Халахдаа наршим халуун нар төөнөж, хүйтрэхдээ гэрээсээ ч гармааргүй санагдтал хүйтэрдэг эдгээр өдрүүд нэг л мэдэхэд дуусаж зун айлчлан ирлээ. Зуныг төсөөлөхөд сайхан ч бодит байдал дээр халуун нар төөнөж заримдаа бүр нарших тохиолдол ч гардаг. Тиймээс та бүхэндээ наршсан үед үзүүлэх анхны тусламжийг хүргэж байна.
АВАХ АРГА ХЭМЖЭЭ:
1. БИЕД ХҮЙТЭН ЖИН ТАВИХ
Наршсан үед хамгийн түрүүнд биеийн дулааныг буулгах хэрэгтэй. Аль болох сэрүүн газар байлгана. Биеийн дулаан 40 градусаас их удаан байвал тархинд саатал үүсэх аюултай учраас 38 болон түүнээс доош градустай болгохыг хичээгээрэй.
2. БИЕИЙН БАЙДЛЫГ САЙТАР АЖИГЛАХ
Хэт наршсанаас болж ухаанаа алдах, цаашлаад амь насаа алдах аюултай учраас хэвийн бус байдал ажиглагдвал яаралтай эмнэлэгт хүргэнэ. Ухаан алдсан үед хүчээр шингэн уулгалгүйгээр амьсгалын замыг чөлөөлж, хиймэл амьсгал хийнэ.
АНХНЫ ТУСЛАМЖ
1. Сэрүүн газарт авчран, хувцасны товч, цахилгааныг суллаж сэвүүр зэргээр сайн сэвж өгнө.
2. Нойтон алчуур бие дээр нь тавьж сэрүүцүүлнэ. Ус хангалттай байхгүй тохиолдолд амандаа ус балган бүх бие рүү нь цацна.
3. Мөсөөр жин тавих боломжтой бол хүзүү, суга, цавь зэрэгт тавина. Цусны урсгал муу үед хөлийг өндөрлөж, хөлийн үзүүрт массаж хийнэ.
4. Өөрийн ухаантай бөгөөд хөлс ихээр гарч байвал бага зэргийн давстай ус бага багаар уулгана.
АНХААР!!! Биеийн дулаан буурахгүй, ухаангүй, хариу үйлдэл үзүүлж чадахгүй, сайн ярьж чадахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн дуудаж, эмнэлэгт хүргэх хэрэгтэй.
2015 онд бага насны хоёр хүүхдээ машиндаа түгжиж явснаас болж агааргүйдэж, ухаан алдсан хэрэг гарч байсныг та бүхэн санаж буй биз ээ. Үүнээс хойш үр хүүхдээ автомашиндаа битгий үлдээгээрэй гэсэн сэрэмжлүүлгийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эцэг эхчүүдэд зун болгон өгсөөр байгаа билээ. Гадаа 30 хэмийн халуун өдөр автомашинаа гадаа аравхан минут орхиход машин доторх температур 70 хэм болдог. Ийм халуун машинд үлдсэн хүүхдийн тархинд 10-15 минутын дотор цус харвах аюултай байдаг гэнэ. Иймээс хурц нартай өдөр машин дотор бага насны хүүхдийг машин дотор үлдээхгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн ойрын жилүүдэд хэт халснаас болж бүгчим өрөөн дотор өндөр настнууд нас барах тохиолдол ч ихсэж байна. Хөлс гарахгүй байсан ч таны биеэс шингэн алдагддаг тул ойр ойрхон шингэнээ нөхөж, наршихаас сэргийлэх хэрэгтэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх