Мэргэжил сонголт: График дизайнер болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс


Миау | YOLO.MN
2020-06-21

Бид өмнөх дугаараараа "Сэтгэл судлаач" мэргэжлийн талаарх ерөнхий ойлголтуудыг өгсөн бол энэ удаад "График дизайнер" мэргэжлээр мэргэших гэж буй хүн ирээдүйд юу судалдаг, ямар ажлуудыг гүйцэтгэдэг, ямар ур чадварууд шаардлагатай зэрэг талаар мэдээлэл өгөх болно. 

Бага байхдаа зохиолч, зураач, дизайнер зэрэг "бүтээлч" салбарын нэг хэсэг болохыг хүсэж байсан хүмүүс хэр их байна даа? Ихэнх хүмүүст бүтээлч чадварууд нуугдаж байдаг ч нийгэм, гэр бүлийн шаардлага зэргээс шалтгаалан "цагаан захтнууд" буюу оффисын ажилтан болох замыг сонгох нь түгээмэл. Гэвч өнөө цагт "бүтээлч" салбар чиглэлээр мэргэшсэн хүмүүс ч баталгаатай ажлын байранд хангалттай цалин хөлсөөр ажиллах бүрэн боломжтой болжээ. 

Интернет ертөнц, тэр дундаа олон нийтийн сүлжээний хөгжил, дэлхийн эдийн засгийн дэвшил зэргийн гавьяагаар график дизайнерын мэргэжил эрэлттэй болжээ. Ихэнх компаниуд график дизайнерын тусламжтайгаар өөрсдийнхөө бүтээлч байдлыг тодотгохыг хүсдэг бол зарим компаниуд тэдний тусламжтайгаар маркетингийн ажлаа илүү олон хүнд түгээж чаддаг байна.

Мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа болон график дизайн чиглэлээр цаашид мэргэших эсэхдээ эргэлзэж буй ахлах ангийн сурагч та бүхэн доорх нийтлэлийг уншаад өөрт хэрэгтэй мэдээллээ олж авч чадна гэдэгт итгэлтэй байна. 

СУДАЛГАА ХИЙХ

Хүн өдөрт дунджаар найман цагийг буюу өдрийн гуравны нэгийг ажил дээрээ өнгөрөөдөг. Тиймдээ ч ирээдүйд хэн болохоо сонгохын тулд асар их судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Энэ хэсэгт та график дизайнер мэргэжлээр сурч боловсорсон мэргэжилтнүүд ирээдүйд ямар чиглэлээр ажиллах боломжтой болон чадварлаг боловсон хүчин болохын тулд ямар замыг туулдаг талаар мэдээлэл авах болно. 

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

График дизайнер гэхээр танд цаас харандаа л төсөөлөгдөж байгаа бол та их хоцрогдсон сэтгэхүйтэй хүн байна шүү. График дизайнер гэх албан тушаалд ажиллаж буй хүний үүрэг зурах, засаж янзлах, чимэглэх зэргээр зогсохгүй. Тэд оффисын ажилтан эсвэл фрийлансер /чөлөөт уран бүтээлч/ байхаас үл хамааран олон төрлийн програмын мэдлэг, харилцаа холбоо, визуал туршилт зэрэг чадваруудыг хослуулах шаардлагатай болдог. 

Ингээд график дизайнерын өдөр тутамд хийж гүйцэтгэдэг ажлуудыг дор жагсаая. Үүнд:

