ЗАХИДАЛ: Гуравдугаар сарын захидлын хариу №1


ССҮТөв | YOLO.MN
2021-03-11

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Сэтгэлтэй болсон хүн маань Африк гаралтай хүн

Сайн байна уу? Би гадаадад сурдаг. Би нэг хүнд сэтгэлтэй болсон ч тэр хүн маань Африк гаралтай хүн байгаа юм. Уг нь муу зуршилгүй, хүмүүжилтэй. Сонирхол, хобби нь минийхтэй таардаг. Гэхдээ гэр бүлийнхэн маань мэдвэл яасан ч зөвшөөрөхгүй. Тиймээс сэтгэлээ эртхэн татах гэж хичээдэг юм билүү ч гэж бодлоо. Гэвч тэр надад үнэхээр их таалагддаг. Түүнтэй хамт байхдаа аз жаргалтай болдог. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хэн нэгэнд татагдах нь мэдрэмжийн асуудал

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Хайр сэтгэл бол зорилгогүй. Бид хэзээ, хаана, хэнд, тэр ч бүү хэл аль улсын хүнд сайн болохоо зорилготойгоор шийддэггүй. Хэн нэгэнд татагдах нь мэдрэмжийн асуудал буюу ухамсаргүйн түвшинд явагддаг зүйл юм. Үүнд буруу зүйл гэж байхгүй.

Мэргэжилтнүүд насны зөрүү хэт их биш, хоёр тал аль аль нь насанд хүрсэн, эрүүл хосын харилцааг бий болгож чадах бол хос хоёрын шийдвэр гэж үздэг. Гэр бүлийн нөлөө байх хэдий ч чи бол бие даасан бие хүн гэдгээ ойлгоорой. Мөн тэр хүн өөрийн чинь сэтгэлийг мэдэх үү? Болоогүй байгаа зүйлийг ургуулж бодоод өөрийгөө стрессдүүлээд байгаа юм биш биз?

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Тавгүй мэдрэмжээс болоод эргэн тойрныхноо гомдоогоод байна

Сайн байна уу? Би 15 настай. Сүүлийн үед сэтгэл тавгүйрхээд эргэн тойрныхондоо муухай хандаад, их хашхичих боллоо. Жоохон гуниглахаараа л шууд уйлж, эрэгтэй хүүхдүүдээс ичиж, аав ээж хоёрыг жоохон чанга дуугарахад л айж цочиж явдаг боллоо. Үүнээс болоод тавгүй мэдрэмж төрөөд, эргэн тойрныхноо гомдоогоод, байнга харамсах боллоо.

ЗӨВЛӨГӨӨ: Мэдрэмжээ хуваалцах нь сэтгэлзүйн тогтвортой байдлыг бий болгоно

Сайн уу? Төрж буй мэдрэмжийнхээ талаар хуваалцсанд баярлалаа. Өөрт хэцүү байгаагаа, гунигтай байгаагаа гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ? Сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй нууж, дарж байгаагаас болж жижиг асуудал үүсэхэд л тэрийг эмзэг хүлээн авч буй мэт санагдлаа. Бид эерэг сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ сайн байдаг ч сөрөг сэтгэл хөдлөлөө нуух гээд байх хандлага ажиглагддаг.

Чамд тулгарч байгаа асуудлыг илүү тодорхой болгохын тулд дараах асуултуудад өөрт төрж буй бодол мэдрэмжээрээ хариулаад дэлгэрэнгүй захидал илгээгээрэй.

- Юу чиний сэтгэл санааг тавгүй болгож байна вэ?
- Ямар шалтгааны улмаас эрэгтэй хүүхдүүдээс ичиж байна вэ?
- Эрэгтэй хүүхэдтэй холбоотой таагүй дурсамж байгаа юу?
- Өөрт төрж буй мэдрэмжийнхээ талаар ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж, хуваалцсан уу?

Өдөр тутмын амьдралд тохиолдож буй үйл явдлууд бидэнд янз бүрийн мэдрэмжүүдийг төрүүлж байдаг. Тэдгээр мэдрэмжүүдээ бусдад ярьж, хуваалцаж байх нь сэтгэл зүйн тайван, тогтвортой байдлыг бий болгодог. Түүнчлэн эргэн тойрных нь хүмүүс чамайг ойлгоход тусалдаг. Тиймээс чамд таагүй мэдрэмж төрж байвал ойр дотнын хүмүүстээ мэдрэмжээ ярьж хуваалцахыг хичээгээрэй. Ингэхдээ “би гомдсон” гэхээс илүү “энэ үйл явдал надад ингэж санагдсан буюу ийм мэдрэмж төрүүлсэн” гэж мэдрэмжээ хуваалцахыг хичээгээрэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Дүрслэхийн аргагүй сонин мэдрэмж төрдөг

