Ж. Өнөмөнх: Бакалаврын түвшинд Монголд суралцах нь ИЛҮҮ АШИГТАЙ


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-05-29

Орчин үеийн залуус илтгэх, мэтгэлцэх чадваруудыг зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай болсон. Тэгвэл уг чиглэлээр зургаан жилийн турш хичээллэж буй, 2019 оны Үндэсний мэтгэлцээний аварга Ж. Өнөмөнхийн залууст зөвлөсөн зөвлөгөө бүхий ярилцлагыг хөл хорио тогтоосон энэ үед хүргэхээр шийдлээ. 

YOLOСайн байна уу? Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн байцгаана уу? Намайг Ж.Өнөмөнх гэдэг. Би МУИС-ийн Статистикийн ангийн 4-р дамжааны оюутан. Парламентын мэтгэлцээнээр хичээллээд зургаан жил болж байна. МУИС-ийн "Best" илтгэх урлаг, мэтгэлцээний клубийн гишүүн.

YOLO: 2019 оны Үндэсний мэтгэлцээний аварга болсонд нь баяр хүргэе. Тэмцээний эргэн тойрон дахь сонин хачнаас хуваалцахгүй юу?

- Тэмцээн нэгдүгээр сарын 25-нд Төрийн ордонд нээлтээ хийснээр эхэлсэн. Гол үйл ажиллагаа буюу тоглолтууд Отгонтэнгэр их сургууль дээр зохион байгуулагдсан. Энэ удаагийн тэмцээний онцлог нь УИХ-н дарга Г.Занданшатарын ивээл доор зохион байгуулагдахын зэрэгцээ мэтгэлцээний шийдлүүд нь саяхан батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой шийдлүүд байсан нь мэтгэлцэгчид оюутнуудад уг асуудлыг таниулах, илүү гүнзгийрүүлэн суралцуулах тал дээр маш үр дүнтэй ажил болсон.


YOLOӨнгөрсөн жилүүдээс ялгарсан онцлог шинж юу байна вэ?

- Шийдлүүд нь бүгд эрх зүйн салбар шинжлэх ухаантай хамааралтай шийдлүүд байсан. Энэ нь бусад чиглэлээр суралцдаг оюутнууд уг чиглэлээр суралцаж, гүнзгийрүүлэн унших боломжийг нээж өглөө. Би эрх зүйн хүрээнд төдийлөн мэдлэг ойлголтгүй байсан учраас хуулийн сургуулийн найзуудаасаа асууж лавлаж, өдөржин хамт сууж бэлдэж, заримаас нь номыг нь авч судлан богино хугацаанд Үндсэн хуулийн талаар онолын мэдэгдэхүүн олж авах гэж их мэрийсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт биднээс хол биш эсрэгээрээ бидэнтэй маш ойр гэдгийг уг шийдлүүд таниулж өгсөн.

YOLOӨөрийн тань хувьд хамгийн үр дүнтэй сайн арга зам олж чадсан шийдэл юу байсан бэ?

- Миний мэргэжилтэй буюу эдийн засгийн салбартай хамгийн ойр тэтгэврийн даатгалын системтэй холбоотой шийдлүүд дээр илүү үр дүнтэй арга зам олсон. Хувийн даатгалын систем, тэтгэврийн реформыг хувийн зүгээсээ дэмждэг. Одоо Монгол улсад байгаа эв санааны тогтолцоон дээр суурилсан даатгалын систем тийм ч муу биш. Гэхдээ дэлхийн зарим орнууд энэ хувийн даатгалын системээс татгалзаж байна. Энэ нь бид заавал хувийн даатгалын систем гэлтгүй нийтийн буюу энгийн даатгалын системээр цааш хөгжүүлээд явах боломжтой юм. Үүн дээр үндэслэн арга замуудыг дэвшүүлсэн.


YOLOИлтгэх урлаг, мэтгэлцээнтэй амьдралаа холбосон түүхээсээ хуваалцаач?

- Анх 11-р ангид байхад нийгмийн ухааны багш маань илтгэх урлагийн сургалтад сууж үзэхийг санал болгосон юм. Ингээд сууж үзэхэд маш сонирхолтой санагдаж байлаа. Дараа нь Баянгол дүүргийн сурагчдын мэтгэлцээний тэмцээн болоход мэтгэлцээний ямар ч мэдлэггүй хэрнээ орж гуравдугаар байр эзэлсэн. Үүнээсээ маш их урам зориг авсан.

YOLOЗургаан жилийн хугацаанд мэтгэлцээнээс авсан ч зүйл бий, өгсөн ч зүйл бий байх. Энэ хугацаанд мэтгэлцээнтэй холбоотой ямар зүйлс хийж байсан бэ?

- Би ЕБС-ийн сурагч байхаасаа л МУИС-ийн "Best" илтгэх урлаг, мэтгэлцээний клубийн гишүүн байсан. Энэ клуб нь оюутны мэтгэлцээний клуб юм л даа. Сурагчдын тэмцээн дээр клубийг маань асуухад "Best" гэж хариулахад хүмүүс их гайхдаг байсан. Оюутан болсон цагаасаа эхлэн клубийнхээ дотоод зохион байгуулалтад оролцож ажиллаж эхэлсэн. Мөн 2019-2020 оны хугацаанд "Best" клубийн тэргүүнээр сонгогдож ажиллалаа. Хамгийн сүүлд клубийнхээ нэрэмжит уламжлал болон зохион байгуулагддаг “Улсын аваргын сорилго” тэмцээнийг зохион байгуулсан.


Мэтгэлцээнд хамтрагч маш чухал. Хамтрагчийнхаа тухай ярихгүй юу?

- Хамтрагч маань илтгэх урлаг, мэтгэлцээний “Снич” клубийг үүсгэн байгуулагч Н.Мөнгөнбагана хэмээх улсын уран илтгэлийн аварга, парламентын мэтгэлцээний нийслэлийн аварга маш мундаг удирдагч байдаг. Оюутны мэтгэлцээний тэмцээнд хамгийн анх мэтгэлцсэн хамтрагч Н.Мөнгөнбаганатай дахин нэг баг болж мэтгэлцсэндээ маш баяртай байна. 

Энэ хамтрагчтайгаа хэр удаан хамтарч байна вэ?

- Бид нэг жил хагасын хугацаанд хамтраад дахин хамтраагүй. Мөнгөнбаганаас хойш маш олон хамтрагч сольсон. Ингээд хамгийн сүүлийн улсын аваргын тэмцээнд анхны багаараа оролцохоор шийдсэн.

Дассан хамтрагчтайгаа байнга мэтгэлцэх, олон хамтрагч солих хоёрт ялгаа бий юу? Давуу болон сөрөг тал юу вэ?

- Тогтвортой баг хүмүүс танигдахдаа хурдан мөн багийн гишүүд хоорондоо уусаж нэгнээ яаж ярих, юу хэлэхийг мэддэг болчихсон байдаг. Олон хамтрагч солихын давуу тал гэвэл хөрвөх чадвартай болдог. Өөр өөр салбарын оюутантай хамтарснаар хамтрагчаасаа илүү ихийг сурдаг. 

 


YOLOХүмүүс илтгэгч мэтгэлцэгч гэхээр “попордог” хүмүүс л байдаг гэж харах үе байдаг. Тэр ч утгаараа улс төрд л орно биз гэж ярьцгаадаг. Өөрийн чинь хувьд улс төрд орох бодол байдаг уу?

- Улс төрд орох сонирхол огт байхгүй. Энэ зорилгоор ч парламентын мэтгэлцээнээр хичээллээгүй. Судалгаа шинжилгээ хийх хувийн ур чадвараа хөгжүүлэх зорилгоор л хичээллэж эхэлсэн.

YOLOПарламентын мэтгэлцээний анхлан мэтгэлцэгчид болон ЕБС-ийн мэтгэлцэгчдэд зөвлөгөө өгөхгүй юу?

- ЕБС-ийн сурагчид Карл Попперийн мэтгэлцээнээр мэтгэлцдэг. Нэг ёсондоо үнэт зүйлийн мэтгэлцээн. Энэ нь парламентын мэтгэлцээнээс нэлээн өөр. Парламентын мэтгэлцээн сурвал илүү их судалгаа шинжилгээ хийж, илүү бодитой мэдлэг авч, илүү академик төвшинд суралцах боломж олгодог. Анхлан мэтгэлцэгчдийн хувьд гардаг хамгийн том бэрхшээл нь шантрал. Нэг тэмцээнд ороод шүүгч нь муу байна гэвэл шантарчихдаг. Үүнээс болж маш олон хүн мэтгэлцэхээ больдог. Иймээс шантралгүй тууштай байгаарай гэж хэлмээр байна. Анх би олон тэмцээнд олон шүүгчид загнуулж дээд курсийн ах нарт “Чи чадахгүй юм байна. Чи ер нь мэтгэлцэхээ боль” гэж олон хэлүүлж байсан. Тэр болгонд тууштай байсны эцэст амжилтад хүрнэ.


