Хариуцлагатай аялагч буюу аяллын АЛТАН ДҮРМҮҮД


YOLO.mn | YOLO.MN
2022-07-07


- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

Адал явдал, дурсамж дүүрэн аялалд гарахаар та бэлтгэлээ базааж байна уу? Нарлаг зуны амралтын урт өдрүүдийг ашиглан аялахаар төлөвлөж, орон нутгийн зүг жолоо залах гэж байгаа танд хариуцлагатай аялагч байхыг сануулж байна. 

Хариуцлагатай аялагч гэдэг нь тухайн орон нутгийн байгаль орчинтой танилцахын зэрэгцээ унаган төрхөөр нь хадгалж, өв соёл, ёс заншлыг хүндэтгэн үзэхийн нэр билээ. 

Хариуцлагатай аялагчийн баримтлах ёстой дүрэм болон холбогдох хууль журмаас танилцуулж байна.

1. ОРОН НУТГИЙН АХУЙ СОЁЛЫГ ХҮНДЭТГЭХ

Тухайн газар нутгийн ахуй соёл, ёс заншлыг байгаагаар нь хүлээн авч, нутгийн хүмүүсийн хэл аялга, ажил мэргэжил, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандах

2. СОЁЛЫН ӨВД ХАЙР ГАМТАЙ ХАНДАХ

Байгаль орчныг унаган төрхөөр нь хадгалж үлдэхэд хувь нэмрээ оруулах,  соёлын дурсгалт өв, археологийн үнэт олдворт хайр гамтай хандах. Хад чулуун дээр зурахгүй байх

"Соёлын өвийн, эсхүл түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын дэглэм зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /50 мянга/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /500 мянга/ төгрөгөөр торгоно."

3. ГОЛ ГОРХИ, БУЛАГ ШАНДАД ЮМ УГААЖ БОХИРДУУЛАХГҮЙ БАЙХ

Гол горхи, булаг шанд, нуур цөөрөмд юм угаах, элдэв зүйлийн бохирдуулах бодис хог хаягдал хаяхыг хориглоно. 

"Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100 мянга/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1сая/ төгрөгөөр торгоно."

4. ТУХАЙН ОРОН НУТАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛААРАЙ

Таны аялал тухайн орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулна гэдгийг санаж яваарай. Тиймээс нутгийн урчуудын үйлдвэрлэсэн эд зүйлсээс худалдан авч хувь нэмрээ оруулах боломжтой. Гэвч устах аюулд өртөөд буй ховордсон амьтан, ургамлаар хийсэн эд зүйл худалдан авахгүй байхыг сануулж байна.

5. ХОГ ТАРИХГҮЙ БАЙХ

  • Аяллын явцад бий болсон хогийг автомашиндаа ачиж, зориулалтын хогийн сав болон төвлөрсөн хогийн цэгт хаях
  • Овоо, мод, хад чулуунд хадаг уяж, архины шил, сүүний сав, цаасан мөнгө гэх мэт эд зүйл өргөж байгаль бохирдуулахгүй байх
  • Нэг удаагийн аяга таваг, халбага сэрээ хэрэглэхээс аль болох татгалзах

"Нийтийн эдэлбэр газар, эсхүл ногоон бүсэд энгийн хог хаягдал хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300 мянга/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3 сая/ төгрөгөөр торгоно."

"Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /50 мянга/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  /500 мянга/ төгрөгөөр торгоно."

"Тогтоосон цэгээс бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан, эсхүл энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /200 мянга/ төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /2 сая/ төгрөгөөр торгоно."

6. ТУХАЙН ОРОН НУТГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛОХ

Очих гэж буй газрынхаа, амрах орон байрны талаар мэдээлэлтэй болох, эрүүл ахуйн нөхцөл байдлыг судлах, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй тохиолдолд хаана хэнд хандах, таны эрүүл мэндэд үл тохирох хоол хүнстэй эсэхийг мэдэж авах.

7. ИЛ ГАЛ ГАРГАСАН БОЛ БҮРЭН УНТРААХ

Ил гал гаргасан бол бүрэн унтрааж явснаар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх боломжтой. 

"Хог хаягдлыг ил задгай шатаасан, эсхүл гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний /50 мянга/ төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний /500 мянга/ төгрөгөөр торгоно."

"Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний /100 мянга/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1 сая/ төгрөгөөр торгоно."

8. ҮЕР УС, ГАЛЫН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХ, ТӨӨРЧ БУДИЛАХААС СЭРГИЙЛЭХ

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, үерийн аюултай бүс нутгаас холдох, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдахыг зөвлөж байна. /Эх сурвалж: ОБЕГ/ Мөн төөрч будилахаас сэргийлж оффлайн горимд ажилладаг байршил заагч, луужинтай байх, хүүхдэдээ хараа хяналт тавих, ганц нэгээрээ бусдаасаа хоцорч явахгүй байхыг сануулж байна.

- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -

#Мэдээ