Youtube: Дэлхийн шилдэг кино наадмуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР шууд дамжуулна


Дэлхийн хамгийн том видео платформуудын нэг болох Youtube цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 10 өдрийн турш үргэлжлэх "We Are One" хэмээх кино наадмыг зохион байгуулах гэж байна. 

АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй "Tribeca" олон улсын байгууллагаас зохион байгуулж буй уг наадамд Каннын кино наадам, "Sundance" кино наадам, "Tribeca" кино наадам, Токиогийн олон улсын кино наадам зэрэг дэлхийн хамгийн алдартай 20 кино наадмуудын бүтээлүүдээс толилуулах юм. Энэхүү наадмын хөтөлбөрт уран сайхны кино, баримтат кино, комеди, богино хэмжээний бүтээлүүдээс гадна панел хэлэлцүүлэг ч бас багтсан аж. 

Кино наадам ирэх тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Хэдийгээр бид бүгд уг наадмыг ямар ч ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР үзэх боломжтой хэдий ч наадмын үеэр үзэгчид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын "COVID-19" цар тахалтай тэмцэх ажилд зориулж САЙН ДУРААРАА хандив өгөх боломжтой гэнэ. 

Эдгээр өдрүүдэд гэртээ байгаа биднийг хөгжөөх олон сонирхолтой арга хэмжээнүүд онлайнаар зохион байгуулагдаж байгаа билээ. Ингээд та бүхэндээ ирэх тавдугаар сард болох гэж буй арга хэмжээнүүдийн талаар товч мэдээлэл хүргэе.

Дөрөвдүгээр сарын 30: Алдарт комедиан, хөтлөгч Jimmy Fallon-ийн “The Tonight Show” нэвтрүүлэг Youtube-ээр шууд цацагдана. Мөн энэ өдөр дуучин Tones And I өөрийн Youtube сувгаараа шууд дамжуулалт хийн уран бүтээлүүдээ толилуулах аж. 

Тавдугаар сарын 4: “Нью-Йорк Гитарын Наадам”-ын шоу тоглолтуудыг тавдугаар сарын 15 хүртэл өдөр бүр "New York Guitar Festival" Youtube сувгаар шууд дамжуулна.

Тавдугаар сарын 15: Фэйсбүүкээс зохион байгуулж буй "Class of 2020" арга хэмжээнд дуучин Miley Cyrus, Lil Nas X, Awkwafina, Oprah Winfrey зэрэг алдартнууд оролцохоор болжээ. Та уг арга хэмжээг "Facebook Watch" хэсгээс үзэх боломжтой юм.

Эх сурвалж: Hypebeast, Billboard

#Youtube #Кино #Наадам