“Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 18-24-ний өдрүүдэд болно


О.Хандмаа | YOLO.MN
2021-10-14

13 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Тус кино наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой юм.

Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2020-2021 онд бүтээгдсэн Орос, Франц, Герман, Иран, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монголын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног “Нээлтийн кино”, “Олон улсын кино хөтөлбөр”, “Монгол киноны хөтөлбөр”, “Үзэхийн хязгаар” хэсгээр үзүүлэхээр бэлтгэж байна. Наадмын уламжлал ёсоор “Хангарди” Монгол киноны уралдааныг зарласан боловч цар тахлаас үүдсэн хязгаарлагдмал нөхцөл байдлаас болж, шинээр хийгдсэн кино цөөхөн байлаа. Иймээс, зохион байгуулагчдын зүгээс уралдаанд оролцохоор бүртгүүлсэн нийт дөрвөн бүтээлийг УБОУКН-ын Монгол кино хөтөлбөрт оруулан үзэгчдэд хүргэхээр шийдвэрлэв.

Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол ба Зүүн Өмнөд Азийн Бүсийн Кино Форум”, “Авдраа уудал” киноны ерөнхий зураачийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, Соёлын Яамтай хамтран “Ирж яваа цаг” кино форумыг тус тус зохион байгуулна.

Энэ удаад наадам зохион байгуулагчид 1959 онд Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрээрээ мөнгөн медаль авсан “Ардын Элч” киног онцолж, үндсэн постерын дизайныг бэлтгэсэн бөгөөд “Үзэхийн хязгаар” хэсэгт тус киног англи хадмал орчуулгатай гаргана. Мөн Монголын кино урлагийн түүхэд бүтээгдсэн шилдэг кино бүтээлийг зурагт хуудсаар танилцуулсан “Монгол киноны хөмрөгөөс” үзэсгэлэнг МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд гаргахаар ажиллаж байна.

Наадмын үзвэр болон “Кино форум” Тэнгис кино театрт зохион байгуулагдах бөгөөд наадмын дэлгэрэнгүй хөтөлбөр, кино танилцуулга болон “Кино форум”, “Авдраа уудал” сургалтад бүртгүүлэх мэдээллийг наадмын албан ёсны www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn вэб хуудсаар орж авна уу.

“Улаанбаатар” олон улсын кино наадмыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Соёлын Яам, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй юм.

#Мэдээ #Кино урлаг #Улаанбаатар