Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА


Сондор | YOLO.MN
2020-10-21

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. 

Ирэх сард буюу арваннэгдүгээр сард бүх нийтээр амрах хоёр ч өдөр тохиох аж. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-ны даваа гарагт Монгол бахархлын өдөр, 26-ны пүрэв гарагт Улс тунхагласан өдөр таарч БҮХ НИЙТЭЭР АМАРНА.

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР 

Монгол бахархлын өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 16-нд 858 жилийн ойн өдөр тохиож байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.

УЛС ТУНХАГЛАСАН ӨДӨР

1924 оны есдүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.

Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.

Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Түүнчлэн 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болсон бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. Энэ жил бид Улс тунхагласны 96 жилийн ойг тэмдэглэх юм.

Харин арванхоёрдугаар сарын 29-ний мягмар гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр таарч мөн бүх нийтээр амрах юм.

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх" хуулийг ЭНД дарж харна уу.

#Мэдээ #Үйл явдал