5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Жүжигчин Shin Min Ah МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД тусалж байжээ


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-12-23

Түлэгдэлттэй өвчтөнүүдэд туслах зорилгоор үүсгэн байгуулагдсан “Hallym Burn” сангийн хамт олон жүжигчин Shin Min Ah-гийн хандивын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ.

Жүжигчин бүсгүй түлэгдсэн хүүхдүүдэд туслах зорилгоор тус санд 2015 оноос эхэлж жил бүр 100 сая вон хандивлаж байсан байна. Түлэгдэлтийн эмчилгээ нь зэргээсээ хамаараад янз бүр байх бөгөөд ганцхан удаагийн эмчилгээ үр дүнгээ өгдөггүй учир түлэгдсэн хүмүүсийн гэр бүлээс урт удаан хугацааны анхаарал халамж, хөрөнгө мөнгө зарцуулагддаг аж.

Ихэнх хүмүүс түлэгдэлтийн асуудлыг нэг их чухалчилдаггүй учир эмчилгээний зардлаас болоод зохих эмчилгээгээ хийлгэж чадалгүй насан туршдаа ямар нэгэн бэрхшээлтэй үлдэж хоцордог хүүхдүүд маш олон байдаг. Харин жүжигчин Shin Min Ah сүүлийн зургаан жилийн туршид Солонгос, Камбож, Монгол улсын эмчилгээний зардлаа төлж дийлэхгүй байгаа хүүхдүүдэд зориулан хандив өгч байгаа аж.

Тэрээр мөн Монгол болон Камбож улсын хүүхдүүдэд Өмнөд Солонгос улсад эмчлүүлэх нөхцөлийг нь бүрдүүлэхэд туслалцаа үзүүлдэг бөгөөд тэнд байх хугацаанд нь өөрийн биеэр уулзаж, гэр бүлийнхэнд нь сэтгэлийн дэм өгдөг хэмээн “Naver” сайт дурджээ. “Hallym Burn” сангийн тэргүүн Yoon Hyun Sook:

- “Жүжигчин Shin Min Ah түлэгдсэн өвчтөнүүдэд маань олон жилийн турш тусалж, дэмжсээр ирсэн болохоор тэдгээр хүмүүст эдгэнэ гэсэн итгэл найдвар их төрсөн. Энэ хүнд хэцүү үед тусламжийн гараа сунгаж, зөв үлгэр дуурайл үзүүлж байгаад нь чин сэтгэлээсээ талархаж байна” гэжээ.

Жүжигчин бүсгүйн сайхан сэтгэлийн ачаар нийт 114 хүүхэд бүрэн эдгэрсэн бөгөөд тэрээр цаашид ч олон орны хүүхдүүдэд тусалж, хандивын цар хүрээгээ тэлэхийг хүсэж байгаа гэжээ.

Эх сурвалж: Naver

#Жүжигчин #Сайн үйлс