Охидын үзлэгийн талаарх “ОХИДЫН ДУУ ХООЛОЙ”


Анх 2012 оноос эхлэн аравдугаар сарын 11-ний өдрийг дэлхий нийтээр “Охидын эрхийг хамгаалах” өдөр болгон тэмдэглэх болсон билээ. Ингээд энэхүү өдрийг тохиолдуулан охидын эрхийг хамгаалахыг олон нийтэд уриалж “Охидын дуу хоолой” судалгааны тайлангаас хүргэж байна. 

ЕБС-д хийгддэг охидын үзлэгийн талаарх энэхүү судалгааг охид өөрсдөө санаачлан зохион байгуулж, мэдээллийг нь боловсруулж цуглуулсан гэдгээс гадна охидын үзлэгийн сэдвийг хөндсөн анхны судалгаа гэдгээрээ онцлогтой юм. Судалгаагаар охид үзлэгийн талаар ямар бодолтой байдаг, энэ нь тэдний эрхийг хэрхэн зөрчиж болохыг тайлбарлахыг зорьжээ. 

“Охидын дуу хоолой” судалгаанд Улаанбаатар хот, Архангай, Өвөрхангай, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 7-12 дугаар ангийн 370 охид хамрагдсан бөгөөд судалгааны онцлох үр дүнгүүдийг дурдвал:

ТАНАЙ СУРГУУЛЬД СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГААР ДАМЖУУЛАН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ХЭР ХҮРТЭЭМЖТЭЙ, ЧАНАРТАЙ ОЛГОДОГ ВЭ? 

Нийт судалгаанд оролцсон 10 охин тутмын 6 буюу 62,8 хувь нь сургалт мэдээллийг хангалтгүй хэмээн үзэж, чанар хүртээмжийн тал дээр сэтгэл дундуур байгаа бол 8 хувь нь огт мэдээлэл авч чаддаггүй байна. 

- “Чадваржуулах чиглэлийн сургалтаа сайн хийдэггүй байж нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэгийг зөвхөн охидод хийгээд байгаа нь утгагүй зүйл. Мэдэхгүй байгаа хүүхдүүд алдах нь аргагүй шүү дээ”

О, 17 настай

ОХИДЫН ҮЗЛЭГИЙН ТАЛААР УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЖ ЗӨВШӨӨРӨЛ АВДАГ УУ?

Судалгаанд оролцсон 10 хүүхэд тутмын 7-оос огт зөвшөөрөл авалгүй үзлэгт оруулдаг. Энэ нь хүүхэд өөрт хамааралтай зүйлд үзэл бодлоо илэрхийлэх, өөрт хамааралтай асуудлаар мэдлэг мэдээлэл авах болон хүүхдийн хүсэл сонирхол үзэл бодлыг үл хүндэтгэж байгаагийн нэгэн илрэл болж байна.

- "Хүмүүс өөрсдийг нь мэдээгүй байхад гэрт нь гаднын хүн ороход тухайн хүнд шийтгэл хүлээлгэдэг. Гэтэл бүхэл бүтэн миний бие рүү надаас асуулгүйгээр халдаж байхад яагаад хэн ч юу ч ярьдаггүй юм бэ?"

М, 15 настай

ХЭРЭВ ЧИ ТАТГАЛЗВАЛ ЯАХ ВЭ?

Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 38.3 хувь нь тэднийг үзлэгт ороогүйг мэдээд бусад хүүхдүүд болон багшийн зүгээс ирэх хувийн үнэлэлт, дүгнэлтэд санаа зовнидог байна.


 

ҮЗЛЭГ ХИЙДЭГ ЭМЧ, СУВИЛАГЧ БАГАЖ ХЭРЭГСЛЭЭ АРИУТГАСАН, НЭГ УДААГИЙН БЭЭЛИЙГЭЭ СОЛЬСОН ЗЭРЭГ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАСАН ГЭДЭГТ ХЭР ИТГЭЛТЭЙ БАЙНА ВЭ?

10 охин тутмын 9 (85.2) нь эмч эрүүл ахуйн шаардлага баримталдаг эсэхийг мэддэггүй.

 

ОХИДЫН ҮЗЛЭГТ ХЭДДҮГЭЭР АНГИДАА ХАМРАГДАЖ БАЙСАН БЭ?

