ҮЗЭЭД ҮЗ: “Doom at Your Service”


Энэ жил TVN телевизийн хувьд кино, дэлгэцийн уран бүтээлийн хур буусан жил болж байна. Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Start Up”, “True Beauty”, “Vincenzo”, “Navillera”, “Mouse” зэрэг цувралууд үүний тод жишээ билээ.

Бид энэ удаагийнхаа нийтлэлээр тус телевизийн шинэхэн бүтээл болох “Doom at Your Service” олон ангит киног санал болгож байна. Мэдээж энэ нийтлэлд ямар ч спойлер агуулаагүй шүү.

“DOOM AT YOUR SERVICE” ГЭЖ ЮУ ВЭ?

Нийт 16 ангитай уг цуврал энэ сарын 10-нд үзэгчдийн хүртээл болсон юм. Уран зөгнөл, хайр дурлалын төрлөөр хийгдсэн энэхүү бүтээлийн зохиолчоор “The Beauty Inside” (2018) киноны Im Meari, найруулагчаар “Search: WWW” (2019) цувралын Kwon Young Il нар ажиллажээ.

Одоогоор нэг ангийнх нь үзэлтийн хувь орон даяар 4.4 хувийн үзүүлэлттэй байна.

ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

“Doom at Your Service” цувралын үйл явдал хорт хавдрын улмаас амьдрах насгүй болсон нэгэн эмэгтэй хорвоо ертөнцийн харанхуй болоод гэрлийн дунд орших Сүйрэл гэх залуутай 100 өдрийн гэрээ байгуулснаар өрнөнө. Сонирхолтой зохиол, чадварлаг жүжигчдээр багаа бүрдүүлсэн шинэ киногоо та яг одоо эхлүүлээрэй.

Үргэлжлүүлэн уг цувралын тухай долоон сонирхолтой баримтыг хүргэж байна.

1. ГОЛ ДҮРҮҮДИЙН СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ХАРИЛЦАА

Энэхүү цувралыг үзэх шалтгаануудын нэг бол гол дүрийн жүжигчдийн гайхалтай зохицол юм. Тэдний ур чадвар, дүр төрхийн хоршлын тухай найруулагч Kwon Young Il хэлэхдээ “Seo In Guk-ийн хүйтэн хөндий харизм, Park Bo Young-ы гэрэл цацруулсан инээмсэглэлийн хослолоос өөр юу ч энэ цувралыг амилуулж чадахгүй. Тэр хоёрын сэтгэл хөдөлгөм харилцаа зураг авалтын үеэр ч арын албаны ажилчдыг догдлуулж чаддаг байсан. Үзэгчид үүнийг мэдрэх хэрэгтэй” хэмээсэн юм.

2. ЭРГЭН ИРЖ БУЙ ЖҮЖИГЧИН SEO IN GUK

Жүжигчин Seo In Guk нь 2018 онд үзэгчдийн хүртээл болсон “The Smile Has Left Your Eyes” цувралаас хойш кинонд дүр бүтээгээгүй бөгөөд “Doom at Your Service” цувралаар эргэн ирж байна. Тэрээр энэ тухайгаа “Зохиолоо уншиж байхад дүрийнхээ сэтгэл татам чанарт татагдахын зэрэгцээ цаашид гол дүрүүдийн харилцаанд юу тохиолдох бол гэдгийг маш их сонирхсон. Өөрөөр хэлбэл, анх удаа хүнээс хайр мэдэрч буй тэр залуугийн дүрийг заавал бүтээхийг хүссэн” хэмээн ярьжээ.

Сонирхолтой баримтаас дурдахад тэрээр дүрдээ зориулан үсний өнгөө долоо хоногт 1-2 удаа сэргээж буддаг байсан бөгөөд одоо үсэндээ ихэд санаа зовж буй тухайгаа “tvNterview” нэвтрүүлгийн үеэр хэлсэн юм.

3. НЭГ ЦУВРАЛД ХОЁР ХАЙРЫН ТҮҮХ

Бидний мэдэхээр Өмнөд Солонгосын цувралуудад гол дүрийн эмэгтэйд дурласан хоёр залуугийн тухай түүх ихэвчлэн гардаг шүү дээ. Тэгвэл энэхүү киноны хувьд гол дүрийн хосоос гадна өөр нэгэн хайрын гурвалжингийн тухай түүх гарах аж. Уншигч та нэг цувралаас хоёр хайрын түүхийг үзмээр байвал “Doom at Your Service” киногоо эхлүүлээрэй.

