ЗАХИДАЛ: Нэгдүгээр сарын захидлын хариу №2


ССҮТөв | YOLO.MN
2021-01-09

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Тухайн үедээ юу ч бодохгүй уучлаад, дараа нь гутардаг

Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. Сүүлийн 2, 3 жил байнгын ууртай байх болсон. Гэрийнхэн юм асуух, эсвэл зүгээр л ярьж байх үед нь гэнэт уур хүрээд хашхирч бачимдаж эхэлдэг. Уур бухимдлаа барих, тэвчих хэрэгтэй гэж бодсон ч яг тухайн үедээ юу ч бодохгүй уурлаж дараа нь тэрэндээ гутардаг. Үнэхээр яах учраа олохгүй байна. Гэхдээ ганцаараа байхдаа зүгээр тайван байдаг. Ойрын үед үүнээс болж өөрийгөө их харааж өөртөө гутрах болсон.

4-р ангид байхдаа одоо сурдаг ангидаа шилжиж ирээд нэг хүүхдэд их шоолуулдаг байсан юм. Хүнд хэлэхийн аргагүй хоч өгөөд, байнга шахуу доромжлоод л (жишээ нь цэвэрлэгээ хийж байхад шалны алчуураар гуядах г.м). Том болоод гайгүй болсон ч энэ намар тэр хүүхэд намайг хэд хэдэн удаа гудамжинд олон хүмүүсийн дэргэд доромжилж байсан. Тэгээд их хэцүү байсан болохоор найзууддаа, ээждээ хэлтэл “зүгээр л тэвч, битгий тоо” гэх мэтээр хэлээд хэн нь ч ойлгохгүй байгаа юм шиг санагдсан.

Манай аав ээж хөдөө байдаг болохоор багасаа л ганцаараа шахуу цагийг өнгөрөөж байсан. Тийм болохоор дотно яриа, халуун дулаан уур амьсгалгүй, бүр гэр бүлийн зураг ч байдаггүй. Аавтайгаа дотно биш ч хааяа ярилцахад хэрүүлээр л төгсдөг. Тэр надад хэлдэг магтаал нь бүгд худлаа санагдаж хэрэлдэх үедээ хэлсэн үг (үргэлж 98-аас дээш авахгүй бол тэнэг гэсэн үг, 100-д нэг төрдөг ухаан муут, ааш муутай болохоор хүнтэй гэрлэж чадах уу?) нь л санаанд буудаг. Сайхан харилцаатай байхыг хичээх болгонд ямар нэг зүйл буруугаар эргэдэг.

Бас үеийн бусад хүүхдүүдээ хараад өөрийгөө их харьцуулж тэднээс муу байгаа нь бухимдуулдаг. Дотно найз гэж боддог хүнийхээ хувьд тийм ч чухал биш болохоор. Би зүгээр л халуун дулаан гэр бүлийн харилцаа, хамтдаа шинэ зүйлсийг хийдэг найзтай байхыг хүсдэг. Бүх зүйл болохгүй, бүтэхгүй байгаа юм шиг санагдаад үнэхээр хэцүү байна. Үргэлж бухимдуу байдаг шалтгаан маань эдгээрээс болдог байж магадгүй, эсвэл миний хүсдэг зүйлээс хэтэрхий өөр байгаад байгаа юм болов уу? Одоо яах хэрэгтэй вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Харилцаанаас үүдэж бий болсон асуудлыг харилцаа л эдгээх боломжтой

Энэ өдрийн мэнд хүргэе. Захидал илгээсэнд баярлалаа. Тэр хүүхэд олон хүний дунд чамд таагүй сэтгэгдэл төрүүлэх үйлдэл хийсэнд нь харамсалтай байна. Мөн энэ нь чамд ямар хэцүү байгааг ойлгож байна. Энэ талаар чи тэр хүүхэдтэй ярилцаж үзсэн үү? Ямар учраас чамд ингэж хандаж байна вэ? Мөн энэ нь чамд таагүй сэтгэгдэл төрүүлж байна гэдгийг илэрхийлж хоорондоо ярилцах боломжтой. Ингэхдээ тайван, намдуу өнгөөр өөрийгөө зоригтой илэрхийлээрэй.

