ЗАХИДАЛ: Арваннэгдүгээр сарын захидлын хариу №4


ССҮТөв | YOLO.MN
2020-11-30

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Хааяа үүрд унтмаар, өглөө сэрмээргүй санагддаг

Сайн байна уу. Би 13 настай. Надад хэд хэдэн асуудал байна.

- Би сэтгэл гутралд орсон байж магадгүй. Интернэтээс шинж тэмдгийг нь хайсан чинь ихэнх нь таарч байна. Би юмыг хэт сөрөг тал руу нь ургуулан бодож гунигладаг. Хааяа энэ дэлхий дээр байгаа бүх зүйл мөнх биш, хэт автах хэрэггүй гэж боддог. Хүмүүсийн нүдэнд дүрсгүй, жаргалтай харагддаг ч дотроо би маш их шаналдаг.

- Найзуудын тал дээр асуудалтай. Бага ангид байхдаа гадуурхагдсанаас хойш хүнд хэтэрхий их наалдаж, найзгүй бол үхчих юм шиг санагддаг болсон. Найзгүй бол том болоод зожиг болно гэж боддог. Сайн найзууд гэж боддог хүмүүс маань надад сэтгэлээрээ ханддаггүй, тоохгүй байгаа юм шиг байдаг. Би найзууддаа аль болох санаа тавихыг хичээдэг. Гэхдээ л намайг ашиглаад байгаа юм шиг санагддаг.

- Ээжтэйгээ учраа ололцдоггүй. Би ээждээ хайртай, гэхдээ л ээжээсээ айдаг. Бусад хүүхдүүд гэр бүлийнхнийхээ хажууд найзуудтайгаа чаталж видео дуудлага хийдэг байхад би чаддаггүй. Бусад хүүхдүүд Фэйсбүүк дээрээ янз бүрийн зүйл постолдог байхад би чаддаггүй. Ээжтэйгээ ярилцаж чаддаггүй. Ээжээсээ айгаад дараа нь намайг загнана гэж боддог.

- Өөрийгөө бусадтай хэт их харьцуулдаг. Би яагаад хөөрхөн биш юм бэ? Яагаад бусдын чаддаг зүйлийг чаддаггүй юм болоо гэж боддог. Толгой дотор минь хэт их зүйлс бодогддог. Бүгдийг нь аваад хаячихмаар санагддаг. Үхчихдэг юм уу ч гэж боддог, оролдож ч үзсэн. Хааяа үүрд унтмаар, өглөө сэрмээргүй санагддаг. Яагаад гэдгийг мэдэхгүй байна. Би өөрийгөө дутагдах гачигдах зүйлгүй, сайхан өссөн гэж боддог. Эсвэл энэ бодлууд маань зүгээр л стресс, бухимдал, ачааллаас болж байгаа юм болов уу?

ЗӨВЛӨГӨӨ: Чи л хэлэхгүй бол тэд мэдэхгүй

Сайн байна уу? Өөрт тулгарсан асуудлаа маш цэгцтэйгээр илэрхийлжээ.  

Ойр дотнын хүмүүс нь чиний муухай ааш, алдаа дутагдал, дуртай зүйлс гэх мэтийг хүлээн зөвшөөрөхгүй дургүйцэж, чамаас холдох вий гэдгээс айдаг юм шиг санагдлаа. Магадгүй чамд үүнтэй холбоотой таагүй дурсамж ч байж болох юм. Үүнээс үүдээд гэр бүл, найз нөхдийн хүрээнд ч өөрийнхөөрөө байж чаддаггүй бололтой.

Дотнын хүмүүстээ ийнхүү мэдрэмж, сэтгэгдлээ хэлэхгүй байх нь тэд чамайг ойлгохгүй байгаа мэт санагдуулдаг. Цаашлаад тэдний дунд байсан ч ганцаардахад хүргэдэг. Тиймээс гэр бүл, найзуудтайгаа аль болох нээлттэй байгаарай. Өөрт төрж буй эргэлзээтэй мэдрэмжүүдээ дор дор нь тайлахын тулд чөлөөтэй ярилцаарай. Чи хэлэхгүй л бол тэд чамд ямар байгааг, яаж туслахаа мэдэхгүй. Тиймээс найзууддаа ч тэр, гэр бүлийнхэндээ ч тэр бодол мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж, тэднээс юу хүсэж байгаагаа тодорхой тайлбарлаарай. 

Мөн чи ч гэсэн өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. Хүн өөрөө өөрийнхөө давуу ба дутагдалтай талуудаа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд өөрийгөө бусадтай харьцуулдаг. Тэдэн шиг байж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгадаг. Гэвч хүн болгонд л давуу болон сул талууд бий. Харин сул талаа удирдаж, зөв зүйтэйгээр ашиглах нь л чухал. Шинэ зүйлс туршиж, өөрийн хийж чаддаг зүйлийг олж, тэрэндээ цаг зарцуулаарай. Гадаад төрхийн тухайд чи хүсвэл яаж ч үзэсгэлэнтэй болгож болох ч өөрийгөө бусадтай хэт их харьцуулсаар байвал сэтгэл ханамжтай байх нь бага болов уу. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Чаддагаараа гэрийнхэндээ уураа гаргаж байна

Сайн байна уу. Нэгэн охины өөрийнхөө талаар бичсэн бичвэрийг хараад үүнийг бичихээр шийдлээ. Би 19 настай. Би 16 хүртлээ сэргэлэн цовоо, бүх зүйлд адтай, цоглог охин байсан. 16 настайдаа хүнтэй үерхсэнээс хойш бүр ч амьдралдаа сэтгэл хангалуун болсон. Гэвч энэ жаргал удаан үргэлжлээгүй. Энэ салалт надад үнэхээр хүнд тусаж, өөрийгөө дутуу үнэлж, нийтэч биш байж, бусдаас өөрийгөө тусгаарлаж ганцаараа байх дуртай болсон.

Ганцаараа байх хугацаандаа хэтэрхий их зүйл боддог болсноо анзаарсан. Буруу рефлекс суусан. Үүнийгээ хийгээд хэдэн цаг өнгөрснийг ч анзаарахгүй суудаг болсон байсан. Гэрийнхэн маань хүртэл намайг өөрчлөгдсөн байна гэж их хэлэх болсон. Их зүйл бодох нь надад үнэхээр дарамттай байгаад байх юм. Цаг хугацаа өнгөрөх тусам дээрдэнэ гэж бодож байсан ч өдийг хүртэл өөрийгөө ажиглаад дээрдэхгүй байгааг анзаарлаа.

Сүүлийн үед өөрийгөө ч ойлгохоо байлаа. Ямар нэгэн зүйлд анхаарал маань төвлөрөхгүй, хүн ардаас дуудаад байхад хүртэл анзаарахгүй. Ихэнхдээ ингэж хүмүүсийн дургүйг хүргэдэг болсон гэж бодож байна. Одоо ч олон зүйл бодож түүнийг бодсон хэвээр. Сүүлдээ өөрийгөө түүнтэй хамт байгаагаар төсөөлж, түүндээ автах минь ч ихэсдэг боллоо. Зан араншин маань хүртэл ширүүн, ууртай болж, чаддагаараа гэрийнхэндээ түүнийгээ гаргах юм. Үүнээсээ болоод сүүлд нь их харамсах юм. Бас өөр ажигласан зүйл минь их эмзэг болсон байна. Том зүйл биш байхад хүндээр тусгаж аваад үнэхээр хэцүү санагдаад (уйлах) байх юмаа.

Энэ амьдрал утгагүй санагдаад би ийм амьдралаар амьдрах ёсгүй юм шиг санагдаад байна. Би яах ёстой вэ? Сэтгэл зүйчид хандаж үзээгүй. Хайгаад олоогүй. Миний сэтгэцэд өөрчлөлт орчихсон юм болов уу?

ЗӨВЛӨГӨӨ: Түүнд хорогдож байна уу эсвэл дурсамжинд нь уу?

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа.  Сэтгэлийн шархыг цаг хугацаа эдгээнэ гэдэг. Гэвч цаг хугацааны турш одоогийн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөхгүй л бол хэдэн жил өнгөрсөн ч нэмэргүй. Захидлаас уншихад чи одоо ч гэсэн түүнийг чам дээр буцаж ирнэ гэж боддог бололтой. Гэвч чиний төсөөлөлд хамт байгаа та хоёр хэр бодит вэ? Чи тэр хүнд хорогдож байна уу? Тэр хүнтэй өнгөрүүлсэн дурсамжиндаа хорогдож байна уу? 

Удаан хугацаанд илэрхийлээгүй бодол, мэдрэмжүүд гадагшлахгүй бол бидний дотор эргэлдсээр л байдаг. Хоол идээд тэрийгээ гадагшлуулахгүй ходоодондоо урт хугацаанд хадгалж байгаатай яг адил. Дотроо бодох тусам бодолдоо төөрч, эхлэл цэгээ олохоо байж, шийдэлд ч хүрч чаддаггүй ба энэ байдал нь тойрог шиг дахин дахин эргэлдсээр байдаг. Сэтгэл санааны байдал ч тогтворгүй болж энгийн үед уйлахааргүй киноны хэсэг дээр ч амархан уйлах гээд байдаг. Тиймээс өөрт төрж буй бүх бодол мэдрэмжүүдээ итгэж болох ойр дотнын найздаа шүүлтүүргүйгээр ярьж, эсвэл тэмдэглэл бичиж болно. Ингэхдээ тэр үед юу болсон, чи юу бодсон, юу мэдэрсэн, юу харамсалтай байсан, юу гомдмоор байсан, юу сайхан байсан, одоо юу мэдэрч байна, юу бодож байна, юу хүсэж байна, одоо яах хэрэгтэй гэдгээ бичээрэй. Ямар нэгэн бодол мэдрэмж төрсөн л бол бичиж байгаарай. Энэ нь өөрт хуримтлагдсан мэдрэмжээ гадагшлуулж, дотооддоо өөрөө өөрийгөө цэгцлэхэд тусална.

Мөн харилцаа бүхнээс хүн ямар нэгэн зүйлийг сурч байдаг учраас одоогийн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, өөрийнхөө эсвэл тэр хүний тухайн үеийн шийдвэрийг хүндэтгэхийг хичээгээрэй. Мөн сэтгэл судлалын төвүүдээс мэргэжлийн сэтгэл судлаачдыг хайж, биечлэн уулзаж зөвлөгөө авах боломжтой байдаг шүү. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Би бараг үргэлжийн сэтгэл гутралтай байх боллоо

Сайн байна уу. Би нэгдүгээр курсийн оюутан. Би нэг охинд дурлаад жил гаруй болж байна. Эхэндээ зүгээр л шохоорхол байлгүй дээ гээд нээх анхаардаггүй байсан ч түүнийг гэх сэтгэл минь өнөөг хүртэл хэвээрээ байсаар байна. Би түүнтэй дотносох олон оролдлого хийсэн ч амжилттай болсон тохиолдол бараг үгүй. Бидэнд ойрын хугацаанд ярилцах боломж ерөөсөө олдоогүй тул чат бичиж эхэлсэн ч тэр надтай чатлах сонирхол огт үгүй юм шиг санагддаг. Түүнээс болоод би бараг үргэлжийн сэтгэл гутралтай байдаг болсон. Надад туслаач. Би яг яасан нь дээр бол?

ЗӨВЛӨГӨӨ: Аль болох амьд харилцаа үүсгэхийг хичээгээрэй

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Бид хэн нэгэнд дурлах үедээ бүх анхаарлаа тэр хүнд төвлөрүүлж, өөрийгөө тэр хүний талаарх бодлуудаар дүүргэчихдэг. Ингэх тусам тэр хүний үг, үйлдэл бүрийг нарийн анзаарч, заримдаа өөрөө өөрийнхөө төсөөлөлд автаж, догдолж, эсвэл гомдож туних гээд байдаг талтай.

Харин чиний тухайд гэвэл тэр чамтай чатлах сонирхолгүй байгаа мэт санагдсан гэсэн байна. Чатнаас юу чамайг өөртэй нь харилцах сонирхолгүй байгааг илэрхийлсэн бэ? Харилцаанд үгнээс гадна биеийн хэлэмж, дуу хоолойн өнгө, харц, нүүрний хувирлууд хэлж байгаа үгсээс илүү их утгыг илэрхийлж байдаг. Харин чатнаас зөвхөн үгийг нь л унших боломжтой. Тиймээс түүнтэй аль болох амьд харилцаа үүсгэхийг хичээгээрэй. Ингэхдээ бие биенээ таньж мэдэх зорилгоор нэг нэгнийхээ сонирхдог зүйлс, аливааг харах өнцгийн талаар ярилцаж, нэг нэгнээ анхааралтай сонсоорой. Учир нь хэн нэгэн өөрийг нь сонсож байна, ойлгож байна гэх мэдрэмж төрөх үед итгэлцэл бий болдог. Гэвч заримдаа хэчнээн их хичээл зүтгэл гаргасан ч бүтэлгүйтэх тохиолдлууд байдаг боловч харилцаа бүхнээс бид ямар нэгэн зүйлийг суралцаж байдаг. Тиймээс юу ч тохиолдсон нөгөө хүнийхээ шийдвэрийг хүндэтгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун 


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter