Компьютерийн шинжлэх ухаанд үнэтэй ХУВЬ НЭМЭР оруулсан эмэгтэйчүүд


Б. Мөнхгэрэл | YOLO.MN
2021-01-27

Компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи гэдэг үгийг сонсоход ихэнх хүмүүсийн төсөөлөлд нүдний шилтэй эрэгтэйчүүд буудаг болов уу. Тэгвэл энэхүү салбар хөгжиж, өнөөгийн түвшинд хүрэхэд эмэгтэйчүүд ч мөн тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Ингээд дараах нийтлэлээрээ мэдээлэл технологийн салбарт нэрээ гаргасан зургаан эмэгтэйн талаар танилцуулж байна. 

1. ДЭЛХИЙН АНХНЫ КОМПЬЮТЕР ПРОГРАММИСТ - АДА ЛАВЛЕЙС

Ада Лавлейс (1815–1852) багаасаа л математикт дуртай нэгэн байжээ. Тэрээр анхны компьютер болох аналитик хөдөлгүүр дээр тооцоолол хийн ажиллах боломжтой кодуудыг боловсруулж байв.

2009 оноос хойш жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн мягмар гарагийг шинжлэх ухаан, технологи, инженер, математикын салбарын шилдэг эмэгтэйчүүдийн ололт амжилтыг тэмдэглэхээр Ада Лавлейсийн өдөр хэмээн тэмдэглэх болжээ. 

2. КОМПЬЮТЕР ПРОГРАМЧЛАЛЫН АНХДАГЧДЫН НЭГ - ГРЕЙС ХОППЕР

Грейс Хоппер (1906-1992) нь АНУ-ын Тэнгисийн цэргийн адмирал бөгөөд Харвардын Mark I компьютерийг бүтээсэн программистуудын нэг байжээ. Грейс компьютерийн программын хэл зохион бүтээх ажилд өндөр амжилт гаргасан. 1944 онд тэрээр компьютерийн үндсэн үйл ажиллагааны зарчмуудыг нарийвчлан харуулсан автомат тооцоолуурын 500 хуудас бүхий гарын авлагыг бүтээжээ.

Грейс мөн англи хэл дээрх зааврыг компьютерийн зорилтот хэл рүү хөрвүүлдэг завсрын програм болох хөрвүүлэгчийг зохион бүтээсэн.

Жил бүр технологийн салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүд “Grace Hopper Celebration” нэрийн дор цугларалт зохион байгуулдаг билээ. 

3. САНСРЫН ТООЦООЛЛУУДЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭДЭГ - КЭТРИН ЖОНСОН

Кэтрин Жонсон бол 2016 онд бүтээгдсэн "Hidden Figures" хэмээх кинонд дүрээ мөнхөлсөн эмэгтэйчүүдийн нэг юм. Баруун Виржиниагаас гаралтай Кэтрин Жонсон нь НАСА-гийн анхны африк-америк гаралтай эмэгтэй эрдэм шинжилгээний ажилтан юм. Тэрээр НАСА-гийн 1969-1988 онд хөөргөсөн сансрын хөлгүүдийн нислэгийн тойрог замын тооцоолол, сар луу ниссэн Apollo хөлгийн тойрог замын механик тооцооллыг хийж НАСА-ийн түүхэнд бичигдсэн гайхалтай математикч, физикч юм.

2015 онд тэрээр Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонг хүртсэн билээ.

4. СИСТЕМИЙН ИНЖЕНЕР - МАРГАРЕТ ХЭМИЛТОН

Маргарет Хэмилтон бол Америкийн компьютерийн шинжлэх ухаанч, системийн инженер бөгөөд НАСА-гийн програм хангамжийн ахлах инженерээр ажиллаж байжээ. 

Тэрээр Аpollo 11 хөлгийн програм хангамжийг боловсруулсан нэгэн бөгөөд 1969 онд тус хөлөг саран дээр газардахад блокуудын нэг нь буруу байрлалтай байсан ч хяналтын програм үүнийг олж илрүүлснээр тэд амжилттай газардсан гэдэг. Үүнээс гадна тэрээр "Программ хангамжийн инженерчлэл" хэмээх нэр томьёог үндэслэсэн гавьяатай бүсгүй юм. 

Тэрээр 2016 онд шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийнхээ хариуд Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонг хүртсэн билээ.

5. АДЕЛЬ ГОЛДБЕРГ

Мэдээллийн технологийн түүхийн нийгэмлэгээс мэдээлснээр Адель Голдберг нь Smalltalk-80 хэмээх програмын хэлийг бий болгоход гүн туслалцаа үзүүлсэн аж. 

Голдберг 1984-1986 онд Тооцооллын төхөөрөмжийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2014 оноос хойш Хайделбергийн онолын судалгааны хүрээлэнгийн Шинжлэх ухааны зөвлөх хорооны гишүүнээр ажиллаж байна.

6. СТЕФАНИ ШИРЛИ

Стефани Ширли нь Freelance "Programmers" хэмээх програм хангамжийн компаниа ажиллуулснаар Мэдээллийн Технологи, компьютерийн програмчлалд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг ахиулсан гавьяатай нэгэн хэмээн тооцогдож байгаа билээ. 1962 онд байгуулагдсан энэхүү компани анх зөвхөн эмэгтэйчүүдийг ажиллуулдаг байжээ. 

Өнөөдөр Ширли өөрийн сангаар дамжуулан хүмүүнлэгийн ажилд, тэр тусмаа мэдээллийн технологийн холбогдолтой олон төслүүдэд хувь нэмрээ оруулж байна. 

Эх сурвалж: Purdue Global University

#Сонин хачин #Мэдэхэд илүүдэхгүй