  • Захиалгын талаар үйлчлүүлэгч, хамтран ажиллагсад болон бусад хэлтсийнхэнтэй уулзаж ярилцах
  • Багийн гишүүд, маркетингийн багийнхантайгаа хамтран үйлчлүүлэгчийн захиалгын урьдчилсан загварыг гаргах
  • Зохиолч, веб хөгжүүлэгч зэрэг бусад салбар, хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах
  • Чанартай "бүтээл" гаргахын тулд Adobe Photoshop, Adobe Illustrator зэрэг олон төрлийн компьютерийн програмуудыг ашиглах
  • Өөрийн онцгой хэв маяг болон үйлчлүүлэгчийн хүсэж буй загварыг хослуулан эцсийн бүтээлийг гаргах
  • Алдаагүй байгаа эсэхийг шалгах
  • Өөрийн болон багийнхныхаа хийсэн ажлыг дүгнэн харах
  • Үйлчлүүлэгч, хамтран ажиллагсад болон бусад хэлтсийнхэнд хийсэн ажлаа танилцуулах
  • Үйлчлүүлэгчийн зүгээс нэмэлт санал хүсэлт гаргасан тохиолдолд тухайн хүсэлтийг гүйцэлдүүлж, хийсэн ажилдаа засвар оруулах. 
  • Нэрийн хуудас, танилцуулах хуудас, вебсайтын зураг, сошиал медиа контент зэрэг оффисын материал бэлдэх
  • Салбарын ерөнхий чиг хандлага, шинээр хийгдсэн өөрчлөлтүүдийг судлах /Хоцрогдохгүй байх/
  • Хэрэглэгчдийн юу хүсэж буйг олж мэдэхийн тулд маркетингийн судалгаа хийх

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

Та чадварлаг, эрэлттэй график дизайнер болохын тулд бакалаврын зэрэгтэй байхад л болно гэж бодож байвал энэ нь маш том эндүүрэл юм. Уг чиглэлээр чадварлаг боловсон хүчин болохын тулд дараах дотоод болон гадаад ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай. Үүнд: 

Бүтээлч сэтгэлгээ: Энэ салбарын хүнд бүтээлч сэтгэлгээ юу юунаас илүү хэрэг болох нь тодорхой. Ихэнх хүмүүс бүтээлч сэтгэлгээг бурхнаас заяагдсан, эсвэл төрмөл авьяас гэж боддог. Гэвч бүтээлч сэтгэхүй нь тогтмол "дасгал" хийж өөрийгөө сорьсноор хөгждөг эд аж. 

Деталиудад анхаарал хандуулах: График дизайнеруудын ихэнх ажлууд олон өдрийн турш үргэлжлэх томоохон төслүүд байдаг. Тиймээс та ажиллаж байх явцдаа аливаа алдааг хялбархан илрүүлж, засаж янзлах чадвартай байх хэрэгтэй. 

Харилцааны ур чадвар: Бид өмнөх дугаартаа харилцааны ур чадвар ямар ч мэргэжилд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг дурдаж байсан. Та "График дизайнер "урдах"-аа л хийж байвал харилцааны ур чадвараар яах вэ дээ" гэж бодож байж магадгүй. Гэвч илтгэл тавих, асуудалд шийдэл дэвшүүлэх, өөрийн бүтээсэн "бүтээл"-ээ одоогийн болон ирээдүйн үйлчлүүлэгчдэдээ танилцуулах зэрэг тохиолдолд харилцааны ур чадвар зайлшгүй шаардлагатай байдаг. 

График дизайны ур чадвар: График дизайн бол их нарийн зүйл л дээ. Урлагийн ихэнх салбаруудад уран бүтээлч зөвхөн өөрийн дотоод бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө уран бүтээлдээ шингээдэг бол график дизайнерууд өөрийн мэдрэмжээ үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэх шаардлагатай байдаг. 

Техник технологийн ур чадвар: Их сургуульд заадаггүй маш олон програмууд бий. Тиймээс та Adobe-оос гадна "GIMP", "Inkscape", "Keynote", "HTML" зэрэг маш олон програмуудыг бие даан судлах шаардлагатай гэсэн үг.

Цагийн менежмент: Та ямарваа нэгэн байгууллагад ажилладаг, эсвэл фрийлансер байсан ч цагаа хэрхэн хуваарилахаа мэддэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэзээ ажлаа гүйцэтгэж, хэзээ үйлчлүүлэгчидтэйгээ уулзаж, хэзээ чухал шийдвэрүүд гаргахаа сайтар зохицуулдаг байх хэрэгтэй гэсэн үг. 

Тайпограф /Typography/: Захиалагчийн сонголтоос шалтгаалан тухайн ажил ямар загвартай хийгдэх нь тодорхой болох ч тайпографын ур чадвар танд зайлшгүй байх ёстой. Та их дээд сургуульд сурсан ч бай, аль эсвэл тодорхой хугацаанд мэргэжлийн сургалтад сурсан ч бай батламж, дипломоо гардан авах үедээ хэд хэдэн фонт, загварууд дээр гаршсан байх ёстой аж. 

АЖЛЫН ЦАГ БОЛОН НӨХЦӨЛ

Ихэнх чиглэлийн хүмүүс долоо хоногт дунджаар 40 цаг ажилладаг. График дизайнерууд ч мөн дунджаар 40 цаг ажилладаг хэдий ч ажлаа хүлээлгэн өгөх эцсийн хугацаа нь тулсан тохиолдолд, аль эсвэл маш чухал төсөл дээр ажиллаж байгаа тохиолдолд илүү цагаар ажиллах шаардлага гардаг. Ерөнхийдөө долоо хоногт дунджаар 40 цаг гэж байгаа ч илүү цагаар, хонон өнжин ажиллах тохиолдол бусад салбар чиглэлийнхэнтэй харьцуулбал арай их байдаг байна. Харин ажиллах орчин нөхцөлийн хувьд та аль нэгэн байгууллагад харьяалагддаг уу, эсвэл бие даан ажилладаг уу гэдгээс л шалтгаална. 

Мөн ажлын цаг тань таны ямар компанид ажилладаг вэ гэдгээс шалтгаалах тохиолдол бий. Жишээлбэл та "старт ап" компанид ажиллаж байгаа бол бие махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч нэг их дарамт ирэхгүй. Харин аль хэдийнээ хөлөө олчихсон томоохон байгууллагад ажиллаж байгаа бол "жаахан" стресстэй орчин нөхцөлд ажиллахдаа бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү. 

СУРАЛЦАХ

Та томоохон байгууллагад график дизайнераар ажиллах бол их сургуульд уг чиглэлээр дор хаяж бакалаврын зэрэг авсан байх шаардлагатай байдаг. Чухам бусдад үзүүлэх ямар нэгэн албан ёсны баримт бичигтэй байж л энэ мэргэжлээр суурь мэдлэгээ авч, шаардлагатай хичээлүүдийг судалж, хэрэгтэй програмууд дээр ажиллаж сурсан гэдгээ баталж чадах юм. Мөн та их сургуулийн сүүлийн жилүүдэд "бодит ертөнц"-тэй танилцахаар үйлдвэрлэлийн дадлагад гарах боломжтой. 

Харин нөгөө талаасаа бие даасан уран бүтээлчийн замыг сонгож, өөрийн бизнесийг эхлүүлсэн бол дизайны ажлаа хийх програмууд дээрээ хангалттай хэмжээнд ажиллаж чаддаг байхад л болно. Хэрэв та ажлын туршлага сайтай бол томоохон төслүүд дээр ч ажиллах боломжтой. Тиймээс та аль замыг сонгохоос хамаарч их дээд сургуульд сурах эсэх тань шалтгаална. Мэдээж ирээдүйн карьераа илүү баталгаатай болгоё, сурах ёстой бүхнийг нь суръя гэж бодож байвал их сургуульд боловсрол эзэмших нь зөв юм шүү. Мөн бусдаас ялгарахын тулд 3D дизайн, визуал харилцаа, мультимедиа, уран зураг, illustration зэрэг чиглэлээр гүнзгийрүүлэн мэргэшиж болно. 

Дэлхийн топ 10 график дизайны их сургуулиуд: 

  • Хатан хааны нэрэмжит урлагийн коллеж /Royal College of Ard/
  • Парсонс дизайны сургууль /Parsons School of Design/
  • Роуд Айландын дизайны сургууль /Rhode Island School of Design/
  • Массачусетсийн технологийн дээд сургууль /Massachusetts Institute of Technology/
  • Миланы политехникийн сургууль /Politecnico di Milano/
  • Лондонгийн урлагийн их сургууль /University of the Arts London/
  • Пратт институт /Pratt Institute/
  • Чикагогийн урлагийн дээд сургууль /School of the Art Institute of Chicago/
  • Аалтогийн их сургууль /Aalto University/
  • Стэнфордын их сургууль /Stanford University/

АЖЛЫН БАЙРАНД ГАРАХ

Ямар нэгэн ажлын туршлагагүйгээр томоохон компанид ч тэр, дөнгөж хөлөө олж буй старт ап компаниудад ч ажилд орно гэдэг амаргүй. Тиймээс танд ерөнхийдөө гурван сонголт бий.

Орчин цагт ямар ч ажилд орохын тулд ажлын анкет бөглөхөөс гадна өөрийн CV-гээ хавсаргах шаардлагатай байдаг. CV гэдэг нь “Curriculum Vitae” буюу товч намтар гэсэн утгатай үг юм. Тиймээс CV-д өөрт байх бүх ур чадваруудыг товч бөгөөд тодорхой тусгах хэрэгтэй. Таны бичсэн CV-г хараад таныг ямархуу хүн бэ гэдгийг тодорхойлох боломжтой гээд л бод. Мөн таны CV-гийн хамгийн чухал хэсэг бол таны суралцаж, дадлага хуримтлуулах явцдаа олж авсан шагнал урамшуулал, ололт амжилт зэрэг юм. 

Тиймээс эхний сонголт нь CV-гээ илүү чанаржуулахын тулд ямар нэгэн байгууллагад дадлага хийх, аль эсвэл сайн дурын ажил хийх боломжтой. Мөн өөрийн хийж байсан ажлуудаа портфолио хуудас бүтээх маягаар интернетэд байршуулах боломжтой. Харин гурав дахь сонголт нь тухайн ажлын байранд амлах цалинд нь ач холбогдол өгөхгүйгээр шуудхан л ажиллах. 

Өнөөдрийн байдлаар график дизайнерын ажлын байр ихээхэн өрсөлдөөнтэй байна. Та аливаа нэгэн компанид ажилд орохоор болсон бол тухайн ажлын байранд танаас гадна өчнөөн олон горилогчид байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс та хамгийн шилдэг нь байж, тэднээс ялгарч байж л ажилд орно. 

КАРЬЕРАА ХӨГЖҮҮЛЭХ НЬ

Шударга л байцгаая. График дизайны чиглэл миленниал /1981-1996 онд төрсөн/ болон Z үеийнхний /1997-2012 онд төрсөн/ дунд хамгийн түгээмэл. Энэ чиглэлээр мэргэшиж буй залуу боловсон хүчнүүд бүгд л хурдтай хөгжиж буй, ашиг орлого сайтай, сошиал медиад алдартай томоохон компаниудад ажилд орохыг хүсэж байгаа. Харин чадварлаг график дизайнер болохын тулд танд мэргэжлийн боловсрол, бусдаас ялгарах өвөрмөц байдал болон туршлага хэрэгтэй. Эхэндээ та цалин хөлс багатай, ачаалал ихтэй ажлын байранд ажиллах ч хүчин чармайлт гаргаж, гайхалтай үр дүн үзүүлбэл шат ахин илүү том үүрэг даалгавар авч, үүнийхээ хэрээр авч буй цалингийн тань хэмжээ ч өсөх болно. Тиймээс хичээгээрэй!

Эх сурвалж: Career Addict

#Мэргэжил #Career #График дизайнер