Иргэдийг “хамгаалагч” нэртэй боржин чулуунууд хотын гудмаар ХӨГЛӨРСӨӨР байна


Аливаа улс орны хөгжил, цэцэглэлт хотын өнгө, үзэмж, дүр төрхөөс шууд харагддаг билээ. Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн хотын гудамж, талбай цэвэр цэмцгэр, тохилог орчинтой бол тухайн хотын соёл мэдрэгддэг шүү дээ. Манай улсын Нийслэл Улаанбаатар хотын хувьд ч өдрөөс өдөрт өнгө нэмж, хотын иргэд маань соёлжиж байгаа билээ. Гэвч хотын өнгө үзэмжид тохиромжгүй, ямар ч шаардлагагүй зүйлд хэт их мөнгө үрсэн тохиолдол гарсаар байгааг үгүйсгэхгүй биз ээ. Үүний тод жишээ бол өнгөрсөн жилийн сүүлээр хотын төв талбайд тавигдсан боржин чулуун хаалтууд юм. 

Нэг л өглөө сэрээд хартал иргэдийн аюулгүй байдлыг хамгаалагч чулуунууд “гэнэтийн бэлэг” шиг л төв талбайд маань байршсан байлаа. Иргэд “гэнэтийн бэлэг”-ийг ямар ид шидтэй эд болох, хэр их төсвөөр бүтсэн гэдгийг нь сонсоод огтхон ч таашаасангүй. Харин ч эсрэгээрээ уур бухимдал, цухалдал төрөх болов.

Анх Сүхбаатарын талбайд болж буй олон нийтийн үйл ажиллагааг хамгаалах зориулалттай тус шоо дөрвөлжин боржин чулуун хаалтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард талбайг хүрээлүүлэн тавьсан. Гэвч Хотын захирагч асан С.Амарсайхан дизайныг нь голж, сайжруулах шаардлага тавьснаар буцаан татаж сайжруулан тавихаар болсон билээ.

Тэгвэл энэ оны нэгдүгээр сард НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас хаалтыг сайжруулах үйл явцын талаар лавлахад “Бид энэ талаар мэдэхгүй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар хариуцаж байгаа” гэв. Хариултын дагуу ХБХГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн албан тушаалтнуудаас тодруулга авахад ажлын үйл явцыг тодорхой хэлж мэдэхгүй, НЗДТГ хариуцаж авсныг хэлэв. Хэн үйл ажиллагааг нь хариуцаж авсан нь тодорхойгүй, эзэн холбогдогчгүй байгаа уг чулуун хаалтын өртөг нь 150 гаруй сая төгрөг бөгөөд гүйцэтгэгч компанийн төсөвт багтаан хийсэн аж. Түүнээс хойш дахин сайжруулалт хийн буцаан тавих асуудал хэсэгтээ чимээгүй байсаар зуны нүүрийг үзэв.

Удахгүй тавигдах байх хэмээн найдсан боржин чулуун хаалтууд маань гэнэт хотын гудамж, явган хүний зам, гарцан дээр нэг хоёроороо мэр сэр харагдах боллоо. Тухайлбал, УИХ-ын дэлгүүрийн урт талын явган хүний гарц, "Peace Mall" дэлгүүрийн урт талын зам гэх мэтчилэн энд тэндгүй ямар ч хэрэгцээгүй том том чулуунууд тавигдсан нь хотыг улам л өнгө үзэмжгүй харагдуулж байна. 

Хоёр хүн зэрэгцээд алхахад ч бэрх явган хүний замын дэргэд тавих шийдвэр нь “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдгийн жишээ болсон бололтой. Магадгүй хэсэгтээ ард иргэдийн бодол санаанаас гартал чимээгүй хүлээж байгаад сэмхэн гаргаж тавьсан юм болов уу гэсэн бодол төрснөө би лав нуухгүй.

Тавих тавихдаа гарцан дээр хашилт болгон эв хавгүй, дээш доош нь харуулж, ямар ч эмх замбараагүйгээр байршуулсан нь зүгээр л хаана ч хамаагүй тавиад “далд оруулъя” гэсэн бодолтой байсан мэт харагдана. Ийнхүү салхинд хий хоосон цацагдсан төсвийн мөнгөөр арай өөр хэрэгтэй зүйлд зарцуулсан бол бидний амьдралд дэм болох байлаа. Наад зах нь гудамж талбайн гэрэлтүүлэг, үерийн ус зайлуулагч, зориулалтын дугуйн зам гээд иргэдэд ээлтэй шийдлүүд зөндөө бий. Гэвч харалган байдлаасаа болоод ямар ч ид шидгүй “данхгар” чулуунуудад хамаг төсвөө үрэн таран хийсэн нь харамсалтай. Хурааж авъя гэсэн ч нэгэнт ийм их мөнгө заран байж хийсэн юм чинь гээд ядаж гудамжинд хаалт болгон тавих нь тодорхой. 

Цаашид энд тэндгүй ямар ч хэрэгцээгүй том чулуунууд энэ хэвээрээ хотын гудамжаар хөглөрсөөр л байх уу? Хэн үүний хариуцлагыг үүрэх вэ? 

#Хот #Нийслэл #Өгүүлэл