#ЭЕШ800: Монгол хэл бичгийн шалгалтын 800 оноот Г. Солонгын зөвлөгөө


О.Дорж | YOLO.MN
2020-06-27

Yolo.mn сайтын хамт олон төгсөх ангийн сурагчдадаа зориулан #ЭЕШ800 цуврал ярилцлагынхаа хамгийн эхний дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Бид ЭЕШ-д хэрхэн бэлдсэн арга, туршлага болон Монгол хэл бичгийн бүх нийтийн шалгалтын талаар уг шалгалтад 800 оноо авсан туршлагатай Г. Солонготой ярилцлаа. 


YOLO: Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та ямар хичээлээр ЭЕШ өгч аль сургуульд орсон бэ?

- Би англи хэл, монгол хэл, нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ өгсөн. Одоогоор Монгол улсын их сургуульд суралцаж байна.

YOLOШалгалтуудаа нийт хэдэн сарын хугацаанд хэрхэн бэлдэж байсан туршлагаасаа хуваалцаач?

- Шалгалтууддаа нийт дөрвөн сарын турш тасралтгүй бэлдсэн. Юун түрүүнд надад аливаа зүйлийг үр дүнтэйгээр, бие дааж хийхэд саад учруулдаг зүйлсийг олж, тэдгээрээсээ салах шаардлагатай байв. Миний хувьд цагаас минь хамгийн их хороодог зүйл нь "утас" байсан. Утасныхаа хэрэглээг багасгасны дараа цаг тавьж байгаад тестээ бөглөж эхэлсэн. Тестийг олон дахин бэлдэх тохиолдолд тухайн тестэн дээр ямар ч тэмдэглэгээ хийхгүйгээр хариултаа өөр цаасан дээр тэмдэглэх хэрэгтэй. Хариугаа тестэн дээрээ бөглөчихвөл ахин хийх аргагүй болчихно шүү дээ. Хариугаа тулган харчихаад дахиад л нөгөө тестээ бэлддэг. Нэг зүйлийг сануулахад Монгол хэл бичгийн шалгалтын тестэд биднийг эргэлзүүлэх хариултууд их бий. Анхааралтай уншихгүй бол энгийн зүйл дээр ч алддаг. Алдаагаа ахин дахин давтаад л байвал та анзааргагүй биш, алдаан дээрээ ажиллаагүй байна л гэсэн үг. Тиймээс тестээ дор хаяж хоёр удаа хийж, өмнөхөөсөө дээрдсэн байна уу, үгүй юу гэдгийг ажиглах нь нэн чухал. 


YOLOӨдөрт нийт хэдэн цагийг шалгалтаа бэлдэхэд зарцуулж байсан бэ? Цагаа хэрхэн хуваарилсан бэ?

- Надад чөлөөт цаг гэж огт байгаагүй. Өдөр хичээлээ тараад 4-6 цагийн турш ЭЕШ-аа бэлдэнэ. Орой нь өдөр хийсэн сэдвээ харж юун дээр алдсан бэ гэдгээ дүгнэдэг байсан.

YOLOЭнгийн нэг өдрөө хэрхэн өнгөрүүлдэг байсан бэ? Өглөө сэрэхээс орой унтах хүртэл?

- Дээр хэлсэнчлэн өдрийн цагаар идэвхтэй тестээ ажиллаж, хичээлээ тэмдэглэж, цээжилж, орой нь хийсэн юмаа дүгнэж, шинээр мэдэж авмаар байгаа зүйлээ ном болон интернетээс хардаг байсан. Маргааш өглөө нь хичээлдээ явж, ойлгоогүй сэдвээ багшаасаа асууж дэлгэрэнгүй тайлбарлуулдаг байсан.

YOLOТаны хувьд ЭЕШ өгөхөөр сонгосон хичээлүүд дээрээ тус тусад нь цаг гаргаад өдөр бүр бүх хичээлээ бэлдэх нь үр дүнтэй байсан уу? Аль эсвэл өдөр бүр өөр хичээлээ бэлдэх нь үр дүнтэй байсан уу?

- Өдөр бүр тус тусад нь цаг гаргаад хийх нь үр дүнтэй гэж бодож байна. Жишээлбэл та ЭЕШ-аа 3-4 хичээлээр өгөхөөр болоод нэг өдөрт нэг л төрлийн хичээлээр дагнан бэлдэнэ гэвэл нэг хичээлийг давтах давтамж нь 3-4 өдрийн зайтай болно. Энэ тохиолдолд өмнө хийж байсан хичээл, сэдвүүдээ мартах, ахин дахин сөхөж харах шаардлага гарах гээд цаг алдана. 

YOLOТа ЭЕШ-аа бие даан бэлдсэн үү? Ямар нэгэн сургалтад явж байв уу?

- Ямар нэгэн сургалтад явж байгаагүй ч багш нар маань хичээлийн бус цагаар үнэгүй давтлага өгдөг байсан.


YOLOГэртээ бие даан бэлдэх гэхээр гэр цэвэрлэх, дүүгээ харах гээд олон асуудлаас болж анхаарал сарних асуудал тулгардаг. Таны хувьд анхаарлаа хэрхэн төвлөрүүлж бэлдсэн бэ?

- Энэ бол анхаарал сарних асуудал биш. Миний хувьд эрт босоод гэрээ цэвэрлэх, хоолоо хийх гэх мэт өөрийн хийх шаардлагатай бүх ажлаа амжуулсныхаа дараа хичээлээ хийдэг байсан. Хэрвээ хичээлээс бусад ажлуудаа хийгээд байхад л ажлууд нь нэмэгдээд байвал гэрийнхэнтэйгээ ярилцаарай. Тэд танд сурах орчин нөхцөлийг тань бүрдүүлж өгөх үүрэгтэй шүү дээ. 

YOLOШалгалтаа бие даан бэлдэж байхад мэдэхгүй зүйл гарч ирвэл цааш явахгүй "гацах" үе тулгардаг. Энэ үеэ хэрхэн давдаг вэ?

- Миний хувьд мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал шуудхан л мэддэг хүнээс нь асууж байснаас байж болох бүхий л эх сурвалжаас хариултыг нь хайж үздэг. Мэдэхгүй зүйл хэнд ч гарна. Гэхдээ "Би мэдэхгүй юм байна" гээд хаячихаж болохгүй. Энд тэндээс хайж, өөрөө бие даан оролдож үз. Хамгийн сүүлд нь шантрахын даваан дээр багшаасаа тусламж хүс. "Би эндээс хайлаа, ингэж оролдож үзлээ" гээд багшаасаа асуух юм бол тэд энэ хандлагыг чинь үнэлээд танд дуртайяа туслах болно. 


YOLOБэлдэхдээ ямар ном, сурах бичиг, онлайн сургалт, аппликейшн ашиглаж байсан бэ?

- Аль ч хичээл дээр зөвхөн нэг номыг барьж бэлдэхээс илүүтэйгээр олон номыг хослуулан ашиглах нь зөв. Юун түрүүнд өмнөх оны ЭЕШ-ын материалуудыг ашигладаг байсан. Эдгээр материалууд сайтуудад байршсан байдаг ч утас, компютерээс харж бэлдэхээс илүүтэйгээр хэвлэж аваад цаасан дээр бичээд бэлдэх нь үр дүнтэй бөгөөд амар байдаг. Харин худалдаж авах гэж байгаа бол огт хэрэглэж байгаагүй, эсвэл дээр нь зураагүйгээр цэвэрхэн хэрэглэсэн хувилбарыг нь сонгон аваарай. Хоёрдугаарт өмнөх жилүүдэд хэрэглэдэг байсан сурах бичгүүд хэрэгтэй. Гуравдугаарт "Монгол хэлний гарын авлага" /2012/ хэрэгтэй. Энэ номыг их сургуульдаа орсныхоо дараа буюу одоо ч эргүүлж тойруулж хардаг. Үг, өгүүлбэр, цогцолбор, эхийн түвшинд мэдэх ёстой гэсэн бүх зүйл энэ номд багтсан байдаг. Мөн монгол хэлний тайлбар толь хэрэгтэй. Байхгүй бол www.mongoltoli.mn сайтаас харж болно.

YOLOШалгалтдаа сэтгэл санаагаа хэрхэн бэлдсэн бэ? Шалгалтын өмнөх өдрөө хэрхэн өнгөрөөж байсан бэ?

- Мэдээж үнэмлэх, карт, харандаа, баллуур зэрэг шалгалтад ороход шаардагдах бүх зүйлсийг бүрдүүлсэн эсэхээ шалгана. Өмнө нь ажиллаж байсан тест, хичээлүүдээ бүгдийг нь дахин нэг удаа эргүүлээд харах юм бол арай дээр байдаг. Тэгээд л эрт унтах хэрэгтэй. Шалгалтын өдөр сандрахын оронд харин ч хурдан эхлээсэй гэсэн хүлээлттэй байсан. Та шалгалтдаа тодорхой хэмжээнд бэлдсэн л бол айж сандрах зүйл огт байхгүй. Эгч минь "Хэн ч төгс биш. Тайван бай. Битгий сандар. Болж өгвөл хүмүүсээс хол байж яриаг нь сонсохгүй байх хэрэгтэй" гэж зөвлөж байсан юм. Мөн ангийнхаа групп чатны дууг нь хаагаарай /инээв/. Хачирхалтай санагдаж магадгүй ч бусдын "Яана аа, ийнэ ээ" гээд сандарч байгаа нь чиний сэтгэлзүйд нөлөөлөх магадлалтай. 


YOLOШалгалтын үеэр ямар арга барилаар ажилласан бэ? Мэдэхгүй асуулт гарч ирэхэд хэрхэн хариулж байсан гэх мэт.

- Шалгалтдаа ороод юун түрүүнд материалаа бүхэлд нь нэг удаа гүйлгэж харсан. Тестийн асуултуудаа ерөнхийд нь уншсаныхаа дараа эхээ уншсан. Мартсанаас бугуйн цаг их хэрэг болдог. Шалгалт дуусахад хэдэн минут үлдсэн байгааг байнга шалгаж, сүүлийн задгай даалгавраа яаралгүйгээр тайван бичих хугацаа үлдээх хэрэгтэй. Ерөнхийдөө хамгийн чухал арга барил нь цагаа зөв хуваарилах, нэг асуултыг хэт удаан бодож цагаа үрэхгүй байх юм. Мэдэхгүй эсвэл эргэлзээтэй асуулт гарч ирвэл тухайн асуудлыг түр орхиод бусад даалгавруудаа ажиллаж дууссаных нь дараа дахин нэг бодож байгаад хийсэн. 

YOLOМонгол хэл бичгийн шалгалтын хувьд ямар даалгавар дээр алдах магадлал хамгийн их вэ?

- Эхээ тогтож уншаад ойлгочихвол тэр хүн яагаад ийм үйлдэл хийсэн бэ гэх мэт асуулт их амархан. Харин гол санаа, сэдэв тодорхойлох, өгүүлбэрийн дүрслэх ур маяг олох дасгалууд дээр алдах хандлагатай байдаг. Зүйрлэл, адилтгал, егөөдөл гэж юу байдгийг сайн анхаарч ялгааг нь хараарай гэж зөвлөе. ЭЕШ өгч буй хүүхдүүд үгийн алдаа олох даалгаврыг хийхгүйгээр орхидог юм шиг анзаарагдсан. Тиймээс зөв бичих дүрэм, тэр дундаа эгшиг гээх, гээхгүйн дүрмийг сайтар давтаарай. 


YOLOТанд 800 оноо авахад юу хамгийн их нөлөөлсөн гэж бодож байна?

- Их олон хүчин зүйлс нөлөөлсөн. Нэгдүгээрт багш минь бидэнд анги дээр заасан хичээлээс цааш бие даан судлах юм сан гэсэн хүсэл эрмэлзлийг төрүүлдэг байсан. Тийм учраас л би энэ хичээлдээ дурлаж, үргэлж л хичээлийн агуулгаас гүнзгийрүүлэн судалдаг байсан байх. Хүн ер нь дуртай зүйлдээ л цаг гаргаж, түүнийхээ төлөө хичээдэг шүү дээ. Хоёрдугаарт дасгалуудаа олон дахин ажиллаж байсан явдал. Харин гуравдугаарт буюу хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл гэвэл зорилготой байх. Яагаад өөр чиглэлээр суралцах гэж байж монгол хэлний шалгалтыг заавал өгөх ёстой вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Миний хувьд цаашид гадаад хэлний орчуулгаар мэргэших зорилготой байсан. Үүний тулд монгол хэлээ бүрэн төгс эзэмших хэрэгтэй гэдгийг ойлгож зорилгоо болгосон.


YOLOХөл хорио тогтоосон энэ үед ЭЕШ-даа бие даан бэлдэж буй сурагчдад хандан зөвлөөч?

- Хөл хорио тогтоосон энэ үеийг хичээлээ давтах хамгийн том боломж гэж хараарай. Хүн бүрийн биеийн онцлог өөр байдаг учраас өдрийн аль үед өөрийгөө идэвхтэй байгааг олж мэдээд тэр үеэрээ хичээлээ бэлдэж байгаарай. Зарим хүмүүс өглөө эрт, зарим нь орой бэлдэх нь үр дүнтэй байдаг. Гэхдээ олон өдөр хийхгүй орхичихоод нэг өдөр ухаарсан юм шиг бөөнөөр нь хийх хандлагатай байж болохгүй. Бага багаар тогтмол урагшлах нь чухал юм шүү. Анзаараад байхад ЕБС-ийн сурагчид ангийн багшаараа шахаж шаардуулж байж л хичээлээ хийх хандлагатай байдаг. Хэрвээ хөл хорио тогтоочихсон гээд шахаж шаардах хүнгүй болчихлоо гэж байгаа бол гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө хэлээд тусламж аваарай. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. ЭЕШ-аа амжилттай өгөөрэй. 

YOLOБидэнтэй ярилцсанд баярлалаа.

#ЭЕШ800 #Ярилцлага