Мөн ойр дотнын хүмүүс нь чамайг ойлгохгүй байгаа мэт санагддаг учраас чи тэднээс зайгаа барьж, сөрөг сэтгэл хөдлөлд автаж байгаа бололтой. Тиймээс тэдэнд ч мөн адил өөрийн бодол мэдрэмжээ хэлээрэй. Учир нь харилцаанаас үүдэж бий болсон асуудлыг харилцаа л эдгээх боломжтой. Тэдний ямар үйлдэл нь ямар мэдрэмж төрүүлсэн, мөн чамайг гунигтай байхад, ууртай байхад тэд чамайг хэрхэн тайвшруулаасай гэж хүсдэг талаараа илэрхийлээрэй. Хэлэхгүй л бол мэдэхгүй шүү дээ.

Уурласныхаа дараа харамсдаг гэж дурдсан байна. Өсвөр насанд дааврын өөрчлөлтийн улмаас сэтгэл хөдлөл тогтворгүй болдог учраас зарим үед өөрийгөө тайвшруулах дараах аргуудаас туршиж үзэхийг санал болгож байна. Маш их уур хүрсэн үед ямар нэгэн зүйл хэлж, үйлдэл хийхээсээ өмнө дотроо 1-10 хүртэл тоолж, гурван удаа урт гүнзгий амьсгаа аваарай. Мөн яг юу чамайг уурлуулаад байгаа талаар бодож “та ингэхээ боль” гэх янзаар бус “энэ дуу чимээ намайг бухимдуулаад байна, би жаахан тайвшрах хэрэгтэй бололтой” гэх мэтээр хэн нэгнийг буруутгасан хэв маяг агуулахгүйгээр бухимдаж байгаагаа илэрхийлэх боломжтой. Эсвэл бухимдал төрүүлж буй орчноосоо түр холдож тайвшруулах дуу сонсож бодлын тэмдэглэл хөтлөхийг санал болгож байна.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Цатгалан ч гэсэн өөрийн мэдэлгүй хоол идэж байгаагаа анзаарлаа

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Ирээдүйд гадаадын их сургуульд тэтгэлгээр сураад Монголоо хөгжүүлнэ гэж боддог. Мөн зорилгодоо хүрэхийн тулд маш олон зүйлсийг сайн хийх ёстой болсон. Гэр орны ажил, хичээлийн сайн дүн, гадаад хэл, SAT, IELTS гээд6.. Иймээс төлөвлөгөөний дагуу өдөр өдөртөө хийгээд явдаг.

Гэвч нэг бэрхшээл тулгарсан. Хааяа залхуураад ажлаа амжуулаагүй, хичээлээ хийгээгүй үед түүнийхээ талаар бодсоор л байна. Одоо яах уу ? Би ямар муу юм бэ? Чи арай л залхуу юм? Ийм байж яана даа.. гэх мэт бодлууд орж ирдэг. Энэ үед би зүгээр л гал тогоо луу цатгалан ч гэсэн өөрийн мэдэлгүй орж байгаагаа анзаарсан. Тэгээд цатгалан ч гэсэн хоол идэхээр тайвширдаг. Тэгээд идээд л, идээд л... Дараа нь жин нэмсэндээ бас өөрийгөө зүхнэ. Хүсэхгүй байгаа ч гэсэн хоол идсээр л... Би өөрийгөө ойлгохгүй байна. Би одоо яах вэ? Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Хичээх нь сайн боловч өөрийгөө хэт хүчлэх нь тийм ч үр дүнтэй байдаггүй

Энэ өдрийн мэнд хүргэе. Захидал илгээсэнд баярлалаа. Зорилгынхоо төлөө тодорхой алхмуудыг хийж хичээж байгаа нь сайн байна. Гэвч чиний гаргасан төлөвлөгөөнд амрах цаг, зугаатай зүйл хийх цаг, чухал хүмүүстэйгээ өнгөрөөх цаг багтсан болов уу? Хичээх нь сайн боловч өөрийгөө хэт их шахах нь төдийлөн эерэг үр дүнг авчирдаггүй. Тархиндаа амрах хугацаа олгосноор илүү сайн ажиллах боломжийг олгож байдаг. Тиймээс дээрх цагийг өөрийн төлөвлөгөөндөө багтаагаарай. Долоо хоногийн нэг өдөр хичээл хийхгүй байх зүгээр шүү дээ. Учир нь бидэнд суралцаж, ажиллахын хажуугаар амьдарч байгаагаа мэдрэх хугацаа хэрэгтэй байдаг. Тиймээс өөрийн амрах болох хичээллэх цагаа өөрийн хэмнэлдээ тохируулан зохицуулах боломжтой.

Мөн стресс, гутралаа тайлах маш олон аргууд байдаг. Сэтгэл санаагаар унасан үедээ хоол хүнс хэрэглэх нь серотонин гэх дааврыг ялгаруулдаг ба энэ нь хэсэг хугацаанд сайхан мэдрэмж төрүүлдэг. Гэвч үүнийг өөр аргаар орлуулах боломжтой. Тухайлбал, дасгал хийх үед бета эндорфин гэх аз жаргалын даавар ялгардаг учраас дасгал хийж өөрийгөө тайвшруулж болно. Энэ мэтчилэн өөрийн сэтгэл санаагаа тайвшруулах эрүүл аргаа өөртөө тохируулан орлуулах боломжтой.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Сэтгэлзүйч болмоор байвч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Би хүмүүст тулгарч байгаа хүнд хэцүү асуудлуудад нь тусалж, сэтгэл зүйн асуудлуудыг нь даван гарах хөтөч нь болж аз жаргалтай болгомоор байна. Иймээс би сэтгэл зүйч болохоор шийдсэн. Гэхдээ одоо яг юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Би одоо хүмүүст тусалж чадах болов уу ? Би юу хийх хэрэгтэй вэ? Сэтгэл зүйч болохоор шийдсэн ч гэсэн яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Надад туслаач. Мөн сэтгэлзүйч хүний хувьд ямар зан төлөвийг төлөвшүүлэх хэрэгтэй вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Сонирхож буй чиглэлийнхээ сурах бичгүүдээс судлаарай

Энэ өдрийн мэнд хүргэе. Захидал илгээсэнд баярлалаа. Сэтгэл судлаачид сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай буюу нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас сэтгэхүй, сэтгэл хөдлөл, үйлдэл нь түр хугацаанд хямарсан байдалтай байгаа хүмүүстэй ажилладаг. Мөн мэргэжлийн ёс зүй, арга техникийг баримтлан ажилладаг ба ийм зан чанартай байх ёстой гэсэн тогтсон зүйл байхгүй.

Харин харилцааны ур чадвар, бусдыг сонсох, ойлгох гэх мэт тодорхой ур чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй байдаг. Юуны түрүүнд сэтгэл судлалын чиглэлээр мэргэжлийн зэрэг олгодог сургуулиудыг судлан ЭЕШ-даа бэлдэх болов уу. Мөн сонирхож буй чиглэлийнхээ сурах бичгүүдээс судлаарай. "Ерөнхий сэтгэл судлал", "Сэтгэл судлалын түүхийн жимээр", "Сонирхолтой сэтгэл судлал", "Психологи" гэх мэт номуудаас сэтгэл судлалын судлагдахуун, түүхэн хөгжил, сонирхолтой туршилтуудын талаарх мэдээлэл авах боломжтой. Мөн сэтгэл судлалын төвүүдэд хүсэлт тавьж танилцах дадлага хийх боломжтой байдаг. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Ангийнхан маань бүгдээрээ мэргэжлээ сонгочихсон болохоор...

Сайн байна уу? Би мэргэжил сонголтын зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо 11-р ангийн сурагч учраас мэргэжлээ сонгохгүй бол цаг хугацаа хий дэмий өнгөрсөөр байгаа нь миний хувьд хамгийн том асуудал болоод байгаа юм. Миний дуртай хичээл бол математик. Тэгээд үүн дээр үндэслээд IT чиглэлээр суралцъя гэж шийдээд өнгөрсөн сард мэдээлэл зүйн багшаасаа цаг гаргахыг хүсээд чөлөөт цагаараа 3-4 цаг компьютер дээр сууж ажилласан. Тэгтэл нүд өвдөж байн байн цонх руу ширтээд төвлөрөхгүй, босоод явмаар санагдаад байсан. Тэгээд өөрийгөө IT салбарт тохирохгүй юм байна гэж ойлгосон.

Эмч болъё гэхээр хими, биологидоо маш муу. Ангийнхан маань бүгдээрээ мэргэжлээ сонгочихсон болохоор ойрдоо бүр мэргэжлийн тухай бодсоор байгаад яахаа мэдэхээ байчихлаа. Тэгээд танай сайт руу бичихээр шийдсэн юм. Мэргэжил сонголтын тестийг бөглөхөд ихэвчлэн банк санхүү, захиргааны ажилтан гэсэн хариу гардаг. Миний хувьд банкны ажил нь цаашдаа ирээдүйгүй юм шиг санагддаг. Тийм учраас энэ нь хараахан итгэлтэй санагддаггүй. Аав ээж маань бол өөрийнхөө хүссэн мэргэжлээ сонго гэдэг ч би яг үнэндээ өөрийнхөө хүсэж байгаа мэргэжлээ сонгож чадахгүй байна. Надад мэргэжлээ сонгоход туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Бие хүний онцлогоо давхар ажиглаарай

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Мэргэжил сонголт бол тийм ч амар шийдэгддэг зүйл биш бөгөөд яах аргагүй судлах хэрэгцээ гардаг. Судалгаагаар ЕБС-ийн хүүхдүүд дунджаар 40 хүртэлх төрлийн мэргэжлийн талаарх ойлголт, мэдээлэлтэй байна. Гэтэл дэлхий дээр жил бүр 600 гаруй мэргэжлээр боловсон хүчин тогтмол бэлтгэгдэж, төгсөж байна. Монгол улсын хувьд гэвэл жилд ойролцоогоор 130-140 төрлийн мэргэжилтэн бэлддэг. Өөрөө хэдэн төрлийн мэргэжлийн ойлголттой байгаа вэ?

Мэргэжил сонголтод өөрийн чинь бие хүний онцлог, софт скилл, сонирхол, дотоод сэдэл их чухал байдаг. Үүний дараа нийгмийн эрэлт хэрэгцээг өөрийн сонирхолтой хамааруулж харгалзаж үзэх хэрэгтэй. Тиймээс өөрийн бие хүний онцлогийг давхар ажиглаж яваарай.

Өөрөө зүгээр суугаагүй, мэргэжлийн талаар судалсан байна. Энэ судалгааныхаа хүрээг зогсоож болохгүй шүү. Мэргэжил сонголтын оношилгоо хийсэн ч гарсан үр дүн нь таалагдаагүй бол үүнд санаа зовох хэрэггүй. Энэ харин ч сайн зүйл болов уу. Учир нь чи гарсан мэргэжлүүд өөрт чинь “таалагдахгүй” байгааг мэдэж авлаа шүү дээ. Ингэж байж л өөрийн сурах чиглэлийн хүрээг гаргаж чадна. 

Өөрийн онцлог, чадварыг бодоод сонирхох боломжтой мэргэжлийн ерөнхий хүрээг эхний ээлжид гаргаад үзээрэй. Мэргэжлүүдийн салбарыг нийгмийн салбар, байгалийн ухааны салбар, технологийн салбар, бизнесийн салбар, анагаахын салбар гэх мэтээр ангилж хуваарилаад ерөнхий байдлаас нэгж байдал хүртэл судлаад үзээрэй. Мөн Монгол улсын их дээр сургууль, коллеж, МСҮТ-ийн цахим хаяг руу орж мэргэжлүүдийн хөтөлбөрийг харах боломжтой. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: 7 жилийн турш амиа хорлох тухай бодсон

Сайн байна уу? Би 17 настай.Миний хувьд сэтгэл гутрал, цахим ертөнцийн доромжлол гээд маш олон зүйлийг мэдэрч байсан. Бараг 7 жилийн турш амиа хорлох тухай бодсон. Утас, тоглоом, зурагт гэх мэт зүйлсэд донтсон. Сүүлийн үед амиа хорлох оролдлого хэдэн хэдэн удаа хийсэн. Ер нь л сэтгэл зүйн асуудал ихтэй хүн л дээ. Анзаараад байхад ийм байдлаасаа болж их цаг хугацааг алджээ. Тиймээс яаж сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах тухай зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Амиа хорлолт бол асуудлаас гарах зам биш

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Сэтгэл гутрал нь түгших, гуниглах, уйтгарлах мэдрэмжээс ялгаатай бөгөөд энэ нь сэтгэцийн бие даасан эмгэг. Ийм учраас мэргэжлийн хүн дээр очиж оношлуулж , зөвлөгөө авах шаардлагатай байдаг. Захиа бол тухайн хүний талаар 5 хувийн ерөнхий байдлыг л илтгэж байдаг. Тиймээс зөвхөн захиан дээр тулгуурлаад өөрт чинь бүрэн дүүрэн туслах боломжгүй байдаг юм шүү. Боломжтой бол цаашид мэргэжлийн сэтгэл зүйч дээр очиж биечлэн уулзахыг санал болгож байна.

Сэтгэл гутралын үед өдөр тутмын амьдралаас авдаг байсан мэдрэмжүүдийг авч чадахаа больж, баяр хөөр мэдрүүлдэг байсан зүйл маань утга учиргүй санагдах, шийдвэр гаргах чадвар буурах, нойрны хэмнэл алдагдах гэх мэт маш олон шинж тэмдгүүд илэрдэг. Мэргэжлийн хүн дээр очоорой гэж яагаад зөвлөөд байна вэ гэвэл дээр бичсэнээр энэ бол бие даасан эмгэг. Олон хүчин зүйлээс шалтгаантай. Хүн бүрийн онцлогоос хамаарч ондоо байдлаар илэрч болно. Сэтгэл гутрал энгийн, дунд, хүнд хэлбэрээр явагддаг. Хэрэв өөрийн чинь хувьд сэтгэл гутрал мөн бол аль хэлбэрт явагдаж байгааг мэдэх шаардлагатай.

Сэтгэл гутралд ороход харилцаа их нөлөөлдөг. Өөрт чинь олон хүний сөрөг хандлага ирж байсан бололтой. Маш харамсалтай байна. Гадуурхагдсан мэдрэмжээс болж хаалттай, дотогшоо болж өөрийн мэдрэмжийг бусдад хэлэхээс зугтааж эхэлдэг. Харилцааны асуудлаас болж сэтгэл зүйн олон асуудал бий болж байдаг. Гэхдээ харилцааны асуудлыг харилцаагаар л шийдэх боломжтой. Харилцаанаас зугтлаа гээд бид өөрсдийгөө л шийтгэж байдаг. Чамайг ойлгож, сонсох хүмүүс байдаг юм шүү. Хүн бүр дээрэнгүй байдаггүй юм шүү. Өөрт хуримтлагдсан мэдрэмжээ тогтмол гаргаж байх нь сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж байдаг. Эхний ээлжид өөрт хуримтлагдсан мэдрэмжүүдийг гаргах дээр анхаараарай.

Өөрийгөө маш их буруутгах, юм болгоныг өөртөө тусгаж аваад "надаас л боллоо, би чадахгүй, би муу" гэдэг хандлага өөрт чинь гарч байгаа юу? Ийм бодол удаан хугацаанд давамгайлж байвал амиа хорлох бодол орж ирэхээс гадна оролдлого хийдэг. Өөрийн чинь хувьд яг юунаас болов гэсэн тодорхой мэдээлэл хэрэгтэй байна. Хэрэв дахиад ийм оролдлого хийх гээд байвал аюултай хурц ирмэгтэй зүйлсийг өөрөөсөө холдуулаарай. Болж өгвөл өөрийгөө аюулгүй орчинд байлгах хэрэгтэй. Энэ бол асуудлаас гарах арга зам биш гэж өөртөө анхааруулж хэлээрэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter