ЗАХИДАЛ: Арванхоёрдугаар сарын захидлын хариу №3


ССҮТөв | YOLO.MN
2020-12-22

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Хааяа гэрийнхэнтэйгээ таагүй харилцаатай болчихдог

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би 19 настай, эмэгтэй. Ер нь багаасаа амьдрал үзсэн гэж хэлж болно. Багаасаа ажил хийгээд, хэрэгцээтэй мөнгөө олчихдог, нийтэч, биеэ даасан хүн байгаа юм. Үүнийхээ хэрээр олон хөвгүүдтэй харьцаж, найзалж, нөхөрлөж, үерхэж байсан. Одоо ч нэг залуутай үерхдэг. Миний асуудал гэвэл:

1. Би багаасаа л юмыг их ургуулан боддог, юманд маш амархан санаа зовдог, стрессдээд сэтгэлээр унадаг хүүхэд байсан. Одоо ч яг хэвээрээ. Энэ байдлаа хэрхэн зүгээр болгох вэ? Би маш олон зүйл уншиж, туршиж үзсэн ч цаанаасаа л болж өгдөггүй ээ.

2. Манай найз залуу надад хайртай. Би ч түүнд хайртай. Гэхдээ одоо орон нутаг руу томилогдоод, тэндээ ажиллахаар болсон юм. Би хамт баймаар байвч хотод сурдаг болохоор боломжгүй. Мөн хол зайн үерхэл амаргүй санагдаж байгаа. Гэрийнхэн маань ч бид хоёрыг дэмждэггүй. Хааяа гэрийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай болчихсон. Эдгээрээс болоод сэтгэл санаагаар унан, элдвийг ургуулж боддог. Эсвэл биеэ даагаад тусдаг гарчихдаг ч юм билүү гэж бодох болсон. Би яг яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Тархи төсөөлөл болон бодит байдал хоёрыг ялгадаггүй

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Дийлэнхдээ юуны талаар ургуулан бодож байна вэ? Ямар үед аливааг ургуулан бодох гээд байна вэ? Ямар мэдрэмж мэдрэх үед ургуулан бодоод байна вэ?

Заримдаа бид хэн нэгний бодлыг унших эсвэл урьдчилан таамаглаж, төсөөлөх гээд байдаг талтай. Гэвч тархи төсөөлөл болон бодит байдал хоёрыг ялгадаггүй буюу чиний төсөөлөл доторх зүйл бодит байдал дээр болоогүй ч чиний хувьд яг л тухайн үйл явдал болсон мэт мэдрэмжийг төрүүлж байдаг. Хэрвээ сөрөг зүйл төсөөлөн бодоод байвал энэ нь цаашлаад айдас, түгшүүрийг үүсгэдэг. Тиймээс дараах тохиолдолд аль болох өөрийгөө тайван байлгаж бодит нөхцөл байдалд төвлөрөөрэй. Ямар асуудал үүссэн бэ, үүнийг хэрхэн шийдвэрлэж болох вэ гэдэгт төвлөрөөрэй. Аливаа зүйлийг хэтрүүлэн бодох үедээ бодлын тэмдэглэл хөтлөхийг санал болгож байна. Бодогдож байгаа бүхнээ бичээд үзээрэй. Үүний дараагаар дэвтрээ бодит болон төсөөлөл гэж 2 хуваагаад бодлуудаа ангилаарай. Ингэснээр бодит байдал аль болохыг ялгаж түүнд төвлөрөхөд туслах юм.

Мөн хол зайн үерхэлд чиний санааг зовоож байгаа зүйл юу вэ? Найз залуутайгаа ярилцсан болов уу? Та хоёр хол зайн үерхэлд бэлэн байгаа юу? Түүний бодлыг асуусан болов уу? Хол зайн үерхэлд тулгарч болох асуудлыг хамтдаа ярилцаарай. Хосын харилцаанд зөв асуултаа асууж, шийдэлд төвлөрч ярилцах нь чухал юм шүү. Чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Асуудлаа шийдэх гэж хичээж байгаа нь өөрөөсөө улам л түлхэж байгаа юм шиг...

