"Ivy League"-ийн сургуулиуд яагаад хамгийн ШИЛДЭГ нь гэж?


Г. Сарнай | YOLO.MN
2020-05-07

Хэрэв та өмнө нь огт сонсож байгаагүй бол "Ivy League" гэдэг нь АНУ-ын зүүн хойд хэсэгт оршдог, улсдаа хамгийн шилдэгт тооцогддог найман их сургуулиудаас бүрдэх холбоо юм. Тэгвэл яагаад эдгээр сургуулиуд хэдэн зууны туршид нэр хүнд болон "шилдэг" гэх байр сууриа алдалгүй байсаар ирсэн талаар хамтдаа сонирхоцгооё. 

Анх спортын тэмцээн уралдааны шалтгаанаар үүссэн ч өдгөө хамгийн чанартай боловсрол олгодог гэдгээрээ улсдаа төдийгүй дэлхийд алдаршсан холбоо болсон байна. 

Ivy League-ийг бүрдүүлдэг найман их сургууль:

  • Harvard University
  • Yale University
  • Princeton University
  • Columbia University
  • Brown University
  • Dartmouth College
  • University of Pennsylvania
  • Cornell University

ЦӨӨН ТООНЫ СУРАГЧИД Л ЭЛСҮҮЛЖ АВДАГ

"Ivy League"-ийн бусад сургуулиудаас ялгардаг хамгийн том ялгаа нь элсүүлж авдаг сурагчдын тоо. Энэ холбооны сургуулиуд өргөдөл илгээсэн сурагчдын 4.6-10 хувийг нь л сургуульдаа элсүүлдэг. Энэ нь бусад их сургууль болон коллежуудтай харьцуулахад маш бага тоо юм. Цөөн тооны сурагчид элсүүлдэг шалтгаан нь дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлж буй материалуудаас өсөх ирээдүйтэй, сургуулийн үндсэн зарчимд нийцнэ гэж үзсэн төгсөгчдийг л сонгодогт оршино.

ӨНДӨР ТҮВШНИЙ БОЛОВСРОЛ ОЛГОДОГ

Тэд хамгийн сайн боловсрол олгодог гэдэгтэй хэн ч маргахгүй. Эдгээр сургуулийн төгсөгчдөөс дэлхийд нэрээ цуурайтуулж буй салбар салбарын манлайлагчид, саятнууд, нобелийн шагналтнууд төрдөг. 

САНХҮҮГИЙН ТАЛ ДЭЭР БҮХИЙ Л ТУСЛАЛЦААГ ҮЗҮҮЛДЭГ

Хэрвээ та "Ivy League"-ийн холбооны аль нэг сургуульд тэнцсэн ч тухайн сургуульд суралцах замыг сонгоогүй бол энэ нь мөнгө санхүүгийн асуудалтай ямар ч холбоогүй гэх яриа бий. Учир нь та эдгээр сургуулиудын аль нэгд нь тэнцсэн л бол тэд 100 хувийн тэтгэлэг амлах боломжтой.

СУРГУУЛИЙН НЭР ХҮНД

Яагаад нэр хүндтэй сургуульд сурах чухал байдаг вэ гэж үү? "The Washington Post" сонины газраас хийсэн судалгаагаар "Ivy League"-ийн төгсөгчид мэргэжил нэгтнүүдээ бодвол 35 хувиар өндөр цалин авдаг нь тогтоогдсон байдаг. Мөн сургуулийнхаа нэр хүндийн ачаар дэлхийн хаана ч очсон ажлын байраар хангагдана гэсэн үг. 

Тиймээс та бүхэн "Ivy League"-ийн аль нэг сургуульд нь элсэн орохоор төлөвлөж байгаа бол эртнээс бэлдэж эхлээрэй. Та бүхэнд ч бас боломж бий шүү. 

Эх сурвалж: Wikipedia, Affordable Colleges, Business Insider, CollegeVine

#Ivy League #Их сургууль