Оюутнууд цагийн ажлын цалингаараа хохирох нь түгээмэл байна


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-09-08

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох орлоготой оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Дөрвөн жил үргэлжилсэн уг хөтөлбөр өдгөө ямар үр дүн үзүүлснийг оюутнуудаас лавлахад ийм хөтөлбөр хэрэгжсэнийг мэдээгүй нь мэдсэнээсээ их байв. Их, дээд сургуулиудад нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв гэж бий. Гэхдээ бүгд үйл ажиллагаа явуулдаг, эсэх нь эргэлзээтэй.

МУИС-ийн Оюутны холбооны тэргүүн асан Г.Мандах “Хичээлийнхээ хажуугаар ажил хийснээр цалингаараа хохирох, бүтэн цалингаа авч чадахгүй байх асуудал бий. Оюутан, төгсөгчдийн хэлтэс оюутнуудыг цагийн ажлаар хангахаар ажилладаг. Гэвч ажилд зуучилсан оюутан тууштай ажиллаагүйгээс болж ажил олгогчид дахин оюутан ажилд авахаас цааргалдаг. МУИС - ийн хувьд оюутнууддаа “NUM brand shop” дэлгүүр болон оюутнуудыг хамарсан томоохон үйл ажиллагаануудад цагийн ажил олж өгдөг. Гэвч энэ нь хүн бүрт хүртээмжтэй биш. Төгсөгчдөд зориулж “Biznetwork” хэмээх байнгын болон цагийн ажилд зуучилдаг сайттай хамтарч ажилладаг. Гадаадад оюутнууд суралцангаа цагийн ажил хийх боломжтой байдаг бол Монголд ажил хийж байгаа оюутны дүн буурах, хичээлдээ муудах хандлагатай байдаг” гэлээ.

МУИС - ийн "NUM brand shop”

Сургуулиасаа ажил олж чадаагүй оюутнуудад цагийн ажлын биржүүд авралын од болдог. Тэдний нэг Сүхбаатар дүүрэгт байрлах цагийн ажлын агентлаг өнгөрөгч онд давхардсан тоогоор 2800 гаруй хүүхэд, залуучуудыг цагийн ажлаар хангажээ.

Оюутнууд Монголд цагийн ажлын цалин бага байдагт шүүмжлэлтэй ханддаг. Үүний талаар тус агентлагийн үүсгэн байгуулагч “Ихэнх хөдөлмөр зуучлалын төвүүд 100 хувь харилцагч байгууллагаас хараат байдаг. Манай байгууллагын хувьд сурталчилгааны ажил цагийн 3500-7мянга, угтагч 10мянгаас 7мянга, борлуулагч 27мянган төгрөгөөр цалинждаг” хэмээв. Цагийн ажил хийснээр харилцааны соёлтой болж, ачаалал дааж сурдаг. Гэхдээ зарим байгууллагууд цагийн ажил хийж буй оюутныг хүн гэж хардаггүй хэмээн ШУТИС-ийн оюутан Б.Очирхүү өгүүллээ.

 

#оюутан #Их сургууль #цагийн ажил