ЗАХИДАЛ: Нэгдүгээр сарын захидлын хариу №1


ССҮТөв | YOLO.MN
2021-01-04

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Юмс эмх замбараагүй байхаар уур хүрдэг

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Сүүлийн үед би яг л сэтгэцийн өвчтэй хүн шиг болчихсон. Хэн нэгэн намайг чадахгүй, мэдэхгүй, чадвар чинь тийм ч сайн биш гэхэд үнэхээр уур хүрдэг. Мөн гэртээ олуулаа байх үед, хэт их чимээнд байгаа үед зүгээр л “болиоч, чимээгүй бай” гээд орилчихдог. Дүү маань надтай хэт ойртоод, биед хүрэхэд, хажууд ирээд суухад нь уур хүрч загначихдаг. Юмс эмх замбараагүй, дутуу гүйцэлдүүлсэн байхыг харахаар бас л уур хүрдэг. Хэн ч байсан миний хувийн асуудалд хэт ороод шалгаагаад байхаар ч хүрдэг. Найзууд, аав ээж, үе тэнгийн үеэлүүд, ангийн хүүхдүүдэд өөрийнхөө дотор хүн, ямар мэдрэмж төрж байгаа, юу хиймээр байгаа, юунд дүргүй гэдгээ хэлэх нь хүртэл надад ядаргаатай санагддаг. Ер нь иймэрхүү зүйлсийг ярих нь яг хэнд хэрэгтэй юм. 

Ганцаараа байхад л тайван, сэтгэл санаа дээрддэг. Хамаг мэдрэмжээ нуучихдаг. Фэйсбүүкээр танилцсан нэг найз маань гурав хоногийн өмнө “Чи яагаад ингээд байгаа юм бэ, чөлөөтэй нээлттэй байж болохгүй юм уу, чиний дотор юу болоод байгааг мэдмээр байна, чи үнэхээр сонин байна” гэж хэлснээс хойш “нээрээ би яг яачихсан юм бэ” гэж бодогдоод мэргэжлийн хүнд хандаж үзэж байгаа юм л даа. Үнэхээр яах учраа олохгүй хэцүү байна. Одоо ч хүртэл тогтворгүй бүх зүйл ядаргаатай байна.

ЗӨВЛӨГӨӨ: Уур маш их хүрсэн үед энэ арга хэмжээг аваарай. 

Сайн байна уу? Өсвөр насанд дааврын өөрчлөлтийн улмаас сэтгэл санаа тогтворгүйтэж, өөрийгөө авч явж чадахаар том болсон, мөн өөрийн гэсэн чаддаг зүйл байдаг гэдгээ бусдад хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг.

Захидлаас уншихад тэд чамайг үнэлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас болж чи уурлаж, тэднээс зай барьж байгаа бололтой. Хүн бүрд хийж чаддаг зүйл болон чаддаггүй зүйл байдаг. Чамд ч мөн адил. Харин хийж чаддаг зүйлээ бид хэр сайн илэрхийлж харуулдаг вэ? Ялангуяа эцэг эхчүүд хүүхдээ хэчнээн том болсон ч жаахан хэвээр нь хандаж хайрлах гээд байдаг. Энэ үед чи өөрийнхөө хийж чаддаг зүйлээ гэрийнхэндээ илэрхийлж харуулж болно. Энэ нь гэрийнхэн чинь эргээд чамайг үнэлэхэд, хүлээн зөвшөөрөхөд тусална.

Харин чадахгүй, мэдэхгүй зүйл тохиолдвол бусдын тусламжийг хүлээн авч байгаарай. Түүнчлэн уур маш их төрсөн үед дараах арга хэмжээг авах боломжтой. 3 удаа гүнзгий амьсгаа аван дотроо 10 хүртэл тоолоод өөрийгөө яг юунд уурлаж бухимдаад байгаагаа тодорхойлж болно. Тухайлбал, дүү нь чамтай хэт ойртоод биед нь хүрэхэд дургүй байвал биед хүрч байгаа нь тийм уур хүрмээр зүйл үү, үгүй бол яг ямар шалтгааны улмаас уур хүрч байна вэ, өөр зүйлд уурласан уураа дүүдээ гаргах гэж байна уу гэх мэтээр өөрөөсөө асуух боломжтой.

