ээж маань намайг гадаадад сургана гээд байдаг. Энэ ичимхий зангаа яах вэ? Бас бусдад анхны сэтгэгдлийг яаж сайхнаар төрүүлэх вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өнөөдрөөс эхлэн 50 өдрийн турш анх удаа уулзсан хүнтэйгээ түрүүлж мэндлэх дасгал хийгээрэй.

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд хүн бүхэн өөрийн гэсэн онцлогтой байдаг. Чиний хувьд дотогшоо чиглэсэн бие хүний хэв шинж давамгайлсан бололтой. Бие хүний онцлогт муу сайн, муухай сайхан гэж байдаггүй. Өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Дотогшоогоо чиглэсэн бие хүн нарийн мэдрэмжтэй, бусдыг сайн сонсдог гээд олон давуу талтай. Эхлээд өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй. Үүний дараа өөрийнхөө сайжруулах талаа анхаараарай. Харилцааны ур чадварыг сайжруулж болдог.

Өөрийгөө хэт ичимхий байна гэж тодорхойлж байгаа нь чамд нөлөөлж байж магадгүй юм. Ичимхий байдал нээлттэй болж өөрчлөгдөх боломжтой. Өөрөөр хэлбэл аливаа үйлдлийг 50 удаа хийхэд 51 дэх удаагаас автоматаар хийж эхэлдэг буюу аль хэдийн хэвшмэл болсон байдаг. Тиймээс өнөөдрөөс эхэлж 50 өдрийн турш анх удаа уулзсан хүнтэйгээ түрүүлж мэндлэх дасгал хийгээд үзээрэй. Хамгийн гол нь дээрх зүйлсийг хийх, мөн өөрчлөлтийг мэдрэхэд тууштай байдал болоод цаг хугацаа шаардагдана гэдгийг санаарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А. Норовбадам


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter