“Strong Woman Do Bong-soon” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-09-21

Бид өмнөх дугаартаа Never Have I Ever” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа Өмнөд Солонгосын романтик, инээдмийн цуврал болох “Strong Woman Do Bong-soon”-ыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 8.2/10

Киноны үнэлгээ /MyDramaList/: 8.7/10

Эхний анги цацагдсан огноо: 2017 оны хоёрдугаар сарын 24

Нийт ангийн тоо: 16

Үйл явдал: Do Bong Soon бол супер хүчтэй бүсгүй. Хэдий жижигхэн биетэй, турьхан эмэгтэй шиг харагдах ч дэлхийг өргөх хүч түүнд байлаа. Хамгийн гол нь тэрээр энэ хүчээ бусдаас нууж амьдрах хэрэгтэй бөгөөд буруу зүйлд ашиглавал бурхны шийтгэлийг хүртэх ёстой аж. Гэвч нэгэн өдөр алдартай видео тоглоомын компанийн захирал залуу Ahn Min-Hyuk түүний хүчийг олж мэдсэнээр үйл явдал өрнөнө.

АЛДАРТАЙ ЗОХИОЛЧИЙН БҮТЭЭЛ

“The Story Of Kang Gu”, “My Beloved Eun Dong” зэрэг цувралуудаараа алдартай зохиолч Baek Mi Kyung “Strong Woman Do Bong Soon” цувралын зохиолыг ч мөн бичжээ. Түүний зохиолууд үргэлж гол дүрийн нэрээрээ нэрлэгддэг гэдгээрээ алдартай байдаг билээ.

МӨНХИЙН ЗАЛУУ PARK BO YOUNG

Өхөөрдөм Do Bong Soon-ы дүрийг бүтээсэн жүжигчин Park Bo Young нь өдгөө 30 насыг шүргэж яваа гэнэ шүү. Тэрээр хамтран тоглосон жүжигчин Park Hyung Sik-аас 1 насаар эгч бөгөөд мөнхийн залуу хэмээх хочтой аж. Та түүнийг анх хараад хэдэн настай гэж бодсон бэ?

СЭТГЭЛЭЭ ИЛЧИЛСЭН НЬ

Жүжигчин Park Hyung Sik хамтран тоглосон жүжигчин Park Bo Young-д жинхэнээсээ сэтгэлээ илчилж байсан удаатай. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Би Park Bo Young эгчид үнэхээр хайртай болчихсон. Зураг авалттай байсан ч, энгийн үедээ ярилцаж байхдаа хүртэл сэтгэлийг минь их татдаг. Park Bo Young эгчээ та бол жинхэнэ Do Bong Soon шүү. Таны байгаа байдал тэр чигээрээ Do Bong Soon шиг гэнэн цайлган, хайр татам. Надад Do Bong Soon-ы дүрд дурласан юм шиг жүжиглэх ч шаардлага гараагүй. Таны байгаа байдал тэр чигтээ сэтгэл булаам. Үнэндээ зураг авалт ингээд дуусчихсанд бага зэрэг гунигтай байна шүү” хэмээжээ.

ДУУЧИН PARK HYUNG SIK

Park Hyung Sik өмнө нь ZE:A хэмээх хамтлагийн дуучин байсан билээ. Тус хамтлагт мөн жүжигчин Im Si Wan, Kim Dong Jun нар багтдаг. Хамтлаг албан ёсоор тарсан гэх мэдэгдэл хийгээгүй ч хамтлагийн гишүүд өөрсдөө тус, тусын замаа хөөсөн хэмээн мэдэгдсэн юм. Олон алдартай жүжигчид энэ хамтлагаас төрөн гарсан байгаа биз?

ШИЛДЭГ ТУСЛАХ ДҮР

БНСУ-ын ихэнх алдартай цувралуудад туслах, гол дүрийг бүтээдэг Kim Won Hae энэхүү цувралаар нэр хүндээ өсгөж чадсан юм. Тэрээр энэхүү цувралд тэс өөр зан араншинтай, тэс өөр хоёр дүрийг бүтээснээрээ өөрийн чадвараа баталж чадсан. Харамсалтай нь тэрээр саяхан “Graceful Friends” цувралд дүр бүтээж байхдаа коронавирусын халдвар авсан билээ.

ЦАРАЙЛАГ АЛУУРЧИН

Хамгийн царайлаг алуурчинтай гэгддэг цуврал бол “Strong Woman Do Bong-soon”. Эсрэг талын, цуврал алуурчин түүний дүрийг ихэд нууцалж байсан ба төгсгөлийн ангиуд дээр л түүний царай ил болдог. Гэтэл үзэгчид үзэн ядахын оронд эсрэгээрээ байсан гэнэ шүү. Учир нь тэрээр муу талын дүр гэхэд хэтэрхий царайлаг байсан гэнэ. Түүнийг Jang Mi-Kwan гэдэг бөгөөд энэхүү цуврал нь түүний анхны дүр юм.

ҮЕРХЛИЙН ЦУУРХАЛ

Цуврал цацагдаж дууссаны дараа жүжигчин Park Hyung Sik болон Park Bo Young нарыг үерхдэг хэмээн цахим ертөнцөөр шуугиж эхэлсэн юм. Үзэгчид ч тэднийг “Park Park” хосууд хэмээн хочилдог байсан бөгөөд уг мэдээг таатай хүлээж авч байлаа. Гэвч хоёр талаас энэхүү мэдээг шууд няцаасан ба Park Bo Young-ын талаас “Бид хоёр ямар ч хувийн холбоогүй. Яг л дүү шиг минь байдаг хүнтэй би яаж үерхэх билээ дээ” хэмээжээ.

Эх сурвалж: Allkpop, Soompi

 

 

 

 

#Бидний мэдэхгүй баримтууд #Strong Woman Do Bong-soon