Мэргэжил сонголт: ПРОГРАММИСТ-Тасралтгүй хөгжих ирээдүй


О.Дорж | YOLO.MN
2019-11-17

Yolo.mn сайтын хамт олон уншигч залуустаа МЭРГЭЖИЛ СОНГОЛТын талаар цуврал ярилцлага хүргэх гэж байгаа билээ. Ингээд цувралын эхний дугаараар мэргэжлээрээ 6 жил ажилласан туршлагатай "Монгол Контент" ХХК-ийн Ахлах программист М. Цэцэнцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр хамгийн сүүлд програм хангамжийн инженерүүд, тэдгээрийн нэгдэл, хамтдаа өсөн хөгжих боломжийг олгох "Clean Code" арга хэмжээнд зочин илтгэгчээр оролцсон билээ. Ийнхүү залуус мэргэжлээ хэрхэн зөв сонгох, түүний мэргэжлээ сонгож байсан түүх болон мэргэжлийнх нь талаар ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу. 


YOLOТаны програм хангамжийн инженер мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу вэ? Та өөрөө мэргэжлээ сонгосон уу? Эсвэл өөр хүчин зүйлс нөлөөлсөн үү?

- Би мэргэжлээ өөрийнхөө хүслээр сонгосон. Анх мэдээлэл зүйн хичээл дээр програмчлалын талаар хичээл орж эхлэхэд надад их сонирхолтой санагдаж байсан учир ирээдүйд энэ чиглэлээр ажиллах шийдвэр гаргаж байлаа. Дараа нь дунд сургуулиа төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн салбар сургууль болох Компьютер техник, менежментийн сургуульд орсон. Миний бодлоор мэргэжил сонгох үйл явц аль эртнээс л эхлэх ёстой. Хүүхэд бүх зүйлийг туршиж, өөрийн гараар хийж, бие сэтгэлээрээ мэдэрсний дараа л тэр олон зүйлсээс өөрийн хийх дуртай зүйлийг олж, сайтар тунгааж байж мэргэжлээ сонгох хэрэгтэй. Миний хувьд нэгдүгээрт энэ мэргэжилд би өөрөө их сонирхолтой байж таарсан. Хоёрдугаарт програм хангамжийн инженер гэдэг мэргэжлийн эрэлт тухайн үед өсөж байсан зэрэг бүхий л тохиргоо бүрдсэн байсан учир эргэлзэх зүйлгүйгээр сонгож байсан даа. 

YOLO: Хүмүүс тэвчээртэй хүн л эмч болж чадна гэж ярьцгаадаг шүү дээ. Таны бодлоор ямар зан ааштай хүнд таны сонгосон мэргэжил илүү тохирох бол?
- Шинийг эрэлхийлсэн, тасралтгүй суралцдаг, суралцахгүй бол санаа нь амардаггүй хүмүүст илүү тохирох байх. Гэвч хүн өөрөө сонирхолтой бол хичээл зүтгэл гаргаад юуг ч хийх боломжтой. 
YOLOТэгвэл програм хангамжийн инженер болоход ямархуу ур чадварууд шаардагддаг вэ?
- Миний мэргэжил логик сэтгэлгээ, аливаа зүйлийг хурдан сурах, судлах зэрэг чадваруудыг ихээхэн шаарддаг. Энэхүү салбар өдөр хоногоор бус минут секунд тутамд хувьсан өөрчлөгдөж байна. Биднийг өглөө бүр сэрэхэд хэдэн арван шинэ технологиуд нээлтээ хийсэн байдаг. Тиймээс нээлтээ хийсэн технологи бүрийг эзэмшиж дадахыг шаардана. Их сургуулиа төгсчихөөд л "Сураад дуусчихлаа" гэж бодож байвал энэ нь хамгийн том эндүүрэл юм. Бид байнга л шинэ зүйлийг судалж, шинэ чадваруудыг эзэмших шаардлагатай нүүр тулгарч байна. 


YOLOМэргэжлийнхээ давуу болон сул талаас дурдвал?
- Миний ажлын хамгийн том давуу тал бол хийсэн ажлын үр дүн шууд нүдэнд харагдах явдал юм. Жишээлбэл Gogo.mn сайтын хөгжүүлэлтэд ажиллахад хийсэн шинэчлэлүүд маань бүх уншигч, хэрэглэгчдэд шууд хүрдэг. "Энэ чинь миний бүтээл шүү дээ" гээд л бахархмаар сэтгэгдэл төрдөг нь миний ажлын бас нэгэн давуу тал юм.
Ганц сул тал нь удаан хугацаагаар ажиллах шаардлага гардаг. Жишээлбэл бизнесийн чухал ач холбогдолтой ажлуудад тодорхой хугацаа зааж өгдөг. Энэ тохиолдолд ажлаа заасан хугацаанд нь бэлэн болгохын тулд шөнө оройн цагаар ч хамаагүй сууж байгаад ажлаа дуусгах шаардлага гардаг. Тиймээс гэр бүлээсээ холдох гээд байдаг талтай. Мөн суугаа ажил учир хөдөлгөөний дутагдалд орох аюултай.

YOLOТаны хувьд хөдөлгөөний дутагдлаас хэрхэн сэргийлдэг вэ?
- Би спортоор тогтмол хичээллээд байдаггүй ч ажил дээр цайны цагаараа 30 минут ширээний теннис тоглодог. Ер нь спортоор сайн хичээллэж байх хэрэгтэй. Өглөө бүр гүйж, амралтын өдрөөр ууланд гарч байх нь хөдөлгөөний дутагдлаас тодорхой хэмжээнд сэргийлнэ.

YOLOЭнэ чиглэлээр аль улсад сурвал чадварлаг боловсон хүчин болох вэ?
- Мэдээж техник технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Америк, Япон, Хятад зэрэг улсад шинэ шинэ технологиудынх нь дэргэдээс суралцвал илүү их дадлага туршлага хуримтлуулах боломжтой. Гэвч сайн боловсон хүчин болохын тулд та бүхний аль улсад эрдмийн зэрэг хамгаалснаас үл хамааран дадлага туршлага л их нөлөөлдөг гэж хэлж болно. Манай ажилд Турк улсад боловсрол эзэмшсэн хүн байдаг. Би өөрөө Энэтхэг улсад сургуулиа төгссөн. Миний хувьд гадаадад сурсан болон Монголдоо сурсан ажилтнуудын хооронд тийм ч их ялгаа харагддаггүй. Энэ нь манай улсад ч програм хангамжийн чиглэлээр сайн боловсон хүчин бэлтгэдэг болсныг харуулж байгаа юм. 


YOLO: Та ажлаа хийж байхдаа юу мэдэрдэг вэ? Мөн ажлын цаг тань хэр хурдан өнгөрдөг вэ?

- Ажлын цаг маань хурдан өнгөрдөг. Ажил овоороход нэг их таатай мэдрэмж төрдөггүй. Харин төсөл, их ажлын ард гарах мэдрэмж бас л сайхан. "Өнөөдөр энэ ажлыг яг дуусгана даа" гээд суухаар нэг л мэдэхэд ажил тарах цаг болчихсон байдаг. 

YOLO: Тэгвэл энэ мэргэжлээр хэрхэн шилдэг ажилтан болох вэ?

- Онолын суурь мэдлэг дээр үндэслэн практик дадлага туршлага хуримтлуулах нь шилдэг ажилтан байхын үндэс юм. Мөн байнгын суралцаж, шинийг эрэлхийлж, аливааг олон өнцгөөс харж чаддаг хүн чадварлаг мэргэжилтэн болох боломжтой. Бидний дунд "Ажлын талбарт гараад сургуульд заасан зүйл хэрэг болдоггүй" гэсэн ойлголт байдаг. Энэ бол маш буруу. Сургуульд онолын "цэгцтэй" мэдлэг олж авах нь тухайн шинжлэх ухааны мөн чанарыг ойлгуулж өгдөг. Дан практик дээр өөрөө оролдож байгаад сурсан бол "хайрцаглагдах" тал байдаг.

YOLOТа өөрийнхөө болохыг хүсэж байсан "тэр" хүн болж чадсан уу?
- Өмнө нь өөрийгөө судалгаа шинжилгээний чиглэлийн хүн болох байх даа гэж боддог байлаа. Харин одоо "бүтээдэг" хүн болчихсон байна шүү дээ. Тэгэхээр ирээдүй гэдэг тааварлашгүй зүйл юм. Ямар ч үйл явдал тохиолдож, сонирхол яаж ч өөрчлөгдөж болдог байх нь.

 


YOLO: Сүүлийн үед энэ салбарын эрэлт хэрэгцээ хэр их байна вэ?

- Техник технологи хөгжиж, шинэ шинэ бүтээлүүд гарах тусам боловсон хүчний эрэлт өсдөг. Гар утас, таблет, компьютер зэрэг шинэ нээлтүүд гарч, олон тоогоор үйлдвэрлэгдэж, хүн бүрийн хэрэгцээ болж байгаа нь тэдгээр төхөөрөмжүүд дээр гарсан асуудлыг шийдвэрлэх, цааш нь хөгжүүлэх зэрэг шаардлага гарч байна гэсэн үг юм. Дэлхийн томоохон технологийн компаниуд байрлах "Цахиурын хөндий" энэ салбарын боловсон хүчин байнгын дутагдаж байгааг мэдэгддэг. Мөн Япон улсад л гэхэд сүүлийн жилүүдэд хөгшрөлт эрчимтэй явагдаж байгаа тул IT-н чиглэлээр ажиллах шинэ залуу боловсон хүчнийг эрэлхийлж байна. Цаашид ч энэ салбарын эрэлт хэрэгцээ улам нэмэгдэх хандлагатай байгаа. Монголчууд ч мөн дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах гэж хичээж яваа. Байгууллага бүрд "IT инженер" хэмээх орон тоо бий болж, гарааны бизнесүүд нэмэгдэж, дотоодын технологийн томоохон компаниуд цар хүрээгээ тэлж байгаа тул энэ салбарт ажиллах хүчний дутагдал бий болсон. 

YOLOТа Монгол улсын технологийн ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

- Технологийн салбар бол Монгол улсын хувьд харьцангуй шинэ салбар. Одоогийн байдлаар "гараа" хэсэгт л явж байна. Гэвч бидэнд улсынхаа програм, техник технологийн салбарын ирээдүйг өөдрөгөөр харах боломж бий. Нэгдүгээрт энэ салбарын мэргэжилтнүүд хоорондоо нэгдэж ажиллаж чадахгүй байна. Хоёрдугаарт энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүсийн ихэнх нь онолын чиглэлээр ажилладаг. Практик дээр мэргэшсэн хүмүүс ховор байдаг гэх үү дээ. Энэ салбарт хамгийн чухалд тооцогдох зүйл болох туршилт хийж шинэ нээлт гаргах үйл явц бүгд практик дээр явагддаг. Энэ салбарын хөгжил нь шинэ бүтээлүүдээр л тодорхойлогддог. Арваас дээш жил дадлага туршлага хуримтлуулсан хүмүүс олон байх тусмаа энэ салбарыг хөгжүүлэх боломж төдий чинээ хурдан нээгдэнэ.

 


YOLO: Өнөө цагт дэлхий нийтээрээ автоматжиж, роботчилогдож байна. Энэ хэрээр ирээдүйд зарим мэргэжлүүд устана гэсэн таамаглал гараад эхэлсэн. Тэгвэл таны мэргэжил ирээдүйд устах болов уу? Эсвэл хүний тархиар л хийх боломжтой мэргэжил юм уу?
- Манай мэргэжлийн хувьд хоёр талтай. Автоматжуулна гэдэг нь олон дахин давтагддаг механик ажлуудыг роботоор хийлгэхийг хэлж байгаа юм. Харин тэр автоматжуулалтыг нь манай мэргэжлийнхэн хийдэг. Өөрөөр хэлбэл бид чинь ирээдүйд өөрийнхөө хийх ажлуудыг автоматжуулаад байгаа хүмүүс. Гэвч нөгөө талаасаа хүний толгой ажиллах зүйл энэ салбарт маш их байдаг. Тодорхой механик ажиллагаа ихтэй ажлуудыг автоматжуулах нь зөв бөгөөд сэтгэх ажлыг хүн хэзээд өөрөө хийх ёстой гэж үздэг.

YOLO: Та мэргэжлээ 3 үгээр тодорхойлбол?
- Тасралтгүй хөгжих ирээдүй.

YOLO: Та Програм хангамжийн инженер мэргэжлийг сонгоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байсан бэ?

- Их сонин асуулт байна. Би программ хангамжийн инженер болоогүй байсан бол аниматор (дүр зохион бүтээгч) болох байсан байх.

YOLOБидэнтэй ярилцсан танд баярлалаа.
- Урьж оролцуулсанд баярлалаа. 

#Мэргэжил #Career