Хиймэл оюун ухааны тусламжтайгаар Nirvana хамтлагийн ШИНЭ ДУУГ гаргажээ


Миау | YOLO.MN
2021-04-06

Одоогоос 27 жилийн өмнө Nirvana хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Kurt Cobain хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь хөгжимд дурлагч залуусын сэтгэлд хэмжээлшгүй их уй гашууг авчраад зогсохгүй энэхүү хамтлаг цаашид ямархуу уран бүтээл гаргах байсан бол гэсэн маш том асуултыг үлдээсэн билээ. Тэгвэл хиймэл оюун ухааны тусламжтайгаар бид уг асуултын хариултыг авах боломжтой болжээ.

Та бүхэн өмнө нь хаа нэгтэйгээс “27 Club” гэх нэршлийн талаар сонсож байсан байх. Харин үүний талаар огтхон ч мэдээлэлгүй хүмүүст тайлбарлахад “27 Club” гэдэг нь карьерынхаа оргил үед буюу 27 насандаа цаг бусаар нас барсан уран бүтээлчдийг нэрлэдэг нэр томьёо юм. Уг нэршилд харьяалагддаг уран бүтээлчдийг дурдвал Nirvana хамтлагийн дуучин Kurt Cobain, бүх цаг үеийн хамгийн чадварлаг цахилгаан гитарчдын нэг Jimi Hendrix, “the Doors” хамтлагийн гоцлол дуучин Jim Morrison, жазз урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг Amy Winehouse нар байна.

Тэгвэл “Over the Bridge” ашгийн бус байгууллагын хамт олон хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар уг ангилалд хамаарах хамтлаг дуучдын гаргасан уран бүтээлүүдэд дүн шинжилгээ хийж, өдгөө амьд байсан бол ямархуу уран бүтээл гаргах байсныг нь тодорхойлдог “Lost Tapes of the 27 Club” хэмээх төслийг хэрэгжүүлж байгаа аж. Ингэхдээ тэд тухайн уран бүтээлчийн 30 гаруй дууг сонгон авч дууны аялгуу, аккорд, гоцлол дуулалт зэрэг дээр дүн шинжилгээ хийдэг байна.

“Over the Bridge” нь дуу хөгжмийн ертөнц дэх сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлаар шаналж буй уран бүтээлчдэд тусалдаг ашгийн бус байгууллага юм. Харин тэдний Kurt Cobain-ий нас барсан өдрийг тохиолдуулан ийнхүү уран бүтээл гаргасан шалтгаан нь хүмүүс бид сэтгэл гутралтай тэмцэж буй уран бүтээлчдэд ямарваа нэг буруу алхам хийхээс нь өмнө туслах боломжтой гэдгийг харуулах зорилготой ажээ.


Ингээд нийтлэлийн төгсгөлд дуучин, гитарчин Kurt Cobain-ий гэрэл зургуудаас хүргэж байна.

21 настай Kurt ханан дээр шүршдэг будгаар зурсан шалтгаанаар Вашингтоны цагдаагийнханд баривчлагдсаны дараа.


Nirvana хамтлагийн гишүүд 1990 оны үед. Зүүн гар талаас Kurt Cobain, Chad Channing, and Krist Novoselic


Kurt 1990 онд "DGC" дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулав. Ингээд "Smells Like Teen Spirit" хэмээх уран бүтээл нь хит болсноор Nirvana хамтлагийг хүн бүр сонирхох болжээ.


Франкфурт, Герман, 1991 он. 


Kurt Cobain эхнэр Courtney Love-ийн хамтаар, 1992 он.


1992 оны "MTV" хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр Red Hot Chili Peppers хамтлагийн гишүүн Flea-гийн хамтаар.


1993 онд "MTV Unplugged" нэвтрүүлгийн үеэр уран бүтээлээ толилуулж буй нь.


Үүнээс нэг жилийн дараа буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр тэрээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. 

Эх сурвалж: Geek Wire

#Дуу хөгжим #Домог #Nirvana #Kurt Cobain