“The Queen’s Gambit” цувралын од Anya Taylor-Joy гэж хэн бэ?


Миау | YOLO.MN
2020-11-19

Видео стрийминг үйлчилгээний Netflix сайтад нээлтээ хийгээд нэг сар ч өнгөрөөгүй хэрнээ кинонд дурлагч залуусын хайртай бүтээл болоод амжсан цуврал бол яах аргагүй “The Queen’s Gambit”. Энэхүү уран бүтээл үзэгч бидний сэтгэлийн утсыг ийн хөдөлгөж чадсан нь гол дүрийн жүжигчин бүсгүйтэй шууд холбоотой болов уу.

Ингээд энэхүү нийтлэлээрээ YOLO.mn сайтын уншигч та бүхэндээ жүжигчин Anya Taylor-Joy-ийг танилцуулж байна.

ТЭР БОЛ МИЛЛЕНИАЛ

Жүжигчин Anya Josephine Marie Taylor-Joy нь 1996 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр АНУ-ын Флорида мужийн Майами хотод мэндэлжээ. Тиймээс тэрээр миллениал үеийн төлөөлөл байх нь.

ТЭР ШАРГАЛ ҮСТЭЙ

Anya “The Queen’s Gambit” цувралд улаан үст ухаалаг бүсгүйн дүрийг бүтээдэг. Харин бодит амьдрал дээр тэрээр шаргал үстэй билээ. Түүнийг шатарчин бүсгүйн дүрээр нь анх удаа харсан хүмүүст шаргал үстэй үеийн төрх нь нэг л дотно бус санагдаж байгаа байх.

ТЭР ИХ ЗӨРҮҮД

Жүжигчин бүсгүй Beth Harmon-ий дүртэй зарим нэг талаараа их төстэй. Өөрөөр хэлбэл тэр их зөрүүд аж. Anya зургаан нас хүртлээ Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод амьдарсан бөгөөд Английн Лондон хот руу гэр бүлээрээ нүүх шаардлагатай болжээ. Anya-гийн хувьд уг шийдвэрийг эрс эсэргүүцсэн ч нөхцөл байдал өөрийнх нь хүссэнээр болоогүй тул эсэргүүцлээ илэрхийлэн бүтэн хоёр жилийн турш англи хэлээр яриагүй гэдэг.

“VAMPIRE ACADEMY” (2014)

Хэдийгээр Anna өөрийн жүжигчний карьерыг аймшгийн, инээдмийн төрлийн “The Vampire Academy” (2014) цувралаар эхлүүлсэн ч харамсалтай нь түүний тоглосон хэсэг киноноос хасагдсан байдаг.

Гэсэн ч тэрээр карьерээ цааш үргэлжлүүлэн “The Witch” (2015) аймшгийн киноны гол дүрд тоглосноор олонд танигдах болжээ. Дараа жил нь аймшиг, гэмт хэрэг төрлийн “Split” (2016) киноны гол дүрд тоглосон нь түүнд мөн л чамгүй их хэмжээний алдар нэрийн авчирсан гэдэг.

Мөн тэрээр “The Queen’s Gambit” цувралд тоглохоос өмнө бас нэгэн алдартай цувралд дүр бүтээсэн нь “Peaky Blinders”-ийн Gina Gray билээ.

ИХЭВЧЛЭН АЙМШГИЙН КИНОНД ТОГЛОДОГ

Тэрээр кино урлагийн ертөнцөд харьцангуй залуу жүжигчин хэдий ч ихэвчлэн аймшгийн, гэмт хэрэгт төрлийн кинонд дүр бүтээдэг нь хачирхалтай биш гэж үү? Тэрээр нийт 16 бүрэн хэмжээний кинонд тоглосны тал нь буюу найман кино нь аймшгийн, гэмт хэрэг төрлийн кино байв.

ХУВИЙН АМЬДРАЛАА НУУЦЛАГ БАЙХЫГ ХҮСДЭГ

Жүжигчин бүсгүй яг л гаднаасаа харагддаг шигээ нууцлаг нэгэн ажээ. Тэрээр 2018 онд “The Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:

- “Нууцлаг байхад хүртэл гоо үзэсгэлэн нуугдаж байдаг. Жүжигчид бид олон өөр дүрүүдэд хувирдаг нь цаанаа учиртай шүү дээ... Би бол их нууцлаг хүн” гэсэн байдаг.

ШАТАР САЙН ТОГЛОДОГ УУ?

Цувралаас Beth Harmon-ий шатар тоглож буйг хараад “энэ жүжигчин шатар сайн тоглодог болов уу” гэсэн асуулт төрж билээ. Жүжигчин бүсгүй маань Beth Harmon шиг чадварлаг шатарчин биш. Гэхдээ багадаа балетаар хичээллэдэг байсан нь энэ дүрийг бүтээхэд ихээхэн тусалсан гэдэг. Өөрөөр хэлбэл шатрын нүүдэл хийх хэсгүүдэд тэрээр хуруугаараа балет бүжиглэж байгаа мэтээр төсөөлдөг байсан аж.

Эх сурвалж: Wikipedia

#Netflix #The Queen's Gambit