Сайн байна уу? Би 17 настай. Би заримдаа хүнтэй ярьж чадахаа больчихдог. Хүссэн ч дотор маань маш сонин, хоосон мэдрэмж төрөөд ярьж чаддаггүй. Гэхдээ хүмүүс энэ байдлыг минь ойлгодоггүй болохоор олон ч найзаа энэ шалтгааны улмаас өөрөөсөө түлхсэн. Хачирхалтай нь энэ байдал маань дандаа шинэ хүнтэй танилцаад дотносож байхад илэрдэг. Надад үнэхээр дүрслэхийн аргагүй сонин мэдрэмж төрдөг. Айдас ч юм уу. Би яаж энэ мэдрэмжээсээ салах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Төрж буй мэдрэмж болгон тодорхой үйл явдлаас үүдэлтэй

Сайн уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Хэн нэгэн чиний дэргэд байж чамайг ойлгоосой, ямар мэдрэмж төрж байгааг сонсоосой гэж хүсэж байгаа юм шиг санагдлаа. Бидэнд төрж буй мэдрэмж болгон тодорхой үйл явдал, бодлоос үүдэлтэй байдаг. Тиймээс дараах асуултуудад хариулж өөрт төрж буй мэдрэмжийнхээ шалтгааныг олохыг хичээгээрэй.

- Хэзээнээс хойш чамд хоосон, тодорхойлоход хэцүү, айдас ч гэмээр мэдрэмж төрж эхэлсэн бэ?
- Тэр үед ямар үйл явдал болсон бэ?
- Мөн ямар үйл явдал эсвэл бодол төрөх үед хүнтэй ярьж чадахаа больчихдог вэ?
- Үүнээс өмнө найзуудтайгаа ярилцахад ямар байдаг байсан бэ?
- Мөн хэрвээ хүмүүстэй дотносвол юу болох вэ?
- Дотноссоны дараа юу болох вэ?
- Юу тохиолдохоос айж байна вэ? Эдгээр асуултад хариулж эргэцүүлээрэй.

Мөн найзууддаа өөрт төрж буй мэдрэмжийнхээ талаар хуваалцсан уу? Чамд үнэхээр ямар мэдрэмж төрж байгааг мэдэхгүй байгаа ч юм билүү? Найзууддаа өөрт төрж буй бодол мэдрэмжээ хуваалцсанаар найзууд чинь чиний яг одоогийн нөхцөл байдал болон чамд төрж буй мэдрэмжийг өмнөхөөсөө илүү сайн ойлгох боломжтой. Тиймээс өөрт төрж буй мэдрэмжийнхээ шалтгааныг олохыг хичээж найз нөхдөдөө өөрийнхөө бодол мэдрэмжээ хуваалцахыг хичээгээрэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Уйлж чаддаггүй болчихсон

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Хаалттай төрлийн хүн. Бас их ууртай. Манай гэр бүл их асуудалтай байдаг. Тэрнээсээ болоод байнга сэтгэл санааны дарамтад байдаг. Бусдын өмнө сэтгэл хөдлөл үзүүлэх дургүй учир хэцүү үед байнга нууцаар уйлдаг байсан. Өөрийгөө сатааруулахын тулд өдөржин галзуу хүн шиг хичээлээ хийдэг.

Гэвч 3-4 жилийн өмнөөс би ганцаараа байхдаа ч уйлж чаддаггүй болчихсон. Уйлаад жаахан тайвширчихдаг байсан ч чадахаа байсан болоод ч тэр үү маш хэцүү мэдрэмж төрдөг. Тэгэх тусмаа өөрийгөө бусдаас тусгаарлаад, улам түргэн ууртай болж, зүгээр юм асуусан хүнд хүртэл үнэхээр уур хүрдэг болчихсон. Хэт уурлахаар заримдаа зүрх өвддөг. Тэсэлгүй дотнын хүмүүс рүүгээ уурлачхаар дараа нь маш их гэмшдэг. Заримдаа бүх зүйл утгагүй мэт санагдаж цаашдаа амьдарч чадахгүй мэт мэдрэмж төрдөг. Карантинд орсноос хойш гэртээ хоригдож, огт тайвширч чадахгүй байна. Одоо яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Оролдлого хийж эхлэхэд өөрчлөлт гардаг

Сайн уу? Өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж захидал бичсэнд баярлалаа. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч захидал бичсэн нь сайн хэрэг. Гэр бүлээ их асуудалтай байдаг гэж захидалд бичсэн байна. Ямар асуудал танай гэр бүлд тулгараад байна вэ? Чамаас хамаарч байгаа болон хамаарахгүй байгаа асуудлыг ангилаарай.

- Чиний зүгээс ямар үйлдэл хийвэл гэр бүлийн уур амьсгал сайжрах вэ?
- Гэр бүлийнхэн чинь чамд таагүй, дарамттай мэдрэмж төрдөг талаар мэдэж байгаа болов уу?
- Юунаас болж хэн нэгэнд мэдрэмжээ хуваалцаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ дургүйцдэг болсон бэ? Эдгээр асуултад хариулж эргэцүүлээрэй.

