Б. Анхилмаа: Эмэгтэй хүн гоёл чимэглэл, үзүүлэнгийн хүүхэлдэй БИШ


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-04-14

“Алим модноосоо хол унадаггүй” гэгчээр зохиолч бүсгүйн охин ч мөн бичиж найруулах чадвартайн тод жишээ зохиолч Шүүдэрцэцэгийн охин Анхилмаа ажээ. Түүний орчуулсан Виржиана Вульфийн "Гүн ахайтан ба Инжаан" ном нь саяхан шилдэг борлуулалттай номын нэгээр шалгарсан. Ингээд түүнтэй танилцацгаая.


YOLOАнглийн богино өгүүллэгийн мастер Виржиниа Вульфийн өгүүллэгийн түүвэр “Гүн ахайтан ба Инжаан” номыг орчуулж өлгийдөн авсанд нь баяр хүргэе. Өөрийгөө уншигчдад маань танилцуулахгүй юу? 

- Баярлалаа. Намайг Болдхуягийн Анхилмаа гэдэг. Орхон Хасү сургуулийн сурагч. 17 настай. Хоёр эгчтэй, айлын бага охин. 

YOLOЭнэ зохиол өөрийн тань хэвлүүлэн гаргасан анхны ном уу? Гадаад хэлний мэдлэгтэй хүүхэд залуучууд ном орчуулахаас гадна өөрийн хэл сурсан арга барилаа ном болгон хэвлүүлэх нь түгээмэл ажиглагддаг. Танд ийм бодол байдаг уу? 

- Тийм ээ, анхны орчуулсан ном. Хэл сурах арга барилаа ном болгон гаргана гэж бодож байгаагүй юм байна. Миний хувьд гадаад хэлийг хүсэл эрмэлзэлтэй л байвал “чанартай” сурч чадна гэж боддог.


YOLOЯагаад Виржиниа Вульфийг сонгосон бэ? “Өөрийн гэсэн өрөө” бүтээлийг нь уншихад феминист үзэл санаа нь их таалагдсан. Магадгүй энэ хандлагад нь татагдсан уу, эсвэл зохиолчийн намтар түүх нь сонирхолтой байв уу? 

- Вульфийн намтар түүх их сонирхолтой. Гэхдээ анх үзэл санаанд нь илүү татагдаж зохиолуудад нь дурласан. 1900-аад он буюу эмэгтэйчүүд ажил хийх нь бүү хэл гэрээсээ ч гардаггүй байсан үед тэрээр феминист үзэлтэй, философич, зохиолч нэгэн байсан гэдэг нь гайхалтай. Тэгэхэд өнөө үед зарим монгол эмэгтэйчүүд өөрийнхөө эрхийг хамгаалахаас “татгалзаж, няцаагаад” байдаг нь харамсалтай.

Аделина Виржиниа Вульф нь Английн уран зохиолын ертөнцийн томоохон төлөөлөгч, өвөрмөц уран бүтээлч юм. Зохиолууд нь 50 гаруй хэл дээр хэвлэгдсэн ба Лондонгийн их сургуульд түүнд зориулж барьсан байшин хүртэл байдаг юм билээ. 

YOLOЗохиолчийг сонгосон шалтгаан нь ийм байж. Харин зохиолчийн олон бүтээл дундаас яагаад үүнийг сонгосон бэ?

- Үнэнийг хэлэхэд би Виржиниа Вульфийн бүтээлүүдээс “Өөрийн гэсэн өрөө”-нөөс гадна ганц л ном уншсан. Тэгэхээр сонгох хэрэг байгаагүй гэх үү дээ.


YOLOТа хэр феминист үзэлтэй хүн бэ? Энэ үзлийг хэрхэн ойлгодог вэ?

- Азаар ээж, аав хоёр маань феминист үзэлтэй хүмүүс байсан учраас би багаасаа л феминист болчихсон. Хэрвээ би эртнээс энэ үзэл санааг ойлгоогүй бол бага, дунд ангид “Охин хүүхэд байж...” гэж ирээд л хэнд ч хэрэггүй сургаал айлддаг багш нарынхаа нөлөөнд орчихсон явж байж магадгүй л юм.

Би феминизмийг хамгийн энгийн талаас нь хүлээн авдаг. Энэ нь эмэгтэйчүүдийг эрэгтэй хүний адил “хүн” гэж авч үзэх. Эмэгтэй хүн гоёл чимэглэл, эсвэл үзүүлэнгийн хүүхэлдэй биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүмүүст таалагдах гэж, сайн “ээж” болохын төлөө амьдарч, эсвэл нөхрийнхөө ард, далбаанд нь намирч үлдэх албагүй. Ганц олдох амьдралаа өөр хүний төлөө золиослохыг нийгэм эмэгтэйчүүдээс шаардахаа болих хэрэгтэй. 

