М.Мөнхшүр: Тэвчээртэй, сэтгэлийн хаттай хүмүүс л энэ албанд зүтгэдэг


О.Дорж | YOLO.MN
2020-04-25

Бид мэргэжил сонголтын талаарх цуврал ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг урьж оролцууллаа. Мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа болон цаашид хүчний байгууллагад ажиллах сонирхолтой хэдий ч сонголтондоо эргэлзэж байгаа хүүхэд залуус та бүхэн энэхүү ярилцлагаас хайсан асуултынхаа хариултыг олж авна гэдэгт итгэлтэй байна.


YOLOТа хүүхэд насандаа ямар мэргэжилтэй хүн болно гэж мөрөөддөг байсан бэ? Багадаа юунд сонирхолтой байсан бэ?

- Багаасаа л цэрэг цагдаагийн хүн болно гэж боддог байсан. Нэг удаа "би том болоод цэргийн генералтай гэрлэнэ" гэхэд эмээ маань "генерал хүн чамайг тоохгүй биз дээ?" гэж хэлж байсан /инээв/. Одоо манай нөхөр цагдаа. Цаашид хаа хүрэхийг нь хэлж мэдэхгүй ч тэр цэгт хүрэхэд нь түшиж тулах ёстой хүн нь би шүү дээ. Тиймээс ирээдүйд өөрийгөө генералын эхнэр болж магадгүй гэж төсөөлдөг дөө. 

YOLOТэгвэл яагаад энэхүү мэргэжлээр суралцахаар шийдсэн бэ? Энэ мэргэжлийг сонгоход танд юу нөлөөлсөн бэ?
- Үсэрч харайдаг, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, аливаа зүйлд гярхай гээд л ямар ч хүнд дотоод болон гадаад шинж чанарууд байдаг. Тэр ч утгаараа би арван жилдээ аливаа урлаг спортын тэмцээнд идэвхтэй оролцдог, гүйж харайдаг, эрэгтэй хүүхдүүдтэй нийлээд үймүүлдэг, цохиулсан ч уйлдаггүй хүүхэд байсан. Одоо арван жилийн багш маань "чамайг энэ зэргийг цэрэг цагдаагийн хүн болох болов уу гэж бодож байсан юм" гэдэг. Тиймээс өөрийгөө дотоод болон гадаад шинж байдал талаас нь цагдаа болоход тохирно гэж үзсэн учраас мэргэжлээ сонгосон. 


YOLOТаны бодлоор цагдаа /мөрдөн байцаагч/ болоход ямар ур чадварууд шаардагддаг вэ? Ямар зан чанартай хүмүүст илүү тохирох вэ?

- Мөрдөн байцаагчаар ажиллахад оюуны хөдөлмөр их шаарддаг. Уйлсан болгон хохирогч биш, цустай гартай бүхэн гэмт хэрэгтэн биш байдаг учраас энэ бүхнийг үнэлж дүгнэлт хийн, хэн нь хэн бэ гэдгийг ялгах шаардлага гарна. Өглөө ажилдаа ирэхэд ширээ дүүрэн хэргийн материал л угтдаг. Тиймээс мөрдөн байцаагч болохын тулд авхаалжтай, түргэн шуурхай хөдөлгөөнтэй, өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байх ёстой. Харин зан чанарын хувьд шударга, дайчин, хөрвөх чадвартай, өнөөдөр даарч байхад маргааш халууцаж чаддаг байх хэрэгтэй гэж боддог. 

YOLOХүмүүс мөрдөгч, цагдаатай, гэмт хэрэгт төрлийн кино их үздэг шүү дээ. Тиймдээ ч үзсэн кинон дээрх шигээ төсөөлж, ирээдүйд мөрдөгч юм уу цагдаа болно гэж мөрөөддөг хүүхдүүд цөөнгүй. Тэгвэл энэ мэргэжил кинон дээр гардгаас хэр өөр вэ? 

- Мэдээж ялгаатай зүйлс бий. Кино бол уран бүтээл гэдэг утгаараа уран сайхны найруулгатай, тавилттай зүйл. Бодит амьдрал дээрх мөрдөн байцаагчид хэрэгтэнтэйгээ зууралдаад л явж байдаг. Миний хувьд тулаантай, цагдаа нарын тухай үйл явдлыг харуулдаг кино үзэх дуртай. Нэн ялангуяа цагдаагийн тухай үйл явдал харуулсан монгол кино гарвал шууд үзчихдэг. Тэндээс сурах зүйл их байдаг. 


YOLOТаны ажиллаж байсан хэргүүдээс хамгийн их ур чадвар, хичээл зүтгэл шаардсан нь ямар хэрэг байсан бэ? Яг кинон дээр гардаг шиг үйл явдалтай учирч байв уу? Тийм бол бидэнтэй хуваалцаач.

- Тааралгүй яах вэ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байхад нэг хэрэгтэй таарч байсан юм. Гэхдээ ажлын шаардлагаар энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй. Ямартай ч надад бага насны хүүхэдтэй холбоотой хэрэг дээр ажиллах шаардлага гарсан юм. Хүүхэд хохирч, ар гэрийнхэн нь маш их гомдолтой байсан учир энэхүү хэргийг нотлох олон ажиллагаануудыг хийж, шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан. Хүүхэд хохирсон хэрэг, би өөрөө эх хүн гэдэг утгаараа тухайн хэргийг нэмэлт байцаалт авах шаардлагагүйгээр 100 хувь шийдэгдлээ гэж үзэх хүртлээ нойр хоолгүй ажилласан. 

YOLOМанай улсын Цагдаагийн академи болон бусад цагдаагийн албан хаагч бэлтгэдэг сургуулиуд орос арга барилаар хичээллэдэг байсан шүү дээ. Тэгвэл сургалтын хөтөлбөр нь одоо аль улсын жишгээр хэрэгжиж байна вэ? Таны бодлоор дэлхийн жишигт нийцэхүйц ур чадварыг эзэмшүүлж чадаж байна уу?

- Манай улсын Дотоод хэргийн их сургууль бүхий л нөөц бололцоогоо ашиглаж хэл, ур чадвар, бие бялдар, сэтгэлзүй гээд бүх талаасаа дэлхийн аль ч сургуулиас дутахгүйгээр хичээллэдэг. Тиймээс нэг их ялгаа байхгүй болов уу. 

ДХИС-ийн элсэлтийн журамтай ЭНД дарж танилцана уу.


YOLOЦагдаагийн алба дотроо албан тушаал, үүргийн хувьд хэрхэн ангилагддаг вэ?

- Ажил, албан тушаалын хувьд :

Нийтийн хэв журмыг сахиулах - Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэв журам сахиулах үүрэгтэй алба;

Хэрэг бүртгэгч – Ерөнхийдөө хөнгөн хэрэг дээр л ажиллана. Жишээлбэл хоёр иргэн бие биенээ таньдаг байлаа гэхэд ялихгүй зүйл дээр маргалдаад гэмтээчихсэн бол эвлэрэх боломжтой хэрэг бүртгэлийг хийнэ;

Эрүүгийн мөрдөгч – Нууцаар үйлдэгдэж буй эзэнгүй хулгайн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ажилладаг;

Мөрдөгч – Хэргийг нотолж, прокурор руу шилжүүлэх шатан дахь бүхий л ажил үүргийг гүйцэтгэнэ;

Хүүхдийн байцаагч, нохойн төлөөлөгч, экологийн цагдаа гэх мэтчилэн өөр бусад албууд бий. Төгсөгчдийг алба тус бүр дээр хуваарилж өгдөг. Дэслэгч цолоо мөрөн дээрээ гялалзуулаад удаагүй шинэ төгсөгчийн хувьд мөрдөн байцаагч байх хамгийн сонирхолтой байдаг. 


