ЗАХИДАЛ: Арванхоёрдугаар сарын захидлын хариу №1


ССҮТөв | YOLO.MN
2020-12-04

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Салах гэхээр би түүнд хайртай юм аа...

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Би найз хөвгүүнтэйгээ үерхээд 1 жил 2 сар гаран болж байна. Төгсөөд гадаад руу явж сурах бодолтой байгаа. Гэтэл сүүлийн үед 4 жил хол байх хэцүү санагдаж салмаар санагдах боллоо. Тэр бодлоосоо болоод муухай ааштай, түргэн ууртай болчихсон байх юм. Яавал дээр вэ? Салах шийдвэр гаргана гэхээр түүнд би хайртай юмаа.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө битгий буруутгаарай

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Хэдий хайртай ч хол зайны үерхлээс айж байна гэж ойлголоо. Найз хөвгүүндээ хол зайн үерхэлд бэлэн биш гэдгээ хэлсэн болов уу? Юун түрүүнд найз хөвгүүндээ энэ талаар хуваалцаарай. Найз хөвгүүнийхээ бодлыг сайн сонсоорой.

Хосын харилцаанд хоёр талын харилцан тохиролцсон шийдвэр чухал байдаг. Мөн хол зайн үерхлийн талаар чиний санааг зовоож байгаа шалтгаанууд юу вэ? Өөрөөр хэлбэл яагаад хол зайн үерхэл хэцүү санагдаж байгаа вэ? Тэр шалтгаануудаа тодорхойлсны дараа тухайн асуудлыг яаж шийдэж болох талаар хамтдаа ярилцаарай.

Мөн хол зайн үерхэлд бэлэн биш, энэ зүйлийг хүсэхгүй байж болно шүү дээ. Тиймээс энэ бодлоосоо болж өөрийгөө битгий буруутгаарай. Өөрийнхөө бодлыг, мэдрэмжийг чөлөөтэй илэрхийлэхийг хичээгээрэй. Найз хөвгүүндээ тайлбарлаж хэлээд цаашдаа яах вэ гэдэг талаар ярилцахад л болно. Үүний дараагаар хол зайн үерхэлд юуг анхаарах талаар интернэтээс мэдээлэл уншиж, судалж нэгэнтэйгээ хуваалцаж болох юм.

Муухай ааштай, түргэн ууртай болоод байгаа нь зөвхөн хол зайн үерхэл хэцүү санагдсанаас болсон уу? Өөрөөсөө дахиад асуугаад үзээрэй. Салах шийдвэр ч мөн адил зөвхөн хол зайн үерхлээс шалтгаалж байгаа юу? Аливаа асуудлыг шийдэж чадахгүй, аль нэгийг нь сонгож чадахгүй байх үед бодлын тэмдэглэл хөтлөхийг санал болгож байна. Жишээ нь: Салах уу эсвэл хол зайнаас үерхэх үү? Дэвтрээ хоёр хэсэг хуваагаад шалтгаан, хүсэл, зорилго, аль нэг шийдвэрийг гаргаснаар ямар давуу талтай болон эрсдэлтэй гээд өөрт бодогдож байгаа бүхнээ бичээрэй. Энэ нь чамд шийдэж чадахгүй байгаа асуудлаа том зургаар харахад туслах юм. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Ийм ойрхон ирж болдог юм уу? 

Сайн байна уу? Би 13 настай. Миний биений юм 12 хүрээд удаагүй байхад ирсэн юм. Зун хөдөө аав, ээж, эгч ч байхгүй ах, дүү нартайгаа байсан юм л даа. Тэгэхэд би ямар ч мэдлэггүй байсан. Хотод ирээд яг бодоод үзсэн чинь сард яг ирээд байсан учраас ойлгосон. Тэхдээ л ирсэн өдрийг нь тэмдэглэдэггүй байсан юм л даа. (Анхандаа өвчин гэж айдаг байсан юм) Өнөөдөр 2020 оны 11-р сарын 22. Миний биений юм сард 2 ирдэг болоод удаж байна. Мөчлөгөө мэддэггүй. Угаасаа тогтмол биш л дээ. Сард 1 ирдэг болохоор тоодоггүй байсан юм. 