YOLOУран илтгэл болон мэтгэлцээн гэж хоёр ойлголт байна. Тэгвэл энэ хоёрын ижил шинж болон ялгаатай тал юу юм бол?

- Уран илтгэл нь өөрийгөө богино хугацаанд нээх, сэтгэх чадвар олгодог. Парламентын мэтгэлцээний шийдлүүд нь их онцлогтой. Зарим нь үнэт зүйлийн, зарим нь бодлогын шийдэл байдаг. Үнэт зүйлийн шийдэл нь илтгэх урлагийг илүү их шаарддаг. Иймээс парламентын мэтгэлцээний үнэт зүйлийн шийдэлд илтгэх урлагийн чадвар их хэрэг болдог. Парламентын мэтгэлцээн гээд уран илтгэлийг орхигдуулбал танхимд өөрийгөө зөвөөр хүргэж чадахгүй эсвэл богино хугацаанд өөрийн илтгэлээ бэлдэж чадахгүй байх магадлалтай.

YOLOМэтгэлцээнээр хичээллэснээр одоогийн Ж.Өнөмөнхөд гарсан өөрчлөлт юу вэ?

- Хамгийн түрүүнд би маш олон сайн найзуудтай болсон. Мөн өөртөө байдаг гэж мэдээгүй олон чадвараа нээсэн. Мэтгэлцээн хүнийг ямар ч зүйлд өөртөө итгэх итгэлтэй болгож өгдөг. Зарим шийдлүүд миний үзэл бодолд огтхон ч нийцэхгүй байх тохиолдол бий. Жишээ нь үр хөндөлтийг хориглох нь зүйтэй хэмээх шийдлийн хувьд эсрэг байр суурьтай байдаг. Эмэгтэйчүүд ямар шийдвэр гаргахаа өөрөө мэддэг байх хэрэгтэй гэж боддог. Гэтэл уг шийдэл дээр “Үр хөндөлтийг хориглох нь зүйтэй” гэж засгийн газрын зүгээс тоглох шаардлага гардаг. Иймээс ямар ч нөхцөлд уян хатан байх чадварт мөн суралцдаг.


YOLOИлтгэл хэлэлцүүлэхэд илтгэгч болгонд өөрийн гэсэн хэв маяг байдаг. Өөрийн чинь хэв маяг юу гэж боддог вэ?

- Би өөрийгөө логикт захирагдаж ярихыг хичээдэг хэв маягтай гэж боддог. Зарим шийдлүүдэд хангалттай бэлдэж амжаагүйгээс болоод дутуу тоглолт үзүүлэх нь бий. Гэхдээ энэ тохиолдолд эмх цэгцтэй, аливаа зүйлийг хооронд нь холбох чадвартай байхыг өөртөө сануулдаг.

YOLOСтатистикийн мэргэжлээр суралцаж төгсөх гэж байгаа шүү дээ. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? 

- Энэ мэргэжил нь хөрвөх чадвар сайтай. Би яг ямар чиглэлээр ажиллахаа одоо хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байна. Иймээс цаашид үргэлжлүүлж сурах төлөвлөгөөтэй байгаа. Үүнд маань статистикийн мэргэжил зөв суурь болж чадах болов уу гэж бодсоны үндсэн дээр уг мэргэжлийг сонгосон.

YOLOМэргэжлээ сонгосныхоо дараа энэ миний хийх ёстой юм биш байж гэж бодох тохиолдол байдаг. Ийм зүйл тохиолдож байсан уу?

- Би 8-р ангиасаа хойш химийн инженер болно гэж боддог байсан. Хими, физик, математикийн хичээлд сурагч насныхаа ихэнх цаг хугацааг зориулсан. МУИС-д элсэж ороод химийн инженер надад тохирох мэргэжил биш юм байна гэж бодсон. Харин одоо суралцаж буй мэргэжилдээ бол сэтгэл хангалуун байдаг.


YOLOБагаасаа мөрөөдсөн мэргэжлээ өөр мэргэжлээр сольсон юм байна. Одоо эргээд тэр мэргэжлээ санагалздаг уу?

- Цагаан халаад өмсөөд лабораторид туршилт хийж буй оюутнуудыг харахаар хааяа их гоё харагдаж, атаархдаг. Гэхдээ миний байх ёстой газар биш гэж мэдэрчихсэн учраас харамсаад байдаггүй. 

YOLOЗалуучууд яаж ийж байгаад гадаадад суралцахыг зорьдог болсон. Тийм атал яагаад Монголдоо суралцах шийдвэр гаргасан бэ?

- 12-р ангиа төгсөхөд надад гадаадад суралцах маш олон боломж байсан. Ментор эгч маань надад “Бакалаврын түвшний хувьд монголд суралцах нь илүү ашигтай. Хүмүүс гадаад гэж их шуурдаг. Гадаадад очоод оюутнууд хэлний бэрхшээлээс болж хичээлээ бүрэн дүүрэн сурахгүй байх тохиолдол бий. Мэргэшүүлж гүнзгийрүүлэн сурах бол гадаадад суралцах нь илүү дээр” гэж зөвлөсөн. Би өөрөө ч мөн монголынхоо их дээд сургуулиудын чанарт төдийлөн эргэлзээд байдаггүй. Олон улсын жагсаалтад доогуур байр эзэлдэг нь орчин, техник, бааз хөгжөөгүйгээс болсон. Түүнээс биш багш нар маань маш чадварлаг хүмүүс байдаг.


YOLOЕр нь ажлын төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ?

- Төлөвлөгөөндөө уян хатан байхыг эрмэлздэг. Хэт завгүй байхын нэг дутагдал нь унтахаа мартаад байдаг. Хэт хатуу цагийн хуваарьтай байхаар шантрах тохиолдол бас бий. Иймээс уян хатан байсан нь илүү дээр санагддаг.

YOLOӨөрт тань байнга бодогддог урам зориг эрч хүч авдаг урмын үг эсвэл зэмлэл байдаг уу?

- Дээд курсийн ахын маань “Чи чадахгүй” гэсэн үг намайг хурцалсан. Өөрийгөө хамгийн их дайчилж хичээж байсан үедээ энэ үгийг сонссон учраас надад их сургамж болсон. Чамайг хичээж байхад чи чадахгүй гэж хязгаарлах маш олон хүчин зүйл байдаг. Тэр болгонд шантраад байж болохгүйг сайн ойлгосон.

YOLOСурагч байхаасаа хойш мэтгэлцээнээр хичээллэж хичээл, мэтгэлцээн гэж явсан юм байна. Зарим хүмүүс “Орчин үеийн хүүхдүүд өөрсдийнхөө хүүхэд байх боломжийг хязгаарлаад байна” гэж ярьдаг. Энэ тал дээр өөрийгөө хүүхэд хүүхдээрээ байж чадсан гэж боддог уу?

- Яг дүгнэж хэлэхэд хэцүү юм. Гэхдээ чадсан гэж бодож байна. Би олон хүний хүрээлэлд орохоор хүмүүс намайг даруухан, чимээгүй, их юм уншдаг хүн гэж үнэлдэг юм билээ. Яг найзуудынхаа хүрээлэлд бол жинхэнэ үнэн төрх нь гарч ирдэг /инээв/. Хичээлээ хийж байхдаа, мэтгэлцэж байхдаа би хамтдаа хөгжилдөх олон сайхан найзуудтай болсон. Найзууд дундаа би хамгийн гомдомтгой, эрх нь. 


YOLOСүүлийн үед Z үеийнхэн гэж их ярих болсон. Тэгвэл Z үеийнхний бусад үеүдээсээ ялгарах гол ялгаа нь юу юм бол?

- Z үеийнхэн дасан зохицох чадвар сайтай. Бидний хэрэглэж буй технологи, уншиж буй зүйл, үзэж буй зүйл бусад үеийнхэнд байснаар их өөр. Бид ээж аавыгаа юм уу өөр үеийнхнийг харахаар “Ингэхээ боль, тэгэхээ боль” гэсэн хүн их байдаг. Харин Z үеийнхэн энэ болгоныг цаашид зохицуулаад амьдарч чадах чадвартай хүмүүс байдаг гэж боддог.

YOLOЯрилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхийг хүсье.

- Зарим зүйл чамд тохирдог, зарим нь тохирохгүй. Гэхдээ нэг л удаагийн бэрхшээлээс болж энэ надад тохирохгүй гэж хаяж болохгүй. Тохирох тохирохгүй зүйл байдаг гэдэг нь хичээх ёсгүй гэсэн үг биш. Чи хичээгээд үз. Хичээсэн тохиолдолд үр шимийг нь үзэж л таарна. Цаг завтай залуу байгаа дээрээ олон салбарт хүч үзэж өөрийгөө сориорой гэж хэлмээр байна.

YOLOЯрилцсанд баярлалаа. 


#Мэтгэлцээн #Ур чадвар #Залуус