4. ЖҮЖИГЧИН PARK BO YOUNG

Жүжигчин Park Bo Young нь Өмнөд Солонгосын хамгийн өндөр үнэлгээтэй эмэгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг. Тэрээр энэхүү кинонд бүтээж буй дүрийнхээ тухай:

- “Dong Kyung олон талаараа надтай төстэй. Энэ дүрийг бүтээхэд хүндрэлтэй байсан зүйл гэвэл тэр завгүй амьдралаасаа болоод жинхэнээсээ амьдарч чадаагүй эмэгтэй. Өөрөөр хэлбэл, хүсэл мөрөөдлөө олоогүй, хайр дурлалтай ч учирч үзээгүй тийм л бүсгүй. Тиймээс энэ дүрийг бүтээх бага зэрэг хүндрэлтэй байлаа. Манай цуврал таны амьдралын нэг өдөрт жаахан ч гэсэн догдлол, хөөр баярыг бэлэглэх байх гэж найдаж байна” хэмээн хэлсэн юм.

Тэрээр уран зөгнөлт, хайр дурлалын төрлөөр хийгдсэн олон цувралд дүр бүтээсэн туршлагатай. Тухайлбал, “A Werewolf Boy” (2012), “Oh My Ghost” (2015), “Strong Woman Do Bong Soon” (2017), “Abyss” (2019) зэрэг бүтээлүүд байна.

5. ГУРВАН УДААГИЙН ХАМТРАЛ

Энэ цувралын бас нэгэн чимэг бол загвар өмсөгч, жүжигчин Lee Soo Hyuk бөгөөд түүний нүдний харц, хоолойн өнгө зэрэг нь үзэгч таныг өөртөө татах болно. Тэрээр тус бүтээлээрээ жүжигчин Seo In Guk-тэй гурав дахь удаагаа хамтран ажиллаж байгаа аж. Энэ тухай Lee Soo Hyuk “Бидний анхны хамтрал 7 жилийн өмнө “High School King of Savvy” цувралаас эхэлж байсан. Түүнтэй анх удаа уулзсан өдрөөс хойш түүнээс жүжигчний хувьд их зүйл сурч, мэдэж яваа” хэмээн ярьжээ.

Тэд энэ сарын 26-нд үзэгчдийн хүртээл болох “Pipeline” кинонд мөн хамтран ажилласан юм.

6. “ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР ХАМТРАН АЖИЛЛАХАА МЭДЭЖ БАЙСАН”

Гол дүрийн жүжигчид болох Park Bo Young болон Seo In Guk нар бие биенийхээ тухай ийнхүү ярьжээ.

Park Bo Young: Анх гол дүрийн эрэгтэйд Seo In Guk-ийг тоглох болсныг сонсоод эцэст нь нэг хамтран ажиллах өдөр ирлээ дээ гэж бодож байсан. Түүнтэй хамтрах болсондоо маш их баяртай байна.

Seo In Guk: Би түүний тоглож байсан “Abyss” (2019) цувралд зочин жүжигчнээр оролцож, анх танилцаж байлаа. Тэр үеэс л Park Bo Young-тай хамтран ажиллах өдөр тун удахгүй ирнэ гэдгийг мэдэж байсан гэж хэлж болно. Анх уулзсан өдрөөсөө л түүний жүжиглэх чадварыг биширч, түүнээс их зүйл суралцаж байна.

7. КИНОНЫ ДУУГ ДУУЛАХ УРАН БҮТЭЭЛЧИД

Өмнөд Солонгосын олон ангит киноны хамгийн чухал хэсгийн нэг бол дуу билээ. Тэгвэл тус бүтээлийн дуунуудыг Exo хамтлагийн Baekhyun, дуучин Gummy, Ailee, Davichi, TXT хамтлаг дуулахаар болжээ.

Уншигч та уран зөгнөл, хайр дурлалын төрлийн цувралд дуртай бол “Doom at Your Service” киног эхлүүлээрэй. Ингээд нийтлэлийн төгсгөлд тус бүтээлийн танилцуулга бичлэгийг хүргэж байна. Та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: Soompi, Wikipedia

#Кино урлаг #Үзээд үз #Doom at Your Service