YOLOАнх удаа ажлын байран дээр гарахад өмнө нь оюутан байхдаа ч юм уу, сурагч байхдаа төсөөлж байснаас тань хэр өөр байсан бэ? Ажлын анхны өдрийн сэтгэгдлээс хуваалцаач. 

- Бүх зүйл төсөөлж байснаас өөр байсан. Анх "2013 оны 06-р сарын 15-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас Цагдаагийн дэслэгч М.Мөнхшүрийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст мөрдөн байцаагч албан тушаалд томилов" гэх тушаалаа аваад шоконд орж байсан. Үүний хажуугаар "би чадах болов уу, яах бол" гэсэн эргэлзээ төрж байлаа. Сургуульд 4 жилийн турш ширээний ард сурсаныхаа дараа ажлын байран дээр гараад хүнээс байцаалт авна гэхээр нэг л төсөөлөгдөхгүй байсан. Анх ажлын байран дээр гараад хэрэгтнээ хорих байрнаас нь авчихаад явж байхдаа өрөвдөлтэй түүхээ яриад байхаар нь батлан даалтад гаргасан чинь алдчихсан юм. 5 сартай бие давхар байсан би хэрэгтнээ хайсаар байгаад олоод, олсондоо баярлаад уйлж байсан түүхтэй. Энүүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр онол болон практик гэдэг зүйлс амьдрал дээр тэс ондоо. Онолыг танхимын сургалтаар олж авдаг бол дадлага туршлагыг ажлын байран дээр гарч, нухлуулж байж л сурдаг юм билээ.

YOLOЦагдаа мэргэжлээр суралцаад төгссөн хүн ер нь ямар чиглэлээр ажиллах боломжтой вэ?

- Цагдаа мэргэжилтэй, мөрдөн байцаагчаар ажиллаж байсан би үүнээс тэс өөр чиглэл болох хэвлэл мэдээллийг салбарт ажиллаж байна шүү дээ. Тиймээс цагдаа мэргэжлээр суралцаад төгссөн хүн ямар ч чиглэлээр ажиллаж чадна гэдгийг өөрийн биеэр нотолно. Мэдээж 4 жил ширээний ард сууж энэ мэргэжлээр суралцаагүй ч суралцаж л явна даа. 

YOLOДотроо олон чиглэлээр ажилладаг гэсэн. Таны хувьд аль чиглэлээр ажилладаг вэ?

- Миний хувьд цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг. Энэ ажлын онцлог нь цагдаагийн байгууллагаас гаргасан бүх мэдэгдэл, үйл ажиллагаа, хэрэг зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх.


YOLOЯмар нэгэн хэрэг гарвал хаана ч байсан дуудагдаад очихоос өөр аргагүй байдаг гэж сонссон. Өдөрт дунджаар хэдэн цагийг ажилдаа зарцуулдаг вэ?

- Мөрдөгч байхад ургах нарнаас үдшийн бүрий хүртэл ажилладаг. Гэртээ ирснийхээ дараа эмэгтэй хүн болсон хойно нүүрээ угаачихаад л хамгийн ихдээ 6 цаг унтдаг байсан. Харин хэвлэл мэдээллийн ажилтан болсноос хойш ачаалал маань харьцангуй багассан. Мэдээж анх хэвлэл мэдээллийн ажилтан болох тушаалаа аваад бүтэн 1 жилийн хугацаанд ур чадвар суухын тулд өөрийгөө дайчилж байсан. 

YOLOИнгээд ярилцлагаа их сургуульд суралцаж байсан үеийн тань дурсамжуудаар үргэлжлүүлье. Нийт хэдэн удаа, хэдий хугацаанд хээрийн бэлтгэл сургуулилтад гарсан бэ?

- ДХИС-д ороонд юун түрүүнд 30 хоногийн хээрийн бэлтгэл сургуулилтад хамрагддаг. Өглөө коммандаар сэрж, нүүр гараа угаа, дасгал сургуулилт хийж, биеэ хамгаалах урлагт суралцаж, онолын хичээлээ үзнэ гээд өдөр хоногийг завгүй өнгөрөөдөг. Карантин дуусахад гутал, тэлээ нь холгосон, сайртсан хацартай хүмүүс л гэртээ ирдэг дээ. Нийт 2 удаа карантилдаг. Гэхдээ хоёр дахь нь арай цөөн хоногоор буюу 3 хоногийн турш "Амьд үлдэх арга ухаан" хичээл орно. Энэ хичээлд хэрвээ та хөдөө хээр хаягдвал хэрхэн галаа асааж, усаа олж, хоолоо хийж идэх тухай заадаг. 


YOLOТөгстлөө нийт хэдэн кредит дүүргэдэг вэ?

- Миний санаж байгаагаар 124 орчим болов уу? Эхний курсдээ 10 орчим хичээл, хоёрдугаар курсдээ 9,  гурав болон дөрөвдүгээр курсдээ тус тус 7 хичээл гээд курс ахих тусам үзэх хичээлийн тоо нь багасдаг. Мөн эхний хоёр жил ерөнхий суурийн хичээлүүдээ үзээд сүүлийн хоёр жил нарийн мэргэжлийн хичээлүүдээ үздэг. 

YOLOИх сургуулийнхаа нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг байсан талаараа бидэнтэй хуваалцаач. 

- Өглөө автобуснаас буугаад сургуулийн хашаа хүртэл тайван алхана. Хашаа руу орсон л бол гүйх ёстой. Гэхдээ ганц хоёроороо явж байвал гүйгээд, гурав болон түүнээс олуулаа явж байвал хайрцаглагдаад алхдаг. Ингээд дээд курсийнхээ ах эгч, багш ажилчидтайгаа ёслоод, амрыг эрж мэндчилээд хичээлдээ ордог. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэдэг зарчмыг баримтална. Хэн нэг нь буруу үйлдэл хийвэл бүтэн курсээрээ шийтгүүлдэг. Эхний курсдээ их завсарлагаанаар хоолонд орно гэж саналтгүй. Дээд курсийн ах эгч нарынхаа зараалалд гүйсээр байгаад л таардаг даа. Анги танхимаа цэвэрлэх бол хамгийн дурсамжтай үеүдийн нэг.  


YOLOӨнөө цагт дэлхий нийтээрээ автоматжиж, роботчилогдож байна. Энэ хэрээр ирээдүйд зарим мэргэжлүүд устана гэсэн таамаглал гараад эхэлсэн. Таны мэргэжил ирээдүйд устах болов уу? Эсвэл хүний тархиар л хийх боломжтой мэргэжил юм болов уу?

- Дэлхийн техник технологи яаж ч өндөр хөгжсөн цэрэг, хүчний салбар устаж үгүй болохгүй. Учир нь энэ салбар улс эх орны аюулгүй байдал, дотоод амар тайван байдалтай шууд холбоотой болохоор робот гүйцэтгэх боломжгүй.

YOLOАжлын ачаалал ихтэй, шахуу цагийн хуваарьтай ажилладаг шүү дээ. Гэр бүлдээ цаг зав гаргах нь хэр их байдаг вэ? Чөлөөт цагаараа юу хийж стрессээ тайлдаг вэ?

- Гэр бүлдээ цаг зав гаргахыг хичээж л байна. Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ агаар салхинд гарна. Сайн ээж байхын тулд хичээнэ. Хүүхдүүддээ зааж зөвлөнө. Ирээдүйд хүүхдүүдээ зөв хүн байлгахын тулд хүмүүжилд нь анхаарахыг хичээдэг. Ер нь би хүүхдүүдээ "хичээлдээ сайн бай" гэхийн оронд хүмүүжилтэй, дотоод сэтгэлтэй, мөн чанартай байгаасай гэж хүсдэг. Эдгээр зүйлс байгаа цагт өөрийнхөө боловсрол ирээдүйг өөрөө чиглүүлээд аваад явчихна гэж боддог. Тэднийхээ эзэмших гэж буй мэргэжил, сурах зүйлд нь халдаад байя гэж боддоггүй. Чөлөөт цагаараа бол зааланд тоглох, мэргэжлийн буюу байгалийн гэрэл зураг авах, видео эвлүүлэх зэрэг зүйлсийг хийх дуртай. Мэдээж цаг гарвал унтах дуртай. Цагдаа, цэргийн албан хаагчдын хувьд унтана гэдэг мөрөөдөл. Заримдаа нэг минут дугхийхэд удаан амарсан юм шиг санагддаг.


YOLOТехник технологийн чиглэлээр суралцах бол техник технологи өндөр хөгжсөн Япон, Хятад зэрэг улсад дадлага туршлага хуримтлуулбал илүү сайн боловсон хүчин болно гэдэгтэй адилаар аль улсад цагдаа /мөрдөн байцаагч/ мэргэжлээр суралцвал чадварлаг боловсон хүчин болох боломжтой вэ?

- Урд хөрш Хятадад суралцвал чадварлаг боловсон хүчин болно гэж боддог. Хятад улс бол алхаа гишгээ, жагсаал, харилцаа, хандлага, хүндлэл зэргээрээ гайхагддаг улс шүү дээ. 

YOLOМонгол улсад энэ чиглэлээр эрэлт хэрэгцээ хэр их байдаг вэ? Дутагддаг уу? аль эсвэл илүүддэг үү?

- Дутагдаж байгаа талууд бий. 

YOLOЦагдаа болохын тулд ахлагчийн сургуульд суралцаад цагдаа  болох боломжтой талаар сонсож байсан. Энэ талаар бидэнд дэлгэрэнгүй ярьж өгөөч. 

- Анх 2018 онд цагдаагийн байгууллагаас нэгэн шинэ хөтөлбөр боловсруулсан юм. Энгийн мэргэжлээс цагдаа руу орох хүсэл сонирхолтой хүмүүс маш олон байсан учир тэдгээр хүмүүсийн хүсэл мөрөөдлийг үгүй хийж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс өөр чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан ч цагдаагаар ажиллахыг хүсвэл 30 хоногийн хугацаатай ахлагчийн сургуульд сурах ёстой. Шалгалтад тэнцсэн тохиолдолд хэрвээ та зураглаач мэргэжилтэй бол хэвлэл мэдээллийн албанд, экологич мэргэжилтэй бол экологийн цагдаагийн албанд орох боломжтой зэргээр шийдэх боломжтой болсон. 

Ахлагчийн сургуулийн талаар мэдээллийг ЭНД дарж авна уу.


YOLOТэгвэл ахлагчийн цолоос офицерын цол руу хөрвөх боломжтой байдаг уу?

- Хэрвээ та албандаа чин шударгаар зүтгэж, гавьяа байгуулбал ахлагчаас офицер болох боломжтой. 

YOLOЯрилцлагын төгсгөлд энэ мэргэжлээр суралцаж буй оюутнууд, суралцахаар сонирхож буй хүүхэд залууст хандаж зөвлөгөө өгөөч. 

- Нэгдүгээрт та үг даах чадвартай байх ёстой. Тэвчээртэй, сэтгэлийн хаттай байж л энэ албанд зүтгэнэ. Хоёрдугаарт цагдааг гэх нандин мэдрэмж, хайрладаг сэтгэлтэй байх хэрэгтэй. Цагдаа хүнийг хайрлаж чадахгүй бол өөрөө энэ мэргэжлээр ажиллах боломжгүй. Та яавал цагдаа болох вэ гэж бодолгүйгээр үг даагаад сурчихсан, тэвчээртэй, цагдаа хүнийг хүндэтгэдэг нэгэн бол үлдсэнийг нь танд сургууль заагаад өгчихнө. Тиймээс амжилт хүсье!

YOLOБидэнтэй ярилцсанд баярлалаа.

#Мэргэжил #Career #Цагдаа