Яагаад амархан уурлаад байна вэ? Чиний дотор нэг аяга байлаа гэж бодъё. Аяга усаар дүүрвэл хальж асгарна. Түүнтэй адил чиний дотор байгаа аяга сөрөг сэтгэл хөдлөлөөр дүүрчхээд хальж асгарах гээд байна гэсэн үг юм. Сөрөг сэтгэл хөдлөлийг зөв илэрхийлж гадагшлуулаагүй тохиолдолд тэр сөрөг сэтгэл хөдлөл чиний дотор байсаар л байна. Төрсөн сөрөг сэтгэл хөдлөлөө тэр үед нь илэрхийлээгүй тохиолдолд дараа нь түрэмгийллээр илэрдэг. Тиймээс энэ хэцүү байдлаас гарахын тулд сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байх хэрэгтэй. Бусдад мэдрэмжээ хуваалцаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байх нь сэтгэл зүйн тайван, тогтвортой байдлыг бий болгодог.

Тиймээс эргэн тойрны хүмүүстээ өөрийн бодол мэдрэмж, өөрт тохиолдсон таатай, таагүй үйл явдлынхаа талаар хуваалцаж байхыг хичээгээрэй. Сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг болно гээд л шууд илэрхийлдэг болохгүй. Тиймээс бага багаар туршиж, оролдлого хийгээрэй. Оролдлого хийж эхлэхэд өөрчлөлт гардаг. Захиан дээр бичсэн шиг би яг одоо ийм байдалтай байна гэдгээ бусдад хэлэхээс эхэлж болох юм. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Сүүлийн үед өөрийгөө ойлгохоо болилоо

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 14 настай, эмэгтэй. Ойрын үед жижигхэн зүйлд эмзэглэж, уйлах гээд байдаг боллоо. Сэтгэл дотор минь нэг юм байгаа ч юу гэдгийг нь мэдэхгүй байна. Би бага зэрэг махлаг ч гадаад байдал, царай төрхөндөө хайртай, хичээнгүй, өөртөө итгэлтэй хүүхэд шиг харагддаг ч доторх байдлыг минь маш жижигхэн зүйл ч бусниулж чаддаг.

Найзууд маань бүгд л надад итгэж асуудлаа ярьдаг. Би ч хувьдаа зөвлөгөө өгч, сэтгэлийг нь дэмждэг. Гэхдээ сүүлийн үед тэдэнд зөвлөгөө өгөхөөс цааргалж, өөрийгөө ч ойлгохоо болилоо. Хэн нэгний санаандгүй үйлдэл, наргиаг хүндээр тусгаж уйлах гээд. Багаасаа биеэ даасан болохоор өөрөө ихэнхдээ юмаа болгох гээд аав ээжээсээ тусламж авах гэдгийг мартчихдаг. Тийм ч болохоороо аав ээжээсээ их хөндий. Аав ээж маань ч бидний дунд хаалт байгаа юм шиг чамтай харьцаж чадахгүй дандаа үгээ залгих юм даа гэдэг. Нээлттэй зангаараа ярилцъя гэсэн ч нэг л болж өгдөггүй. Асуудал минь хаана байна гээд бодох гэхээр толгой дүүрч асуудлаа шүүж чаддаггүй би яг яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө ч бас анхаарч халамжлах нь чухал

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Бусад хүмүүсийн тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа юм шиг санагдлаа. Өөрийнхөө эргэн тойрны хүмүүсээ сонсож тэдэнд санаа тавьж байгаа нь сайн байна. Гэхдээ өөрийгөө ч бас анхаарч халамжлан, бусдын тусламж дэмжлэгийг хүлээн авч байх нь чухал. Өөрт төрж байгаа мэдрэмжээ анзаарч, бусадтай хуваалцаж, тусламж дэмжлэг авах нь биеэ даахгүй байна гэсэн үг биш. Харин энэ нь сөрөг сэтгэл хөдлөлөө зохицуулж чаддаг, өөрийгөө хайрладаг биеэ даасан хүн болоход тусалдаг. Тиймээс бусдаас тусламж асууж, өөртөө төрж байгаа мэдрэмжээ хуваалцаж байхыг хичээгээрэй.

Мөн өсвөр насанд дааврын өөрчлөлтийн улмаас сэтгэл санаа тогтворгүй болдог ба аливааг эмзгээр хүлээж авах гээд байдаг талтай. Тиймээс аливаа үйл явдлын дараа тухайн бүрд нь ямар шалтгааны улмаас надад ямар мэдрэмж төрж байна вэ? гэдгийг тодорхойлохыг хичээгээрэй. Энэ нь юу гэдэг нь мэдэгдэхгүй байгаа тэр шалтгаан, мэдрэмжийг олоход туслах юм. Чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter