Идэвхгүй болсон өөрийгөө ЦЭНЭГЛЭХ таван арга


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-12-08

Хийх ёстой зүйлс олон хэдий ч өдөр хоногууд тэгсхийгээд л өнгөрч, төлөвлөсөн ажлуудаа дуусгаж чадахгүй ахин нэг маргааштай золгох үе бидэнд цөөнгүй тохиолддог. Тэр тусмаа танил бус амьдралын хэв маягт шилжин орж, арай өөр нөхцөлд дасан зохицохыг хичээж буй энэ цаг үед ямар ч эрч хүчгүй болж орхисон мэт санагдаж байж болох юм.

Гэвч аливааг хиймээр санагдахгүй байсан ч өөрийгөө босгоод хийж чаддаг нэгэн амжилтад хавьгүй хурдан хүрдэг. Тийм ч учраас бид өөрсдийгөө цэнэглэж, унтаа байдлаасаа сэрээж, босгож сурах нь чухал. Амьдралаа шинээр эхлүүлэхэд бидэнд заавал ахин нэг даваа гараг, ахин нэг шинэ жил эсвэл төлөвлөгч дэвтрийн шинэхэн хуудас хэрэггүй. Тиймээс дараах таван аргыг туршаад үзэхийг зөвлөж байна.

1. АМЬДРАЛЫН ХЭМНЭЛЭЭ ӨӨРЧИЛ

Таны өдөр хэзээ эхлээд, хэзээ дуусдаг вэ? Дөнгөж сэрсэн даруйдаа утсаа оролдох дуртай юу? Сэрсэн байсан ч орноосоо босолгүй хэр уддаг вэ?

Угтаа амьдрал бол бидний бүтээсэн жижигхэн дадал зуршлуудын нийлбэр гэдэг. Тиймээс аль болох зөв, эрүүл дадал зуршлуудыг бүтээж байх нь нэн чухал. Тэр тусмаа амралт, унтлагын цагаа зохицуулж сурах нь таны үр дүнтэй хийгээд бүтээлч байдалд шууд нөлөөлдөг.

Хэрэв нэг их зүйл хийгээгүй байсан ч өдрийн туршид ядарсан санагдаад, үр бүтээлтэй байж чадахгүй байгаа бол та хамгийн түрүүнд өглөө болон оройныхоо хуваарийг өөрчлөөд үзээрэй. Жишээ нь үд хүртэл унтаад, шөнөжин ажлуудаа амжуулчхаад бараг л үүрээр унтдаг бол ихэнх үед таны бие хийгээд тархи бүрэн амарч амжаагүйн улмаас өдөржин эрч хүчгүй байх нь олонтаа.

Хаанаас эхлэхээ сайтар мэдэхгүй байвал өөрийн биологийн цагтаа тохируулан тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрж хэвшихийг анхныхаа алхам болгоорой. Харин шөнө сайн амрахын тулд унтахаасаа 7-8 цагийн өмнөөс хэт чихэрлэг зүйл болон кофе хэрэглэхээс татгалзаж, 1 цагийн өмнөөс цэнхэр дэлгэц ширтэхгүй байхыг хичээгээрэй.

2. ОРЧНОО СОЛЬ

Хэрэв та хичээл эсвэл ажлаа яг нэг л өрөөнд, нэг л ширээн дээр маш удаан хугацааны туршид хийж ирсэн бол байршлаа солиод үзээрэй. Гэвч заавал том өөрчлөлт хийж, гадагшаа гарч эсвэл шинэ байшин сонгох албагүй. Магадгүй өрөөнийхөө арай өөр хэсэгт, эсвэл ширээнийхээ арай өөр талд суугаад үзсэн ч болох юм.

Хэрэв байршлаа солих боломжгүй бол ширээгээ эсвэл өрөөгөө арай өөрөөр тохижуулаад үзээрэй. Номуудаа баруун талдаа байрлуулсан байсан бол энэ удаад зүүн талдаа тавиад үз. Цонхны тавцан дээрээ байдаг цэцэгсийн нэгийг авчраад тавьсан ч болно.

Ийнхүү орчиндоо өөрчлөлт хийх нь танд илүү шинэлэг мэдрэмж өгөхөөс гадна байнгын ижил зүйлд дасаж орхисон тархийг тань сэргээх юм.

