Кпопын эргэн тойронд: Lai Kuan Lin олон нийтээс уучлалт гуйлаа


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-11-30

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

LAI KUAN LIN ТАМХИ ТАТСАН ТУЛ ОЛОН НИЙТЭЭС УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ

Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Wanna One хамтлагийн гишүүн асан Lai Kuan Lin гудамжинд тамхи татаж байхдаа шүтэн бишрэгчдийн камерт өртсөн байна. Ийнхүү БНХАУ-ын Weibo сайт дээр Lai Kuan Lin-ийн тухай хайлт тэргүүлж, олон нийт түүнийг шүүмжилсэн байна.

БНХАУ-ын сайтуудаар Lai Kuan Lin-ийг олны танил хүн учраас биеэ зөв авч явж бусдад үлгэрлэх ёстой, олон нийтийн газар тамхи татаж болохгүй зэргээр шүүмжилсэн бөгөөд түүний зүгээс Weibo хаягаараа дамжуулан уучлалт гуйжээ. Тэрээр:

- “Би та бүхнээс уучлалт гуймаар байна. Олны танил хүний хувьд олон нийтийн өмнө гаргаж буй үйлдэлдээ болгоомжтой хандсангүй. Би та бүхний шүүмжлэлийг толинд тусгасан юм шиг хүлээн авч, дахин ийм алдаа гаргахгүй байх болно.

Олны нүднээс зайдуу газарт байсан ч би биеэ зөв авч явах ёстой. Ийм зохисгүй зүйл хийсэн болохоор цаашид анхаарч, өөрийгөө илүү сайжруулах хэрэгтэй гэдгээ ойлголоо. Би өөрийн алдааг ойлгож, өөрчлөгдөх болно” гэжээ.

Мөн зарим шүтэн бишрэгчдийн зүгээс “алдартан ч гэсэн адилхан л хүн” хэмээгээд Lai Kuan Lin-ийн хувийн амьдралыг хүндэтгэхийг хүсчээ. 

КПОП ХАМТЛАГ АНХ УДАА "ГРЭММИ"-Д НЭР ДЭВШЛЭЭ

Кпоп хөгжмийн томоохон төлөөлөгчдийн нэг BTS хамтлаг энэ жилийн Грэмми наадмын “Шилдэг поп дуэт, хамтлаг” төрөлд нэр дэвшжээ. Энэ нь өмнөд Солонгосын Кпоп хамтлагуудаас тус наадамд нэр дэвшиж буй анхны тохиолдол юм.

BTS хамтлаг уг төрөлд Lady Gaga болон Ariana Grande, Taylor Swift болон Bon Iver, Justin Bieber болон Quavo зэрэг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн өрсөлдөхөөр болжээ.

Ийнхүү BTS хамтлагийн V, Jungkook, RM болон Jimin нар хамтдаа сууж, нэр дэвшиж буйгаа сонсож, баярлаж буй бичлэгээ Твиттер хаягтаа байршуулсан байна. Уг бичлэгийг 16 гаруй сая хүн үзэж, 2 гаруй сая хүн лаяк даржээ.

Тус хамтлагийн англи хэл дээрх анхны уран бүтээл болох "Dynamite" нь цацагдсан даруйдаа олон рекордыг тогтоосон юм. Тухайлбал, эхний өдрөө л YouTube дээр 101.1 сая хандалт авч YouTube хуудас дээрх хамгийн их үзэгчтэй нээлтийн бичлэг болсон байна. Мөн Billboard "Шилдэг 100" чартыг хоёр долоо хоногийн турш тэргүүлж чаджээ.

Энэ оны наймдугаар сард BTS хамтлаг Грэммид ярилцлага өгөхдөө:

- “Бид дуулж бүжиглэх үедээ эрх чөлөө бас аз жаргалыг мэдэрдэг. "Dynamite" дуу бол урам зориг хэрэгтэй байгаа хүмүүст зориулагдсан дуу. Энэ дууг сонссон хүмүүс илүү их эрч хүчтэй болоосой гэж хүсэж байна” гэжээ.

Мөн тус хамтлагийн гишүүн Suga энэ оны есдүгээр сард CNN телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа:

- “Бид бүгд л Грэммийн шагнал гардуулах ёслолыг үзэж өссөн болохоор үүний ач холбогдлыг нь сайн мэддэг. Хэрвээ бид нэр дэвшвэл үнэхээр гайхалтай байх болно. Яг үнэндээ манай хамтлаг анх байгуулагдаж байхдаа Грэммийн тухай бодож ч байгаагүй. Гэхдээ одоо бол энэ нь илүү бодитой мөрөөдөл болсон” хэмээн дурдаж байсан юм. Ийнхүү түүний мөрөөдөл биелж, BTS хамтлаг Грэммид нэр дэвшсэн байна. Баяр хүргэе BTS!

REFUND SISTERS ХАМТЛАГ ЖИЛИЙН ЭЦСИЙН НААДМУУДАД ОРОЛЦОНО

Шилдэг оддоос бүрдсэн Refund Sisters хамтлаг жилийн эцсээр болдог хөгжмийн томоохон шагнал гардуулах ёслолуудад оролцоно гэдгээ мэдэгдлээ.

Тэд MBC телевизийн сувгийн "2020 Gayo Daejejeon" болон "2020 Entertainment Awards"-д оролцохоор болсон байна. "2020 Entertainment Awards" нь арванхоёрдугаар сарын 29-нд болох бол "2020 Gayo Daejejeon" наадам нь арванхоёрдугаар сарын 31-нд болох юм байна.

Refund Sisters хамтлаг нь дуучин Lee Hyori, Uhm Jung Hwa, реппэр Jessi болон MAMAMOO хамтлагийн гишүүн Hwasa нараас бүрдсэн бөгөөд энэ оны аравдугаар сарын 28-нд "Don’t Touch Me" дуугаа олны хүртээл болгосон юм. Мөн өмнөд Солонгос оддын нэр хүндийн жагсаалтад Refund Sisters хамтлагийн гишүүд дээгүүр бичигдэж, дуу нь хөгжмийн чартуудад тэргүүлж, “багагүй” амжилт үзүүлээд байгаа юм.

THE QUIETT ШИНЭ ЭНТЕРТАЙНМЕНТ БАЙГУУЛЛАА

Энэ оны эхээр Illionaire Records үйл ажиллагаагаа зогсоосон гэдгээ зарласан билээ. Харин тус компанийг үүсгэн байгуулсан реппэр The Quiett дахин энтертайнмент компани байгуулснаа мэдэгджээ. Тэрээр шинэ компаниа Daytona хэмээн нэрлэсэн бөгөөд “Би найзтайгаа хамт компани байгуулчихлаа” гэсэн тайлбартай зургаа Инстаграм хаягтаа оруулжээ. Мөн тус өдөр Daytona Entertainment өөрсдийн албан ёсны Инстаграм хаягийг нээсэн байна. 

Харин Illionaire Records-ийн уран бүтээлчид Daytona энтертайнменттай гэрээ байгуулах эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Тухайлбал, реппэр Beenzino Naver сайт дээрх өөрийн мэдээллээсээ Illionaire Records-ийн тухай мэдээллийг хасуулах хүсэлт гаргасан байна. 

NIKE БРЭНДИЙН ВЕБСАЙТЫГ ГАЦААСАН "PARA-NOISE 2.0"

Дуучин G-Dragon спорт хувцасны Nike брэндтэй хамтран Air Force 1 загварын пүүзийг худалдаанд гаргасан билээ. Тус пүүзээ хамгийн анх 2019 оны арваннэгдүгээр сард танилцуулсан бөгөөд Para-Noise гэж нэрлэжээ. 

Харин "Para-Noise 2.0" загварыг арваннэгдүгээр сарын 25-ны өдөр худалдаанд гаргасан бөгөөд ердөө минутын дотор зарагдаж дууссан байна. Nike брэнд дэлхийн 40 улс дахь албан ёсны вебсайтаараа уг пүүзийг худалдаалсан бөгөөд захиалга ихтэй байсан тул сайт нь хэсэг хугацаанд уналтад орсон аж. Мөн "Para-Noise 2.0" пүүз БНХАУ-д хэдхэн секундийн дотор зарагдсан бөгөөд Weibo дээрх хайлтад G-Dragon гэдэг үг трэнд болжээ. 

G-Dragon уг загварын пүүзнийхээ нээлтэн дээр 2021 оныг илүү сайхан жил болж, хүн бүр аз жаргалтай байгаасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн байна.

РЕППЭР GIANT PINK ХУРИМАА ХИЙЖЭЭ

"Unpretty Rapstar 3" нэвтрүүлгийн ялагч Giant Pink арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хуримаа хийсэн байна. Ингээд гурван өдрийн дараа Инстаграм хаягтаа ийн бичжээ:

- “Хурим гэдэг бол амар зүйл биш. Миний амьдралд хэзээ ч тохиолдож байгаагүй зүйл л дээ. Олон хүний аз жаргал хүссэн мэндчилгээтэй, аз жаргалтай хурим байлаа”

JESSI: “ХЭРВЭЭ ТА НАР ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ БОЛ ХЭН ТА НАРТ ИТГЭХ ЮМ БЭ?”

Mnet хөгжмийн сувгийн "CAP-TEEN" нэвтрүүлгийн шүүгчдийн нэг болох Jessi тус нэвтрүүлэгт оролцож буй залуу үеийнхэнд хандаж зөвлөгөө өгсөн байна.

Тэрээр:

- “Би дуучин болохыг хүсдэг байсан ч энэ санаа аавд минь таалагдаагүй учир намайг болиулсан юм. Гэхдээ та нар л өөртөө итгэхгүй бол хэн та нарт итгэх юм бэ? Зүгээр л оролдоод үз. Өөрийгөө сорь. Өөрийгөө сорино гэдэг хамгийн сайн зүйл юм шүү. Би үргэлж өөртөө итгэдэг болохоор өөрийгөө илэрхийлж, таниулж чадах бүх зүйлийг хийхийг хичээдэг” гэжээ.

"CAP-TEEN" нэвтрүүлэг нь арваннэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж цацагдсан бөгөөд Кпоп хамтлагийн гишүүн, дуучин болох мөрөөдөлтэй өсвөр үеийнхний дунд шалгаруулалт хийж, шилдгийг тодруулах зорилготой аж. Уг нэвтрүүлгийн ялагч нь Солонгосын шилдэг продюсер болон бүжгийн хамтлагтай хамтран ажиллах эрхтэй болох юм байна.

Эх сурвалж: Allkpop, CNN

#Кпопын эргэн тойронд