Цасанд хүний нүдэнд үл үзэгдэх ХУВАНЦРУУД агуулагдаж байна


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-01-16

Хуванцар сав, гялгар уут зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй сая сая далайн амьтад амиа алдах шалтгаан болдог учир сүүлийн хэдэн жилийн турш дэлхий даяараа пластик бүтээгдэхүүний хэрэглээнээс эрчимтэй татгалзаж байгаа билээ. 

Хэдийгээр улс орон бүр пластик хэрэглээнээс татгалзаж өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хичээж буй боловч цасанд ч хүртэл нүдэнд үл үзэгдэх хуванцар буюу микропластик агуулагдаж байгаа нь тогтоогдсон байна.

Үнэн хэрэгтээ Өмнөд далайн уснаас эхлээд бидний өдөр тутамдаа ашигладаг хоолны давсанд хүртэл микропластик агуулагдаж байдаг гэнэ.

Тухайлбал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Франц, Шотландын судлаачдын багийнхан микропластикууд салхиар дамжин дэлхийн өнцөг булан бүрд тархаж байгааг тогтоожээ. Үүнээс хэдэн сарын дараа цасанд микропластик байгааг олж тогтоосон байна. Норвеги, Гренландаас авсан цасны дээжид судалгаа хийхэд 500 грамм цасанд 1,760 орчим нүдэнд үл үзэгдэх хуванцар байжээ. Харин Европын Альпаас авсан 500 грамм цасанд 24,600 хуванцар байсан аж. Ийнхүү судлаачдын зүгээс агаар дахь хуванцрыг “агаарын бохирдлын нэг төрөл” хэмээн нэрлэсэн байна.

Хүмүүсийн олонх нь нүдэнд үл үзэгдэх хуванцрууд цасанд хэрхэн хүрсэн талаарх асуудлыг сайн мэдэхгүй учир Колумбын их сургуулийн судлаачдын багийнхан энэ талаар мэдээлэл цуглуулах судалгааны ажилдаа ханцуй шамлан орсон байна. Ингэхдээ улс орнуудад орсон цасыг цуглуулж илүү тодорхой ойлголттой болохоор зорьж байгаа гэнэ.

Мөн микропластикууд агаарт тархсан байж болзошгүй тул энэ талаар илүү дэлгэрэнгүй судалгаа хийх шаардлагатай байгааг ч дурджээ.

Эх сурвалж: Quart

#Эх дэлхий #Цас #Микропластик