3. ТАРХИА ЦЭНЭГЛЭ

Шинэ сонирхолтой мэдээлэл, мэдлэгээр бидний тархи үргэлж цангаж байдаг. Харин хангалттай хооллож, цатгаж чадахгүй бол сүүлдээ хүлээж авахдаа ч дургүй болчихдог аж. Тиймээс зөвхөн сурах ёстой эсвэл хийх хэрэгтэй зүйлсээсээ гадна мэдэхийг чин сэтгэлээсээ хүсдэг, өөрийнхөө сонирхдог зүйлсээ өдөр бүр гүнзгийрүүлэн судлаарай.

Бид техник технологийн хөгжлийн эрин зуунд амьдарч буй тул шинийг сурах хүсэл л байхад боломж нь хаа сайгүй байдаг болжээ. Үүний хамгийн том жишээ нь интернет орчин. Жишээ нь та SAT-гийн шалгалтад бэлдэхийг хүсэж байвал KhanAcademy сайтад шат шатны сурагчдад зориулсан системчилсэн сургалт үнэ төлбөргүй байршсан байдаг бол YouTuber болохыг хүсэж байвал Skillshare сайтад үүнтэй холбоотой видео хичээлүүд ч хэд хэдээрээ байдаг.

4. БИЕЭ ЦЭНЭГЛЭ

Бидний насан туршдаа орхин явж чадахгүй цорын ганц гэр бол бидний бие махбод хэмээдэг. Тийм ч учраас сайтар хамгаалж, арчилж байх нь хамгаас чухал байдаг.

Өдрийн гуравны нэгийг бид унтаж өнгөрөөчхөөд сэрүүн байх хугацаандаа харин ихэнх цагаа ширээний ард өнгөрөөдөг. Тиймээс дунд нь их бага хэмжээний хөдөлгөөн огт хийхгүй бол бие хөшиж, зүгээр суухад ч тухгүй мэдрэмж төрж эхэлдэг. Энэ нь мэдээж таны бүтээмжтэй байдалд төдийгүй сэтгэл санаанд ч сөргөөр нөлөөлөх болно.

“Эрүүл биед саруул ухаан” хэмээдэг шүү дээ. Насаараа амьдрах “гэр”-ээ сайтар хайрлаж, хааяа ч болтугай хөдөлгөөн хийж цэнэглэж байгаарай. Хийхийг хүсэхгүй байсан ч өөрийгөө жаахан шахаад тогтмол хөдөлгөөнийг зуршил болгочихвол энэ нь таны өөртөө хийж болох хамгийн том хөрөнгө оруулалт болох юм шүү.

5. СЭТГЭЛЗҮЙДЭЭ АНХААР

Юу ч хийсэн сайтар төвлөрч чадахгүй, хийх ёстой зүйлийнхээ төгсгөлийг үзэлгүй хаячхаад байх үе танд ч бас цөөнгүй тулгарч байна уу? Үүний хамгийн том шалтгаан нь сэтгэлзүйн тогтворгүй байдал болон хатуужилд хангалттай суралцаагүйгээс болдог аж. Амжилтын томьёо нь ердөө л хатуужил хийгээд хичээл зүтгэл байдаг.

Гэвч бидний бие үүрд зогсолтгүй ажиллаж дийлэх робот машин биш шүү дээ. Ямар нэг байдлаар завсарлага авч, тэр хугацаандаа өөрийгөө цэнэглэж, цааш улам хурдтай урагшлах хүчээ базаах учиртай. 

Дотоод сэтгэл тань ядарчихсан бол хэдэн ч цагийн нойр хангалтгүй байдаг гэдэг. Тиймээс өөртөө заавал цаг гарган, сэтгэлээ ч мөн цэнэглэж сураарай. Хамгийн сүүлд хайртай хүмүүс рүүгээ хэзээ түрүүлж залгаж ярьсан бэ? Хэзээ хамгийн сүүлд дуртай киногоо, хайртай дуугаа чин сэтгэлээсээ шимтэн сонирхсон бэ? Долоо хоногт нэг удаа ч болов зөвхөн өөртөө цаг төлөвлөж, дундарсан цэнэгээ дүүргэж аваарай. Танд амжилт хүсье!

#Зөвлөгөө #Хувь хүн #Өөрчлөлт