Одоо бол 11-р сарын 1-нд ирсэн. Өнөөдөр 11-р сарын 22-нд ирчихлээ. Яах ёстой вэ? Ийм ойрхон ирж болдог юм уу? Би бассейнд явдаг л даа. 10-р сарын 1-нээс сургууль хэвийн ордог болсноос хойш ажлын өдөр явж амжихгүй хагас сайнд явдаг болсон. Бүтэн сайнд явах гэхээр ирчихдэг. Дараа долоо хоногийг өнжөөд тэрний дараа долоо хоногт дахиад л ирчихнэ. Яах ёстой юм болоо? Би үнэндээ яах ёстойгоо мэдэхгүй байна. Зөвлөгөө өгнө гэж найдъя.

ЗӨВЛӨГӨӨ: Шийдэл нь ойр дотныэ хүндээ хэлж тусламж авах 

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Өсвөр насанд бие махбод болон сэтгэл зүйн байдалд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд явагддаг. Харин охидод сарын тэмдэг ирж эхэлдэг. Энэ нь хэвийн зүйл юм. Энэ тухайгаа ээждээ эсвэл эгчдээ хэлсэн үү? Мэргэжлийн эмч нарын үзэж байгаагаар эхний 1-2 жилд сарын тэмдэг тогтворгүй байдаг гэдэг ч энэ нь удаан хугацаанд үргэлжлэх нь хэвийн үү үгүй юу гэдгийг мэргэжлийн охидын эмчтэй уулзаж, зөвлөгөө авч байж мэдэх боломжтой.

Чиний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь ээж, эгч, таньдаг эгч, хамаатны эгч гээд итгэдэг насанд хүрсэн хүнд энэ талаараа хэлэх юм. Чиний санааг зовоож байгаа асуултуудынхаа талаар мөн мэргэжлийн охидын эмчид хандах хэрэгтэй эсэх талаар ярилцаарай. Мөн сарын тэмдэг бол ерөөсөө ичих, санаа зовох асуудал биш бөгөөд чиний мэдэж байгаачлан өвчин биш юм. Энэ бол хэвийн зүйл бөгөөд бүх л охид, эмэгтэйчүүдэд тохиолддог гэдгийг дахин хэлмээр байна. Хэрвээ чи ойр дотнын хүндээ хэлэхээс ичиж, санаа зовж тэрнээс болоод асуудлаа хэлж чадахгүй ганцаараа бодоод л байх юм бол санаа зовнил улам л ихэснэ. Шийдэл нь ойр дотнын хүндээ хэлж, асууж, тусламж авах юм шүү.

Мөн охидод зориулсан сарын тэмдэг хөтлөлтийн аппликейшн татаж болно. Тэнд сарын тэмдгийн талаар охидын мэдэх хэрэгтэй мэдээллүүдийг оруулсан байдаг. Тухайлбал “Oky”, “Women’s period” гэх аппликейшнүүлийг ашиглах боломжтой. Энэ нь чамд сарын тэмдгийн мөчлөгөө тэмдэглэхэд туслах юм. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун 


АСУУДАЛ: Орой бүр кино шиг зүйлийг төсөөлдөг

Сайн байна уу? Би 18 настай. Би энэ тухай анх удаа бичиж байгаа бөгөөд хариулт олж чадна гэдэгт итгэлтэй байна. Яг хэзээнээс эхэлсэн гэдгийг сайн мэдэхгүй ч 16 настайгаас болов уу гэж бодож байна. Би тийм энгийн хүн биш, алдартай ч юм уу эсвэл хүмүүс миний зургийг авдаг, хаа ч явсан араас дагаж явдаг гэдэг бодол үргэлж надад байдаг. Тэгээд үгүй ээ би бол жирийн л нэг хүн, ямар ч алдартан шиг биш, хүч чадалгүй энгийн нэгэн гэж өөртөө хэлэхээр сэтгэлээр унадаг. Магадгүй энэ сэтгэцийн өвчин үү? Бараг ингээд бодоод явбал илүү өөртөө итгэлтэй байж чаддаг юм шиг ээ. 

Би өөрөө төсөөлөл үнэхээр сайтай хүн л дээ. Тэгээд орой бүр төсөөлөлдөө кино шиг зүйлсийг төсөөлж, өөр өөр дүрээр янз бүрийн амьдралаар өөрийгөө амьдарч байна гэж төсөөлж тэрнээсээ кайф авдаг. Хэт их төсөөлөхөөр ингэдэг юм болов уу... Загасны орд болохоор тэр үү. Эсвэл бодол биеллээ олдог гэдэг шиг үнэхээр бодож байгаа шиг ээ амьдрах болов уу? Зүгээр л хэт их кино үзсэнээс болсон уу?

Их олон талаас бодож үзсэн ч яагаад гэдгийг мэдэхгүй учраас танайд хандав. Би сэтгэл зүйч, зохиолч, эсвэл жүжигчин болохыг хүсдэг байсан ч одоо бол өөр мэргэжлээр сурдаг. Хааяа бүр үнэхээр л жүжигчин болмоор санагддаг үе бий... Гэхдээ одоо магадгүй энэ бодлоо орхиод зүгээр л эртнээс бодит амьдралтай зохицох хэрэгтэй байх л даа. Ямартай ч надад хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна гэж найдаж байна. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрөөсөө асуугаарай

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Үүнийг шууд сэтгэцийн эмгэг гэж хэлэх боломжгүй юм. 16 наснаас эхлэн өөрийгөө энгийн биш, алдартай хүн гэсэн бодол төрсөн гэж байна. Тэр үед чамд юу тохиолдсон бэ? Юунаас болоод чамд ийм бодол төрөх болсон бэ? Энгийн, жирийн хүн гэж хэнийг хэлэх вэ? Мөн энгийн, жирийн байх нь чамд хүч чадалгүй мэт мэдрэмж төрүүлдэг гэж ойлголоо. Хүч чадалгүй байдал гэдгийг чи юу гэж тодорхойлох вэ? Энгийн байх нь хүч чадалгүй гэх мэдрэмж юунаас болж бий болсон юм бол оо? Мөн бодит амьдрал дээр ойрын хүмүүс нь чамайг хэр анхааралтай сонсож, чамтай ярилцаж, чамд анхаарал хандуулж, санаа тавьдаг вэ? Энэ талаар бодож, өөрөөсөө асууж үзээрэй. Чамд хэн нэгэн аль болох саад болохгүй тухтай, тайван орчинг бүрдүүлж дээрх асуултуудад өөрөө өөртөө бичгэн хэлбэрээр хариулаарай.

Төсөөлөн бодох чадвараа эерэгээр ашиглах нь бидэнд эргээд олон таатай нөлөөллүүдийг үзүүлж байдаг. Гэвч хэт их төсөөлөлд автах нь бодит байдлаас биднийг тусгаарлах гээд байдаг талтай. Тиймээс бодит байдал, төсөөлөл хоёроо тэнцвэржүүлэхийн тулд өөрөө өөрийнхөө төсөөллийг тэмдэглэл болгож бичээд үзээрэй. Үүний дараагаар энэ нь бодит зүйл, энэ нь төсөөлөл гэдгийг ялгаж тэдгээрийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм.

Энэ бол бодит зүйл биш миний төсөөлөл бөгөөд төсөөлөлдөө удаан хугацаанд таатай байгаа нь асуудал болж байна гэдгийг ухамсарлаж тусламж хүсэж байна гэж ойлголоо. Тэр төсөөлөл нь чамд өөртөө итгэх итгэлийг бий болгож байх магадлалтай байна. Бодит байдалд юу чамайг өөртөө итгэлтэй болгодог вэ? Хэрвээ мэдэхгүй гэж хариулбал заавал олох хэрэгтэй. Олохын тулд өөрийнхөө давуу тал болоод сул талаа тодорхойлоорой. Өөрөөсөө болоод бусад өөр дотнын хүнээсээ асуугаарай. Мөн бодит өөртөө хайртай байх 15 шалтгааныг бичих дасгал ажлыг хийгээд үзээрэй. Мэргэжлийн сэтгэл судлаачтай уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой шүү. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун 


АСУУДАЛ: Зорилгодоо хүрч чадахгүй бол "хоолны сав" болчих байх

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Тулгарч байгаа олон асуудлууд байгаа учраас дэс дараатайгаар бичих нь зүйтэй байх.

1. Саяхан найзуудаасаа түр холбоогоо тасалсан. Түр тасалсан эсэхээ би өөрөө ч сайн мэдэхгүй байна. Нэг өглөө Фэйсбүүк рүүгээ ороод гүйлгэж байтал хамгийн, бүр хамгийн сайн найз /надад тийм ч олон сайн найз байдаггүй. Сайн найз буюу итгэж болохоор хүн хоёр л байдаг/ нарынхаа шэйр хийсэн нийтлэлийг олж харсан. Тэр нь өөрсдийнхөө хамгийн сайн найз гэх хүнээ меншион хийчихсэн байсан. Тэрэндээ намайг дурдаагүй, бараг би гэх хүн энэ хорвоо дээр байдаггүй юм шиг л мэдрэмж төрж надад их хэцүү байсан. Намайг тэр үед мартсан байж болох ч иймэрхүү явдал үргэлж л болж надаас ганцхан юм гуйхдаа л түрүүлж чат бичдэг. Тийм болохоор би тэднээс зайгаа барихаар шийдсэн л дээ. Гэхдээ тэдэнд бол тэгж хэлээгүй ээ, зүгээр л хичээл ортол харилцахгүй байцгаая гэж хэлээд блок хийчихсэн /Фэйсбүүкээр найз байвал дахиад л уучлаад орхиод би дахиад л сэтгэл санаа хямарна гэж бодоод/.

Би найзууддаа түр гэж хэлсэн ч сэтгэлдээ бол үүрд харилцахгүй байхыг хүсээд байх юм. Хэрвээ хичээл орохоор эсвэл бүр хичээл орохоос ч өмнө гадуур явж байгаад тохиолдлоор таарчихвал би тэдэнтэй яаж харьцах ёстой вэ? Мэндлэхгүй зөрөх хэрэгтэй юу? /Гэхдээ би бол найзууддаа ер нь итгэж байгаагүй. Тэдний буруу биш байх гэж боддог миний сэтгэлзүйн асуудал байх. Надад ч нуух зүйл их байдаг. Хүнд хэллээ гээд тэр хүнд ч таатай санагдахгүй. Мөн би тэр хүнийг өөр хүнд хэлэх вий гээд ойр дотнын танил хүмүүстээ итгээд байдаггүй. Ийм байдлаас болоод найзууд маань надаас хөндийрсөн юм болов уу?/

2. Харвардын их сургуульд орох зорилго тавьчихсан. Одоо миний сурч буй сургуулиас үнэндээ АШУҮИС-д ороход ч хэцүү гэж хүмүүс яриад байдаг. /Гэхдээ мэдээж би үндсэн хичээлээс гадна интернэтээр үнэгүй онлайн хичээлүүд үзэж үргэлж ЭЕШ-ийн жишиг даалгавар гэх мэт дасгалуудыг хийдэг./ Хэрвээ би АШУҮИС-с давж чадахгүй болчихвол яах вэ гэж бодогдоод байгаа юм аа. Тавьсан зорилгодоо хүрч чадахгүй бол хэнд ч хэрэггүй ээжийнхээ хэлдгээр жинхэнээсээ "ХООЛНЫ САВ" болчих байх.

ЗӨВЛӨГӨӨ: Мэдрэмжээ илэрхийлэхгүй л бол эргэн тойрныхон маань тэр бүр ойлгохгүй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн мэдрэмжээ илэрхийлэхгүй бол бусад хүмүүс өөрийн чинь бодлыг уншиж чадахгүй шүү дээ. Найзууддаа гомдсон байна. Гэхдээ яагаад гомдсон болох талаар үнэнийг хэлээгүй бололтой. Энэ үед найзууд чинь чиний мэдрэмжийг ойлгох болов уу? Тодорхойгүй байдал ямар ч харилцааг хэцүү байдалд оруулж байдаг. Түр харилцаагаа таслах үедээ хэлсэн үгийг чинь найзууд чинь зөвөөр хүлээж авах болов уу? Эдгээр асуултад хариулаад үзээрэй. Үнэхээр найзуудтайгаа харилцахыг хүсэхгүй байна уу эсвэл гомдолдоо дарагдаад өөрийн мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхөөс айгаад ийм үйлдэл хийв үү? Гомдлоо ил гаргахгүй байх нь эргүүлээд биднийг өөрсдийг маань л зовоож байдаг. Тийм учраас өөрийн мэдрэмжийг дотроо хуримтлуулах биш бага багаар ил гаргаж сураарай. Өөрийн мэдрэмжийг бид өөрсдөө л илэрхийлэхгүй бол хүрээлж буй эргэн тойрныхон маань тэр бүр ойлгохгүй ээ.

Зорилготой байна гэдэг сайн зүйл. Тавьсан зорилгодоо хүрч чадах болов уу гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэхээс илүүтэйгээр түүнд хүрэх "үйл явцдаа" анхаарлаа төвлөрүүлээрэй. Мөн өөрөө зүгээр суугаагүй байна шүү дээ. Өөрийн зүгээс чадах зүйлээ хийгээд шаардлагатай бол бусдаас тусламж, зөвлөгөө авч болно. Чадах бүхнээ хийсэн байхад харамсах зүйл гайгүй байх, тийм үү?