Хэрэв биед хүрэх нь үнэхээр чамд таалагддаггүй зүйл бол түүнийгээ тайван, намдуу өнгөөр дүүдээ илэрхийлж тайлбарлавал тэр ойлгоно шүү дээ. Тайлбарласан ч боломжгүй тохиолдолд уурыг нь хүргэж буй орчноос түрхэн хугацаанд өөрийгөө тусгаарлаж холдуулж болно. Мөн өөрийнхөө хувьд итгэдэг хүндээ өөрийнхөө мэдрэмжээ нуулгүй ярьж эсвэл өөрт төрж буй бодол мэдрэмжээ тэмдэглэл маягаар бичиж байгаарай. Энэ нь сэтгэл санааг тогтворжуулахад нөлөөлдөг.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Аав ээж маань архи уудаг болохоор...

Сайн байна уу? Би 15 настай. Манай аав ээж архи уудаг. Би хоёр дүүтэй. Одоогийн байдлаар би эгчийндээ байгаа. Тэгээд надад бодох юм зөндөө байна. Сургуулиа төгсөнө, их сургуульд орох уу, их сургуульд орлоо гэхэд хэн миний сургуулийн төлбөрийг төлөх вэ. Би өөрөө би тийм ч сайн сурлагатай биш. Тэгээд 2 дүүгээ их сургуульд сургах болохоор шууд үсчин, зөөгч гэх мэт ажил хийх үү гээд маш их эргэлзэж байна. Тэгээд их сургуульд орлоо гэхэд ямар их сургуульд орох вэ? Мэргэжлээ сонгоход маш хэцүү байна.

Би тийм ч олон их сургуульд сурч чадахгүй. Тийм болохоор мэргэжлээ маш баттай сонгох хэрэгтэй байна. Мэргэжлээ яаг яаж сонгох вэ? Тэгээд аав ээж хоёртой ярилцах гэхээр ерөөсөө намайг сонсохгүй, өөдөөс “надад ч гэсэн хэцүү байна” гээд орилоод байдаг. Тэгээд орой эмээг ажлаасаа тарж ирэхэд нь аав ээж хоёр уучихсан байвал надад л уурлана. “Яагаад уулгачихсан юм, энэ хоёрыгоо аваад зайл” гээд л. Тэгээд өөдөөс нь би уулгасан юм уу гээд асуухаар “тэгвэл зайл” гээд хэлэх хэлэхгүй үгээр хараадаг. Энэ үед зүгээр л амиа хорломоор санагддаг. Гэхдээ хоёр дүүгээ бодохоор өрөвдөлтэй санагдаад байх юм. Би яг ямар замаар амьдрах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө бүү буруутга

Сайн байна уу? Юун түрүүнд болж байгаа энэ бүх зүйлс чиний буруу биш юм шүү. Заримдаа насанд хүрэгчид сэтгэл санаа нь тавгүй байгаа үедээ сэтгэл санаагаа дээрдүүлэх гэж архи, согтууруулах ундаа хэрэглэдэг. Гэвч энэ нь тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг учраас тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй. Тиймээс ээж аавынхаа архи уудаг мөн эмээгийнхээ хэлдэг үгсээс болж өөрийгөө битгий буруутгаарай. Учир нь тэдний энэ үйлдэлд чи буруугүй. Мөн архи уух нь эцэг эхийнх нь сонголт учир чи үүнд хариуцлага хүлээх учиргүй. Тиймээс өөрийгөө буруутгаж эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй.