Сайн байна уу? Би энэ жил оюутан болсон. Ингээд өмнө нь таньдаг байсан хөвгүүнтэйгээ үерхэж эхэлсэн юм. Эхлээд мэдээж бүх зүйл сайхан байсан. Тэр интернетээр чат бичих бага зэрэг дургүй л дээ. Над руу чат бичихгүй удах ч юм уу эсвэл ганц нэгхэн үгээр хариу бичээд байхаар нь энэ талаар хэлэхэд дээрх хариултыг өгсөн. Бас эхэндээ намайг найзуудаасаа нуух үйлдэл гаргахад нь гомдоход “ахиж нуухгүй” гээд уучлал гуйсан.

Бид хоёр хөл хорионы өмнө өдөр бүр уулзаж, энгийн үеэсээ илүү дотно болоод байтал хөл хорио тавигдаад хамт байж чадахаа байсан. Эхний хэдэн өдөр “чамайг санаж байна, уулзмаар байна” гээд, нэг удаа бүр гэрийн үүдэнд ирчихсэн намайг “гараад ирээч” гэж гуйж байсан. Харин гэрийнхэн маань намайг гаргаагүй учир бид хоёр холоос бие биенээ харчхаад явуулсан. Нэлээн хэд хоногийн дараа тэр ахиад ирсэн. Би гараад уулзаад сайхан байсан. Тэгээд миний зурваст хариу удаан өгдөг талаар нь, хөл хорионы үеэр үүнээс илүү хамт байх арга байхгүй талаар эелдгээр хэлсэн. Тэр ч уулзсаны дараа эхний 1, 2 өдөр хурдан хариу өгч байснаа ахиад л удаан хариу өгч, эсвэл ганц хоёрхон үг бичих болсон. Харин би тэр талаар нь жаахан уурласан өнгө аястай хэлсэн.

Би хавар хөл хорионд орохдоо бараг өдөр болгон шалтгаангүй уйлж, гунигладаг байсан л даа. Энэ удаа бас л сэтгэл санаа үнэхээр эмзэг болж, юм болгоны асуудалтай талыг нь хардаг болчихсон байсан. Энэ талаар найз залуудаа хэлэхэд тэр намайг инээлгэх гэж оролддог байсан. Харин сая чатны хариу удаан өгдөг болох талаар уурлаж хэлэхэд надтай удаан үерхмээр байгаа гэдгээ хэлж бас байнга асуудал ярьж байна, төвөгтэй байна гэж хэлсэн. Үүнийг нь сонсоод би үнэхээр өөртэйгөө ажиллах хэрэгтэй гэж бодоод хэд хоног найз залуутайгаа харьцаагүй, Фэйсбүүк ч ороогүй. Намайг бага ч болов үгүйлж, зурвас бичсэн байгаа болов уу гээд 3, 4 хоноод Фэйсбүүк ортол нэг ч зурвас ирээгүй байсан. Би гомдсон ч түүнийгээ ил гаргахгүй гэж ахиад хоёр өдөр хүлээгээд тэсэлгүй өөрөө залгасан. Утсаар ярьж байх үед тэр унтчихсан юм шиг жүжиглээд тэр нь мэдэгдээд байхад “заза тоглосон юм” гэж хэлсэн. Ахиад 1, 2 хоногийн дараа намайг залгахад дургүй байгаагаа хэлэхгүй байсан ч тэр нь мэдэгдээд байсан. Би харин аль болох яриа өдөх гэж, юу ч болоогүй юм шиг харьцах гэж хичээж байсан.

Одоо бүр надаас зугтаагаад Фэйсбүүк орохоо ч байсан. Ер нь тэр хүн надаас залхсан байвал би юу хийх хэрэгтэй байдаг юм бол оо? Би асуудлаа шийдэх гэж, дотно байх гэж хичээж байгаа нь улам л өөрөөсөө түлхээд байх шиг санагдах юм. Нэг номоос уншсан чинь “битгий араас нь гүй, өөртөө цаг гарга, битгий залга, тэр үед залуу чинь чамайг үгүйлэх болно” гэсэн утгатай зүйл байсан. Энэ асуудлыг ингээд зөнд нь хаячихвал зүгээр үү эсвэл ярилцаад салсан нь дээр юм болов уу? Надтай удаан үерхмээр байна гэж хэлсэн үг нь одоо хэвээрээ юм шиг санагдахгүй л байгаа юм. Ер нь яаж шийдвэл аль болох салахгүй байх бол?

ЗӨВЛӨГӨӨ: Хайраа илэрхийлэх байдал нь ялгаатай байж болох юм

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Юм бүхний асуудалтай талыг олж хардаг болсон байна гэсэн. Энэ нь ямар шалтгаанаас болсон бэ? Чатанд удаан хариу өгч, ганц хоёр үгээр хариулах нь чамайг санаагүй, чамд хайргүй байгааг илэрхийлэх үү? Ямар үйлдэл чамайг санаж байгаа, хайрлаж байгааг илэрхийлдэг вэ? Мөн найз залуугийнх нь хувьд ямар үйлдэл санаж байгаа, хайрлаж байгааг илэрхийлдэг юм бол оо?

Зарим хүмүүс чатаар хурдан хариу өгч, өөрт сайхан үг хэлэх үед хайрлагдаж байгаа мэдрэмж авдаг бол зарим хүмүүс бие махбодын ойр дотно байдал буюу тэврэх, үнсэх, хөтлөх, ойр байх зэргээс хайрлагдаж буй мэдрэмж авдаг. Тэгэхээр та хоёрын хайраа илэрхийлэх байдал ба түүнийг хүлээж авах байдал нь ялгаатай байж болох юм. Тиймээс яг юунаас хайр мэдэрч байна вэ?

Дээрх асуултад хариулж бие биенийхээ хайрын хэлийг ойлгож, тохирох байдлаар илэрхийлээрэй. Мөн хосын харилцаанд харилцан ойлголцол маш чухал байдаг. Ойлголцлыг ярилцах замаар бий болгох боломжтой. Харин сүүлийн үед та хоёр төдийлөн нэг нэгэнтэйгээ нүүр тулж өөрт төрж буй мэдрэмж, бодлынхоо талаар ярилцаагүй бололтой. Яарч дүгнэлт хийхээс илүүтэй найз залуутайгаа ярилцаарай. Хосын харилцааны үе болгонд тодорхой асуудлууд тулгардаг ба тухайн хүнийг асуудал гэж харахаас илүүтэй бид хоёр энэ асуудлыг хэрхэн хамтдаа даван туулах вэ гэдэг талаас нь харахыг хичээгээрэй. Гэвч энэ харилцаа нь чамд эсвэл найз залууд нь үнэхээр таалагдахгүй байгаа бол бие биенийхээ шийдвэрийг хүндэтгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Түүнд итгэсэндээ муу нэртэй болчихлоо

Сайн байна уу? Би дөрвөн сарын өмнө нэг хөвгүүнтэй үерхээд саяхан салсан юм. Би түүнд бүх сэтгэлээсээ хандаж, итгэлийг минь алдах болгонд засарна гэж хүлээж, өөрийгөө их зовоосон. Ямар ч ааш гаргасан, түүнийг нь уучлахыг хичээсэн ч тэр хүн намайг гэх сэтгэлгүйг мэдрээд салахаар шийдсэн юм.

Үргэлж л завгүй гээд надаас зугтаад байсныг нь би ойлгоогүй. Салсны дараа Фэйсбүүкийнхээ нууц үгийг сольчихсон байхаар нь хуучин найз охиных нь нэрийг бичтэл шууд орчихсон. Ингээд өөр хаяг нээгээд хуучин найз охинтойгоо харьцаж байсныг нь мэдсэн. Хэдийгээр маш их гомдсон ч үнэнийг мэдсэндээ баяртай байсан.

Надад дахин төвөг удахгүй байх гэж бодсон ч байдал маш хэцүү болж эхэллээ. Бид хоёр салахаас өмнөх хугацаанд дотно харилцаатай байсан юм. Нэг удаа видео дуудлага хийж байхад нүцгэн байгааг минь screenshot хийчихсэн байсан юм билээ. Тэр зургийг ангийнхан нь үзээд, зарим нь бүр миний зургийг хүмүүст тараагаад байгаа.

Шинэ сургуульд орж, анги хамт олонтойгоо найзалж эхлээд удаагүй байхад миний талаар иймэрхүү зүйлс тараад, ангийн хүүхдүүд мэдээд эхэлчихсэн байсан. Салсан найз хөвгүүндээ энэ талаар хэлтэл “эргүү новш, гай болоод байлгүй зайл, үхээч” гэсэн. Би хэтэрхий муу хүнтэй найзалж, тэрийг нь мэдэлгүй итгэсэндээ үнэхээр муу нэртэй болоод байна. Би яах ёстой вэ? Үнэхээр хэцүү байна. Зүгээр л үхчихвэл бүх зүйлс амар юм шиг санагдаж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Түүний үйлдэл бол ёс зүйгүй үйлдэл юм.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Чамд төдийлөн таатай мэдрэмж төрүүлдэггүй харилцаанаасаа хөндийрч өөрөө өөрийнхөө төлөө зориглон шийдвэр гаргасан нь сайн байна. Гэвч заримдаа хүмүүс хэт их сэтгэл хөдлөлд автсан үедээ сохроор шийдвэр гаргах гээд байдаг. Энэ үед ганцаараа бие дааж ямар нэгэн шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.

Бид хэн нэгэнтэй дотно харилцаатай байгаа үедээ төдийлөн хүнд үзүүлж болохгүй өөрийнхөө хувьд хамгийн эрхэм, нандин зүйлсээ хуваалцдаг. Хэдий салсан байсан ч хуучин найз хөвгүүнийх нь үйлдэл ёс зүйгүй үйлдэл юм. Юуны түрүүнд энэ талаар ээж эсвэл аавдаа хэлсэн болов уу? Хэрэв хэлээгүй бол энэ нь хэлэхэд хэцүү санагдах ч энэ талаар хэлж ярилцаарай. Тэд чиний эцэг эх учраас чамайг хамгийн сайн ойлгож, хамгаалах хүмүүс юм шүү. Энэ нь олон нийтийн хэрэгслээр тарчихсан бол чиний сэтгэл санааны байдлаас гадна нэр хүндэд нь нөлөө үзүүлж байгаа. Тиймээс үүнийг өөрөө шийдэхээс илүүтэй том хүмүүсийн тусламжтайгаар шийдээрэй. Мөн энэ талаар дүүргийн цагдаагийн газраас мэдээлэл авах боломжтой шүү.

Хуучин найз хөвгүүнтэйгээ энэ талаар ярилцах гэж хичээсэн гэж ойлголоо. Хэрэв хүсвэл чи түүнд дахин нэг боломж олгон ярилцах гээд үзвэл ямар вэ? Ингэхдээ үүнээс үүдэж чамд ямар мэдрэмж төрж байгаа, мөн ингэх нь муухай, ёс зүйгүй үйлдэл бөгөөд цаашид яах вэ гэдгийг аль болох тайван дуу хоолойн өнгөөр илэрхийлэн ярилцах гээд үзээрэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Уураа дүү нартаа гаргадаг боллоо

Сайн байна уу? Би 12 настай. Ойрдоо сэтгэл санаагаар маш их унаж, найзуудтайгаа ч дотно байхаа больж, ам нээх болгондоо хэрэлдчих гээд байдаг боллоо. Бид гурвуулаа найзалдаг байлаа. Зүү орох зайгүй гэдэг шиг л...

Гэхдээ сүүлийн үед ийм байхаа болилоо. Би тэднээс юм юмаараа дутуу дулимаг ч гэсэн намайг ойлгодог гэж боддог байлаа. Тэд намайг огт тоохоо байлаа. Зөвхөн бие биетэйгээ юм ярьж инээлдээд л... Энэ байдал надад хүндээp нөлөөлж, би ч тэдэнтэй ойлголцохоо больж, шинэ нэгнийг сонгохоор шийдлээ. Миний санаснаар би шинэ найзаа oллоо. Tэр надтай ярилцахыг ч хүсэхгүй байсан. Өмнөх найзууд минь яагаад намайг ГАДУУРХАХ болсон юм бол? Шинэ найз минь хуучин найзуудтай минь надаас ч илүү дотно хаpьцаатай байхыг харсан би намайг хэн ч тоохгүй гэдгийг ойлгож улам л дотогшоо болж сэтгэл дотор байгаа уураа дүү нартаа гаргадаг боллоо. Би шинэ найзыгаа биш хуучин найзуудыгаа буцааж авмаар байгаад байна. Tэдэнтэй ярилцмаар байна. Би яагаад найзуудтайгаа буцааж найзалж болохгүй гэж... Энэ талаар надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Бодлоо илэрхийлэхгүй бол тэд ойлгохгүй шүү дээ

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Найз нөхөд бидний амьдралд томоохон байр суурь эзэлдэг. Харилцаа болгонд үл ойлголцол гардаг бөгөөд гарахгүй байна гэсэн баталгаа ч байхгүй. Тиймээс харилцаанд асуудал гарах гээд байгаа бол дотроо бухимдаж өөрийн бодлоо өөртөө үлдээхээс илүүтэй гадагшлуулж бага багаар ярих хэрэгтэй.

Бидний сэтгэл санаа ямар байхаас шалтгаалж харилцаанд нөлөөлж байдаг. Сэтгэл санаа тогтворгүй байх үед хүрээлж байгаа хүмүүс рүүгээ таагүй уур амьсгал тараадаг. Бухимдсан ч яагаад бухимдах болов, юунаас болж гомдох болов гэх мэтчилэн өөрийн бодлоо бусдад илэрхийлэхгүй байгаагаас болж харилцааг тодорхойгүй таагүй уур амьсгалтай болгодог. Өөрийн бодлыг найзууддаа илэрхийлж гаргахгүй бол найзууд чинь чиний бодлыг уншиж чадахгүй шүү дээ. Тэд ч мөн ялгаа байхгүй харилцаанд суралцаж байгаа өсвөр насны хүүхдүүд шүү дээ. Тиймээс өөрийн мэдрэмжийг бага багаар илэрхийлж сураарай. Боломжтой бол найзууддаа өөрийн мэдрэмжийг, бодлоо хэлээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Чат бичихээр нь баярлаад, бичихгүй бол гуниглаад...

Сайн байна уу? Миний энэ захиаг уншиж буй цаг мөчийн мэнд хүргэе. Тэр нэгэн залуутай танилцаад хоёр сар гаруй болж байна. Үе тэнгийн нэгэн залуу намайг хоёр удаа чатаар үерхье гэж гуйгаад би зөвшөөрөөгүй юм л даа. Анх эхлээд их дургүй байдаг байлаа бардам зан гаргаад. Би одоохондоо үерхэх бодолгүй байгаа гэхдээ тэр хүнд дасаад байгаа болохоор яг яахаа мэдэхгүй байна. Мөн тэр залуу хайртай гэдэг атлаа огт миний дугаарыг асууж байгаагүй. Би өөрийнхөө тухай ярихаар чи минь зөв ярьдаг шүү дээ гээд л өнгөрдөг.

Тэгсэн хааяа даа нэг чат бичилцсээр байгаад яагаад ч юм дасаад байгаа бололтой. Тэр залууг үргэлж бодоод, хааяа нэг чат бичихээр нь баярлаад, чат бичихгүй болохоор нэг л гунигтай байх юм. Тэр залуу өөрөө хувьдаа бол үерхээд дуусгая гэж бодохгүй гэрлэнэ гэж боддог гэж ярьсан. Мөн зөндөө их амлалт өгсөн. Яг үнэнийг хэлэхэд тэр залуугийн энэ бүхэн худлаа юм шиг санагдаад байгаа ч дасаад байх юм. Уул нь тэр залуу намайг өөрт нь дасаад байгааг мэдэж байгаа байх.

Тэр залуу хайртай гээд гоё гоё үг хэлдэг ч гэсэн хайр сэтгэлийн асуудал дээр их хайхрамжгүй, тоомжиргүй ханддаг тал ажиглагдсан. Хааяа хэд хоногоор алга болчхоод гэнэт чат бичдэг. Тэр бүрдээ чатдаа байж л байдаг.

