Муу зуршлаасаа хэрхэн салах вэ?


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-01-07

Хэвшил болсон муу зуршил хүн бүрд бий. Утсаа их оролдох, хэтэрхий орой унтах, шүдээ хавирах гэх мэт. Зуршлаасаа салахад тодорхой хугацаа шаардлагатай. Судалгаагаар муу зуршлаасаа салж, өөр зуршлыг дадал болгоход 18-аас 254 удаа давтах буюу дунджаар 66 хоног шаардлагатай аж. 

Ихэнх хүмүүс муу зуршлаасаа аль болох хурдан салахыг хүсдэг. Жишээ нь дасгал бараг л хийдэггүй хүн жингээ хасахаар огцом идэвхтэй хөдөлнө. Тэд ямар нэгэн зүйлийг эрчимтэй хийвэл өөрийгөө өөрчилнө гэж итгэдэг. Гэвч энэ нь ихэвчлэн хамгийн хурдан бууж өгөхөд хүргэдэг сөрөг талтай. Тэгвэл муу зуршлаасаа хэрхэн салах вэ? 

Жагсаалт гаргах 

Жилийн дотор ямар муу зуршлаасаа салмаар байгаа жагсаалтаа гаргаарай. Утсаа бага оролдох, илүү эрүүл хооллох, илүү их дасгал хийх, тамхи татахаа болих гэх мэт өөрчилмөөр байгаа бүх муу зуршлаа жагсаан бичээрэй. 

Бүх хүнд муу зуршил гэж бий. Төгс хүн гэж хаана ч байхгүй. Бүгд л өөрчлөхийг хүссэн ямар нэгэн зуршилтай. Тиймээс өөрийн бүх муу зуршлаасаа салах гэж оролдохын оронд тодорхой нэг юм уу хоёрыг сонгоорой. 

Шалтгаанаа тодорхойл 

Муу зуршилд тань нөлөөлж буй хүчин зүйл, учир шалтгааныг тунгаагаарай. Магадгүй та стресст орсон, бухимдсан үедээ хэт их амттан идэж, уйдсан, ганцаардсан учраас л өдрийн талыг утсаа маажиж өнгөрөөдөг байх. 

Тиймээс нөлөөлж буй гол шалтгааныг тодорхойлсноор муу зуршлыг зогсоох эсвэл өөрчлөх сэжүүр олдоно.  

Шалтгааныг арилгах 

Шалтгаанаа олж мэдсэний дараа арилгах арга замыг олох нь муу зуршлаас салахад тусална. 

Хэрвээ та өглөө сэрээд л утсаа шалгадаг муу зуршилтай бол утсаа өөр өрөөнд орхих эсвэл орноосоо хол байлгаарай. Муу зуршлаасаа салсан гэж бодох хүртлээ энэ үйлдлээ давтсаар л байна.  

Зуршлаа солих 

Муу зуршлаа олох, түүний шалтгааныг мэдэх нь тэр зуршлыг арилгахад тийм ч хангалттай биш.  Тиймээ дахин нэг арга санал болгоё. Та санаа зовж буй муу зуршлаа өөр зуршлаар сольж болно. 

Стресстэй үедээ тамхи татах биш, алхах, цаасан дээр сараачих, уйдсан үедээ ном унших, тамхи татмаар санагдсан үедээ бохь зажлах зэрэг олон үйлдлээр сольж болно.  

Бүтэлгүйтэхийг зөвшөөр 

Бүтэлгүйтэх бол жам ёсны хэрэг. Нэг удаагийн оролдлогоор аливаа зүйл шууд бүтдэггүй гэдгийг санаарай. Муу зуршлаасаа салахын тулд та хэдэн ч удаа эхэлж болно. Өөрийгөө чадахгүй байна гэж гутрахын оронд чадлаараа хичээгээд л үз. Хичээсний тань хариу заавал ирэх болно. 

Өөрийгөө шагна 

Муу зуршлаасаа салах, салахыг хичээх болгондоо өөрийгөө шагнаарай. Авахыг хүссэн хувцсаа авч, идмээр санагдсан хоолоо идэх нь ч маш том шагнал болно шүү. Мөн өөртөө урмын үг хэлэх нь ч мөн шагнал. 

Энэ зуршлаасаа салбал шагнуулна гэж бодвол илүү ихээр хичээнгүйлэн хийж, тууштай байхад түлхэц өгдөг байна. 

Битгий бууж өг 

Дадал зуршил нэг шөнийн дотор үүсдэггүйтэй адил арилгах нь ч хурдан байхгүй. Муу зуршлаасаа салахын тулд нэлээдгүй хугацаа, тэвчээр хэрэгтэй. Гэхдээ битгий бууж өгөөрэй. 

Хэдийгээр муу зуршлыг арилгах хэцүү ч чиний хэр тууштай байхаас шалтгаалан муу зуршил танаас ор мөргүй алга болж болно гэдгийг санаарай. Хэрвээ таны муу зуршил гүн гүнзгий, ганцаараа даван туулах боломжгүй байгаа бол сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, эмч, сэтгэл зүйчтэй холбогдоорой.  

 

#нийтлэл