Б.Энхжаргал: Гүнжийг ханхүү л аврах ёстой гэдэг ойлголт эмэгтэйчүүдийг СУЛ ДОРОЙ харагдуулдаг


“Хүүе Бөөлхөн, чи том болоод барилгачин болох гэж байгаа юм уу? Эмэгтэй хүүхэд барилгачин хийж болдог юм уу?” гэж гайхан асуув.

- “Барилгачин бөөлхөн ба түүний найзууд” хүүхдийн номын хэсгээс

Бид ярилцлагын энэ удаагийн буландаа “Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо”-ны төслийн зөвлөх, хүүхдийн номын зохиолч Б.Энхжаргалыг урьсан юм. Тэрээр “Бөөлхөний зүүдний найзууд”, “Барилгачин бөөлхөн ба түүний найзууд”, “Алаг цэцэгсийн хүрээлэн” зэрэг зохиолуудын эзэн. Энхжаргал өөрийн зохиол бүтээлүүдээрээ хөгжлийн бэрхшээл болон жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголтыг нийгэмд эерэгээр түгээх зорилготой.

Ингээд түүний их сургуулиа төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл иргэний нийгмийн байгууллагуудад хүний эрхийн чиглэлээр ажилласан туршлага, үзэл бодолдоо хөтлөгдөн хүүхдийн зохиолтой холбогдсон түүхийг хүлээн авна уу. 

 


YOLOБидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та бидэнтэй хүүхдийн зохиолтой танилцсан түүхээсээ хуваалцаач.

- Би нэгдүгээр курсдээ “Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо” ТББ-д сайн дурын ажилтнаар элсэн орсон юм. Энэхүү байгууллагад ажилласнаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай илүү гүнзгий ойлголттой болсон. Ингээд 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан төсөл дээр хүүхдийн зохиол бичих санал ирсэн. Эхэндээ хэд хэдэн зохиолчдод зохиол бичих санал тавин хандсан ч хүссэн санааг нь гаргаж чадахгүй байсан учраас надаас оролдоод үзэхийг хүссэн юм. Өдрийн тэмдэглэл хөтлөхөөс өөр туршлагагүй надад зохиол бичих маш хариуцлагатай үүргийг хүлээлгэхэд мэдээж бага зэрэг айж л байлаа.

Ингээд юун түрүүнд хүүхдийн зохиолтой холбоотой бүхий л төрлийн мэдээ, мэдээлэл уншсаныхаа дараа санаагаа буулгаад эхний хувилбараа шалгуултал таалагдсан. Ингээд л зохиол бичих эхлэл маань тавигдсан гэж хэлж болно. Би төрөлхийн түнхний мултралтай болохоор бусдад шоолуулах ямар байдгийг бага байхаасаа л мэдэрч өссөн. Өөрөөр хэлбэл энэ зовлонг өөрийн биеэр туулж мэдэрсэн учраас энэ нь зохиол бичихэд илүү түлхэц болсон байх гэж боддог. Ингэж л хүүхдийн зохиолтой холбогдсон доо.


YOLOЗохиолуудаараа юуг илэрхийлэхийг зорьдог вэ?

- Сүүлд хэвлүүлсэн “Алаг цэцэгсийн хүрээлэн” зохиолоор жишээ аван тайлбарлая. Уг зохиолд нэгэн өнгөгүй цэцэг алаг өнгөтэй болохоор аялалд гарч буй тухай өгүүлдэг. Зохиолын гол санаа нь эмэгтэй хүүхэд байлаа гээд заавал ягаан өнгөнд, эрэгтэй хүүхэд байлаа гээд заавал цэнхэр өнгөнд дуртай байх албагүй гэдэг ойлголт юм. Эцэг эхийн энэ ойлголтоос болоод хүүхдүүд “ийм л байх ёстой юм байна” гэж ойлгодог. Уг нь сонголтыг өөрсдөд нь үлдээх ёстой шүү дээ. Тиймээс хүн бүхэн тэгш сонголттой байж, сонголтынхоо төлөө тэмцэж хэвшмэл ойлголтод бүү баригдаасай гэсэн үүднээс бичсэн юм. 

Үүнээс гадна хүүхдүүд нийгмээс “хүн бүр ямар нэгэн бэрхшээлгүй, нэг л стандарттай байх ёстой” гэсэн ойлголтыг нийгмээс хүлээн авдаг учир хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үеийнхэндээ шоглуулж ялгаварлан гадуурхалтад өртдөг. Тиймээс зохиолдоо энэ бүгдийг тусгаж, эерэг ойлголтыг хүртээхийг зорьдог. Монголд хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй зохиолчдын орон зай дутмаг байгааг анзаарсан учраас өөрөө тийм зохиолч байхыг хүсэж байна. Өөрийн гурван зохиолоо бичсэнээр энэ орон зайд хувь нэмрээ оруулж чадах зохиолч болох итгэл төрсөн. 


YOLOЗохиолуудаараа ямар уралдаанд оролцож байсан бэ?

- Эхний номоо хэвлэлтэд гаргачихаад дараагийн зохиолоо бичих бодол төрсөн. Гэхдээ бичих гэж оролдсон ч нэг л болж өгөхгүй байсан учраас түр орхичихсон байсан юм. Удалгүй “Nepko Kids” хэвлэлийн газраас “Улаанбаатарын өнгө” хүүхдийн зохиолын уралдаан зарласан тухай сонсоод нийт дөрвөн зохиол бичиж явуулснаас “Барилгачин бөөлхөн ба түүний найзууд” зохиол тусгай байранд орж, хэвлүүлэх эрхээр шагнагдсан юм. Энэ зохиолын ноорог анх цаасан дээр бичигдсэнээс хойш хоёр жилийн турш дотоод сэтгэлд минь боловсруулагдаж явсан. Анхны зохиолоос зураглал нь өөрчлөгдсөнөөс биш дүрийн хувьд ижил. Үүний дараа “Монсудар” хэвлэлийн газраас "Хүүхдэд зориулсан зохиолын уралдаан"-д 2-5 насны хүүхдүүдэд зориулсан бүтээл төрөлд хоёрдугаар байранд орж зохиолоо хэвлүүлэх эрхээр шагнагдан шинэхэн номоо бяцхан уншигчдын гарт хүргээд удаагүй байна.


YOLO“Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо” ТББ-ын тухай.

- “Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо” ТББ нь хөдөлгөөний хязгаарлалттай болон тэргэнцэртэй хүмүүсийн эрхийг хамгаалах, нийгэмд оролцох боломжийг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг. Бүртгэлтэй 400 гаруй гишүүд байдгаас 100 гаруй идэвхтэй гишүүнтэй. Эдгээр гишүүдээ нийгмийн харилцаанд илүү идэвхтэй оролцуулах, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангах, төрийн хүрч чадахгүй байгаа үйлчилгээг төрийн бус байгууллагын үйлчилгээгээр дамжуулж авах боломжийг нь бүрдүүлэхэд анхаарлаа хандуулдаг. Өмнө нь охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр “Гүнж” төв, залуучуудын оролцоо, хөгжлийг нэмэгдүүлэхээр “Иргэний Боловсролын Төв” ТББ-д ажиллаж байсан туршлагатай.

YOLOТэргэнцэртэй залуучуудад сурч боловсрох, хөгжихөд нь ямар бэрхшээл тулгардаг вэ?

- Зөвхөн тэргэнцэртэй гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй залууст тулгардаг нэн тэргүүний асуудал нь боловсролын хүртээмжгүй байдал. Хүн бүр тодорхой шатаар дамжин нийгэмшиж, ажил хөдөлмөр эрхлэн нийгмийн харилцаанд оролцдог. Эхний шат буюу сургуулийн өмнөх боловсрол хүртээмжгүй байснаар дараа дараагийн оролцоонд саад учирдаг. Хотын хэмжээнд тусгай цэцэрлэг, сургуулиуд байдаг ч нийт зорилтод иргэддээ хүрч ажиллаж чаддаггүй. Ялангуяа орон нутагт амьдардаг хүүхдүүд хотод ирж суралцах боломжгүй. Гэвч сургуульд сурах нь нийгэмшлийн хамгийн том хэлбэр шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авъя гэхэд тухайн ажлыг хийх ур чадвартай хүн байдаггүй. Учир нь тэр чадварт суралцах зам нь хаалттай учраас амьдралд нь хэрэгцээтэй, иргэдийн оролцоотой байх эрх зүйн орчныг нь бүрдүүлж чаддаггүй нь хамгийн том асуудал.


YOLOХүүхдийн зохиолын дүрүүд их онцгой санагддаг. Таны бүтээсэн дүр юугаараа онцлог вэ?

- Миний зохиолууд эсрэг дүр байдаггүйгээрээ онцлог. Бүх дүр нэг зүйлийг таниулах гэж өөрсдийн үүргийг гүйцэтгэдэг. Хүүхдийн зохиолд аливаа зүйлийн сайн, сайхныг харуулах гэж заавал эсрэг дүрийг бүтээх албагүй шүү дээ. 

YOLOТа насанд хүрсэн хүн. Тэгвэл танд багачуудын ертөнцөд нэвтэрч зохиол бичихэд ямар бэрхшээл тулгардаг вэ?

- Надад хүүхдийн зохиол бичихэд ямар нэгэн бэрхшээл тулгарч байгаагүй. Өөрийн хэлэх гэсэн үзэл санааг хүүхдэд ойлгомжтой байдлаар л биччихдэг. Харин зохиолоо бичсэний дараа энэ чиглэлээр ажилладаг туршлагатай хүмүүс болон хүүхдүүдэд уншуулж санал, сэтгэгдлийн сонсож алдаагаа засдаг.

YOLOТа чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

- Сүүлийн үед номын санд суух дуртай болоод байна. Номын санд суухад хүмүүс бие биедээ саад болохгүй учир ном унших тухтай орчин бий болдог. Би өөрөө дотогшоо чиглэсэн хүн биш болохоор зөвхөн ажлаа хийгээд, тогтсон ганц байгууллагад л ажиллаад байвал ямар нэгэн зүйлд баригдчихсан мэт санагддаг. Тиймээс чөлөөт цагаараа ном уншиж, илүү олон хүмүүстэй харилцах нь таатай байдаг. 


YOLOЭцэг эхчүүд таны номыг хүүхдэдээ уншуулах шалтгааныг нэрлэ гэвэл?

- Монголын хүүхдийн зохиолын агуулга намайг болон аав ээжийг маань хүмүүжүүлсэн ардын үлгэрийн шинжтэй байдаг. Дизайн болон хэвлэлтийн хувьд өнгө будаг нь алаглаж байгаа ч агуулгын хувьд эргэн нэг харах шаардлагатай гэсэн үг. Нуулгүй хэлэхэд Монгол ардын зарим үлгэр хүчирхийллийн шинж чанар агуулсан мэт санагддаг. Зохиолын дүрүүд сул доройн дээр нэгнийгээ зодох, ялгаварлан гадуурхах, гэмтээх зэрэг хүүхдэд хүчирхийллийн сэдэл өгөх хандлагатай байдаг. 

Харин орчуулгын зохиолын хувьд нэгэн хэвийн агуулгатай байдаг байсан ч сүүлийн жилүүдэд “Walt Disney” компанийн үлгэрүүд феминист шинж чанартай болж байна. Гүнжийг ханхүү л аврах ёстой гэдэг ойлголт эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс сул дорой харагдуулдаг. Мөн ихэнх зохиолд гол дүр нь эрэгтэй байдаг бол би зохиолоо ихэвчлэн эмэгтэй гол дүртэйгээр бичдэг. Гол дүр шийдвэр гаргаж, тухайн зохиолын хувь заяаг өөрчилж өрнүүлэх үүргийг гүйцэтгэдэг учраас жендэрийн хэвшмэл ойлголтыг харуулахыг хүсдэггүй. Эцэг эх бүр хүүхдээ хүмүүжилтэй, иргэний боловсролтой хүн болгохыг хичээдэг. Харин иргэний боловсрол нь бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хэний ч үзэл бодлыг хүндэтгэж харилцахыг хэлж байгаа шүү дээ. 


YOLOТаны номыг уншсан хүүхэд, эцэг эхчүүд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

- Эцэг эхчүүдээс “манай хүүхдийн ширээний ном”, “байнга дэрлэж унтдаг зохиол” зэрэг сэтгэгдэл ирж байсан. Зарим хүүхдүүд “Одооноос найзыгаа шоолохгүй, ингэснээр би хүний эрхийн хамгаалагч болно” гэж хэлснийг ч надад дамжуулж байлаа. Хүүхдийн зохиол бичиж эхэлсэн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай ойлголтыг өөрчлөх, хүүхэд бүр тэгш эрхтэй гэсэн агуулгыг нийгэмд хүргэх учраас үнэхээр сайхан санагддаг. Мөн хүүхдүүд их гярхай, ажигч байдгийг хэд хэдэн тохиолдлоос анзаарч байсан. Ялангуяа номын зургийн хувьд миний олж хараагүй өнцгөөс ажигласан нь үнэхээр сонирхолтой санагдсан. Тиймээс цаашид номынхоо зургийг зуруулах зураачтайгаа сайтар ажиллах хэрэгтэйг ойлгосон. 

YOLOХүний эрхийн активист болсон шалтгаан.

- Иргэний нийгэм, төрийн бус байгууллагад ажиллах нь эрх мэдэл, өндөр цалингүй учир залуусын тэр бүр сонгоод байдаггүй сонголт. Харин миний хувьд хүний эрхийн байгууллагуудад ажиллах мэдрэмж нь сайхан байдаг. Хүний амьдралд өөрчлөлт оруулж байгаа нөлөөлөл нь гүн гүнзгий бөгөөд гэрэл гэгээтэй санагддаг учраас энэ салбарыг сонгосон. 


YOLOТа өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

- Одоогоор хүүхдийн зохиолын судалгаа, шинжилгээ хийж байна. Үлгэрийн номуудаа хүүхдүүдэд уншиж өгч, ямар хариу үйлдэл гаргахын нь ажиглах их сонирхолтой байдаг. Тэр л хариу үйлдлээс дараагийн зохиолоо бичих сэдэл төрдөг юм л даа.

Мөн өөрт тохирсон хөтөлбөрүүдэд хамрагдах нь бусадтай харилцаж, хэрэгтэй мэдлэг, мэдээллийг олж авахаас гадна өөрийгөө хөгжүүлэх хамгийн үр дүртэй арга гэж боддог. Би “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-аас санаачилсан эмэгтэйчүүдэд зориулсан манлайллын хөтөлбөрийг онцолмоор байна. Учир нь салбар бүрийн эмэгтэйчүүд нэг дор цуглаж, бие биенээ хэрхэн дэмжиж, хамтдаа манлайлж болох зэрэг чухал сэдвүүдээр ярилцдаг. Хөтөлбөрт хамрагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч жил бүр нэг санаа, зорилготой эмэгтэйчүүд гарч ирээд бие биенээ дэмждэг нь хамгийн сайхан. 

YOLOТаны хамгийн дуртай ном?

- Миний ширээний ном гэвэл “Өөдөө тэмүүл”, “Аав бид хоёр”, “Миний сайн мэдэх зүйл”. Эдгээр номууд эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр хэрхэн өөртөө итгэлтэй байх, баяр баясал, амьдралын мэдрэмжийг хаанаас авах ёстой, хүнийг яаж хайрлах гэх мэт асуултын хариултыг олоход тусалдаг. 


YOLOҮлгэр жишээ авдаг зохиолч?

- Би зөвхөн зохиол бичих ч гэлтгүй аливаа ажил хийхдээ бусдаас үлгэр жишээ авбал нэг зүйлд баригдчих юм шиг санагддаг. Тиймээс аль болох өөрийнхөөрөө, аливааг өөр өнцгөөс харж бичдэг. Надад тодорхой үзэл санаа байгаа цагт зохиол бичихдээ үнэхээр аз жаргалтай болдог. Хэрвээ чамд ч бас тэр үзэл санаа, тэмүүлэл байгаа бол чи заавал мэргэжлийн зохиолч байх албагүй. Хүүхдийн зохиолын чиглэлээр сургадаг сургууль ч бараг байдаггүй. Дэлхийн бүх алдартай зохиолчид сэтгэл, хобби, дотоод мэдрэмж, хүмүүст илэрхийлье гэсэн үзэл санаа байдаг учраас л бичдэг гэж боддог. Бид бүгдэд тодорхой үзэл санааны үзүүр байлаа гэж төсөөлөхөд юугаар ч хаасан ундарч л байвал тэр чиний үзэл санаа. Үүнийг бодохоор надад тэр үзэл санаа нь байдаг гэдэгт бат итгэсэн. 

YOLOЗалуучуудад хандаж хэлэх үг.

- Би ч бас залуу хүн шүү дээ. Бусад залуучууд маань тэмүүлэлтэй, дайчин, зорилгынхоо төлөө тууштай тэмцдэг байгаасаа гэж хүсдэг. Хүмүүсийн гарааны нөхцөл ямар ч байж болно. Харин та бүхэн тэмүүлэлтэй байж, чамайг дэмжих хүмүүсийг олж чадвал анх эхэлсэн гарааны цэгээ өөрчлөх боломжтой юм шүү. 


YOLOЦаашдаа бүтээл гаргахаар бэлдэж байгаа юу?

- Надад ноорог хэлбэрээр болон уралдаанд ороод хараахан байр эзлээгүй олон зохиолууд байна. Уралдаан гэдэг нь тодорхой шалгуураар хэвлэх эрхийг олгодог учраас уралдаанд тэнцээгүй гээд хэвлүүлэхгүй гэсэн үг биш юм. Тиймээс тэдгээр бүтээлээ илүү олон хүнд хүргэх хүсэлтэй.

YOLOХүүхдийн номын зохиолч болох хүсэлтэй хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна.

- Унш унш бас дахин унш. Эхлээд маш сайн уншигч байх хэрэгтэй. Хэн нэгний хэлсэн зүйлд баригдалгүй, өөртөө итгэлтэй байгаасай гэж хэлмээр байна. Чамд үнэхээр бичих хүсэл, энэ ойлголтыг нийгэмд түгээх юмсан гэсэн хүсэл, эрмэлзэл байвал яг одоо бичиж эхлээрэй.

YOLOСонирхолтой яриаг өрнүүлсэнд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

#Ярилцлага #Зохиолч #Хүний эрх