Надаар зүгээр л уйдаагаа гарах санаатай байгаа юм болов уу? Би тэр залууг зүгээр ингээд орхих хэрэгтэй юм болов уу? Эсвэл цаг хугацааг харах хэрэгтэй юм болов уу? Зүгээр баяртай гээд явуулах хэрэгтэй юм болов уу? Орхих гэхээр орхиж болохгүй нэг л сонин байна. Үүнээсээ болоод сэтгэл минь өвдөөд шөнө нойр хүрэхгүй, сэтгэл гутралд бараг орж байна. Өөртөө итгэх итгэл минь буурч сэтгэл нэг л тавгүй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Хүний бодлыг үнэн худал гэж тодорхойлох хэцүү

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хэн нэгний бодлыг өмнөөс нь тааварлаж бодох нь бодлын алдаа үүсгэх эрсдэлтэй. Захиан дээр бичсэн зүйлс өөрийн чинь л бодол шүү дээ. Тэр хүнийг төлөөлөх зүйл биш. Иймээс тэр хүний бодлыг яг үнэн эсвэл худлаа гэж тодорхойлох их хэцүү.

Мөн хайр сэтгэл, шохоорхол, үерхэлд ингэх ёстой, тэгвэл бүтнэ гэсэн зааварчилгаа байдаггүй. Хоёр талаас хамаарах харилцаа шүү дээ. Энэ нөхцөл байдалд өөрийн зүгээс юу хийх боломжтой вэ гэдэгт анхаарсан байхад хангалттай. Түүнтэй харилцаж байгаа хүн нь чи өөрөө шүү дээ. Энэ ойлгомжгүй байдлыг тодорхой болгох үүднээс асуулт түүнээс асуусан ч болно. Хэрэв асууж чадахгүй бол байдлыг ажиглаж ч болно. Эцсийн шийдвэрийг чи өөрөө л гаргана. Өөрийн зүгээс хийж чадах зүйлийг хийсэн байхад харамсах зүйл байхгүй шүү дээ.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Өөрт нь хайртай хүнийг хайрлаж чадах байх гэж бодсон гэсэн

Сайн байна уу? Танай баг хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Би оюутан юм л даа. Ангийнхаа найзыгаа крашладаг байсан юм. Тэр хүүхэд ч бас надад сайн юм шиг мэдрэмж төрдөг байсан. Хөл хорио тавигдсанаас хойш байнга чат бичээд, надад өөрийнхөө тухай яриад л, миний тухай мэдмээр байна гээд л. Удалгүй би түүнд сайн гэдгээ хэлтэл тэр ч бас надад сайн гээд бид хоёр үерхсэн.

Дараа нь намайг юм хэлэх болгонд гомддог болсон. Нэг өдөр жаахан муудалцаад надад хайргүйгээ, өөртөө хайртай хүнийг хайрлаж чадах байх гэж бодсон, гэхдээ чадахгүй байгаа талаараа хэлсэн. Тэр үг нь худлаа ч юм шиг. Эсвэл би зүгээр тэгж итгэхийг хүссэн юм болов уу? Би түүнд хайртай, санаж байгаа юу гэхээр үгүй ч юм шиг. Яг яагаад байгаагаа мэдэхгүй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Ярилцаад хамтын шийдвэрт хүрээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Дараагийн удаа захиа бичих бол дэлгэрэнгүй бичээрэй. Үерхлийн харилцаа хоёр талаас хамааралтай. Нэг талаас л хамаарах боломжгүй. Үнэхээр эргэлзсэн зүйл байгаа бол хэлсэн үг чинь үнэн үү гэж асуусан ч болно.

Тодорхойгүй байдлыг тодорхой болгох шууд арга зам нь асуух. Бие биендээ мэдрэмжээ нуухгүйгээр хэлэх нь бат бэх харилцааг бий болгож байдаг. Хэт ойлгомжгүй байх нь харилцааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болгодог. Үүнээс урьдчилан сэргийлэх арга зам нь ярилцах мөн асуух явдал юм. Хэрэв эсрэг тал ярилцахыг, хариулахыг хүсэхгүй байгаа бол түүнд боломж олгоод хүлээж болно. Хэрэв энэ байдал цаашид ч үргэлжлээд байвал эрүүл хосын харилцаа бий болж чадахгүй. Тиймээс энэ нөхцөл байдлын талаар ч ярилцаад хамтын шийдвэрт хүрээрэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter