Харри Поттер: Рон Уизли ТРАНСЖЕНДЕР дүр байжээ


М.Тэнгис | YOLO.MN
2019-03-20

“Харри Поттер” өнөө цагт хамгийн сайн байр суурь олсон, бодит мэт хүлээн зөвшөөрөгдсөн “сонгодог” уран зөгнөлт ертөнцүүдийн төлөөлөл болж чадсан билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам эл адал явдалт түүх хуучрах битгий хэл, цоо шинэ эргэлт, өөрчлөлтүүдийг төрүүлсээр...

Эхэндээ уг зохиолын дүрүүд бүгдээрээ сонирхол татахааргүй эгэл жирийн Британичуудаас бүрддэг байсан бол сүүлийн үед тэдний тухай сонин хачин бага багаар дэлгэгдэх болсон. Харри Поттерийн сайн найз, ухаалаг сэргэлэн Хэрмони Грейнжерийг Африк, Америкийн эрлийз нэгэн байсан тухай зохиолч Ж.Роулинг өөрөө ярьж, “Поттер толгойтнууд”-ын дунд шуугиан дэгдэж байсан нь саяхан.

Хатагтай Ж.Роулинг өөрийн бүтээсэн дүрүүдийнхээ тухай ил бичиж зүрхлээгүй нарийн ширийн зүйлсийг ийнхүү хожим нь дэлгэж эхэлж байгааг уншигч, үзэгчид гадарлах боллоо. Улмаар “хэн ямар нууцтай байсан бэ?” гэх асуултыг бие биедээ тавьцгаах болж, таамаг дэвшүүлсэн хэлэлцүүлгүүд ч цахим орчинд өрнөж эхэлсэн гэхэд болно.

Тэгвэл, гурван өдрийн өмнө алдарт Харри Поттерийн зохиогч өөрийн твиттер хуудаснаа бас нэгэн нууцыг дэлгэж орхилоо. Улаан шаргал үстэй, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хамгийн ихээр татдаг Рон Уизли бэлгийн чиг баримжааны хувьд трансжендер байсан гэнэ.

“...Рон анх эмэгтэй төрөөд, 4 настайдаа ид шидийн тусламжтайгаар эрэгтэй болсон юм. Хүйс солих явдал шидийн ертөнцөд их хялбар байдаг, яг л өнөөгийн Магглуудын ертөнцөд хялбар байгаатай адилхан...” гэж тэрбээр жиргэжээ.

Арван жилээр тоологдох цаг хугацааны өмнө олны хүртээл болгосон зохиолынхоо дүрүүдийн тухай элдэв сонин хачныг өдгөө ийнхүү ил болгож байгаа нь үнэнч уншигчдынх нь хувьд санаанд оромгүй гэнэтийн бэлэг болсоор. Ийм ч учраас, “Номыг ганцаараа уншаад хэзээ ч битгий дүгнэ. Зохиолч нь зохиолынхоо тухай ил ярьсан тэр мөчөөс дүгнэлт хийх боломж бий болдог” хэмээх үг гарсан биз.

#HarryPotter