Алдартай уран зургуудын нууц: “Маратын үхэл” зургийн ГУНИГТ түүх


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-10-07

Сүүлийн үед залуус музейгээр үйлчлүүлж, галерей үзэн, дуурь жүжигт дурлах нь ихэсжээ. Үүнд нь тус нэмэр болох үүднээс сайн дурын нэгдэл, байгууллагууд ч тууштай ажиллаж байна. Ингээд дэлхийн алдартай уран зургуудын арга барил, сонирхолтой түүхийг цувралаар хүргэж байна.

"МАРАТЫН ҮХЭЛ"

Огноо: 1793

Хэрэглүүр: Зотон, тосон будаг

Хэмжээ: 165*128 см

Байршил: Бельги улс Брюссель, Эзэн хааны дүрслэх урлагийн музей

Энэхүү сэтгэл эмтрэм, яруу зургаар Европын Неоеклассик эриний тэргүүлэх уран зураач Жак-Лүи Давид хувьсгалч найзынхаа үхэлд харуусаж байгаагаа илэрхийлжээ. Түүний найз, талийгаач Жан-Пол Марат хувьсгалын хядлагын эрин үед Францыг засаглаж байсан Үндэсний конвентын тэргүүлэх гишүүн байсан юм. Жиродинчууд хэмээх бүлгэмийн уналтаас хойш тэрээр олон дайсантай болжээ. 1793 оны долдугаар сарын 13-нд уг бүлгэмийн гишүүн Шарлотт Кордэй гэгч эмэгтэй Маратын угаалгын өрөө рүү орж түүнийг хутгалан хөнөөжээ. Шүүх хурал дээр Кордэй “Би 100 мянган амь аврахын төлөө нэг хүнийг алсан юм” хэмээн хашхирч байв.

Маратын үхлээс нэг хоногийн дараа Давидыг Конвентоос дуудаж, талийгаачийн дурсгалд зориулан зураг зурж өгөхийг хүсжээ. Давид тэр даруй ажилдаа орсон бөгөөд арваннэгдүгээр сард зургаа дуусгасан юм. Тэрээр Маратын угаалгын өрөөний гоёмсог чимэглэлүүдийн оронд бүүдгэр бараан орчин зурж, өвөрмөц гутал шиг хэлбэртэй ванныг нь илүү энгийн болгожээ. Мөн үзэгчийн анхаарлыг наана байгаа унжсан гар луу чиглүүлж, үүнийг загалмай дээрээс буулгасны дараах Христийн цогцос шиг харагдуулахаар дүрсэлсэн. Хувьсгалын дараа энэ зураг шинэ дэглэмийнхэнд таалагдаагүй тул 1795 онд Давидэд буцааж өгчээ. Түүнээс хойш 1846 оныг хүртэл буюу Давидын үхлээс хойш 21 жилийн дараа уг зураг дахин үзэсгэлэнд тавигдсан юм. Үүнд яруу найрагч, урлаг шүүмжлэгч Шарль Бодлэрийн яруу үгс нөлөөлсөн гэдэг.

Хувьсгалын үед Жан-Пол Марат хамгийн эрх мэдэлтэй хүмүүсийн нэг байсан юм. Тэр гал цогтой сэтгүүлч байсан бөгөөд “Ард түмний анд нөхөр” хэмээх тэрс үзэлтэй сэтгүүл гаргадаг байв. Давид уг зурагт найзыгаа үйл хэргийнхээ төлөө амиа алдсан баатар мэтээр дүрсэлсэн. Тэр түүний арьсны өнгө алдалт, өө сэвүүдийг арилган 50 настайгаас нь ч залуу байдлаар зуржээ. Харин бодит үнэн нь гэвэл Марат үнэхээр арьсныхаа таагүй байдлыг дарахаар винегар хэмээх уусмалд  дүрсэн алчуураар толгойгоо ороодог байсан аж. Давид найзыгаа уяхан байдлаар харуулахыг зорьсон тул уг үзэгдлийн хамгийн хэрцгий хэсэг болох шархыг зориуд бууруулж дүрсэлжээ. Даавуун дээр бага цус үзэгдэж, талийгчийн бие дээр бараг цусны толбо харагдахгүй байна. Маратын цээжин дэх хутганы шарх сүүдэрт далдлагдсан ч үхлийн байхуйц ноцтой харагдана.

Зураач Маратын угаалгын өрөөний энгийн байдлыг онцолж, эгэл жирийн нэгэн байсныг нь харуулах гэж зорьжээ. Энэхүү хуучин модон хайрцаг улс төрчийн бичгийн ширээ байсан бололтой. Уран зураач элэгдсэн гадаргууг нь ашиглан сийлбэр мэтээр "Маратад" хэмээн бичиж, гарын үсгээ үлдээжээ.

Хутга шалан дээр байх нь алуурчин түүнийг хөнөөгөөд зэвсгээ хаян зугтсан мэт харагдана. Үнэндээ тэр огтхон ч зугтах оролдлого хийгээгүй бөгөөд баригдахаа хүлээн сууж байсан юм. Зарим хүн хутга Маратын цээжинд зоолттой байсан гэж ярьдаг ч Давид найзыгаа баатарлагаар үрэгдсэн гэж харуулахын тулд өөрчилжээ.  Түүнчлэн Давид Маратыг усанд орж байхад нь очиж байсан бөгөөд түүний арьсны өвчинг сайн мэддэг байв. Арьсныхаа шархыг ваннын зэс гадаргууд хүргэхгүйн тулд Марат үнэхээр даавуун дотор усанд ордог байжээ.

Марат арьсны өвчнөөсөө болоод угаалгын өрөөгөө ажлын өрөө болгосон гэж хэлж болох бөгөөд энд л тэр өдрийнхөө ихэнхийг өнгөрөөдөг байсан юм. Наана нь захиа болон дайнд бэлэвсэрсэн эхнэрт зориулсан мөнгө байна. Марат энэ захидлыг дөнгөж бичиж дуусгасан бололтой гарт нь өдөн үзэг харагдана. Алуурчин Кордэйн танилцуулга захидал цусанд толботжээ. Үүн дээр “Миний туйлын золгүй байдал таны ивээлийг хүртэхэд хүргэж байна” хэмээсэн байна. Энд ч бас Давид бодит байдлыг гуйвуулан, найзыгаа өгөөмөр харагдуулахыг зорьжээ. Үнэн хэрэгтээ хааны босогчдын тухай чухал мэдээлэл өгнө гэж хэлсэн болохоор Кордэйг дотогш оруулсан гэдэг.

Эх сурвалж: Britannica, "Дэлхийн сэтгүүл зүйн түүх" Ч. Чойсамба

#Уран зураг #Түүх