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ:

Сайн байн уу? 9-р ангид сурдаг эмэгтэй сурагч байна. Би 2 жилийн өмнөөс өөртөө маш ихээр гутрах болсон. Юм л бол бусад хүүхдүүд ийм сайн байхад би яагаад ийм муу байгаа юм. Яагаад ийм царай муутай юм. Ер нь юм л бол янз бүрээр өөрийгөө бодож өөрийгөө үзэн ядах боллоо. Энэ бүгд зөвхөн эхлэл нь. Үүний дараахан би яагаад таарсан юм бол, ээж яагаад намайг төрүүлсэн юм бол, өөрт нь гай уддаг охинтой байж яадаг байнаа, би яагаад юу ч хийж чадахгүй байгаа бэ, яагаад бусдыгаа доош нь татаад байгаа юм гэж бодсоор байгаад өөртөө амиа хорлох бодол төрүүлчихсэн. Мөн адил өөрийгөө гэмтээдэг болчихсон. Арьсаа зүсэж, цус гартал нь маажиж, өөрийгөө хамаг хүчээрээ цохих гэх мэтээр... Өөртөө л хамаг уураа гаргадаг. 

Карантин эхэлснээс хойш бүр хэцүү байдаг боллоо. Бяцхан зүйлээс хүртэл стрессдээд шөнө бүр уйлаад хэвтдэг болчихсон.Анхандаа аль болох өөрийнхөө мэдрэмжийг гэрийнхэндээ ойлгуулахыг хичээдэг байсан ч одоо бол больсон. Хичээгээд хичээгээд ойлгохгүй юм шиг байна лээ. Найзууддаа хэд хэд хэлсэн ч адилхан л хариулт өгнө. “Битгий мангарт” гэх хариулт өгчхөөд л надтай ярилцах гэж оролддоггүй. Сэтгэцийн өвчтэйгөөрөө ч дуудуулсан. Тиймээс бүх мэдрэмжээ дотроо хадгалдаг болсон. Үнэндээ би энэ бүхнийг зүгээр л өсвөр насныханд бүгдэд нь тохиолддог энгийн л зүйл гэж бодоод байна…

ЗӨВЛӨГӨӨ:

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Амиа хорлох тухай бодож эхлэх нь тусламж хэрэгтэй болсны дохио. Яаралтай мэргэжлийн хүнд хандаж тусламж аваарай. Сэтгэл зүйн онлайн зөвлөгөө өгч байгаа төвүүд олон байгаа шүү. Энэ үйл явдал хэзээ? хэрхэн? юунаас болж? Эхлэх болсон талаар, учир шалтгааныг мэдэж байж цаашид авах арга хэмжээг шийддэг. Өөртөө буруу өгч, өөрийгөө зовоох нь асуудлыг шийдэх арга зам биш юм. Мөн чиний буруу биш юм.

Хүн бүр өөрсдийн асуудалтай байдаг. Үүнээс болж тэр бүр бусдад зөвлөж, тусалж чаддаггүй ээ. Өөрийг чинь ойлгохгүй байна гээд гэр бүл, найз нөхдөөсөө битгий өөрийгөө тусгаарлаарай. Магадгүй тэд чамд яаж туслахаа мэдэхгүй болохоор юу гэж хэлэхээ мэдэхгүй тулгамдаж байгаа болов уу. Учир нь бид бүхэн харилцааны чадварт суралцаж л байгаа хүмүүс шүү дээ. Өөрийгөө ойлгуулах нь нэг удаагийн оролдлогоор амжилттай болно гэсэн баталгаа байхгүй ээ. Хэд хэдэн удаагийн оролдлого ч шаардлагатай байж болно. Тэглээ гээд өөрийгөө тусгаарлах хэрэггүй. Мэргэжлийн туслалцаа, хэрэгтэй байна гэдгийг гэр бүлийнхэндээ эвтэйхнээр ойлгуулаарай. Өсвөр насныхан мэргэжлийн туслалцаа авахыг хүссэн ч эцэг эхээсээ эдийн засгийн хувьд хамааралтай байдаг тул шууд зөвлөгөө авах боломжгүй байдаг. Тиймээс эцэг эхээрээ дамжуулж мэргэжлийн байгууллагатай холбогдохыг хүсэж байна.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter