“Аугаа Зуун” түүхэн цувралын одууд болох Халит Эргенч, Мерьем Узерли нар дахин хамтарна


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Дэлхийд алдартай туркийн түүхэн цуврал болох “Аугаа Зуун”-д гол дүрүүдийг бүтээсэн жүжигчид болох Халит Эргенч болон Мерьем Узерли нар хамтдаа 15 жилийн дараа дахин дэлгэцнээ гарах нь ээ. Тодруулбал, жүжигчид маань “Imroz’da Bahar”, монголоор орчуулбал “Имрозын Хавар” гэх кинонд хамтдаа дүр бүтээхээр болсон байна.

Аугаа зуун цуврал үзэгчдийн хүртээл болж байсан 2011-2014 онуудын хооронд хоёр жүжигчдийн нэр хүнд асар хурдацтай өсөж, дэлхий дахинд танигдах эхлэл нь тавигдсан. Тэд Осоманы эзэнт гүрний хамгийн нөлөө бүхий султануудын дүрийг бүтээсэн буюу Халит Султан Сулейман хааны дүрийг, Мерьем Хюррем Султаны дүрийг амилуулсан.

Энэ цувралд мөн Окан Ялабик, Небахат Чехре, Селма Эргеч, Нур Феттахоглу нар ч мөн тоглосон бөгөөд эдгээр жүжигчдийн дүрээ бүтээх чадвар, киноны өнгө төрх, зохиол найруулга гээд асар олон зүйлийн тусламжтайгаар “Аугаа Зуун” цуврал олон орны үзэгчдэд өргөнөөр хүрч, өнөөг хүртэл Турк улсын хамгийн алдартай цуврал байсаар байгаа.

Сэтгүүлч Бирсен Алтунтасын мэдээлснээр хоёр жүжигчдийн нэгдлийг Sky Films компанийн үүсгэн байгуулагч Эмре Оскай олон жилийн турш гуйж, ятгасны эцэст зөвшөөрүүлж чадсан байна.

ХОЁР ДАХЬ БОЛОМЖИЙН ТҮҮХ

Халит болон Мерьем нарын гол дүрд тоглох кино болох “Имрозын Хавар”-ыг Туркийн шагналт найруулагч Өзкан Алпер найруулах юм.

Түүний найруулсан кинонууд гэвэл:

 “Sonbahar” (Намар), “Karanlik Gece” (Хар шөнө), “Erken Kis” (Эрт ирсэн өвөл), “Asiklar Bayrami” (Трубадурын наадам) зэргүүдийг дурдаж болно.

Киноны үйл явдал нь өнөөгийнхөөр бол Эгейн тэнгис дэх Туркийн хамгийн том арал болох Гекчеада буюу Ирмозд учирсан хоёрын амьдрал дээр төвлөрдөг. Кино нь романтик өнгө аястай, амьдралд “хоёр дахь хавар” ирж болдог талаар харуулсан үзэсгэлэнтэй санааг үзэгчдэд хүргэхийг зорьсон байна.

Зураг авалт тун удахгүй эхлэх ч ямар платформоор цацагдах тухай хараахан шийдэгдээгүй байгаа юм.

ЖҮЖИГЧДИЙН НЭГДЭЛ “АУГАА ЗУУН”-Ы ФЕНҮҮДИЙН АНХААРЛЫГ ТАТАЖ БАЙНА

Өмнө дурдсанчлан “Аугаа Зуун” кино нь зөвхөн Турк үзэгчдийг биш харин олон улсын үзэгчдийг өөрийнхөө фен болгож чадсан. Ялангуяа Султан Сулейман болон Хюррем Султан хоёрын хайр дурлал олон ч эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийн утсыг хөндөж, яг л тэднийх шиг хайр өөрийнх нь амьдралд тохиогоосой гэж хүсэхэд хүргэсэн шүү дээ.

Мерьем цувралын ачаар дэлхийд танигдаж чадсан ч зураг авалтын үеэр асар их хэмжээний стресс, дарамтыг мэдэрсэн гэх шалтгаанаар цувралыг дундаас нь орхин фенүүдийнхээ сэтгэлийг гонсойлгоод амжсан. Харин түүний оронд Хюррем Султаны дүрийг Вахиде Перчин үргэлжлүүлэн бүтээсэн гэдгийг бид мэднэ.

Хэдийгээр Мерьем цувралын төгсгөл хүртэл дүрээ бүтээж чадаагүй ч түүний Хюррем хатны дүрийг илэрхийлэх илэрхийлэл, жүжиглэх чадвар нь цувралыг амжилттай болох томоохон суурь байсан гэдгийг хэн ч үгүйсгэхгүй байх.

Жүжигчид хэтэрхий сайн байсан тул үзэгчдийн хувьд гол дүрийн хоёрыг эргэн нэгдээсэй гэж хүсэх нууцхан хүсэл ч байсан нь тодорхой. Харин 15 жилийн дараа буюу 2026 онд гэнэт л хамтарсан шинэ төслийн сураг гарсан нь фенүүдийг ихээхэн догдлуулж байгаа талаар мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна.

Эх сурвалж: Turkiye Today

#Имрозын Хавар