YOLOТаны бодлоор эмэгтэй хүн гэж хэн бэ? Ер нь өсвөр насны эмэгтэй хүн байх ямар байдаг вэ? Эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил гэж их ярьдаг. Орчуулсан номын тань зохиолч ч уг асуудлаар их дуугардаг шүү дээ.

- Эмэгтэй хүн хэн ч байж болно. Хууль дүрэм зөрчөөгүй л бол эмэгтэй хүн хүссэн зүйлээ хийх эрхтэй. Иймээс эмэгтэй хүн ямар ч байх албагүй. Эмэгтэй хүнд зөвхөн бүх хүнд байдаг энгийн үүрэг, дүрмүүд л нөлөөлөхөөс биш багаас нь эхлээд өтлөх хүртэл нь “Охин хүүхэд байж”, “Ирээдүйд ээж болох байж”, “Эхнэр хүн байж”, “Эх хүн байж” гэх мэтчилэн зааж сургадаг нь үнэхээр утгагүй. Бүр танихгүй хүмүүс хүртэл “Ээж болох байж” гэхийг нь яана! Хүний хувийн амьдрал тэр хүмүүст тийм сонирхолтой санагддаг юм байх даа.

Эмэгтэй хүн хийж чадаж л байгаа бол юуг ч хийж болно шүү дээ. Яг хийж бүтээгээд явж буй эмэгтэйг нэг бол цөөн тооны атаархсан эрчүүд эсвэл харанхуй үзэлтэй эмэгтэйчүүд л бөөн бөөнөөрөө шүүмжилдэг.


YOLOОрчуулсан өгүүллэгүүдээсээ хамгийн чухал ухаарч ойлгосон зүйл юу байсан бэ?

- Энэ номын нэр нь англиар “Selected Short Stories” /Сонгомол богино өгүүллэгүүд/ юм. Энэ номоос хамгийн сэтгэлд хүрсэн өгүүллэг нь “Нийгэмлэг” байсан. Залуу эмэгтэйчүүд нийлээд эрчүүдийн нийгэмд “хүч үзэж”, өөрсдийн үүргийг тодорхойлох зорилгоор нийгэмлэг үүсгэж буй талаар гардаг. Чадвал би ч гэсэн ийм нийгэмлэгтэй болмоор байна. 

YOLOНомоо орчуулж бичихдээ ямар ажлын арга барил ашигласан бэ? Их суудаг, боддог ажил шүү дээ.

- Энэ миний анхны орчуулга байсан болохоор үнэхээр замбараагүй, ажлын арга барил гээд байх юм бараг байгаагүй. Орчуулж байхдаа өгүүллэгүүдээ хуваарилаад хугацаа тогтоосон нь шантарч хойш суухгүй байхад тусалсан. Бусдаар бол нойргүй сууж, хэдэн цаг компьютер “нүдсэний” эцэст бэлэн болсон ном доо.

YOLOНом орчуулна гэдэг тухайн орны хэлийг сайн мэдэхээс гадна монгол хэлний яруу тансаг хэрэглүүрүүдийг мэдэж, оновчтой үгээр орчуулж Монголын хөрсөн дээр буулгахаас эхлээд их чадвар шаардана. Зохиолч ээжийн ур чадвар уламжлагдан ирсэн байх. Ээж нь ном орчуулах шийдвэр гаргахад нөлөөлсөн болов уу?

- Хэрвээ ээж Москвагаас тэр номыг сонгож авчраагүй бол одоо энэ ном Монголоор орчуулагдахгүй байсан. Орчуулах гэж жинхэнэ “үйлээ үзсэн” дээ. Дундаас нь больчихдог ч юм уу гэж их бодсон. Англиар нь уншаад ойлгосон хэрнээ монгол хэлээр буулгах гэхээр толгой гашилчихна. Арай гэж нэг өгүүллэг орчуулж дууссаны дараа ахиад ээжтэй хамт сууж найруулгыг нь засдаг байсан. 


YOLOХэн нэгэн алдартай хүний хүүхэд байх үед “түүний охин/хүү” гэж цоллогдох гайхалтай боломж олдохын сацуу үүрэг хариуцлага улам нэмэгдэж буй мэт. “Шүүдэрцэцэгийн охин юм чинь бичнэ гэж уяраах байлгүй”, “Шүүдэрцэцэгийн охин ном орчуулжээ” зэргээр үргэлж ээжийн тань алдар өөрийнхтэй чинь хамт дуудагдаж байна. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

- Гайхалтай боломж шүү дээ. Би номоо хэвлүүлсний дараа маркетингт нь бараг оролцоогүй. Ээж бүх цахим хуудаснууддаа нийтлэл оруулж, богино хугацаанд олон хүнд хүргэсний үр дүнд ном маань шилдэг борлуулалттай номын жагсаалтын 10-р байранд орсон. Гэхдээ “Зохиолчийн охин тулдаа л...” зэргээр мэр сэр дутуу үнэлсэн шүүмжлэлүүд ирдэг юм байна лээ. 

YOLOНэгэнт л энэ ярилцлагад зохиолч Шүүдэрцэцэг биш Анхилмаа оролцож байгаа учраас Анхилмааг илүүтэй таньж мэдмээр, туршлагыг нь сонсмоор байна. Ном орчуулахад хүндрэлтэй зүйл юу байсан бэ? 

- Гацаанд орох үе их байсан. Шинэ ном санаанаасаа зохиож бичиж байгаа биш дээ гээд “дайраад” орох гэсэн ч урагшилж чадахгүй, нэг өгүүлбэр дээр хоёроос гурван цаг суух үе олон. Ном орчуулах байтугай зүгээр гэрийн даалгавраа хийе гэсэн ч урам зориг, энерги байхгүй, өдөржин утсаа “ухаад” хэвтчихмээр өдрүүд байдаг даа. Тийм өдрүүд олон байсан.

Энэ үед “Цойлогсод” гээд ном их урам өгч билээ. Амжилттай байхын тулд ямар нэгэн зүйлээс урам зориг авахыг хүлээж, түүнд баригдаж болохгүй. Өөрөө өөрийгөө хурцалж, өдөрт хийнэ гэж төлөвлөсөн зүйлээ заавал дуусгах хэрэгтэй гэсэн санааг энэ номоос олж авсан. 


YOLOДараагийн ном хэзээ гарах бол? Төлөвлөсөн зүйл байна уу?

- Төлөвлөсөн зүйл одоохондоо байхгүй. Ахиад ном гаргах үгүйгээ ч мэдэхгүй байна.

YOLOОдоо 17 настай гэсэн. Цаашдын зорилго юу байна вэ? Мэргэжлээ сонгосон уу?

- Улс төр судлалаар сурна. Сурч байх хугацаандаа бодлоо өөрчлөхгүй л бол их сургуулиа төгсөөд Монголдоо ирж, мэргэжлээрээ ажиллах төлөвлөгөөтэй. Улс төр их сонирхолтой сэдэв. Гэхдээ ажиллахад хамгийн “бохир” салбар байх. Хүмүүс бүгд л гишүүдээ муулж, завсар л гарвал Монголын төр засаг муу байна гэлцдэг болохоор энэ нийгэмд сэтгэл ханамжтай амьдарч байгаа хүн байхгүй болов уу. Надад ч бухимддаг зөндөө зүйл байдаг учраас би өөрчлөхийг хүсдэг.

Угаасаа надад нийгмийг “өөрчлөх гэж оролдох” эсвэл “зугтаагаад өөр улсад амьдрах” гэсэн хоёр л сонголт байсан юм. Мэдээж нийгмийг өөрчлөхгүй мөртлөө эндээс “зугтах”-гүйгээр амьдарч болох ч хэрэв тэгвэл бухимдсаар байгаад сэтгэл гутралд ороод, аймшигтай гунигтай амьдралаар амьдрах юм шиг санагдсан. Тэгээд л энэ мэргэжлийг сонгосон доо. 


YOLOНомынхоо хавтасны зургийг хүртэл өөрөө зурсан гэж сонссон. Бас зурах авьяастай байх нь. Хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ?

- Тийм ээ, хавтасны зургийг өөрөө зурсан. Гэхдээ хавтасны зураг сэтгэлд хүрэхүйц сайн болоогүй. Цаг бага байсан болохоор л тэр зургийг солиогүй юм. Бүр бага байхаасаа зурдаг байсан. Сайн санахгүй байгаа ч 1, 2 дугаар ангид байхдаа зураач С.Төгс-Оюун эгчийн урланд зураг зурахыг заалгаж байсан юм.

YOLOӨсвөр үеийнхэн болон залуучууд ном хэр уншиж байна вэ? Нийт уншигчдад “Гүн ахайтан ба Инжаан” номыг унших ёстой шалтгаан хэлэхгүй юу?

- Өсвөр үеийнхэн ном уншихаас илүү кино үздэг болчихсон. Зарим нь TikTok-ийн 15 секундийн бичлэг үзэж дассан учир кино ч урт, залхмаар санагдаж мэдэх юм. Юуны өмнө “Гүн ахайтан ба Инжаан” ном нь таны өмнө нь уншиж байсан номуудаас тэс өөр гэдгийг амлая. Өгүүллэгүүд нь бүгд философи утгатай, далд санаа агуулсан байдаг. Тэгээд ч англи хэлтний уран зохиолын ертөнцөд томоохон хувь нэмэр оруулсан зохиолч тул заавал унших ёстой зохиолчдын нэг юм. Англи хэлтний уран зохиолд Виржиниа Вульф том төлөөлөгч учраас энэ зохиолчийг мэдэхгүй, нэг ч зохиолыг нь уншаагүй бол англи хэл судалдаг, мэддэг гэхэд бас хэцүү л болох байх. 

YOLOЦаг гарган ярилцсанд баярлалаа.

#Ярилцлага #Залуус #Амжилт #Ном #Bestseller #Монгол алдартан