Өсвөр насны хүүхдэд хийх тусгайлсан үзлэгийг хэддүгээр ангиас эхэлж хийх тухай журамлан заагаагүй байдгаас үүдэн сургууль бүрд өөр өөр хугацаанд явагдаж байгаа дотор энэ үзлэгийг бага ангийн хүүхдүүдэд хэрхэн хийж байгаа нь анхаарал татаж байна.

ОХИДЫН ҮЗЛЭГИЙН ДАРАА СЭТГЭЛ САНАА ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДДӨГ ВЭ?

Нийт судалгаанд оролцсон охидын 56 хувь буюу талаас илүү хувь нь охидын үзлэг сэтгэл санаанд тодорхой хэмжээгээр дарамт болдог гэж хариулсан байна.

- “Ер нь охидын үзлэг гэхээр хүүхдүүд их айдаг, ичдэг. Тиймээс охидын үзлэг хийгээд хэрэггүй. Зүгээр эцэг эхтэйгээ ярилцах нь дээр”

О, 18 настай

СУРГУУЛИЙН ОРЧИНД ХИЙГДДЭГ ОХИДЫН ҮЗЛЭГ НЬ ОХИДЫГ ЭРСДЭЛ (ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТ, БЗДХӨ)-ЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДАХ, ТОХИРОМЖТОЙ АРГА МӨН ГЭЖ ТА БОДОЖ БАЙНА УУ? 

Охидын үзлэг хийгдэж байгаа гол шалтгаануудын нэг нь охидын бие махбодын хэвийн өсөлт бойжилтыг шалгахаас гадна аливаа халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх байдаг. Гэхдээ энэхүү шалтгаануудын үүднээс тухайн үзлэгийг хийж байгаа нь үзлэгт орж байгаа ихэнх (68 хувь нь) охидын хувьд төдийлөн ач холбогдолтой санагддаггүй буюу өөрөөр хэлбэл тухайн охидын үзлэгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөв арга биш хэмээн үзсэн байгаа нь дээрх үр дүнгээс тодорхой байна.

-“Нөхөн үржихүйн эрүүл мэндийг үзлэг хийхээс өөрөөр хянах арга бол тухайн охин өөрийн асран хамгаалагчын хамт сургууль дээрээ бус тусгай эмнэлэгт очиж тогтмол үзүүлэх юм” 

Ш, 18 настай

 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ОХИДЫГ НИЙТЭЭР НЬ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХ САНААЧИЛГЫГ ЧИ ДЭМЖИЖ БАЙНА УУ? 

Охидоос тэднийг ЕБС дээр нь үзлэгт нийтээр хамруулах санаачилгыг дэмжиж буй эсэхийг нь асуухад 66 хувь нь дэмжээгүй бөгөөд тухайн үзлэг нь байх ёсгүй хэмээн дүгнэлт хийсэн байна.

Судалгааны багийн зүгээс “Охидын дуу хоолой” судалгааны үр дүнд үндэслэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Нийслэл, аймаг, дүүрэг, сумдын эрүүл мэндийн байгууллага, өсвөр үеийн кабинетууд, ЕБС-иудын охидыг эрсдэлээс хамгаалахын тулд түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудыг сайтар таниулж, хүүхдүүдэд болон эцэг эхчүүдийг сургалт мэдээллээр хангахад анхаарлаа хандуулан ажиллахыг уриалж,
  • Дээрх эрүүл мэндийн байгууллагуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны чиглэлд ЕБС-иудтай хамтран ажиллахдаа охидод хийх тусгайлсан үзлэгээс бусад чиглэлээр, хүний эрхийг хүндэтгэн хамтарч ажиллахыг хүсэж,
  • Хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэр гаргахдаа хүүхдийн дээд эрх ашгийг эрхэмлэн, хүүхдийн үзэл бодлыг сонсож зохих ач холбогдлыг өгөх, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргахдаа охид, хөвгүүдийн үзэл бодлыг хүндэтгэн, харгалзан үзэж, тэднийг өөрт хамаатай асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь дэмжих үүргийг нь сануулан, охидын үзлэгийг сургуулийн орчинд хийхийг зогсоох, Virginity Test хийхийг Монгол Улсад таслан зогсоохыг шаардаж байна. 

Судалгааг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарж Хүүхдийн Ивээх Сангийн цахим сайтад хандаарай.

ОХИДЫН ЭРХИЙН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!

#Охидын эрхийг хамгаалах өдөр #Охид #Дуу хоолой