Маркетингийн менежер болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-05-11

МЭРГЭЖИЛ СОНГОЛТ

Та ямар мэргэжил сонгохоос шалтгаалан ирээдүйд хэн болж хэрхэн амьдрах тань шийдэгдэх тул мэргэжил сонголт гэдэг бид бүгдийн амьдралд тохиох хамгийн чухал сонголтуудыг нэг байдаг. Муухай мэргэжил гэж байдаггүй. Гагцхүү хүний хувийн онцлог зан чанар, сонирхолд тохироогүй мэргэжил л гэж байдаг. Тиймээс YOLO.mn сайтын хамт олны зүгээс мэргэжлээ хараахан сонгож амжаагүй сурагчдадаа зориулан мэргэжил сонголтын тухай цуврал нийтлэлүүд бэлтгэн хүргэдэг билээ. Өмнөх дугаарт график дизайнер мэргэжлээр ажиллах хүсэлтэй залууст зориулан мэдээлэл бэлтгэсэн бол энэ удаад маркетингийн менежер мэргэжлээр ажиллах хүсэлтэй залууст зориулан мэдээлэл хүргэж байна. 

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ 

Маркетингийн менежер нь компанийн борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулдаг ажилтан бөгөөд бараа бүтээгдэхүүний үнийн судалгаа хийж, дундаж үнийн жишиг тогтоож, хэрэглэгчдэд хүргэх хамгийн хялбар боломжийг эрэлхийлдэг.

Та ирээдүйд маркетингийн менежер мэргэжлийг сонговол дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Байгууллагаас шинээр үйлдвэрлэхээр төлөвлөсөн бараа бүтээгдэхүүний гадаад болон дотоод дахь үнийн судалгааг хийх
  • Тухайн бараа бүтээгдэхүүний сурталчилгааг хийх мэдээллийн хэрэгслээ сонгох
  • Бүтээгдэхүүнээ таниулахын тулд нэвтрүүлэг болон кино бүтээгчидтэй уулзах, алдартай ододтой хамтран ажиллах 
  • Бараа бүтээгдэхүүнээ таниулах үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, томоохон үзэсгэлэн яармагт оролцох
  • Байнгын хэрэглэгчдээ таних, мэдээллийн сангаа тогтмол шинэчлэх
  • Вебсайтаа хөтлөх, мэдээллээ тогтмол шинэчлэх.

АЖЛЫН БАЙРНЫ ЭРЭЛТ

АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хорооноос хийсэн нэгэн судалгаагаар 2018-2028 оны хооронд маркетингийн менежерийн ажлын байр 8 хувиар өснө гэсэн үр дүн гарсан байдаг. Тэр дундаа интернет-маркетингийн талаар мэдлэгтэй байх нь давуу тал болно гэж үзсэн байна.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

Та маркетингийн менежер болохын тулд маш олон төрлийн ур чадварыг эзэмшсэн байх ёстой. Үүнээс хамгийн чухал 6 чадварыг дурдъя.

МАНЛАЙЛАХ УР ЧАДВАР

Ямар ч салбарын менежер хүн багаа удирдан зохион байгуулж, зорилгодоо хүрэхийн тулд багийн гишүүддээ урам зориг өгч чаддаг байх хэрэгтэй. Үүнээс гадна байгууллагын хэд хэдэн хэлтсийн ажилд анхаарал тавьж, аль болох хөнгөвчилж өгдөг байх нь чухал юм. Манлайлах ур чадварт дараах шаардлагыг тавьдаг. Үүнд:

  • Стратегийн зорилт тавих
  • Ажилчдаа үр дүнтэй ажиллахад нь урам зориг өгөх
  • Туршлага багатай багийн гишүүддээ зөвлөгөө өгөх
  • Бусад ажилчдадаа ажлыг нь хуваарилах.

ТЕХНИКИЙН УР ЧАДВАР

Маркетингийн менежер хүн хэрэглээний хамгийн энгийн программууд дээр ажиллаж чаддаг байх ёстой. Мөн компанийнхаа тоног төхөөрөмж болон  тэдгээрийн программ хангамжийн “наад захын” зүйлсийг нь мэддэг байх хэрэгтэй. Техникийн ур чадвар гэдэгт дараах шаардлагыг тавина. Үүнд:

  • Вебсайтаа засварлах, бусад цахим хуудсыг ашиглах, тэдгээрийг хөгжүүлэх
  • Дижитал хуваарь болон хүснэгт үүсгэж, засварлах
  • И-мэйл бичих, хүлээн авах зэрэг цахим харилцаа холбооны ур чадвартай байх
  • Компанийнхаа тоног төхөөрөмж, тэдгээрийн программ хангамжийн талаар мэдээлэлтэй байх

ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДВАР

Зохион байгуулах чадвар нь олон төсөл дээр нэгэн зэрэг ажиллаж буй хүн бүрд байх ёстой хамгийн ашигтай чадвар юм. Тухайлбал маркетингийн менежер  хүн олон ажлыг зэрэг гүйцэтгэх шаардлагатай тулгардаг. Ийм үед хувийн зохион байгуулалтаа сайтар төлөвлөж чадвал өөртөө ямар нэг стресс нэмэхгүйгээр ажлаа гүйцэтгэж чадна. Зохион байгуулах чадварт дараах шаардлага тавигдана. Үүнд:

  • Хурал болон олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах
  • Томоохон төслүүдэд төлөвлөлт хийх
  • Багийн гишүүддээ цагаа зөв зохион байгуулахад нь туслах
  • Баримт бичиг, мэдээллийг бүртгэх

ХАРИЛЦААНЫ ЧАДВАР

Маркетингийн менежер нь багийн гишүүд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагч байгууллагууд гэх мэт олон төрлийн хүмүүстэй харилцдаг. Тиймээс харилцааны өндөр ур чадвартай байх ёстой. Хүмүүс хоорондын харилцааг зохицуулахаас гадна хэрэглэгчдээс ирэх санал хүсэлт, шүүмжийг хүлээн авах, нийгмийн томоохон бүлгүүдийн харилцаанд оролцох, нүүр тулсан ярилцлага хийх чадвартай байх хэрэгтэй. Харилцааны чадварт дараах шаардлагууд хамаарна. Үүнд:

  • Багийн гишүүдтэйгээ хамтран ярилцаж, шийдэлд хүрэх
  • Хамтран ажиллагч түншүүд болон үйлчлүүлэгчдийн харилцааг бэхжүүлэх
  • Санал хүсэлт болон шүүмжийг хүлээн авч, сонсох

БҮТЭЭЛЧ ЧАДВАР

Маркетинг гэдэг нь өөрөө бүтээлч сэтгэхүй юм. Маркетингийн менежер нь байгууллагынхаа бараа бүтээгдэхүүнийг борлуулахын тулд өвөрмөц, сонирхолтой арга барилыг бодож, боловсруулж чаддаг байх ёстой. Үүнд шинэ санаа олохоос эхлээд түүнийг ажил хэрэг болгох бүхий л чадвар хамаарна. Салбартаа амжилтад хүрэхийн тулд үзэгчдийн анхаарлыг татах, байнгын худалдан авагчтай болох нь хамгийн чухал. Тиймээс маркетингийн менежерүүдэд бүтээлч чадвар зайлшгүй байх ёстой. Үүнд дараах шаардлага тавигдана.

  • График дизайнер болон уран бүтээлчидтэйгээ хамтарч шинэ санаа, шийдэл олох
  • Маркетингийн материалынхаа гоо зүйн талыг ойлгож, үнэлж, дүгнэж чаддаг байх /мэдрэмжтэй байх/
  • Бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, түгээх тохиромжтой аргуудыг мэддэг байх
  • Сурталчилгааны арга хэмжээг шинэлэг аргаар зохион байгуулж чаддаг байх

ХЭРХЭН МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР БОЛОХ ВЭ?

СУРАЛЦАХ

Маркетингийн менежер болохын тулд бизнес, маркетинг, зар сурталчилгаа, харилцаа холбооны чиглэлээр хамгийн наад зах нь бакалаврын зэрэг эзэмших хэрэгтэй. Мөн бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэгтэй байвал давуу тал болно. Гэвч дан ганц боловсролын зэрэг нь таныг ажлаа байраа хадгалж үлдэхэд тус болж чадахгүйг анхаарах хэрэгтэй. Ажлын хажуугаар маркетингийн чиглэлийн сургалтад хамрагдаж, шинээр гарч ирж буй техник технологийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх ёстойгоос гадна гадаад хэлтэй байх хэрэгтэй шүү. 

ТУРШЛАГАТАЙ БОЛОХ

Зөвхөн ажлын байран дээр гарснаар л туршлагатай болно гэж бодож болохгүй. Оюутан байхдаа туршлага хуримтлуулахыг хичээгээрэй. Улирлын амралтаараа сайн дурын ажил хийж, байгууллагуудад дагалдан суралцагчаар ажиллах боломж олддог бөгөөд энэ нь хожим ажлын байран дээр гарахад маш том давуу тал болдог. 

АЖИЛД ОРОХ

Их сургуулиа төгсөөд шууд л аль нэг албан байгууллагад маркетингийн менежерээр ажилд орох нь маш ховор үзэгдэл. Тийм ч учраас эхний нэгээс хоёр жилдээ борлуулалт, зар сурталчилгаа хариуцсан туслах ажилтан гэх мэт бүгдийг эхнээс нь суралцах болно. Мэдээж та ур чадвараа харуулж чадвал арай богино хугацаанд тушаал дэвшиж байгууллагынхаа маркетингийн менежерээр ажиллах болох боломжтой.

ШААРДЛАГАТАЙ УР ЧАДВАРУУДЫГ ЭЗЭМШИХ

Маркетингийн менежер нь үргэлж бусадтай харилцаа холбоотой байж, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах чадвартай байх ёстой. Олон төслийг нэгэн зэрэг боловсруулж чаддаг, бүтээлч байх хэрэгтэй. Мэдээж орчин үеийн маркетингийн чиг хандлагын талаарх мэдээ мэдээллээс хоцорч болохгүй. 

 

АЖЛЫН ЯРИЛЦЛАГАД ИРЭХ МАГАДЛАЛТАЙ АСУУЛТУУД

Ажилд орохын тулд ажлын ярилцлагад орох нь ойлгомжтой. Тиймээс тухайн байгууллагынхаа вебсайт руу нь нэвтэрч, компанийнх нь мэдээлэлтэй танилцах хэрэгтэй. Ингээд танаас асуух хамгийн өндөр магадлалтай 10 асуултыг сонирхуулъя.

1. Та үр дүнд хүрэхийн тулд маркетингийн анализыг хэрхэн ашигладаг вэ? 
2. Таны ямар төсөл хамгийн амжилттай байсан бэ? Тухайн төслөө хэрхэн амжилттай хийж гүйцэтгэсэн бэ?
3. Багийн гишүүдтэйгээ уулзахаар очвол юуг хамгийн их чухалчилж үзэх вэ?
4. Шинэ компанит ажил эсвэл төсөл эхлүүллээ гэж бодъё. Тухайн төслөө эхнээс нь дуустал хэрхэн хийх үйл явцаа тодорхойлно уу. 
5. Та хийж буй ажлаа үр дүнтэй байлгахын ямар техник, програмыг хэрхэн ашигладаг вэ? 
6. Байгууллага бусад ижил төрлийн бизнес эрхлэгчдээс ялгаатай байх ёстой юу?
7. Та хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд төсөвт тусгасан санхүүг хэрхэн зарцуулснаа яаж тайлагнах вэ?
8. Та ямар компани эсвэл хувь хүнээс урам зориг авдаг вэ?
9. Бидний хийж буй бизнес өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг даван туулахад маркетинг талаас ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? 
10. Та маркетингийн арга барилдаа орлогыг хэрхэн тусгадаг вэ? 

ТАНД ХЭРЭГТЭЙ ВЭБСАЙТУУД

Та маркетингийн менежер болохоор төлөвлөж байгаа бол дараах сайтуудаар зочлоод үзээрэй. Эдгээр сайтууд нь маркетингийн тухай мэдээ, мэдээлэл оруулдаг бөгөөд зарим нь маркетингийн менежерүүд хөтөлдөг блог юм. /Сайтын нэрэн дээр дарахад тухайн сайт руу шууд үсэрнэ./

Эх сурвалж: Study, Fremont, Paladin Staff

#Эрэлттэй мэргэжил #Маркетингийн менежер