Мөн ЕБС-иа төгсөх дөхөж байгаа бололтой. Чиний хамгийн дуртай хичээл эсвэл хийхийг хүсдэг зүйл юу вэ? Чиний хийж чаддаг зүйл бас юу вэ? Эхлээд өөрийнхөө чадвар бас сонирхлоо тодорхойлоорой. Хэрэв тодорхойлж чадахгүй байвал ойр дотнын хамаатан, эгч, найз нөхөд эсвэл дүү нараас өөрийнхөө талаар асууж үзээрэй. Тийнхүү өөрийнхөө сонирхол, чадвараа тодорхойлон тухайн чиглэлээр ямар их сургуульд ямар чиглэлээр сурах боломжтой, мөн ямар хичээлээр ЭЕШ өгч байж сургуульд орох эсэх, тэтгэлэг байдаг эсэх талаар судлах боломжтой. Сайн судалж үзвэл ЭЕШ-ын онооноосоо хамаарч сургалтын төлбөр хөнгөлөх боломж зарим сургуулиудад байдаг шүү. Зарим оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажил хийж сургалтын төлбөр болон зарим амьжиргааны зардлаа олох тохиолдлууд ч мөн байдаг. Тиймээс интернетээр сайн судалгаа хийж эсвэл багш, эгч гэх мэт насанд хүрэгчдээс тусламж авч болно. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Намайг урамшуулахаас илүү шүүмжилдэг

Сайн байна уу? Танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе.

1. Би 19 настай эмэгтэй. Багаасаа л их эрхэлж өссөн л дөө. Аав ээж маань намайг их хайрладаг. Доороо дүүтэй учраас үүрэг хариуцлага гэдэг зүйлийг сайн мэднэ. Гэхдээ нэг асуудал байгаа нь манай гэр бүл ойрдоо их эв түнжин муутай байгаа. Манай гэрийнхэн намайг урамшуулахаас илүү шүүмжилдэг (охин хүүхэд шиг байгаач, наад юмаа олигтойхон хий, би үхвэл чи их зовноо г.м) болсон. Тиймээс хааяадаа тусдаа гармаар санагддаг. Одоо би тусдаа гаръя гэж яаж хэлэх үү? Намайг хэлбэл тэд уурлах болов уу? (манай ээж их хатуу хүн тиймээс иймэрхүү юм сонсвол... )

2. Хүн л юм чинь бас нэг краштай. Гэхдээ аягүй сонин. Надтай харьцахдаа эхэндээ дажгүй байсан ч яваандаа байнга мөнгө асуух болсон. Би тэр болгонд нь өгдөггүй л дээ. Гэхдээ ингээд шууд асуух нь зүгээр үү? Зөвхөн краш маань ч биш эргэн тойрны бүх банди нар намайг хэтэвч шиг харах юм. Би тийм баян айлын хүүхэд биш. Гэтэл яагаад байнга намайг хэтэвч шиг хараад байгаа юм бэ? Энэ асуудлаас болж их стрессдэж бухимдаж байгаа.

ЗӨВЛӨГӨӨ: Тохиромжтой үед өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлээрэй

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа.

1. Гэр бүл бол бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг. Хамтдаа байх үедээ аз жаргал, баяр хөөртэй байхаас гадна таагүй үйл явдал, маргаан болоод үл ойлголцол гарч л таараа. Харилцаа болгонд үл ойлголцол гардаг. Харилцаанд гарсан асуудлыг харилцаагаар л шийдэх боломжтой. Тусдаа гарах хүсэлтэй байгаа чинь бие дааж амьдрах хүслийг чинь илэрхийлж байгаа хэдий ч нөгөө талаас эцэг эхийнхээ шүүмжлэлээс зугтахын тулд бололтой. Асуудлаас зугтлаа гээд эцэг эхийн чинь өөрийг чинь шүүмжлэх байдал намжих болов уу?

Биднийг шүүмжлэх үед бид ухамсаргүйгээр зугтаж эхэлдэг. Зугтлаа гээд харилцааны асуудал намждаггүй. Харилцааны асуудлыг намжаахын тулд чанартай цаг гаргаж хоёр талаас уулзаж ярилцах хэрэгтэй байдаг. Хүүхдүүдийн зүгээс эцэг эх нь бүхнийг хийж, зохицуулж чаддаг юм шиг санагддаг болов ч угтаа тэд бас хүмүүс бөгөөд харилцааны чадварт суралцаж л байгаа. Тиймээс тэд ч мөн алддаг гэдгийг ойлгоорой. Тохиромжтой үеийг ашиглаад өөрийн мэдрэмжийг эцэг эхдээ хэлж ярилцаарай.

2. Хэн нэгэнд сайн байлаа гээд өөрийгөө тухгүй байдалд оруулахыг хүлээн зөвшөөрч, хүсэхгүй байсан ч тийм гэж хэлэх ёстой гэсэн үг биш. Хэнд туслах, туслахгүй байх вэ гэдэг сонголт үргэлж өөрт чинь чөлөөтэй байгаа. Үгүй гэж хэллээ гээд гэм буруутай хүн болохгүй шүү дээ.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Би үүнийг цагдаагийн газарт мэдэгдэх ёстой юу? 

Сайн байна уу? Би 19 настай, 2-р курсын оюутан. Би ах, ээжтэйгээ амьдардаг. Ах маань надаас 16 насаар ах. Би карентинаар гэртээ түр ирээд байгаа юм. Ах бид хоёр үнэхээр дотно боловч би түүний нэг нууцыг олж мэдсэнээс хойш ямар шийдвэр гаргах талаар тээнэгэлзээд байна.

Тэр хуурамч хаяг нээж насанд хүрээгүй охидод өөрийгөө өсвөр насны хүүхэд гэж хэлэн онлайнаар бэлгийн харьцаанд ордог. Би үүнийг санамсаргүйгээр мэдээд сэтгэлээр их унаж, итгэж ч чадаагүй. Бас түүний бохир үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч чадахгүй үзэн ядаж байна. Хамгийн гол асуудал нь би үүнийг цагдаагийн газарт мэдэгдэх ёстой юу? (энэ цахим гэмт хэрэг мөн эсэхийг мэдэх гэсэн юм.) Тэр цахимаар насанд хүрээгүй охидын зургийг худал хэлэн авдаг, бас бэлгийн дур хүслээ хангадаг. Нөгөө охид нь түүнийг өсвөр насны хүү гэж боддог. Үүнийг бичиж суухад хүртэл үнэхээр хэцүү байна. Учир нь тэр миний гэр бүлийн гишүүн шүү дээ.

Би хуулийн мэдлэг хомс учраас энэ хэрэг шалгагдах хэмжээний гэмт хэрэг эсэхийг сайн мэдэхгүй байна. Тиймээс надад яаралтай хариу өгөхийг хүсэж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн зүгээс юу хийж чадах талаар бодоорой

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа.Энэ захиаг бичихэд хэцүү байсан байх. Өөрийн үнэн төрхийг нууж насанд хүрээгүй хүүхдүүдтэй холбогдох, үүгээрээ бэлгийн дур хүслээ хангах нь цахим гэмт хэрэг мөн. Өөрт чинь их таагүй санагдаж байгааг төсөөлж байна. Гэсэн хэдий ч энэ зүйлийг чи ганцаараа бие дааж шийдэж чадахгүй болов уу. Өөрийн зүгээс юу хийж чадах вэ гэдгийг бодоорой.

Хүн гэр бүлийнхээ таагүй үйлдэл болоод гэм бурууг өөр дээрээ хүлээн авч, өөрийгөө буруутны дүрд оруулах хандлагатай байдаг гэсэн судалгаа бий. Энэ үйлдэл ахын чинь хэрэг. Тиймээс өөрийгөө хэрэгтний дүрд оруулж бодож болохгүй шүү. Олж мэдсэн зүйлээ ахтайгаа ярилцахад их тухгүй байх учраас эцэг эхдээ хэлж болох юм. Эцэг эх чинь ахтай чинь ярилцах нь зөв болов уу. Эцэг эх чинь хуулийн мэргэжилтэнтэй холбогдож хууль зүйн зөвлөгөө авах эсэхээ шийдэж болно. Цаашлаад өөр хүүхдүүд, хүмүүс хохироогүй байгаа дээр энэ үйлдлийг зогсоох хэрэгтэй. Энэ үйл явдалд бид шууд нөлөөлж чадахгүй. Учир нь бид хуулийн байгууллага биш. Үүнийг ойлгоорой.

Аюулгүй байдлын үүднээс. Хүүхдүүдэд зөвлөгөө хүргэе:

- Цахим хуудсандаа өөрийн таньж мэддэг хүнийг л найзаараа аваарай.

- Өөрт чинь сайхан зүйл хэлж байгаа хүн бүр өөрийн чинь сайн сайхны төлөө байдаггүй. Сайхан үгэнд хууртагдахгүй байхыг анхаараарай.

- Хэн нэгэнтэй чатлах үед өөрийн хувийн мэдээллийг дэлгэхгүй байхыг анхаараарай. Дэлгэцийн цаана хэн байгааг бид баттай мэдэж чадахгүй шүү дээ.

- Өөрийн чинь нүцгэн байгаа зургийг хармаар байна гэсэн зүйлд хариу битгий өг. Олон улсад хийсэн судалгаагаар дөрвөн хүүхдийн нэг нь ийм төрлийн тааламжгүй мессеж хүлээн авсан бөгөөд хөвгүүдээс илүү охид хохирогч болох хандлагатай байдаг.

- Олон нийтийн сүлжээнд болон бусад цахим сүлжээнд үл таних этгээдтэй харилцаа тогтоохдоо сэрэмжтэй байх, хэт хувийн чанартай мэдээллээ бусдад задлахгүй байх, кибер хүчирхийлэл гэж үзэж буй үедээ хуулийн байгууллагад хандахаас эмээхгүй байх. Эдгээр зүйлсийг анхаараарай.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Хамаатнууд маань намайг сэтгэцийн өвчтэй гэж боддог

Сайн байна уу? Би хэдэн сарын өмнө ээжийгээ өөртөө анхаарал хандуулах зорилгоор өөрийгөө хий зүйл хардаг, маш хэцүү байдаг гээд худлаа ярьж жүжиглэсэн юм. Гэтэл хамаатан садан, ах дүү маань хүртэл намайг сэтгэцийн өвчтэй гэж бодоцгоох болсон. Одоо тэгснээ бодохоор маш их харамсаж бас ичиж байна. Яагаад тиймхэн зүйлээр хүмүүсийн анхаарлыг татах гэсэн юм бол оо? Харин одоо гэр бүлийнхэндээ үнэнээ хэлэх ч боломж олдохгүй эвгүй мэдрэмж төрж байна. Би яаж бүх хийсэн зүйлээ хэвэнд нь оруулах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Залруулга хийхээс битгий зугтаарай

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хүүхэд эцэг эхийнхээ анхаарал халамжийг хангалттай авч чадахгүй үед худлаа хэлж эцэг эхийнхээ анхаарлыг өөр дээрээ авдаг. Энэ их нийтлэг үзэгдэл. Тиймээс энэ үйлдлийг зөвхөн чи хийгээгүй юм шүү. Өнгөрсөн дэх өөрийн үйлдлийг шүүмжилж байгаа хэдий ч аль хэдийнэ болоод өнгөрсөн зүйл тул өөрчилж болохгүй шүү дээ.

Тиймээс одоо залруулга хийхээс битгий зугтаарай. Үнэнээ хэлэхэд оройтох зүйл байхгүй. Харин ч үнэнээ хэлэх нь өөрт чинь ашигтай болов уу. Ээждээ хандаж “таныхаа анхаарлыг өөр дээрээ илүү их авахын тулд худлаа хэлсэн юм. Нөхцөл байдлыг ингээд хүндэрнэ гэж бодсонгүй” гэдгээ илэрхийлээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter